| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0123/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/123 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.11.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Хохирогч Б.О,
Шүүгдэгч Б.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов,
Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000360063 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, ******* тоот регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн үед Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт *******ийн эзэмшлийн ******* улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтын зөрчсөний улмаас Т.Бийг мөргөж зам тээврийн осол гарган, амь насыг нь хохироосон буюу авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг,
Мөн яллагдагч Б.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт *******ийн эзэмшлийн ******* улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан заалтын зөрчиж амь хохирогч Т.Бийг мөргөн зам тээврийн осол гаргасан хэргийн газраас зугтаасан буюу авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Оийн мөрдөн байцаалтад өгсөн ... би 14:00 цагийн үед ээжтэй утсаар ярьсан чинь аав чинь малаа усалж байгаад өвс авах гээд сум руу явчихсан байна гэж хэлж байсан. Тэгээд орой 23:00 цаг өнгөрч байхад би аавыг нас барсныг мэдсэн ... Б.Нгийн зүгээс нийт 11.996.000 төгрөг өгсөн, үүнээс оршуулгын түлшний зардалд 780.000 төгрөг, малчны зээлийг дарахад 5.996.000 төгрөг өгсөн үүний дараа 5.000.000 төгрөг, тухайн мөнгө болохоор талийгаач намайг гэрлүүлэхэд ******* гэх хүний нэр дээр малчны зээл 5.000.000 авсан байсныг тухайн мөнгөөр дарсан мөн Баянхонгор аймагт сумаас ирэх зардалд 60 000 төгрөг, задлан шинжилгээний зардалд 60.000 төгрөг мөн сая сумаас ирсэн зардалд 100.000 төгрөг тус тус өгсөн. Миний хувьд гомдолтой байна, одоо 8.000.000 төгрөг нэхэмжилж байна, тухайн мөнгийг хоног хураахад буюу 21, 36, 49 хоногийг хураахад мөн нутаглуулах, оршуулгын зардалд зарцуулсан мөнгө байгаа юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-45/,
Гэрч Э.Цын мөрдөн байцаалтад өгсөн ... Өчигдөр 22:25 цагийн орчимд манай эмнэлгийн асрагч А над руу утсаар яриад гудамжинд машинд дайруулчихсан хүн байна гэж хэлж дуудлага өгсөн. Тэгээд би гэрээсээ гараад тэр хүн дээр очиход гудамжинд унасан хүн байсан. Тэгээд би дуудаж үзсэн, захын болон гүрээний судас тэмтэрч үзэхэд судас тэмтрэгдэхгүй, 2 нүдний хүүхэн хараа гэрлийн урвалд оролцохгүй тэлсэн, дуудахад хариу урвал байхгүй байсан. Тэгээд би ажилруугаа яваад адерналин авчраад судсаар хийх гэсэн боловч судас олдоогүй уг хүн нас барсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 53/,
Гэрч Л.Агийн мөрдөн байцаалтад өгсөн ... өчигдөр орой 22:00 цагийн үед би гэртээ байж байсан чинь манай дүү гаднаас орж ирэхдээ хашааны гадаа согтуу хүн байна гэж хэлж орж ирсэн. Тэгээд удаа ч үгүй байж байсан чинь гаднаас манайд нэг танихгүй хүн ороод ирсэн. Тэгээд манайд орж ирээд жаахан юм ярьж байгаад би тэр хүнийг танихгүй боловч манай аав ээжийг таньдаг юм шиг байна лээ тэдний хүүхдүүд эдний хүүхдүүд гэж юм ярьж байгаад гараад явсан тэгээд манай дүү *******, М хоёр тэр хүнийг гаргаж өгөөд хашаагаа түгжих гээд гарсан. Тэгээд гаргаж өгчхөөд хашаагаа түгжээд манай дүү М жорлонд бие засах гээд үлдсэн ******* нь гэртээ орж ирсэн. Тэгээд байж байгаад М гаднаас орж ирэхдээ нойлоос гарж ирсэн чинь нэг машин хашаа мөргөчихлөө гэсэн чинь хүн мөргөчих шиг боллоо хүн ёолоод байна гэж хэлж орж ирсэн тэгэхээр нь бид гурав гурвуулаа гүйж гараад харахад гудамжинд нэг хүн уначихсан байсан тэгээд би утсаар ярьж Ц эмчид хэлж дуудлага өгсөн тэгээд ******* эмнэлэг рүү гүйж дуудлага өгөөрэй гэж хэлж явуулсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 57/,
Насанд хүрээгүй гэрч О.Мийн мөрдөн байцаалтад өгсөн ... тэр хүн манайд орж ирээд жаахан юм ярьж байгаад тэр хүнийг ******* бид хоёр гаргаж өгөөд хашаагаа түгжчихээд би жорлон руу ороод байж байсан машин давхиж өнгөрснөө төмөр дуугарсан тэгэхээр нь би хойд талын хашааг машин мөргөчихлөө дөө гэж бодоод бие засаж дуусчхаад гарч ирээд гэртээ орох гэсэн чинь хүн аахилаад байх шиг болохоор нь би хашааны завсраар харсан чинь гудамжинд хүн хэвтэж байсан тэгээд би гэртээ ороод эгчдээ хэлсэн. Тэгээд А эгч ******* бид гурав гадаа гараад эгч Ц эмчид хэлж дуудлага өгсөн ... би тэр үед төмөр дуугарч байгаа юм шиг дуу гарснаас хойш бие засаж дуусах гээд жорлонд жаахан сууж байгаад гарч ирсэн юм. Тэгээд хашааны завсраар харахад гудамжинд хүн унасан байсан бөгөөд ойр хавьд нь ямар ч машин байгаагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 59/,
Гэрч Б.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 01 дүгээр сарын 13-ны орой 22 цагийн үед санагдаж байна сумын эмнэлгийн эмч Э.Ц утсаар заалны хойд талын гудамжинд хүн дайруулсан байна, дайрсан машин нь алга байна гэж хэлхээр нь хэсгийн цагдаа Д.*******ийг аваад мөн замаараа эмч Э.Цыг аваад очиход бор өнгийн дээлтэй, дээл нь шороо болсон, 40 гаран насны эрэгтэй хэвтэж байсан, хажууд нь ямар нэг мөргөсөн гэх тээврийн хэрэгсэл байгаагүй тэгтэл эмч Э.Ц судас дарж үзээд нас барсан байна гэж хэлсэн тэгээд хэргийн газрыг харахад талийгаачийг заалны чиглэлээс буюу баруун талаас ирж мөргөсөн мөр байхаар нь мөрийг хараад хөөгөөд явж байхад ******* гэх эмэгтэйтэй гудамжинд таараад энүүгээр машин өнгөрч гарсан уу гэж асуухад намайг жорлон орох гээд явж байхад цэнхэр өнгийн өнгөтэй машины гэрэл арын гудамжаар баруунаас зүүн чиглэлтэй яваад өнгөрсөн тэгээд удаа ч үгүй хүн ёолсон тэгтэл 2 хүүхэд, 1 эмэгтэй хүн цагдаа гэж яриад байгаа сонсогдсон юм гэж хэлхээр нь мөрийг цааш хөөгөөд явж байтал мөр цэнхэр хашаатай айлын гадна хэд хэдэн удаа эргээд машинаас эмэгтэй хүн бололтой жижиг гутлын мөр хашаа руу орсон байхаар нь хашаагаар нь давж ороод харахад хашааны хойд талд үүдний тамбаар дотор нэг охин утсаа оролдоод зогсож байхаар нь дуудаад танай гадаа машин ирж зогсоод танайх руу хүн орсон мөр байна, чи машинаас бууж орсон уу гэж асуухад орой манай найз Б.Н аймгаас ирээд намайг ирж аваад гол дээр 1 цаг гаран уулзаж байгаад намайг хүргэж өгчхөөд явсан гэж хэлэхээр нь Б.Нгийн хашаагаар давж ороод машин дээр очтол Б.Н өөрөө байшингаас гарч ирэхээр нь бүтээлттэй байсан машиныг хучлагыг сөхүүлж харахад урд талын купер 2 газар доод хэсгээр шинээр хагарсан байхаар нь бичиг баримтыг нь аваад чи сая ирэхдээ заалны хажууд айлд хүн буулгасан байна, буцаад явж байхад хүн байсан уу гэж асуухад намайг цаанаас гарч ирэхэд хүн хэвтэж байсан юм, би харчхаад яваад өгсөн юм гэж хэлэхээр нь цагдаагийн байр луугаа авч явж ярилцлага хийсэн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-65/,
Шүүгдэгч Б.Н гийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймаг явж ирчхээд орой 20 цаг 40 минутын үед найз охин Б.Бийн хашааны үүдэн очиж дуудаад машиндаа суулгаад бид 2 цуг голын зах орж юм ярьж байгаад 22 цагийн үед найз охиноо хашааныхан үүдэнд хүргэж өгөөд 10 минут орчим юм ярьж байгаад найз охиноо гэр лүү нь оруулаад найз охины эмээ нь харчихна гэж айгаад хашааны үүднээс хөдлөхдөө машиныхаа гэрлийг унтрааж хөдлөөд булан тойроод 10 метр орчим явж байгаад гэрлээ асаах мөчид машин нэг зүйл дээгүүр гараад явахаар нь тоормосоо гишгэж зогсоод шууд гэр лүүгээ яваад хашааны үүдэн дээр машинаа тавьчихаад юу дайрчив гэж бодоод эргэж очиж харахад бор дээлтэй, эрэгтэй хүн харагдсан. Тэгтэл Л.А гэх хүн эмнэлэг рүү дуудлага өгөөд тухайн хүний хажууд очсон байхаар нь би айгаад машинаа хашаанд оруулж тавиад, гэр лүүгээ орсон юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 08 тоот шинжээчийн ... Амь хохирогч Т.Бийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10,3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Авто ослын улмаас автомашинд дайрагдах үед үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амьд ахуйд нь үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч Т.Б нь цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ ... гэсэн дүгнэлт /хх-ийн 73-76/,
Баянхонгор аймгийн Замын цагдаагийн тасгийн 2021 оны 02 сарын 17-ны өдрийн 02 дугаартай техникийн шинжээчийн ... тухайн зам тээврийн осол болох үед Приус-20 маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч ******* овогтой Н нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.1.а-д зааснаар Замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 88-89/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 07 тоот шинжээчийн ... Зам тээврийн осол болсон гэх газраас үзлэгээр хураан авсан хар, саарал өнгийн хуванцар зүйлс нь шинжилгээнд хүргүүлсэн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд анги мөн байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 94-98/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 сарын 25-ны өдрийн 06 тоот талийгаач Т.Бийн хувцсанд хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107-112/,
Баянхонгор аймгийн автотээврийн төвийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн №21/01 тоот тээврийн хэрэгсэлд хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 127-132/,
Талийгаач Т.Бийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 77-84/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-23/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-29/,
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 30-37/,
Талийгаач Т.Бийн нас барсны гэрчилгээний хуулбар, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 147, 182-201/,
Шүүгдэгч гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 142, 146, 157-168/,
Хохирол нөхөн төлсөн тухай баримтууд /хх-ийн 169-172/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гарган өгсөн хохирогч Б.Оийн “шүүгдэгч талаас нийт 14.096.000 төгрөгийг бүрэн төлсөн. Цаашид шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай бичгээр гаргасан хүсэлт, хохирол нөхөн төлсөн тухай баримт 2 хуудас, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тодорхойлолт зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 01 сарын 13-ны өдөр 22 цагийн үед Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт *******ийн эзэмшлийн ******* улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтын зөрчсөний улмаас иргэн Т.Бийг мөргөж зам тээврийн осол гарган, амь насыг нь хохироож, улмаар зам тээврийн осол гаргасан хэргийн газраас зугтаасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй зөв байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Нг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.
Хохирогч Б.О нь “шүүгдэгч талаас нийт 14.096.000 төгрөгийг бүрэн төлсөн. Цаашид шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа шүүхэд бичгээр гаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаараа илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Нг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон ба бусдад төлөх төлбөргүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт нь хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогчийн өмсөж явсан гэх дээл 1 ширхэг, машины эд ангийн хагархай 5 ширхэг зэрэг эд зүйлүүдийг тус тус устгаж, шүүгдэгч Б.Нгийн №1271218 тоот жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Нг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Нгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Нд мэдэгдсүгэй
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Нд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Нд мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Нд мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
9. Шүүгдэгч Б.Нгийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогчийн өмсөж явсан гэх дээл 1 ширхэг, машины эд ангийн хагархай 5 ширхэг зэрэг эд зүйлүүдийг тус тус устгаж, шүүгдэгч Б.Нгийн №1271218 тоот жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
11. Шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА