Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 221/2021/0015/З |
Дугаар | 001/ХТ2022/0004 |
Огноо | 2022-01-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүхийн тогтоол
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2022/0004
Б.Б-ын гомдолтой,
Монголын Өмгөөлөгчдийн холбооны
Мэргэжлийн хариуцлагын хороонд
холбогдох хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Шүүгчид: М.Батсуурь
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Гомдлын шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нарыг оролцуулан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар тогтоолоор: Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасныг тус тус зөрчсөн буруутайд тооцож, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.3.2-т зааснаар Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн Б.Б-д өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэжээ.
2.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаар магадлалаар: Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Б.Б-ын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдол:
3.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б гомдолдоо:“ ... Б.Б нь З.Б, Х.И, Д.О, П.Ч нартай 2004 оноос хойш шүүхийн байгууллагад жижүүр, шүүгчийн туслах, Тамгын газрын дарга хүртэлх албан тушаалыг хашиж хамтдаа нөхөрлөж, хамт нэг байгууллага, нэг хамт олонд ажиллаж байсан дотны болон гэр бүлийн найз нөхөрлөлийн харилцаатай бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б**** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “П в” хотхоны 7** дугаар байранд найз нөхдийн хувиар уулзаж цугласан үйл явдлыг тус байрны СӨХ-ны хяналтын камераас тусгай хэрэгслээр бичлэг хийн, хуулбарлан авч 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулалттайгаар олон нийтийн цахим хэрэгсэл болох фэйсбүүк, твитер зэрэг цахим хуудсаар тараасныг зориудаар бусдын нэр хүндэд халдсан, зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийж, дамжуулан тараасан, хувь хүмүүсийн нууцад халдсан, хууль бусаар мөрдөн мөшгөж гүйцэтгэх ажиллагаа явуулсан үйлдэл гэж үзэж байгаа.
4.Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хууль болон энэ дүрэмд заасан үүрэг, шаардлагыг зөрчсөн өмгөөлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчилд тооцно” гэж заасан. Өмгөөллийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь иргэдийн хууль зүйн туслалцаа авах, өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах, өмгөөлөгч, өмгөөлөгчдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн байдлыг тогтоож, өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “... “өмгөөллийн үйл ажиллагаа” гэж өмгөөлөгчөөс үйлчлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг” ойлгохоор хуульчилсан бөгөөд тухайн өдөр Б.Б нь хуульд заасанчлан өмгөөллийн үйл ажиллагаа явуулаагүй, өмгөөлөгчийн эрх үүргийг хэрэгжүүлж аливаа этгээдтэй харилцаанд ороогүй, олон нийтийн газар бус хувийн өмчлөлийн орон сууцанд ажлын бус цагаар дотны найз нөхөдтэйгээ уулзаж суугаад гарсан байхад Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь тогтоолдоо Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх” гэж заасныг удирдлага болгон өмгөөлөгч Б.Б-ыг “өмгөөллийн үйл ажиллагаа явуулж, өмгөөлөгчийн эрх үүргийг хэрэгжүүлж байхдаа бусдын болон өмгөөлөгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгээгүй үйлдэл гаргасан” мэтээр дүгнэж, тус хуулийн зорилтод нийцэхгүй, улмаар хуулийг буруу тайлбарлан дүгнэсэн гэж үзэж байна.
5.Түүнчлэн Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэхүү дүрмийн зорилго нь өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг зарчим, шаардлага, үүргийг тогтоох, тэдгээрийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн зөрчлийг тодорхойлох, өмгөөлөгчийн нэр хүнд, хариуцлагыг дээшлүүлэхэд оршино” гэж, мөн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “... “зохисгүй байдал” гэж хууль, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээ, энэ дүрмийг зөрчсөн, эсхүл өмгөөлөгчийн хараат бус, зарчимч байдлыг алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тусгасан байхад Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь “... өмгөөлөгч Б.Б нь нийгэмд биеэ зохисгүй авч явсан...” хэмээн дүгнэж дүрмийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасныг тогтоолынхоо үндэслэлээ болгосон нь мөн л Б.Б-ыг ажил үүргээ гүйцэтгэж явж байхдаа зохисгүй байдал гаргасан мэтээр өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.
6.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан. Өмгөөлөгч Б.Б-д холбогдуулан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зааснаар биеэ үнэлэхийг зохион байгуулсан” хэмээн гомдол гаргасан нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар хууль хяналтын байгууллагаас шалгаж тогтоосон зүйл өнөөдрийг хүртэл байхгүй.
7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “... Б.Б нь бичгээр гаргасан тайлбартаа мэргэжил нэгт нөхдөөсөө уучлалт хүсч байгаа нь өмгөөлөгчийн нэр хүндийг хамгаалах зарчмыг зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл гэж үзнэ” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд тухайн үед Б.Б нь гэм буруугийн асуудлаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан бус харин хууль бусаар өөрийг нь мөрдөн мөшгөж гүйцэтгэх ажиллагаа явуулан зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийж зохион байгуулалттайгаар олон нийтийн цахим хэрэгсэл болох фэйсбүүк, твитер зэрэг цахим хуудсаар тараасан бөгөөд энэ үйлдэл нь нийгэмд буруу ойлголт төрүүлсэн утгаар л уучлалт хүсч, энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах талаараа хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Мөн тухайн үед олон нийтийн цахим хэрэгслээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Б.Б нь зохисгүй үйлдэл гаргасан гэж олон нийтэд огт цацаагүй бөгөөд гагцхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Б гэдэг утгаар олон нийтэд мэдээлэл тараасан байдгийг дурдах нь зүйтэй.
8.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.1-д “... энэ хуулийн 54.1.1, 54.1.2, 54.1.4-54.1.7-д заасан шаардлагыг хангаагүй бол гомдлыг хүлээн авахаас татгалзана” гэж, мөн зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Өмгөөлөгчийн ёс зүйн зөрчлийг үйлчлүүлэгчийн гомдлыг үндэслэн шалгана” гэж тус тус заасан.
9.Гэтэл тус маргаанд гомдол гаргагч “Д М н н” ТББ, “Н” ТББ, Б.С нартай Б.Б нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан аливаа хэрэг маргаанд ороогүй, ямар нэгэн хууль зүйн үйлчилгээ үзүүлж байгаагүй байхад ямар нотлох баримтыг баримтлан, ямар хууль болон дүрэм журамд заасныг үндэслэн тэдгээрийн гаргасан гомдлоор зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд мөн дүрмийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсгийн 45.3.1-д “ ... хүсэлт гомдол мэдээллийг ирүүлсэн хүн, хуулийн этгээд, албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн нэр ...” зэрэг мэдээллийг тодорхой тусгахаар заасан ба “Д М н н” ТББ, “Н” ТББ-ын гаргасан гомдлоос харахад тухайн гомдолд огт гарын үсэг зурагдаагүй, тус хоёр ТББ-ыг хуульд заасны дагуу бүрэн төлөөлөх эрхтэй этгээд нь хэн болох нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл тухайн гомдлыг “Д М н н” ТББ, “Н” ТББ нар гаргасан эсэх нь эргэлзээтэй байдаг ба харин гомдол гаргагч Б.С-ийн гомдлын хувьд өмгөөлөгч Б.Б-д холбогдуулан гаргасан зүйл байдаггүй.
10.Нөхцөл байдал ийм байхад Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч Б.Б-ыг “ ... нийгэмд биеэ зохисгүй авч явсан, ... олон нийтэд өмгөөлөгчдийн талаарх буруу ташаа ойлголтыг төрүүлэхүйц үйлдэл гаргасан ...” хэмээн шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь тухайн нөхцөл байдалд бодит үнэлэлт дүгнэлт өгөлгүй, ач холбогдолгүй баримтуудыг нотлох баримтын үндэслэлээ болгон хууль болон дүрэм журмыг буруу тайлбарлан дээрх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна.
11.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
12.Анхан шатны журмаар Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааныг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
13.Өмгөөллийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, энэ хууль болон Ёс зүйн дүрмийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 32.1-д заасан маргааныг … хүн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийн дагуу үүсгэж, хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.
14.Хуулийн дээрх заалтаас үзэхэд, хуульч /өмгөөлөгч/-ийг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг зөвхөн үйлчлүүлэгчийн гомдлоор хянан шалгахаар хязгаарлаагүй бөгөөд хүн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллээр хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх үндэслэлтэй тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ... гомдол гаргасан төрийн бус байгууллагатай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлээгүй, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Өмгөөлөгчийн ёс зүйн зөрчлийг үйлчлүүлэгчийн гомдлыг үндэслэн шалгана” гэж зааснаар зөвхөн үйлчлүүлэгчийн гомдлоор маргааныг хянан шийдвэрлэнэ ...” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй.
15.Өмгөөллийн үйл ажиллагаанд баримтлах зарчмуудыг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлээр зохицуулсан ба тус зүйлийн 4.1.3-т заасан “хүний … нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх” зарчмын агуулга нь үйлчлүүлэгчийн нэр хүндийг хүндэтгэхээс гадна өмгөөллийн үйл ажиллагаа явуулж буй бусад өмгөөлөгчийн ажил хэргийн нэр төрийг хүндэтгэхэд нэгэн адил баримтлахад чиглэгдсэн, мөн өмгөөлөгчийн хувьд мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн зарчим, шаардлага, ёс зүйн зөрчил, нэр хүнд, хариуцлагын талаар Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмээр зохицуулсан, тус дүрмийн 43 дугаар зүйлийн 43.1.2-т “өмгөөлөгчдийн мэргэжлийн нэр хүндийг хамгаалах” зарчмыг баримтлахаар тодорхой заасан.
16.Дээрх хууль, дүрэмд заасан ажил хэргийн нэр төрийг хүндэтгэх, өмгөөлөгчдийн мэргэжлийн нэр хүндийг хамгаалах зарчмуудыг өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхтэй этгээд болох өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчинтэй байх аль ч хугацаанд буюу ажлын, ажлын бус цаг гэж ангилахгүйгээр баримтлах бөгөөд энэ нь хууль, дүрэмд заасан хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг гаргахгүй байх, ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчил гаргахгүй байх үндэслэлийг агуулсан юм.
17.Гомдол гаргагчийн “... Биеэ зохисгүй авч явсан үйлдэл” нь нийтэд илэрхий болсон бөгөөд ажил хэргийн нэр төрийг хүндэтгэх, өмгөөлөгчдийн мэргэжлийн нэр хүндийг хамгаалах зарчмуудыг зөрчсөн, олон нийтэд “өмгөөлөгч”-ийн мэргэжлийн нэр хүндийг буруугаар ойлгуулж, унагасан, энэ талаар давж заалдах шатны шүүх “... дүрмийг дан ганц өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх үед л баримтлахаас бус өмгөөллийн үйл ажиллагаа эрхлээгүй үед баримтлах шаардлагагүй гэж үзэж болохгүй” хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... тухайн өдөр өмгөөллийн үйл ажиллагаа явуулаагүй, ажлын бус цагаар байсан” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.
18.Мөн нийтийн зориулалттай орон сууц /байр/-ны орц, давхар, хонгил, цахилгаан шат нь тухайн байрны оршин суугчдын дундын эзэмшлийн бүрдэл хэсэг бөгөөд Б****** дүүрэгт байрлах “П в” хотхоны 7**** дугаар байрны орц, цахилгаан шатанд болсон үйлдлийг дундын эзэмшил хэсэгт буюу нийтийн орон сууцны орчинд биеэ зохисгүй авч явсан гэж үзэх үндэслэлтэйгээс гадна тус байрыг хувийн өмчлөлийн орон сууц гэж үзэх боломжгүй, энэ талаарх гомдол гаргагчийн “... олон нийтийн газар бус хувийн өмчлөлийн орон сууцанд ажлын бус цагаар найзуудтайгаа уулзсан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
19.Иймд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Д.МӨНХТУЯА
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Х.БАТСҮРЭН