Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Хохирогч Д.Х түүний өмгөөлөгч Г.Доржготов,

Шүүгдэгч М.М түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа,

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000750090 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хадныхан овогт Мөнхсуурийн Мөнх-Эрдэнэ, ВЮ89072511 тоот регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь 2021 оны 02 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 7 дугаар гудамжны 3713 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Д.Хг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2020 оны 04 сарын 05-ны өдөр манай хажуу айлын хүн Н гэгч нь намайг хүчиндсэн. Тэр хүн манай нөхрийн хамаатан юм аа. Одоо цагдаа дээр шалгагдаж байгаа. Тэрнээс хойш манай нөхөр М намайг биеэ худалдсан янхан гэж элдэв нэгээр доромжлоод зодоод байгаа. Би тэр болгон дээрээ тэвчээд явсаар өдий хүрсэн. Манай нөхрийн ах дүү хамаатан садан нар нь намайг байнга дарамтлаад амьдрахад хэцүү байна. ... Би өөрийн төрсөн ээж аав хоёртой нэг хашаанд байдаг юм. 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ нөхөр 2 хүүхдийн хамт байсан юм. Манай аав ээж хоёр айл руу цай уух гээд явсан байсан. 20 цагийн үед би нөхөртэйгөө юм яриад байж байгаад би Н ыг одоо яах вэ хүний муу үзэх гэж байгаа юм шиг гэхэд М чи манайхныг цагдаа, шүүхэд өгөөд шоронд явуулах гэж байгаа биз гээд гэрт маргаан болсон тэгээд бид хоёр маргаад манай нөхөр миний гар луу, мөн хөл рүү өшиглөөд цохиод байхаар нь би зөрүүдээд мөр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд намайг чи дахиад намайг цагдаадаа өгөхгүй юу мэдрэл муутай орон гаран гээд мөн тахир дутуу, чамаас сална манайхан салаарай гэсэн гээд хэл амаар доромжилсон. Тэгээд маргаж байгаад тухайн өдөр эвлэрсэн. Тэр өдөр эвлэрсэн болохоор ээж, аавдаа юу болсон талаар хэлээгүй. Маргааш нь өглөө 10 цагийн үед манай нөхөр төрсөн эгч Сувданцэцэгийн гэр лүү явах гэхээр нь би хамт явъя гэхэд чи ямар нүүрээрээ манай эгч дээр очих гээв манайхныг бузарлчихаад гээд дахиад маргасан. Тэгээд бид хоёр хэрэлдээд байж байхад намайг хогийн шүүрээр 2, 3 удаа цохисон тэгээд манай ээж Б хаалгаар шагайгаад болиоч та нар чинь яагаад байгаа юм гэж хэлээд бид хоёрыг болиулаад гараад явсан. Тэгээд би Мд 2-лаа хамт Сувданцэцэг эгч дээр очъё гэхэд манайхан дээр ямар нүүрээрээ очих гээд байгаа юм гэж хэлээд манай хоёр хүүхдийг дагуулаад явсан. 15 цагийн үед М 2 хүүхэдтэйгээ хамт ирсэн зөрөөд би өмгөөлөгчтэйгөө уулзах гээд гарсан юм өмгөөлөгчтэйгөө уулзаад манай өмгөөлөгч надад хэргийн материалыг танилцуулсан. Тэр материал дээр манай нөхрийн талынхан бүд намайг муулаад мэдүүлэг өгсөн байсан. Тэгээд 16 цагийн үед буцаад гэртээ ирэхэд гэрт М хоёр хүүхэдтэйгээ хамт байсан. Би Мд чи хүний нөхөр байж яагаад миний эсрэг мэдүүлэг өгч байгаа юм үнэнийг мэдэж байж гэхэд яадаг юм чамаас сална гээд дахиад маргасан намайг дахиад зодоод гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гараад хадам ээж Лхагвасүрэнгийн гэрт нь очиход чи ямар нүүрээрээ манайд ирж байгаа юм Сувданцэцэг, Н нарыг цагдаад өгчихөөд гээд над руу дайрсан. М надад 5 жил шоронд суугаад гарах нас надад байна чи цагдаадаа өг гээд байсан тэгээд намайг гэрээсээ хөөж гаргасан би гэрээс нь гараад ээж рүү залгаад намайг ингээд хөөж гаргалаа би амиа хорлоно гэж хэлэхэд ээж миний хүү наанаа байж бай би очиж авъя гээд намайг гудамжных нь үзүүр дээрээс манай ээж цагдаагийн машинтай ирж аваад гэртээ ирсэн. Тэгээд би гэртээ ороод ээжтэй юм ярьж байгаад Мд зодуулсан гээд болсон бүх зүйлийг хэлсэн. Тэгээд ээж маргааш цагдаад өгнө гээд цагдаад өгсөн юм. Тэрнээс хойш Мтэй дахин уулзаагүй. Би Мийг нэг удаа нүүр хэсэг рүү нь цохисон өөр хэн нэгний биед халдаагүй. Манай ээж 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр М намайг хогийн шүүрээр цохиж байхыг харсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13, 51-53/,

Гэрч Г.Бын мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн үед байхаа гэрээсээ гараад ирэхэд М, Х нар нь хоорондоо маргаад байх шиг байхаар нь би гэрт нь яваад очтол М хогийн шүүр барьсан Х уйлсан байсан. Тэгэхээр нь би гэрт нь ороод та нар чинь ямар сонин хүмүүс вэ битгий хэрэлдээд зодоон хийгээд бай гэж хэлээд болиулаад гэрээс нь гараад явсан ... Гэртээ ороод Хгээс юу болсон талаар асуухад Х М намайг зодсон гэсэн тэгээд гараад надад харуулсан гар нь хөхөрсөн байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 57/,

Гэрч Д.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн ... Тухайн өдөр 16 цагийн үед манай хүү М орж ирээд Х хэрүүл хийгээд манайхан миний эсрэг мэдүүлэг өгсөн байна гээд хэрүүл хийгээд салдаггүй гэсэн. Тэгээд М манайд хонохоор болсон. Тэгээд бид гурвыг унтах гээд хэвтэж байхад 23 цагийн үед байх Х ирээд би ээж, аав хоёртой хамт баймааргүй байна хэрүүлтэй газраас нүүлгээд өг гээд уйлаад байсан. Тэгээд Мийг явъя гээд баахан татсан. М би очихгүй гэсэн би ч наанаас нь хүүгээ явуулахгүй хэрэгт орох байх гэсэн удаагүй Х уйлаад гараад явсан. Би араас нь гархад ээжрүүгээ яриад би наана чинь очихгүй би амиа хорлоно гээд байсан. Тэгээд би араас нь нууцаар дагаж явж байгаад гэрлүүгээ чигтэй алхахаар нь за харьчих байх гэж бодоод би гэрлүүгээ явсан. Маргааш манайд цагдаа орж ирээд манай хүү Мийг аваад гарсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-62/,

Шүүгдэгч М.Мийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 02 сарын 18-ны өдөр манай эхнэр өмгөөлөгчтэйгээ уулзах гээд гэрээсээ гарсан. 2 цагийн дараа гэртээ буцаж ирээд танайхан бүгд миний эсрэг мэдүүлэг өгсөн байна гээд дайраад намайг шүүрээр цохиод чи зайл гэж хөөсөөр байгаад намайг явуулсан. Тэгээд би аавынхаа гэрт ирээд байж байхад 20 цагийн үед манай хадам манай ээжрүү залгаад хүүхэд янз бүр болвол та нараас амь нэхнэ шүү ногоон гичий минь гээд байсан. 23 цагийн үед санагдаж байна Х араас би аав, ээж хоёртой хамт нэг хашаанд баймааргүй байна. Намайг өөр газар буулгаад нүүлгээд өг гэсэн. Мөн намайг хамт явъя гэхээр нь би үгүй би шийдсэн чи намайг хөөгөөд байсан биздээ явахгүй гээд яваагүй. Би Хд танай аав ээж хоёрыг цагдаад өгнө дандаа хүний амьдралд гай болдог гэж хэлээд гаргасан. Х нь ганцаараа гараад явахаар нь би ээжийг та араас нь гараад унаанд суулгаад өгчих гэж хэлээд ээжийг араас нь гаргасан. Ээж удалгүй орж ирээд унаанд суулгах гэсэн чинь суухгүй байсан гэсэн. Тэгээд араас нь дагаж явхад гэрлүүгээ чигтэй алхахаар нь гайгүй байх гээд хүрээд ирлээ гэж байсан. Маргааш нь намайг цагдаа нар ирээд авч явсан. Өөр зүйл болоогүй. Өмнө нь Х намайг байнга хөөж, хэрүүл уруул хийдэг байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 сарын 24-ний өдрийн 117 дугаартай шинжээчийн ... Д.Хгийн биед зүүн бугалга, шуу, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь 5-7 хоногийн өмнө, зүүн шуу, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. ... Харин зүүн шуу, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 26-28/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 44-47/,

Шүүгдэгч М.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 18-25, 77-86/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч М.М нь 2021 оны 02 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 7 дугаар гудамжны 3713 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Д.Хг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч М.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон болно.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйчлэлийг зөв тогтоож байх шаардлагатай.

Хэргийн материалыг судлан үзвэл шүүгдэгч М.М хохирогч Д.Х нар нь гэмт хэрэг үйлдэгдэх үед хууль ёсны гэр бүл байсан бөгөөд гэр бүлийн болон төрөл садангийн харилцан таарамжгүй байдлаас үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санааны хувьд дарамтад суурилсан харилцаатайн улмаас шүүгдэгч М.М нь эхнэр Д.Хг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулжээ.

Тодруулбал хохирогч Д.Х нь нөхөр М.Мийн талын төрөл садангийн хүнд хүчиндүүлж, хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсноос хойш байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санааны хувьд дарамтад суурилсан харилцаатай болсон талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн, түүний биед учирсан гэмтлийн зэрэг, учирсан гэмтлийн цаг хугацааг нарийвчлан тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч М.Мийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Д.Х нь шүүгдэгч М.Мд гомдолтой байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн ба хохиролтой холбоотой нэхэмжлэл болон баримт гаргаж өгөөгүй тул өөрт учирсан эмчилгээний болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч М.Мийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч М.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэхийн зэрэгцээ үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршиг, гэм буруутай үйлдлийн үр дагаврыг ухамсарлуулах зорилгоор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хогийн шүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч М.М нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч М.Мийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Мд 5 /таван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Мийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Мд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хогийн шүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Хохирогч Д.Х нь өөрт учирсан эмчилгээний болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч М.М нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА