Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Г.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул,

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000860086 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Суурь тойн овогт Ганбаатарын Цэнд-Очир, ВИ99050518 тоот регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ц нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Маанийн дэнж гэх газёрт 20.3м2 буюу 0.002 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 134.864 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, байгаль орчинд 134.864 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мөнх-Очирын мөрдөн байцаалтад өгсөн ... Г.Ц нь сумын засаг даргатай бичил уурхайн гэрээ хийсэн зүйл байхгүй ... Тухайн талбай дээр бичил уурхайн дүгнэлт бол гарсан газар ... Экологид учирсан хохирлыг мэргэжпийн байгууллагаар хийлгэж хохирлын үнэлгээг нэхэмжлэх болно. Эвдэгдсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэнэ ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-35/,

Гэрч Г.Цийн мөрдөн байцаалтад өгсө ... Бөмбөгөр сумын урьд орой нь 2021 оны 02 сарын 18-ны орой 18 цаг өнгөрч хоёулаа Маанийн дэнж гэх газар луу гарсан ... Хариуцан ажиллаж байсан нь Ц байгаа юм. Намайг очоод жаахан ажил амжуулаатахъя завтай болтол сууж бай гээд тэгээд орхчихоод яваад өгсөн ... Тухайн талбай дээр 2 цаг гаран л ажилласан ... Би 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутаг Маанийн дэнж гэх газар дүү Цын дээр дөнгөж очоод байж байсан чинь цагдаа нар ирээд манай дүүгийн явуулж байсан үйл ажиллагаа зогсоосон. Тэгээд намайг хамт байсан үйл ажиллагаа явуулахад оролцсон гэж бодоод надаас мэдүүлэг авсан байх аа ... гэсэн мэдуүлэг /хх-ийн 33, 41/,

Шүүгдэгч Г.Цын ... Би Бөмбөгөр сумаас хойшоо 1 дүгээр багийн нутаг Мааний дэнж гэх газарт очиж үйл ажиллагаа явуулсан. Тэгээд үйл ажиллагаа явуулж байх үед цагдаа нар ирж үйл ажиллагааг зогсоож техник хэрэгслийг сум руу оруулсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 100/,

Нуман-Алтай ХХК-ны 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 1/005 дугаартай шинжээчийн ... тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбайгаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 134.864 төгрөг болж байна. Дээрх солбицол бүхий талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 256.565 төгрөг болж байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 45-69/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 3-6/,

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлс, тээврийн хэрэгсэлд хийсэн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73-75/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл хх-ийн 105/,

Шүүгдэгч Г.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 80, 82-88/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Цоос гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн санхүүгийн баримт болон Нуман-Алтай ХХК-ны 2021 оны 03 сарын 08-ний өдрийн 1/005 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан ажлын хөлсний нэхэмжлэл болох 2.500.000 төгрөг зэргийг төлсөн санхүүгийн баримт зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Г.Ц нь 2021 оны 02 сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Маанийн дэнж гэх газёрт 20.3м2 буюу 0.002 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 134.864 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч Г.Цын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч Г.Цт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Г.Цыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Цын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсны улмаас байгаль орчинд 134.864 төгрөгийн хохирол учирсан ба нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 256.565 төгрөг болсон талаар Нуман-Алтай ХХК-ны 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 1/005 дугаартай шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд уг дүгнэлтийг шүүх үндэслэлтэй дүгнэлт болсон гэж үнэлэв.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5-д зааснаар “хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байх тул байгаль орчинд учирсан 134.864 төгрөгийг 3 дахин буюу 404.592 төгрөгөөр нэмэгдүүлж нийт хохирлын хэмжээг тооцов.

Шүүгдэгч Г.Ц нь байгаль орчинд учирсан 404.592 төгрөг, нөхөн сэргээлт хийх ажлын зардал 256.565 төгрөг зэргийг тус тус нөхөн төлж баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Г.Цын эзэмшлийн Doosan 55 маркийн трактор, хуурай аргын шороо угаах баригч төхөөрөмж, цахилгаан мотор зэргийг эд мөрийн баримтаар тооцож хураасан байх бөгөөд уг эд зүйлүүдийг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул хурааж улсын орлого болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин байгаль орчинд учирсан 404.592 төгрөг, нөхөн сэргээлт хийх ажлын зардал 256.565 төгрөг зэргийг тус тус нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Г.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон ба хохирлоо нөхөн төлсөн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Цыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Цт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Цт мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Цын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар хадгалагдаж байгаа Г.Цын эзэмшлийн Doosan 55 маркийн трактор, хуурай аргын шороо угаах баригч төхөөрөмж, цахилгаан мотор зэргийг хураан авч улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА