Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/000

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Өсвөр насны шүүгдэгч Б.Д,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Золжаргал,

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000075 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б.Д,

 Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.Д нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 02 сарын 19-ний өдрийн 00 цагийн үед Баянхонгор аймаг Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 9 дүгээр гудамжинд Т.Тийг нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2021 оны 03 сарын 04-ний өдөр Баянхонгор аймаг Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 9 дүгээр гудамжны 1318 тоотод иргэн С.Мий нүүрэн тус газар чулуугаар цохиж зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Өсвөр насны шүүгдэгч Б.Д нь 2021 оны 02 сарын 19-ний өдрийн 00 цагийн үед Баянхонгор аймаг Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 9 дүгээр гудамжинд Т.Тийг нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2021 оны 03 сарын 04-ний өдөр Баянхонгор аймаг Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 9 дүгээр гудамжны 1318 тоотод иргэн С.Мий нүүрэн тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь ...

 

Хохирогч Т.Тийн ... Би 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байгаад орой ойролцоогоор 21 цагийн үед 3 найзын хамтаар нийслэл нэртэй 2 литрийн пиво хувааж ууж дуусгаад гэрээсээ 4-үүлээ 10 мянгатад байдаг Нураг хайрхан гэх дэлгүүр лүү 23 цагийн үед очиход хаалттай байсан. Тэгээд бид нар тэндээс салаад би ганцаараа гэр лүү яваад Ариунаа гэдэг айлын гадаа явж байсан чинь Д гэдэг хүн хашаа давж гарч ирээд миний куртикний араас татаж унагаачихаад гараараа нүүр лүү 2 удаа цохьчихоод 1-3 удаа хөлөөрөө өшгөлчихөөд зугтаасан юм ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 8/,

 

Хохирогч С.Мий ... 2021 оны 03 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө би Б эгчийнд хоносон тухайн өдөр би 2 найзын хамт 2 шил архи уусан байсан учир нэлээн согтсон Б эгчийнд байж байгаад Б эгчийн хүү Дд чулуугаар цохиулж биедээ гэмтэл авсан байсан. Би тухайн үед архиндаа нэлээн согтсон Б эгчийнд байсан учир яг юунаас болж цохиулсан эсэхээ санахгүй байна ... Миний уруулын дээд талд шархтай байна. Өөр зовиур алга байна ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 21-22/,

 

Гэрч П.Аийн ... Манай хашааны хаалгыг нүдээд байсан хүнийг би танихгүй юм байна лээ. Тэр хүн согтуу байсан ... Тухайн үед тэр хүний нүүр цус болсон байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 25/,

 

Гэрч Т.Жгийн ... Б.Д орж ирээд Д нь би сая нэг хар гутал авлаа гэтэл Баянмөнх нь чи хувцас яах вэ түрүүнийхээ хэрэг чинь хэцүү байгаа биз дээ гэсэн чинь Баянмөнхийг Д нь яланд явуул явна биз чамд ямар хамаатай юм бэ гээд Баянмөнхийг Д цохиод авсан тэгээд зууралдаад гараад явсан тэгтэл гэрийн урд талд зууралдаж байх үед хажуугийн гэрээс Б, М 2 гарч ирээд М нь миний дүү Баянмөнхийг хэн цохисон бэ гээд хэлтэл Д нь газар чулуугаар Мий нүүр лүү цохиод авсан. Тэгтэл хамраас нь цус гарч уруул нь сэтэрсэн цус гараад байхаар нь би Цагдаагийн газрын 7044102 дугаарын утсанд дуудлага өгсөн юм ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 25/,

 

Гэрч Б.Бын ... 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн орчимд Баянхонгор сумын 3-9-1318 тоотод Б эгчийнд Б эгч, М ах, Д нарын хамт гэртээ байсан ... М ах бид 2-ыг гараад ирэхэд Д, Баянмөнх 2 барилцаад авсан зодоо хийж байхаар нь М ах бид 2 салгах гээл очиход Д нь газраас чулуу аваад М ахын нүүр лүү чулуугаар цохисон М ахын хамраас цус гарсан тэгээд Ж эгч цагдаад дуудлага өгсөн ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 42/,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Дгийн ... Би 2021 оны 02 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед Цэгмид ахыг Хатансүх эгчийн гэрт нь хүргэж өгөхөөр гэрээс бид хоёр гарч яваад Хатансүх эгчийн гэрт нь 23 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд би Хатансүхийн гэрт нь байсан Хүрлээ гэдэг хүнийг нь гэрээс нь гаргаж өгөхөд тэр хүн өөрөө гэр лүүгээ явахаар би нойлын хажууд тамхи татаад зогсож байхад гудамжинд Т.Т ах согтуу орилж чарлаад байхаар харьж унтаач гэж хэлсэн чинь дуугаа байгаараа гөлөг минь гээд хэл амаар доромжлоод танай ээж чинь гуйлгачин гэх мэтээр хэлэхээр нь би хашаа давж гараад Т.Тийн нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиход газарт унасан тэгэхээр нь нэг удаа өшиглөж орхиод би гэртээ харьсан ... Баянмөнх ахтай барилцаж аваад бие биенээ нэг удаа цохиж аваад гэрээс гараад гэрийн үүдэн дээр зууралдсан тэр үед хажуугийн манай гэрээс Б ах, М ах нар нь гарч ирээд салгах гэхээр нь газраас чулуу авсан тэр үед Баянмөнх газар унасан байсан би чулуугаа шидсэн чинь М ахын хамар луу цохисон газар унасан байсан би чулуугаа шидсэн чинь М ахын хамар луу цохисон тэгтэл хамраас цус гарсан хамрын хажуу талаараа сэтэрсэн цус гарсан байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 54, 2-р хх-ийн 64/,

 

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 сарын 24-ний өдрийн №114 дүгээр шинжээчийн ... Т.Тийн биед тархи доргилт, духанд шарх, зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 31-32/,

 

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 сарын 12-ны өдрийн №137 дугаар шинжээчийн ... С.Мий биед хамар, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 44-45/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 11-13/, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан чулуу зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Дг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.

 

Хохирогч Т.Т, С.М нар нь өсвөр насны шүүгдэгч Б.Дд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний нас, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэхийн зэрэгцээ үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зорилгоор нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг түүнд оногдуулж, өдөрт хийх нийтэд тустай ажил хийлгэх ялыг гурван цагаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Өсвөр насны шүүгдэгч Б.Дг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Дд 120 /нэг зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Дд оногдуулсан 120 /нэг зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Д нь 120 /нэг зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Өсвөр насны шүүгдэгч Б.Дд оногдуулсан 120 /нэг зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА