| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0150/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/149 |
| Огноо | 2021-06-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Хохирогч С.Г,
Шүүгдэгч Б.М,
Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014004380072 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Тайж овогт Баянмөнхийн Мөнх-Эрдэнэ, ОЮ94121271 тоот регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 04-75 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6-д заасан Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5, тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно, мөн дүрмийн 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоцикльтой жолоодож явсан С.Гтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас С.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Гийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2020 оны 07 сарын 27-ны өдөр би Шаргалжуутад ажиллаж байгаад айлд очиж цайны сүү авахаар хамт ажиллаж байсан Самбуу гэх хүний мустанг маркийн мотоциклийг жолоодоод Шаргалжуутаас Баянхонгор аймаг явах чиглэлийн шороон замаар явж байгаад замын тойрог болоод тухайн орчимд замын дэржгэнүүртэй байхаар нь хурдаа хасаад зөөлөн тойроод гартал доороос цагаан өнгийн жижиг тэрэг өгсөөд явж байсан. Тэр машины хажуугаар нь гараад явах хангалттай зай байсан. Би өөрийн урсгалаар явж байхад өмнөөс ирсэн машин шууд миний урсгал руу орж ирээд миний урдаас мөргөсөн. Уг машин миний урсгал руу орж ирээгүй бол уг осол гарахгүй байх байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 117-121/,
Иргэний нэхэмжлэгч З.Бийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 06 сард Б.М гэх залуу 2 жилийн хугацаатайгаар 7.800.000 төгрөгийг манай Алтан банк бус санхүүгийн байгууллагаас зээлж авсан. М нь хугацаандаа зээлээ төлж байгаа одоо 4.100.000 төгрөг үлдсэн. Машин осолд орсон тул үлдсэн мөнгийг Мөнх-Эрдэнээс гаргуулж авах хүсэлтэй байна. Б.М нь зээлийн төлөлтийн үлдэгдэл төлж одоо 1.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 124-130/,
Иргэний нэхэмжлэгч Б.Ргийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2020 оны 07 сарын 27-ны өдөр намайг Шаргалжуутад байх үед С.Г нь миний мотоциклийг унаад хөдөө яваад ирье гээд явсан. Тэгтэл замд явж байгаад осолд орж С.Г гэмтсэн байсан. Миний мотоцикль эвдэрсэн байсан. Би мотоциклийн эвдрэлийн үнэ 495.000 төгрөгийг нэхэмжилж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 132-135/,
Гэрч Ө.Шы мөрдөн байцаалтад өгсөн ... 2020 оны 07 сарын 27-ны өдөр бид нар гэр бүлээрээ буюу хүргэн ах М, эгч Ш, Өлзийсайхан, Мөнхзаяа нарын хамт хүргэн ахын машинтай Шаргалжуут рашаан орох гээд модон гүүр гараад тойрог хэлбэртэй шороон замаар эргэтэл урдаас мотоцикль орж ирээд эгчийн сууж байсан тал руу ирээд мөргөсөн. Тэгээд машинаас буугаад иртэл нөгөө ахын толгойноос цус гарч байхаар нь түргэн дуудхад түргэн ирээд тэр хүнийг аваад явсан. Удаагүй мөн цагдаа ирсэн. Миний биед ямар нэг гэмтэл учраагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37, 139-141/,
Гэрч Л.Шийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бид нар гэр бүлээрээ Шаргалжуут рашаан орох гээд явж байхад өмнөөс мотоцикльтой хүн ирээд мөргөсөн. Тухайн үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. Би нөхрийнхөө хажууд сууж явсан бөгөөд надад ямар нэг гэмтэл учраагүй ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 142-144/,
Гэрч Г.Аын мөрдөн байцаалтад өгсөн ... Хэргийн газрын үзлэгийг замын цагдаагийн зохицуулагч ахлах дэслэгч Эрдэнэбал явуулж би шинжээчээр оролцсон юм. Уг хэргийн үзлэгт осолд орсон гэх мотоцикль нь 5 дугаар араагаар явж байсан гэснийг нотолж хянах самбарыг гэрэл зургаар бэхжүүлсэн энэ хэргийн газрын үзлэгийн гэрэл үзүүлэлтийн зураг №14 дугаарт хавсаргасан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 147-148/,
Шүүгдэгч Б.Мийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2020 оны 07 сарын 27-ны өдөр Шаргалжуут рашаан сувилал руу өөрийн эзэмшлийн 04-75 УБП улсын дугаартай авто машинаар эхнэр, дүү нарын хамт явж байгаад Шаргалжуутын наад шороон зам дээр уул тойрч яваад мотоцикльтой хүнтэй мөргөлдсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 184-185/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 508 дугаартай шинжээчийн ... С.Гийн биед хүзүүний С7, сээрний ТМ-р нугалмын баруун хөндлөн сэртэн, сээрний ТМ, ТМ2, ТИЗ-р нугалмын арын сэртэн, ТН4, ТМ5, ТН6-р нугалмын их биеийн дээд гадаргуун шахагдсан хугарал, баруун 1,2,4-р хавирга, зүүн 2-р хавирганы зөрүү багатай хугарал, 2 талын уушгины доод дэлбэнгийн эдийн няцрал, цээжний хөндийн цусан хураа, тархины доргилт, зулайд сорви, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 101-102/
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 10 сарын 26-ны өдрийн №13 тоот техникийн шинжээчийн .... Тухайн зам тээврийн осол нь 0475 УБП улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.М \РД; ОЮ94121271\ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6-д заасан Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5, тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно, мөн дүрмийн 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарахад тухайн зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Б.М нь В ангиллын 1029933 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. Сэр-Одын Г нь ВСД ангиллын 83751 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй боловч тухайн зам тээврийн ослын үед жолоодож явсан Мустанг-5 маркийн мотоциклыг жолоодох “А” ангиллын үнэмлэхгүй байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 162-163/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 49-54/,
Хохирогч С.Гийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон эмчилгээ оношилгоо хийлгүүлсэн тухай баримтууд /хх-ийн 69-100/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 109-110/,
Эд мөрийн баримт хураан авсан тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 111-114/,
Энх-Нахиа ХХК-ны эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 159, 172-176/,
Хохирлын талаарх нотлох баримтууд /хх-ийн 194-196/,
Шүүгдэгч Б.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 186-187, 191-192, 206-208, 211/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос гарган өгсөн 3 хуудас хохирлын баримт зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 04-75 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6-д заасан “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5, тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно,” мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоцикл жолоодож явсан С.Гтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас С.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй зөв байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Мийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч Б.Мийн үйлдсэн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас хохирогч С.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон эмчилгээ оношилгоо хийлгүүлсэн, эм тариа худалдан авсан зэрэг хохирлын баримтуудыг нэг бүрчлэн судалж үзэхэд:
Хавтаст хэргийн 194-196 дугаар хуудсанд нийт 2.552.390 төгрөгийн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос 3 хуудас 4.732.038 төгрөгийн хохирлын баримтууд тус тус цугларсан ба 2.552.390 төгрөгийн баримтуудаас нотлох баримтын шаардлага хангахгүй буюу 23 гэж дугаарласан машины эд анги худалдан авсан тухай 290.000 төгрөгийн баримт дээр худалдан авагчийн нэр байхгүй тул хасаж үлдэгдэл 2.260.390 төгрөгийн баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн 4.732.038 төгрөгийн баримт зэргийг нотлох баримтын шаардлага хангасан байна гэж үзэж нийт хохирлын хэмжээг 6.992.428 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь хохирол нөхөн төлөөгүй байх тул түүнээс 6.992.428 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч С.Гэд олгож, цаашид гарах эмчилгээний болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг хохирогчид нээлттэй үлдээв.
Мөн шүүгдэгч Б.М нь иргэний нэхэмжлэгч Б.Рд эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зам тээврийн осолд орж эдвэрсэн мотоциклийн үнэ 495.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байх тул түүнээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Рд олгов.
Шүүх шүүгдэгч Б.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.
Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөртэй тул түүний эзэмшлийн 04-75 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 04-75 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02402401 тоот гэрчилгээг шүүгдэгч Б.Мд буцаан олгож, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Мийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Мд 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.М нь 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Мд оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Мэс 6.992.428 төгрөг гаргуулж хохирогч С.Гэд, 495.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Р нарт тус тус олгосугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Мийн эзэмшлийн 04-75 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 04-75 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02402401 тоот гэрчилгээг шүүгдэгч Б.Мд буцаан олгосугай.
9. Хохирогч С.Г нь өөрт учирсан эмчилгээний болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА