| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2021/0144/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/150 |
| Огноо | 2021-06-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Б.Бат-Оргил,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Доржготов,
Шүүгдэгч Б.Ө, Э.Ү,
Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар, Э.Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 18.6 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000073 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Цагаан Жанчивынхан овогт Буяны Өсөхбаяр, ВЖ95082010 тоот регистрийн дугаартай.
2. Монгол улсын иргэн, Өөлд овогт Эрдэнэбилэгийн Үүрийндаваа, ВЖ93060908 тоот регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ө нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цагийн үед Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянбулаг 1 дүгээр багийн нутаг Худгийн бууц гэх газарт оршин суух иргэн Ц.Тийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт нэвтэрч, Ц.Тийн эцэг П.Цын эзэмшлийн зааны ясан хяртай 6 ширхэг мөнгөн гялаантай, нинжин гахай гөлөмтэй 1 ширхэг эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, П.Цад 7.800.000 төгрөгийн хохирол учруулсан
Мөн шүүгдэгч Б.Ө нь Э.Үтай бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор Б.Өын эзэмшлийн машин механизм болох мотоциклийг ашиглан 2021 оны 01 дүгээр сард хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Баянхонгор аймгийн Баацагаан сумын Оройн бууц 2 дугаар багт байх иргэн Б.Бийн өвөлжөөний газарт байсан эд зүйл түр буюу байнга агуулах, үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулах сав буюу амбаарт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Б.Бэд 1.272.500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Б.Ө нь Э.Үтай бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор Б.Өын эзэмшлийн машин механизм болох мотоциклийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Цэцэн 3 дугаар багийн нутаг Хөхийн хар гэх газарт байх иргэн Ж.Сгийн эзэмшлийн өвөлжөөнд байх эд зүйлс агуулах, үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулах сав буюу болох амбаарт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Ж.Сд 14.271.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Б.Ө нь Э.Үтай бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан 2021 оны 01 дүгээр сард хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Баянхонгор аймгийн Баацагаан сумын Оройн бууц 2 дугаар багт байх иргэн Д.Мын өвөлжөөн дэх монгол гэрт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Д.Мт 2.444.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.Ү нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.Өын хулгайлах гэмт хэргийн үйлдэж олсон хөрөнгө болох зааны ясан хяртай 6 ширхэг мөнгөн гялаантай, нинжин гахай гөлөмтэй 1 ширхэг эмээлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, эд хөрөнгийн эрхийг нуун далдалж буюу Б.Өын хамт Баацагаан сумын Баянбулаг 1 дүгээр багийн нутаг Цохионы үзүүр гэх газарт газар ухан булж, нуун далдлах замаар мөнгө угаасан,
Мөн шүүгдэгч Э.Ү нь үргэлжилсэн үйлдлээр Б.Өтай бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор Б.Өын эзэмшлийн машин механизм болох мотоциклийг ашиглан 2021 оны 01 дүгээр сард хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Баянхонгор аймгийн Баацагаан сумын Оройн бууц 2 дугаар багт байх иргэн Б.Бийн өвөлжөөний газарт байсан эд зүйл түр буюу байнга агуулах, үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулах сав буюу амбаарт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Б.Бэд 1.272.500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Э.Ү нь Б.Өтай бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор Б.Өын эзэмшлийн машин механизм болох мотоциклийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Цэцэн 3 дугаар багийн нутаг Хөхийн хар гэх газарт байх иргэн Ж.Сгийн эзэмшлийн өвөлжөөнд байх эд зүйлс агуулах, үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулах сав буюу болох амбаарт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Ж.Сд 14.271.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Э.Ү нь Б.Өтай бүлэглэн бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан 2021 оны 01 дүгээр сард хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Баянхонгор аймгийн Баацагаан сумын Оройн бууц 2 дугаар багт байх иргэн Д.Мын өвөлжөөн дэх монгол гэрт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Д.Мт 2.444.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч П.Цын мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр эхнэрийн хамт төв рүү орох гээд явсан харин миний араас манай хүүхэд болох Т араас эхнэр хүүхэдтэйгээ сум дээр ирсэн байсан тэгээд манай хүүхэд гэртээ очоод орой эмээлээ үзэхэд эмээл байхгүй байсан. Тэгээд манай хүүхэд над рүу залгаад ааваа таны эмээл алга байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумаас гараад гэртээ очоод үзтэл байхгүй байсан. Би тэгээд нэгэнт алга болсон юм чинь гээд сураг тавиад байж байна. Миний эмээл бол зааны ясан хяраатай, зургаан мөнгөн баавартай, улаан өнгийн дэвсгэртэй, шар ширмэн нинжин гахай гөлмөн тэвштэй хуучны эмээл байгаа ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 12-23/,
Хохирогч Ж.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн ... Манайхаас нийт 16 ширхэг цулгай мөнгөн товч алга болсон байсан. Бид нар тухайн үед бүртгэж чадахгүй байж байгаад сүүлд юмнуудаа бүртгэж үзсэн чинь мөнгөн товчнууд алга байсан. 1 ширхэг товчийг 1000 төгрөгөөр үнэлж байна. Тус 16 товчийг хэсгийн төлөөлөгч надад хүлээлгээд өгсөн байгаа ... Алдагдсан гэх зүйлсийг бүгдийн хүлээж авсан. Нэхэмжпэх зүйл гэвэл: 1.2021.01.25-ны өдөр 70.000 төгрөгт бензин, масло хийсэн. Мөн сэржим өргүүлж ламд өгсөн. /Ойр орчмоор хайж явсан гэх/, 2.2021.01.26-ны өдөр 50.000 төгрөгт бензин, масло хийсэн. Мөн сэржим өргүүлж ламд өгсөн. /Баянцагаан- Баацагаан сумын хооронд явсан/, 3.2021.01,28-ны өдөр үнэлгээчинд 100.000 төгрөгийг өгсөн. 4.2021.01.29-ны өдөр данснаас 350.000 төгрөгийг аваад Хөвсгөл аймагт байдаг бөө рүү 100.000 төгрөгийг, хотод байдаг лам руу 100.000 төгрөгийг, 150.000 төгрөгийг Баянцагаан сумын лам нарт тараасан. 5.2021.02.03-ны өдөр 150.000 төгрөгийг ламд өгсөн. 6.2021,02.03-ны өдөр 100.000 төгрөгийг ирж, очихын зардалд зарцуулсан./Хөдөөнөөс Баянцагаан сум ороод сумаас Баянхонгор аймаг ороод буцаад хөдөө явсан зардал/, 7.2021.02.24-ний өдөр 60.000 төгрөгт бензин хийж эрэл, хайгуулд явсан. /5232054717 дугаарын данснаас гарсан баримт байгаа/ Дээрх бүх тооцоо баримттай байгаа гэж баримтыг гаргаж өгөв. 8.2021.02.08-ны өдөр 115.000 төгрөгт бензин зээлсэн. /Баримт нь яг одоо алга байна/,9. Баянцагаан сумаас Баянхонгор аймаг руу зардал 15.000 төгрөг, нийт 30.000 төгрөг. Би өнөөдөр мэдүүлэг өгөх гэж ирэхдээ зардал төлж ирсэн. Баримт өгөөгүй, гэхдээ мэдүүлэг өгсөн он, сар, өдөр нотлох баримт болох байх. Нийт 1.025.000 төгрөгийг нэхэмжилж байна ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 19/,
Хохирогч Д.Мын мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2021 оны 01 сарын 14-ний өглөө 10 цагийн үед отроор явах гээд нэг гэрээ ачаад Нүдүүрийн худаг дээр буусан тэр газар нь манай гэрээс 6-аас 7 км зайтай байдаг. Би отроор буусан газраа 13 хоноод төв орох гээд гэрээр дайртал манай гэрийн цоожны углуургыг хажуу тийш нь түлхэж байгаад татаад онгойлгосон байдалтай байж байсан. Тэгээд гэртээ ортол манай гэрээс нэг ширхэг хүрэн өнгөтэй годон гутал, нэг ширхэг эрэгтэй хүний мөнгөн бүс бөгөөд том толь нь бар юм уу хангардийн дүрстэй, жижиг толинууд нь 4 хүчтэнтэй, нэг ширхэг бор өнгөтэй улаан ороолттой Алтангэрэл судар. нэг виза карт болон хөдөлмөрийн дэвтэр зургаан мөнгөн баавар алга болсон байхаар нь би төв орж ирээд цагдаад хэлэх гэхэд хөдөө дуудлагад явсан байсан ... Ингээд нийт 1.640.000 төгрөгийг нэхэмжилж байна ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 23-26/,
Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би амбаараас 2021 оны 01 дүгээр сарын 12-нд хамгийн сүүлд гараад би Жинстын нутаг болох Дуут гэх газар 1 сар гаран байж байгаад Баянхонгор аймгийн Баацагаан сумын Оройн бууц 2 дугаар баг Бэлийн хашаатад байрлах өвөлжөөндөө битүүний урд өдөр буюу 02 дугаар сарын 10-нд амбаартаа ирээд амбаарынхаа хаалгыг онгойлгох гэсэн чинь цоож нь ерөөсөө онгойхгүй гацаад байсан. Тэгээд арай гэж нэг юм онгойлгоод түлхүүрээрээ онгойлгоод жоохон яаруу явж ороод цагаан сарын цар, бүрхээр тавагнуудаа аваад явсан. Тэгээд буцаад цагаан сарын өмнө авсан таваг цар гэх зүйлүүдээ тавих гээд амбаартаа ороод харахад манай цаасан хайрцагтай юм гаргасан байсан тэгэхээр нь би гайхаад амбаараа сайтар үзэхэд миний эзэмшлийн гуулин хазаар нь нэг ширхэг сүүлийн үеийн мөнгөн хазаар нэг ширхэг, түрхмэл мөнгөн баавар багцаараа авдарт байсан чинь байхгүй авдрын цоожийг цохиод авцан байсан мөн амбаарын дээд талын тавиурын хөлөөс зүүцэн байсан тэнзэн ташуур алга байсан ... Манай амбаартай хамгийн ойрхон айл нь Л гэдэг айл байдаг одоо өөрөө байхгүй түүний охин Ү нь байдаг гэсэн ... гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 37-37/,
Гэрч Ц.Тийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүүхдийнхээ вакциныг хийлгэх гээд сум руу эхнэр 2 хүүхэдтэй орж ирсэн, тэгээд вакцинаа хийлгэчхээд гэртээ ойр зуурын юмаа авчаад орой 19 цагийн үед очоод хоол ундаа хийгээд байж байхад манай хүүхэд ааваа эмээл байхгүй алга байна гэсэн тэгээд юу би юу билээ гэж бодоод хартал манай эмээл байхгүй байсан. Тэгэхээр нь аавын эмээл болохоор аавыг авсан юм болов уу гэж бодоод аав руу залгахад аав аваагүй гэсэн тэгээд би аавын эмээлийг хулгайд алдсанаа мэдсэн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 55-59/,
Гэрч Н.Өын мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн үед хүүхдийнхээ вакциныг хийлгэх гээд сум руу нөхөр 2 хүүхэдтэйгээ орж ирээд эмнэлэг орж вакцин хийлгэчихээд гэртээ ойр зуурын юм аваад орой 19 цагийн үед очиж малаа тэжээгээд хоол ундаа хийгээд байж байтал манай хүүхэд ааваа эмээл алга байна гэж хэлсэн би нөхрөө аав руу яриад асуу гээд асуулгасан чинь эмээл аваагүй гэж хэлсэн. Тэгээд бид 2 аавын эмээлийг алдсанг нь мэдсэн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 64/,
Гэрч Ч.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ирэхэд манай гэрийн хаалганы чүүг нь хажуу тийш нь мулт татсан шинжтэй байсан тэгээд гэр лүүгээ ороод бурхан луугаа харахад судар байхгүй байсан тэгээд би нөхөртөө гэрт хулгай орчиж гээд гэрийнхээ юмнуудыг үзэхэд нэг ширхэг хүрэн өнгөтэй годон гутал, 1 ширхэг эрэгтэй хүний мөнгөн бүс бөгөөд том толь нь бар юм уу хангардийн дүрстэй жижиг толинууд нь 4 хүчтэнтэй нэг ширхэг бор өнгөтэй улаан ороолттой Жадамба хөх судар, нэг ширхэг бор өнгөтэй улаан ороолттой Алтангэрэл судар, нэг виза карт болон хөдөлмөрийн дэвтэр, зургаан мөнгөн баавар алга болсон байсан. Тэгээд бид 2 гэр дотроосоо нэг хурган дээлээ аваад сумын төв ороод Цагдаагийн байгууллагад мэдэгдээд байж байгаа нь энэ ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 29-30/,
Гэрч П.Бы мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр алт мөнгөний дарханы газраа ажлаа хийгээд байж байхад эрэгтэй, эмэгтэй 2 хүн мөнгөн бүс зарна гээд над дээр орж ирсэн. Тэгэхээр нь би хэний хэрэглэж байсан бүс вэ гэж асуухад эмэгтэй манай гэр бүлийн хэрэглэж байсан бүс байгаа юмаа та итгэхгүй бол хуучирсан байгааг хараа гэхээр нь би 150.000 төгрөгөөр эрэгтэй хүний мөнгөн бүсийг нь худалдаж авсан. Тэгээд цагдаа 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цагдаа надад хулгайн бүс зарсан гэх залуутай хамт ирээд энэ хүн танд эрэгтэй хүний мөнгөн бүс зарсан уу гэж асуусан тэгэхээр нь би би тиймээ гээд тус бүсийг гаргаж ирж өгсөн ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 55/,
Гэрч Г.Лы мөрдөн байцаалтад өгсөн ... Баянхонгор сумын 6-3-32 тоот хашаа нь миний өөрийн эзэмшлийн хашаа байгаа юм ... Одоо тус өдрийг санахгүй байна. Саяхан гэртээ байж байсан чинь Ү цагдаа нарыг дагуулаад ирсэн. Тэгэхээр нь ямар ажлаар явж байгаа талаар Баацагаан сумын хэсгийн төлөөлөгч Баасанбатаас тодруулхад танай охин Ү хүний эмээлийг хулгайлах хэрэг үйлдсэн байна ... Тэгээд Ү манай гэр хураадаг модон амбаарыг заагаад тэр дотроос эд зүйлсийг гаргаж өгсөн ба юу, юу гаргаж өгснийг нь сайн мэдэхгүй байна. Амбаарт Үг тийм зүйл авчираад тавьсан болохыг би өөрөө болон манай ээж хүүхдүүд мэдээгүй ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 71/,
Гэрч Д.Мын мөрдөн байцаалтад өгсөн ... М над руу 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр залгаад манай гэрт хулгай орсон байна гэж надад хэлж байсан. Тэгээд годон гутал, мөнгөн бүс эмээлийн зургаан баавар, 2 ширхэг судар алга болсон гэж хэлж байсан ... эмээлийн зургаан бааврыг 2020 оны 08 сард аймгаас 1 сая дөхүүлж авч байсан 2 ширхэг судрын хувьд бол 1998 оноос хойш Мын гэрт байгаа ... гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 80-81/,
Гэрч П.Бы мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр байх хугацааг нь нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Дээрх нэр бүхий хоёр хүн 1 эрэгтэй, 1 эмэгтэй мөнгөн бүсийг над дээр ирж зарж байсан юм. Би еөрөө дархан хийдэг болохоор мөнгө худалдан авдаг юм. Эрэгтэй мөнгөн бүсийг худалдан авсан талаар эрүүгийн 2114000560060 дугаартай хэрэгт мэдүүлсэн юм. Харин энэ хэрэг дэх эмэгтэй мөнгөн бүсийг 220.000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баацагаан болон Баянцагаан сумын хэсгийн төлөөлөгч нар над дээр дээрх 2 мөнгөн бүсийг аваад миний худалдан авсан мөнгийг буцаагаад яг тэр өдөр бэлнээр өгсөн ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 47/,
Шүүгдэгч Б.Өын мөрдөн байцаалтад өгсөн ... Тухайн өдөр би ганцаараа явсан юм. Ү яваагүй түүний хувьд гэртээ байсан. Би тийшээ гээ явж байгаа талаар ч түүнд хэлээгүй. Миний бие тэгэхэд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Цохионы үзүүр” гэх газарт ганцаараа мал маллаж байсан юм. Тус өдрийн 17-18 цагийн хооронд байх сумын төвд байх эмээгийндээ очоод сумын төвөөс бензин авчхаад буцсан юм. Ц.Тийн гэр нь манай гэр лүү явах зам дагуу байдаг байсан юм. Манай аавынх болохоор миний байсан гэрээс 15 км орчмын зайнд байдаг юм. Ц.Т болон манай аавын гэр хоёулаа миний хөдөө байсан гэрээс сумын төв орох зам дагуу байдаг. Би сумын төв орчхоод буцаад явж байхдаа эхэлж аавынхаар дараагаар нь Ц Тийнхөөр орсон юм. Ц.Тийн хувьд миний найз юм байгаа. Гэр нь зам дагуу байхаар нь тэднийхээр орчхоод явъя гэж бодоод очсон чинь гэр нь эзэнгүй байсан ... “...Урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл гэвэл хохирогчийн амбаараас хулгайлсан 2 ширхэг хазаар, 1 ширхэг ташуур, 6 ширхэг баавар зэргийг буцаагаад өгсөн байгаа ...” “....Амбаарын цоожны даруулгыг хажуу тийш нь болгоод нэвтэрсэн. Харин амбаар доторх авдрын цоожийг амбаар дотор байсан төмрөөр цохиж онгойлгосон. Авдрын цоожийг онгойлгоход ашигласан төмрийг авч яваад хээр хаясан. Одоо хаясан газраа олохгүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 101-102, 2-р хх-ийн 93, 4-р хх-ийн 81/,
Шүүгдэгч Э.Үгийн мөрдөн байцаалтад өгсөн гэрчээр өгөн ... Ө надад 1 дүгээр сарын дундуур үглээ Жамц гэдэг айлын эмээлийг аваад ирлээ гээд орой над дээр ирээд 2-уулаа энийг янзалъя гээд цохионы үзүүр гэх газарт бид хоёр аваачиж булсан. Тэр эмээл гөлөмгүй, дөрөө байхгүй улаан өнгийн дэвсгэртэй зургаан баавартай, нанжин гахай дэштэй байсан. ... Ө өөрийнхөө мотоциклоор цагаан өнгийн уутанд хийгээд мотоциклынхоо араар баглаад ирсэн. ... Би Өын авчирсан эмээлийг хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн надад өөрөө Түмээ гэдэг айлаас хулгайллаа гэсэн. Гэхдээ тэр эмээл Түмээгийн аав болох Цын эмээл байсан юм байна лээ. Тэгээд хоёулаа нууя гээд байхаар нь би за за гээд мотоциклийн араар нь мордоод Өын гэр болох Цохионы үзүүр гэх газар ирээд өсөхөө гэрээсээ хүрз аваад гэрийнхээ доохон талд булсан. ... Өөр гэмт хэрэг үйлдсэн Ханбал, Зоригоо, Б гэдэг айлуудын эзэмшлийн гэр болон амбаарт орж хулгай хийсэн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 30-35/,
Шүүгдэгч Э.Үгийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би тийшээ гээ яваагүй гэртээ байсан...Сүүлд хэлэхдээ эзэнгүй байхаар нь хулгай хийсэн гэж байсан ... “... хохирогчийн амбаараас хулгайлсан 2 ширхэг хазаар, 1 ширхэг ташуур, 6 ширхэг баавар зэргийг буцаагаад өгсөн байгаа ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 111, 2-р хх-ийн 111/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-6, 7-10, 2-р хх-ийн 5-10, 11-14, 3-р хх-ийн 5-9, 4-р хх-ийн 3-7/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 67-69/,
Эд зүйл буюу алдагдсан эмээлийг буцаан өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 70-71/,
Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /4-р хх-ийн 18/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 21-22/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 10-17/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 сарын 09-ний өдрийн №17, №18 тоот криминалистикийн шинжээчийн дүгнэлтүүд /2-р хх-ийн 57-59, 62-64/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 сарын 17-ны өдрийн №15 тоот криминалистикийн шинжээчийн дүгнэлтүүд /3-р хх-ийн 93-97/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 сарын 11-ний өдрийн №19 тоот криминалистикийн шинжээчийн дүгнэлтүүд /3-р хх-ийн 104-105/,
Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /3-р хх-ийн 15-18/,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2021.02.09-ны өдрийн 40 дугаартай “... П.Цын хулгайд алдсан эмээл нь 7 800 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /1-р хх-ийн 72/,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2021.01.28-ны өдрийн 34 дугаартай “...Ж.Сгийн хулгайд алдсан эд зүйлийн зах зээлийн үнэлгээ нь 14 250 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /2-р хх-ийн 50/,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2021.03.09-ний өдрийн 70 дугаартай “... Ж.Сгийн эвдэрсэн цоож болон алдагдсан товчны үнэ нийт 21.000 төгрөг болохыг тогтоосон ...” дүгнэлт /2-р хх-ийн 52/,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2021.02.09-ний өдрийн 43 дугаартай “... Д.Мын хулгайд алдсан гэх эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь нийт 2 444 000 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /3-р хх-ийн 85/,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2021.03.03-ны өдрийн 63 дугаартай “... яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан гэх мотоциклийн зах зээлийн үнэ 1 000 000 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /3-р хх-ийн 100/,
Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2021.02.23-ны өдрийн 53 дугаартай “...хохирогч С.Бийн хулгайд алдсан гэх эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь 1 272 500 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /4-р хх-ийн 56/,
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /1-р хх-ийн 76-79, 81-82, 84-87, 89-94, 3-р хх-ийн 108-11, 113-145, 4-р хх-ийн 68-71/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гарган өгсөн хохирогч П.Ц, Ж.С, Д.М, Б.Б нарын хохирол бүрэн төлөгдсөн шүүгдэгч нарт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн хүсэлт 4 хуудас зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч Б.Ө нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цагийн үед Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянбулаг 1 дүгээр багийн нутаг Худгийн бууц гэх газарт оршин суух иргэн Ц.Тийн эзэмшлийн монгол гэрт нэвтэрч, Ц.Тийн эцэг П.Цын эзэмшлийн зааны ясан хяртай 6 ширхэг мөнгөн гялаантай, нинжин гахай гөлөмтэй 1 ширхэг эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж П.Цад 7.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ө, Э.Ү нар нь 2021 оны 01 дүгээр сард бүлэглэн Б.Өын эзэмшлийн машин механизм болох мотоциклийг ашиглан Баянхонгор аймгийн Баацагаан сумын Оройн бууц 2 дугаар багт байх иргэн Б.Бийн өвөлжөөний газарт байсан эд зүйл хадгалах зориулалт бүхий амбаарт нэвтэрч эд зүйл хулгайлж Б.Бэд 1.272.500 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ө, Э.Ү нар нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд бүлэглэн, Б.Өын эзэмшлийн машин механизм болох мотоциклийг ашиглан Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Цэцэн 3 дугаар багийн нутаг Хөхийн хар гэх газарт байх иргэн Ж.Сгийн эзэмшлийн өвөлжөөнд байх эд зүйл хадгалах зориулалт бүхий амбаарт нэвтэрч эд зүйлс хулгайлж Ж.Сд 14.271.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ө, Э.Ү нар нь 2021 оны 01 дүгээр сард бүлэглэн Б.Өын эзэмшлийн машин механизм болох мотоциклийг ашиглан Баянхонгор аймгийн Баацагаан сумын Оройн бууц 2 дугаар багт байх иргэн Д.Мын өвөлжөөн дэх монгол гэрт нэвтэрч эд зүйлс хулгайлж Д.Мт 2.444.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч П.Ц, Ж.С, Д.М, Б.Б, гэрч Ц.Т, Н.Ө, Ч.Б, П.Б, Г.Л, Д.М, П.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Д Б.Ө, Э.Ү нарын мөрдөн байцаалтад гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-6, 7-10, 2-р хх-ийн 5-10, 11-14, 3-р хх-ийн 5-9, 4-р хх-ийн 3-7/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 67-69/, эд зүйл буюу алдагдсан эмээлийг буцаан өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 70-71/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /4-р хх-ийн 18/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 21-22/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 10-17/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /3-р хх-ийн 15-18/, Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2021.02.09-ны өдрийн №40, 2021.01.28-ны өдрийн №34, 2021.03.09-ний өдрийн №70, 2021.02.09-ний өдрийн №43, 2021.03.03-ны өдрийн №63, 2021.02.23-ны өдрийн №53 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ө, Э.Ү нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.
Харин Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Үг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.Өын хулгайлах гэмт хэргийн үйлдэж олсон хөрөнгө болох зааны ясан хяртай 6 ширхэг мөнгөн гялаантай, нинжин гахай гөлөмтэй 1 ширхэг эмээлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, эд хөрөнгийн эрхийг нуун далдалж буюу Б.Өын хамт Баацагаан сумын Баянбулаг 1 дүгээр багийн нутаг Цохионы үзүүр гэх газарт газар ухан булж, нуун далдлах замаар мөнгө угаасан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Өын хулгайлсан эмээлийг шүүгдэгч Э.Ү нь түүнтэй хамт газар булж нуун далдалсан боловч дээрх хуулийн заалтын үг өгүүлбэртэй Э.Үгийн үйлдэл нийцэхгүй байна гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгийг нуун далдалсан гэсэн үг өгүүлбэр байхгүй бөгөөд харин “хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах”, “эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан” гэсэн нь түүний үйлдэлтэй нийцэхгүй гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан тул шүүгдэгч Э.Үд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иймд шүүгдэгч Б.Ө, Э.Ү нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй байна.
Хохирогч П.Ц, Ж.С, Д.М, Б.Б нар нь хохирол бүрэн төлөгдсөн шүүгдэгч Б.Ө, Э.Ү нарт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Ө, Э.Ү нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Б.Ө, Э.Ү нар нь хохирогч П.Ц, Ж.С, Д.М, Б.Б нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч Б.Ө, Э.Ү нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Ү нь Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 168 тоот шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан тухай шүүхийн шийдвэр 3-р хх-ийн 141-145 дугаар талд авагдсан байх бөгөөд түүнд хорих ял оногдуулсантай холбогдуулж Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар насанд хүрээгүй 2011 оны 12 сарын 04-ний өдөр төрсөн хүү С.Содномдорж, 2015 оны 10 сарын 07-ны өдөр төрсөн охин С.Анударь, 2017 оны 04 сарын 24-ний өдөр төрсөн охин С.Амин-Эрдэнэ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргад даалгав.
Шүүгдэгч Б.Ө, Э.Ү нар нь хулгайлах гэмт хэргийг Б.Өын эзэмшлийн улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоциклийг ашигласан тул хураан авч улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Ө, Э.Ү нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар шүүгдэгч Буянгийн Ө, Э.Ү нарт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Ө, Э.Ү нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.Ө, Э.Ү нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 06 сарын 16-ны өдрөөс эхлэн тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоциклийг шүүгдэгч Б.Өаас хураан авч улсын орлого болгосугай.
7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Б.Өын эзэмшлийн улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоцикл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар насанд хүрээгүй 2011 оны 12 сарын 04-ний өдөр төрсөн хүү С.Содномдорж, 2015 оны 10 сарын 07-ны өдөр төрсөн охин С.Анударь, 2017 оны 04 сарын 24-ний өдөр төрсөн охин С.Амин-Эрдэнэ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргад даалгасугай.
9. Шүүгдэгч Б.Ө, Э.Ү нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шүүгдэгч Б.Ө, Э.Ү нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА