Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 140

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Ховд аймаг ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******ы хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч  К.******* ,нарийн бичгийн дарга Ж. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х.******* миний бие 1940 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. 2010 онд авсан цахим үнэмлэх болон 2001 онд авсан цахим үнэмлэх дээр намайг 1945 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс төрсөн гэж буруу бичсэн байсан. Үндэсний төв архивт хандахад Ховд аймгийн ******* сумын 1956 оны хүн амын тооллогын бүртгэлд овогтой *******д холбогдох баримт байхгүй байна гэсэн хариу өгсөн. Х.******* намайг 1940 онд төрснийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын ХААТР-1 маягт, ХААТР-7 маягт, улаан паспортын хуулбар, хөдөлмөрийн дэвтэр, тэтгэвэр тогтоолтын хуудас, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иймд Х.******* намайг 1940 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагч Х.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч К.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ээж Х.*******ын төрсөн он, сар, өдрийн мэдээлэл улаан паспорт дээр 1940 онд төрсөн гэж бичигдсэн байсан учраас тэтгэвэрт гарах нас болоод тэтгэвэрт гарсан. Тэгээд 2 жил тэтгэвэр авч байтал Нийгмийн даатгалын газарт шалгалт ирээд 1945 онд төрсөн хүнийг тэтгэвэрт гаргасан байна гээд тэтгэврийг нь зогсоосон. Ийм учраас нас тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан.

            Архиваас авсан баримтууд дээр Х.*******ы төрсөн оныг 1940 онд төрсөн гэж байгаа. Мөн улаан паспорт болон гэрлэлтийн гэрчилгээ дээр бас 1940 он гэж бичигдсэн байсан. Харин иргэний үнэмлэх дээр 1945 онд төрсөн гэж бичигдсэн байсан. Үүнийг сүүлд мэдээд очиж засуулах гэхэд дараа нь засуулаад авчих гэсэн. Тэгээд хөөцөлдөхгүй байж байгаад цахим үнэмлэх авсан. Тэгэхдээ өмнөх иргэний үнэмлэх дээрх регистрийн дугаараар цахим үнэмлэх авсан гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

             Хүсэлт гаргагч Х.******* нь нас тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Х.*******ыг 1940 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн гэж түүний хөдөлмөрийн дэвтэр, улаан паспорт дээр бичигдсэн болох нь түүний 1980 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 101/014124 дугаартай лавлагаа, БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар, паспорт авах өргөдлийн хуулбар, тэтгэвэр тогтоолтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, паспортын хуулбар зэрэг баримтаар нотлогдож байна.

            Харин түүнийг 1945 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн гэж түүний иргэний цахим үнэмлэх, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл, иргэний үнэмлэх авах өргөдөл дээр бичигджээ.

            Монгол улсын Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2016 оны 11 сарын 11-ний өдрийн 03-2/1299 дугаартай лавлагаа, Монгол улсын Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2016 оны 12 сарын 08-ний өдрийн 03-2/1593 дугаартай лавлагаагаар Х.*******д холбогдох баримт 1956 оны хүн амын тооллогын бүртгэлд байхгүй гэжээ.

            Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон О., Т. нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэргээс үзэхэд хүсэлт гаргагч Х.******* нь 1940 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрснийг иргэний үнэмлэх авах үед 1945 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн гэж бичигдсэн болох нь нотлогдож байх ба энэ талаар гаргасан хүсэлт гаргагчийн хүсэлт үндэслэлтэй байна.

            Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар ******* ******* овогт ******* *******ыг 1940 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 76 настай болохыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.МАРИНА