Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Г.Цогтмагнай,

Шүүгдэгч А.Н,

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.Нод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000110 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өөлд овогт Алтанхуягийн Насантогтох, ВК96062314 тоот регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Н нь 2021 оны 03 сарын 22-ны өдөр хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 8 дугаар гудамжны 21 тоотод байх иргэн Б.Эийн монгол гэрийн хаалганы цоожийг алхаар эвдэлж нэвтрэн орж Б.Эийн эд хөрөнгийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.815.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Эийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2021 оны 03 дугаар сарын 22-ны шөнө аав н.Бийн гэрт хоносон юм. Тэгээд босоод гэртээ орох гэтэл манай гэрийн хаалганы цоожийг эвдсэн, гэрийн хаалга онгорхой байсан юм. Тэгэхээр нь гэртээ орж үзэхэд манай гэрийн эд зүйлийг сандаачсан байдалтай авдар дотор байсан эд зүйлсийг гаргасан байсан. Тэгэхээр би Цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай аав н.Бэ манай 2 нэг хашаанд байдаг юм. Манай гэрийн хаалгыг эвдэж байгаа ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй. Өглөө босоод харахад манай гэрийн цоожийг эвдсэн байсан. Манай нөхрийн хөөрөг /Ногоон өнгөтэй, цагаан шүрэн толгойтой хөөрөг/, цагаан өнгийн гар утас, эвхээстэй сур 1 ширхэг, толгойгүй бор хөөрөг 1 ширхэг, хүүхдийн хувцас хийдэг цэнхэр өнгийн цүнх, цүнхэнд миний паспорт байсан юм. Бурханы цайны дээж хийдэг жижиг цөгц 1 ширхэг, 2 эрх байсан /ногоо, шар өнгөтэй/, бууны замаг нэг ширхэг, даавуунд боосон дурангийн томруулдаг шилнүүд, манай нөхрийн шар өнгийн куртик 1 ширхэг, нокиа /nokia/ маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл байсан. Цүнхэнд миний паспорт, манай хүүхдийн хонхтой өрөөсөн бойтог зэрэг эд зүйл байсан юм. Би нөхрийнхөө хөөргийг 2.000.000 сая төгрөг, цагаан өнгийн гар утсаа 100.000 төгрөг, эвхээстэй сураа 100.000 төгрөг, цүнхэнд байсан паспортоо 20.000 төгрөг, хүүхдийн хувцас хийдэг цэнхэр цүнх 50.000 төгрөг, бор өнгийн хөөргийг 50.000 төгрөгөөр, 2 эрх байсан нэг эрхийн 10.000 төгрөгөөр, бурхны цайны дээж хийдэг жижиг цөгц 15.000 төгрөг, бууны замаг 50.000 төгрөг, даавуунд боосон дурангийн шилнүүд 20.000 төгрөг, шар өнгийн куртик 30.000 төгрөг, нокиа маркийн гар утас 20.000 төгрөгөөр алдагдсан эд зүйлсээ үнэлж байна. Хүүхдийн хувцастай цүнх манай гэрийн зүүн талын орны толгой дээр байсан. Тухайн цүнхэнд дотор байсан хүүхдийн хувцсыг гаргаж орон дээр тавьсан байсан. Манай нөхрийн ногоон өнгөтэй хөөрөг, дурангийн шил, бууны замаг, 2 эрх, бурхны цайны цөгц зэрэг эд зүйлс манай гэрийн авдар дотор байсан юм. Эвхээстэй сур нь баруун талын орон доор байсан. Манай нөхрийн куртик зүүн талын авдар дотор байсан. Гар утаснууд нь зүүн талын орны гудсан доогуур байсан юм. Тэр алхыг би өмнө нь харж байгаагүй. Манайд тийм алх байхгүй ... Цагаан өнгийн гар утаснаас бусад алдагдсан бүх зүйлээ эргүүлж авсан байгаа. Манай гэрээс хулгай хийсэн хүн миний цагаан өнгийн самсунг эс 2 (Samsung s2) маркийн 2021 оны 02 дугаар сард 100.000 төгрөгөөр худалдаж авсан утсыг /орны гудсан доогуур хийсэн байсан/ аваагүй гээд байгаа. Гэхдээ одоо тэр гар утсаа нэхэмжлэхгүй. Манай гэрийн цоож хуучин хятад цоож байсан. Одоо үнэд хүрэхгүй байх тиймээс үнэлүүлэхгүй. Одоо нэмж ярих зүйл, гомдол санал байхгүй. Хөдөө хэдэн мал хэцүүдээд байгаа. Тиймээс энэ хэрэгтэй холбоотой шүүх хуралд оролцохгүй … гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 29/,

Шүүгдэгч А.Нын мөрдөн байцаалтад өгсөн … Би бүрэн дунд боловсролтой. Уншиж бичиж чадна. Өмгөөлөгч авахгүй мэдүүлгээ өгье. Би өмнө нь Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өдөр сарыг нь санахгүй байна. Шөнө 23:00 цагийн үед байх би гэртээ Буякаа гээд найзтайгаа 2 шил 1 литртэй 0.75 граммтай архи уучхаад гэрийнхээ таамбар дотор байсан шаргал өнгийн иштэй төмөр алхыг аваад өөрийнхөө байх хашаанаас гараад урагшаа нарийнаар гараад уруудаж яваад нэг гудамж руу орсон. Хаягийг нь санахгүй байна. Тэгээд явж байгаад санамсаргүй нэг хашаа руу ардаас нь давж ортол нохой байхгүй, хашаан дотор зүүн баруун талд нь шар өнгийн болон ногоон өнгийн хаалгатай 2 ширхэг монгол гэр байсан. Тэгээд шууд ногоон өнгийн хаалгатай гэрийн хаалга дээр очиход Хятад цоожоор цоожилсон байсан. Согтуу байсан болохоор цоожны өнгийг анзаараагүй. Тэгээд гарт барьж явсан алхаараа цоожийг 1 удаа цохиход онгойсон. Тэгээд гэрт нь ороод гэрийн зүүн хойд талд байсан цоохор авдар цоожгүй байхаар нь онгойлгосон. Тэгтэл дотор нь хөөрөг, эрх, цөгц, бууны замаг, цэнхэр өнгийн гар цүнх зэрэг байсан. Тэдгээрийг аваад гэрээс гараад хашааны урд хаалгыг дотроос нь онгойлгоод гараад төв зам тал руугаа алхаад гэр лүүгээ явж байгаад цагдаа нарт баригдсан. Болсон зүйл бол энэ. Миний зүгээс тухайн айлаас авсан эд зүйлүүдээ бүрэн бүтэн эргүүлж өгсөн. Би алхаа нөгөө хулгай хийсэн айлынхаа гэрт нь орхиод гарсан. Тухайн үед согтуу байсан учраас авч гарахаа мартаад гарсан. Алхаа буцааж авъя гэж бодоод эргээд алхаад нөгөө орсон айлаа олж чадаагүй. Би ганцаараа явсан. Буяка найз манайд суугаад үлдсэн. Би түүнд юу ч хэлэлгүй гэрээсээ гараад явсан. Айлаас эд зүйл хулгай хийх гэж байгаа талаараа хэлээгүй. Тэр мэдээгүй. Одоо энэ өмсөж байгаа хар өнгийн найкийн (nike) пүүзтэй явсан. Надад одоо энэ гутлаас өөр өмсөх гутал байхгүй … гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 03-09/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 12-14/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17/,

“Энх-Нахиа” ХХК-ийн шинжээч Л.Наранцэцэгийн 2021 оны 04 сарын 11-ний өдрийн “Иргэн Б.Эийн эзэмшлийн алдагдсан эд зүйлд магадалгаа хийсэн тухай шинжээчийн 96 дугаар дүгнэлт /хх-ийн 50/,

Шүүгдэгч А.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 72, 74-77, 81-102, 110-114/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч А.Н нь 2021 оны 03 сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 8 дугаар гудамжны 21 тоотод байх иргэн Б.Эийн монгол гэрийн хаалганы цоожийг алхаар эвдлэн орж Б.Эийн эзэмшлийн эд зүйлүүдийг хулгайлж 1.815.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Эийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч А.Нын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээч Л.Наранцэцэгийн 2021 оны 04 сарын 11-ний өдрийн “Иргэн Б.Эийн эзэмшлийн алдагдсан эд зүйлд магадалгаа хийсэн тухай шинжээчийн 96 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч А.Нод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай байхыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр зөрчсөн, эсхүл тухайн орон байранд нэвтрэхдээ түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон тохиолдлыг хууль бус нэвтрэлт гэж үзэх бөгөөд шүүгдэгч А.Н нь бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлахдаа өөрийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх зорилгоор өөрийн гэрээс ахуйн хэрэглээний алхыг авч, хохирогчийн гэрийн цоожийг уг алхаар цохиж эвдлэн тухайн орон байранд нэвтэрсэн байх тул тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж орон байранд нэвтэрсэн гэж үзэх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч А.Ныг хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Б.Э нь алдагдсан эд зүйлүүдийг буцаан авсан шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч А.Нод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч А.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч А.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Ныг хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч А.Нод 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч А.Нын эдлэх 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч А.Нод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 05 сарын 19-ний өдрөөс эхлэн тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч А.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч А.Нод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА