Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Б.Б,

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000930091 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Өвөөнийхөн овогт Бат-Очирын Батдэлгэр, ВН03220511 тоот регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 03 сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах Баянбайдраг дэлгүүрийн хажууд насанд хүрээгүй 17 настай Б.Мийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 03 сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах Баянбайдраг дэлгүүрийн хажууд насанд хүрээгүй 17 настай Б.Мийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...

Насанд хүрээгүй хохирогч Б.Мийн ... Би 2021 оны 03 сарын 09-ний өдөр хичээлээ тараад гэрлүүгээ явж байсан чинь хуучин хамт сурч байсан Б гэх хүүхэд машинтай ирээд намайг хүргээд өгье гэсэн. Тэгэхээр нь би машинд нь суугаад явж байсан чинь Б Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт нэг мухар гудамжруу орж зогсоод намайг машинаасаа буулгаж байгаад зодсон ... Б миний нүдрүү 2-3 удаа гараараа цохьсон. Толгойруу 2 удаа өшиглөсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бгийн ... Би 2021 оны 03 сарын 09-ний орой ажил дээрээ байж байсан чинь манай хүүхэд Мэ надруу залгаад ээж намайг манай сургуульд өмнө нь хамт сурдаг байсан хүүхэд зодчихлоо гэж ярьсан. Удаагүй байж байсан чинь манай хүргэн дүү Пунцагдаваа надруу залгаад Мийн нүд аймаар болсон байна. Та 103 дээр хүрээд ир би аваад явж байна гэж надруу ярьсан ... хүүхдээ эмчлүүлсэн 125.000 төгрөгөө нэхэмжилж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Насанд хүрээгүй гэрч Э.Пгийн ... Б нь машинтай явж байгаад Мэ бид хоёрыг дуудсан. Тэгээд машинд суугаад хүргэж өгөх юм байх гэж бодсон чинь мухар гудамжруу ороод Б нь машинаас буугаад Мийг машинаас буулгаж байгаад Б, Мийг зодсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-46/,

Гэрч Ц.Бын ... Б нь Мийг миний машины ард юм ярьж зогсож байгаад нэг удаа цохьсон. Тэгсэн чинь машинаас Сугар буугаад салгаж байх шиг байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 56/,

Насанд хүрээгүй гэрч Б.Аын ... Би Мэ гэх хүүхдийг зодуулж байхад машинд нь сууж байсан. Мийг Б гэх хүүхэд зодсон юм. Би Б Мийг нэг удаа гараараа нүүрэн хэсэгт нь цохиж байхыг харсан. Тэгээд Сугар машинаас бууж салгасан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 62/,

Шүүгдэгч Б.Бийн ... 2021 оны 03 сарын 09-ний өдөр найз Сугар, А, Б нартай хамт гадуур Бын машинтай явж байгаад эмнэлэгийн ард талын гэрлэн дохио дээр П явж байхаар нь хүргэж өгье гэж бодоод машинаа зогсоосон чинь Птэй хамт нэг хүүхэд хамж явж байсан. Тэгэхээр нь хүргээд өгье суучих гэсэн. Тэгээд тэр хоёр машинд суусных нь дараа Птэй хамт явж байсан Мийг таньсан. Тэгээд мухар гудамжруу орж зогсож байгаад Мийг зодсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 сарын 12-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн ... Б.Мийн баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун нүдний дээд доод зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт / хх-ийн 18-19/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь шүүгдэгчээс 125.000 төгрөгийг хүлээн авч цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхийн шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Бийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бт мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

 ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА