Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Н.Нямдорж,

Шүүгдэгч Б.М,

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000128 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Алаг адуун овогт Борын Мөнх-Эрдэнэ, ВЛ93100808 тоот регистрийн дугаартай.

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн өглөөний 07 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 20-03 тоот хашааны үүднээс “Зинээмидэр Б” гэх нэртэй “Хаан банк”-ны виза картыг олж авч, уг картыг ашиглан Баянхонгор сумын 10 дугаар багт байрлах “Төв Хаан банк”-ны АТМ-ээс гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй өөрийн ээж болох М.Таар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авхуулан хулгайлж бусдад 585.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч З.Бын мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээсээ гараад дүү Б.Мгийн гэрт 22 цагийн үед очоод тэндээ байж байгаад 23 цагийн үед гэртээ очиж амарсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 04 сарын 17-ны өглөө босоод “Хаан банк”-ны виза картаа узэхэд миний виза карт байхгүй байсан юм. Тэгэхээр нь би дүүгийндээ очиж виза картаа асуухад манай дүү “манай гэрт таны виза карт байхгүй” гэж хэлэхээр нь эхнэрээс нь асуухад “манай гэрт байхгүй” гэсэн. Тэгэхээр нь би гэрээс нь гараад Цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөөр явж байхад миний данснаас 585.000 төгрөгийн зарлага гарч байгаа мэдээлэл ирсэн. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан юм. Би дүү Б.Мгийн гэрт ороход эхнэр, 3 хүүхэд нь байсан. Өөр хүн байгаагүй ... Би 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дэлгүүр орж, гүйлгээ хийгээд халаасандаа хийсэн юм. Би тухайн өдөр дүүгийнхээсээ өөр айлд очоогүй. Өөр газраар яваагүй ... Би алдагдсан 585.000 төгрөг болон хаан банкны виза картаа манай эгч Ариунаагийн хүүхэд болох Б.Мгийн эхнэр Б.Мэс авсан ... Надад хэн мөнгө авсан талаар хэлээгүй. Надад Б.М миний “Хаан банк”-ны виза картыг хашааныхаа үүдэн дээрээс олсон гэж хэлсэн юм. Би өмнө нь нэг удаа нууц кодоо хэлж дэлгүүр лүү явуулж байсан юм ... Миний хувьд 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө босоод карт алга байхаар нь 09 цаг өнгөрч байх үед Мгийнд очиж картаа сураглахад, М, түүний эхнэр Б.М нар “мэдэхгүй, манайд байхгүй” гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25, 26-27, 29-30/,

Гэрч Б.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө босоход манай эхнэр Б.М “З.Б ах орж ирээд миний виза картнаас 500.000 төгрөг алга болсон гээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гэж явсан” гэж хэлсэн. Тэгээд байж байтал З.Б ах залгаад “Цагдаагийн газар ирээд мэдүүлэг өгөөдөх” гэхээр нь би Цагдаагийн байгууллагад ирж байгаа юм. Би З.Б ахын “Хаан банк”-ны виза картны нууц кодыг мэдэхгүй. Манай эхнэр Б.Мд нэг удаа виза картаа өгч явуулж юм авхуулж байсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Гэрч М.Тийн мөрдөн байцаалтад өгсөн … Би 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 06 цагийн үед Хэрбалайф салбар зөв хооллолтын клуб байдаг юм. Тухайн клубдээ яваад 08 цагийн үед клубээс гараад явж байхад манай охин Б.М надад “Хаан банк”-ны виза карт өгөөд “доторх мөнгийг нь аваад байж байгаарай. Орой ажлаа тараад явахдаа манайхаар дайраад мөнгийг нь өгөөрэй” гэхээр нь би виза картыг нь аваад мөнгийг нь аваад ажил дээрээ очоод байж байхад 11 цагийн үед залгаад “мөнгөө аваад” ир гэхээр нь би мөнгийг нь аваачиж өгсөн юм. Би тухайн мөнгийг төв “Хаан банк”-ны АТМ-ээс авсан. Би картнаас мөнгө авч мэдэхгүй болохоор тэнд байсан хүн гуйж мөнгийг нь авхуулсан юм. Манай охин Б.М ... “Мөнгийг аваад орой манайд авч ирээд өгөөрэй” гэхээр нь авч явсан юм. Би тухайн үед ажилдаа явах гээд яарч байсан болохоор ямар учиртайг нь асуугаагүй. Ажилдаа явах замдаа мөнгийг нь аваад явсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Шүүгдэгч Б.Мийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би өдөр бур “Зөв хооллолтын чиглэлийн сургалтад явдаг бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өглөөний 06-07 цагийн орчим сургалт руугаа явах гээд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 20-03 тоотод хашаанаас гарахдаа З.Б ахын “Хаан банк”-ны виза картыг олсон. Тэгээд сургалтад суучхаад өөрийн төрсөн эх М.Тт нөгөө картаа өгөөд “Би З.Б ахын картыг хашааны үүднээс олсон, та дотор нь байгаа мөнгийг аваад орой манайд авч ирээд өгөөдөх гэж хэлсэн. Тэгтэл ээж “ямар учиртай юм бэ' гэхээр нь би “таныг орой ирэхээр чинь учрыг хэлье" гээд түүнд 0420 гэж картын нууц дугаарыг хэлсэн. Тэгээд байж байтал 10-11 цагийн үед над руу З.Б ах утасдаад “Чи цагдаагийн газарт ирээд мэдүүлэг өгөөдөх” гэж дуудсан. Миний хувьд 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 09 цаг өнгөрч байхад сургалтаа тараад гэртээ ирсэн бөгөөд намайг гэртээ ирээд удаагүй байхад З.Б ах ирээд “Би өөрийнхөө картыг танайхаар хаясан байна уу?” гэхээр би “мэдэхгүй, манайхаар таны карт байхгүй” гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр Б.М бас байсан бөгөөд тэрээр “мэдэхгүй, байхгүй” гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-58/,

Хохирогч З.Бын Хаан банкны 5225494555 дугаартай данснаас 2021 оны 04 дүгээр сарын 17-ний өглөөний 09 цаг 06 минутад 585.000 төгрөгийн зарлага гарсан талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 14/,

Хохирогч З.Б нь алдагдсан виза карт болон 585.000 төгрөг зэргийг хүлээн авсан тухай хүсэлт /хх-ийн 13/,

Шүүгдэгч Б.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 62, 64-70, 80-81/,

Шүүгдэгч Б.М, хохирогч З.Б нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 83/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 04 сарын 17-ны өдрийн өглөөний 07 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 20-03 тоот хашааны үүднээс “Зинээмидэр Б” гэх нэртэй “Хаан банк”-ны виза картыг олж авч, уг картыг ашиглан Баянхонгор сумын 10 дугаар багт байрлах “Төв Хаан банк”-ны АТМ-ээс гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй өөрийн ээж болох М.Таар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авхуулан хулгайлж бусдад 585.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн нь үндэслэлтэй зөв байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Мийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзнэ.

Хохирогч З.Б нь алдагдсан виза карт болон 585.000 төгрөг зэргийг хүлээн авсан тухайгаа хавтаст хэргийн 13 дугаар талд бичгээр мэдэгдэж, хохирогч шүүгдэгч нар нь эвлэрч эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 83 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна.

Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн шүүгдэгч Б.Мийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б.Мийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Мд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Мд мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Мд мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.Мийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Мийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА