Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/343

 

 

                                                           

 

 

 

 

 

2021          06          15                                   2021/ШЦТ/343

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,

Улсын яллагч: С.Солонго,

Хохирогч: М.Лхагвасүрэн,

Шүүгдэгч: Б.Г, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Солонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж Ж овогт Б.Г-д холбогдох эрүүгийн 211000000309 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10-222 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ж овогтой Б.Г

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 21-41е тоотод оршин суух хохирогч М.Лхагвасүрэнд “дуудлага худалдаанаас кроун 200 маркийн автомашин олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 17.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.   /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч М.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр би кроун маркийн машин авахаар Да хүрээ зах болон машины захуудаар аав Мөнхнасан /машины ченж/ гэх хамаатны Б.Г ахын хамтаар явж байгаад, Кроун маркийн машин үзэхэд 22.000.000 төгрөг гэсэн. Тэгээд үзчээд хоолонд орж байхад Б.Г ах энэ машин дуудлага худалдаагаар Монгол Улсад 17.500.000 төгрөгөөр бодогдож орж ирсэн байна. Ах нь дуудлага худалдаанаас гайгүй кроун 200 орж ирвэл аваад өгнө чи надаа яаралтай 17.500.000 төгрөгөө шилжүүлчих машин орж ирээд дуудлага худалдаагаар бэлэн мөнгөтэй нь авдаг болохоор хоцорч магад гэсэн. Би зөвшөөрч 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр би мөнгөө Б.Г ахын эхнэр болох Н.Цэнд-Аюушийн Хаан Банкны 5845352194 дугаарын данс руу өөрийн Хаан банкны 5017224664 дугаарын дансаас гэрээсээ шилжүүлсэн. Хэд хоногийн дараанаас Б.Г ах машины зураг явуулаад энэ ууг нь гоё машин байна гэхдээ будаг хийлгэж байсан юм байна гээд хэдэн зураг явуулж байсан. Тэгээд 1 сар орчим болоод машин өгөхгүй алга болсон. Тэгээд би холбогдож уулзахад 2020 оны 8 дугаар сард энийг унаад байж бай гээд Toyotg Alphard маркийн 89-91 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл өгсөн. Тэгээд би мөнгөө авч юм шиг санагдаад энэ машиныгаа нэр дээр шилжүүлээд өгчих мөнгөнийхөө оронд энэ машиныг авна гэхэд за за тэгий асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд машин өөр хүний нэр дээр байсан болохоор шилжүүлж өгөхгүй байсан. Тэгээд унаж байхад надаас 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Мөнхбат гэх хүн Баянзүрх дүүргийн 12-р хороо Чулуун овоо дээрээс ирж ирээд энэ миний машин би машинаа авна. Б.Г гэх хүн надаас 20.000.000 төгрөгөөр авна гээд энэ машиныг надаас аваад явсан. Би хүний машин болохоор эзэн нь ирээд өөрийнхөө машиныг авч байгаа болохоор өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н13-р хуудас/

Хохирогч Б.Г-н Төрийн банк дахь төгрөгийн 411020544 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 37-41-р хуудас/

Гэрч Н.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Тэр бол машины мөнгө гэж орж ирсэн. Манай нөхөр миний энэ картыг хэрэглэдэг байсан. Надад мессежээр мэдээлэл ирдэг. Манай нөхөр машины ченж болохоор үе үе ингэж машины мөнгө орж ирдэг тийм болохоор би асуугаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-р хуудас/,

Шүүгдэгч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2020 оны 7 дугаар сард үеэл ах Мөнхнасан болон Лхагвасүрэн хамтаар машин авахаар Да хүрээ болон 22-н товчоонд байрлах автомашины захаар явж байгаад таалагдсан машин байхгүй болохоор буцсан. Хоолонд орж байхдаа Лхагвасүрэнгийн сонирхож байсан тоёота маркийн тээврийн хэрэгсэл 17.500.000 төгрөгөөр орж ирдэг юм байна гэж тооцсон. Тэгээд тухайн өдрийн орой нардруу 95566288 дугаараас Мөнхнасан залгаж машин захивал хэд хонож ирэх вэ тэр машин удах уу гэж асуусан би дунджаар 30-40 хоног болно тэрнээс ч удаж магадгүй. Тэгээд Лхагвасүрэн мөнгө бэлэн байгаа юм чинь мөнгө шилжүүлнэ гээд надаас дансны дугаарыг өгсөн. 2020 оны 7 сарын 08 өдөр Лхагвасүрэн өөрийн 5017224664 дугаарын данснаас эхнэр Цэнд-Аюушийн5845352194 дугаарын дансруу 17.500.000 /арван долоон сая таван зуун мянга/ төгрөг шилжүүлсэн. Тэгээд удсан мөн машины үнэ нэмэгдэж эхэлсэн. Удаад Лхагвасүрэнгий эхнэр надруу залгаж уурлаад би мөнгийг нь гаргаж өгнө гэж бодсон. Мөнхнасан ах ирж уулзаад миний унаж байсан 8991 УНЕ улсын дугаартай  тоёота алпард маркийн тээврийн хэрэгслийг аваад өр ширгүй болно гээд надаас авсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-69-р хуудас/,

Шүүгдэгч Б.Г-н иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт, түүний хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-н 31-36-р хуудас/,

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.

Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгчийн зүгээс “...Шүүгдэгч Б.Г нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан 17.500.000 төгрөгийн хохирлыг нөхөл төлсөн тул ЭХХШТХ-ийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан журмын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд гаргасан бөгөөд хохирогч М.Лхагвасүрэнд хохирол төлсөн, хохирогч нь цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаарх бичгийг шүүхэд ирүүлжээ.  

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтанд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар шийдвэрлүүлэх боломжтой байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3, 5, дахь хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн прокурор С.Солонго, яллагдагч Б.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тохиролцсон, яллагдагч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг сайн дуруур хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар прокурортой тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар нотлогдсон нөхцөл байдлууд тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 33.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын хүсэлтийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дугаар хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй гэж үзсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журамд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Г нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 21-41е тоотод оршин суух хохирогч М.Лхагвасүрэнд “дуудлага худалдаанаас кроун 200 маркийн автомашин олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 17.500.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдын эд хөрөнгөд хохирол санаатай учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч М.Лхагвсүрэн, гэрч Н.Цэнд-Аюуш нарын мэдүүлэг, Төрийн банкны дансны хуулга, шүүгдэгч Б.Г-н мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нар нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.  

Прокуророос шүүгдэгч Б.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож  залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 17.500.000 төгрөгийг хохирогч М.Лхагвасүрэнд төлж барагдуулсан хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаараа хохирол барагдуулсан баримтад тусгасан байх тул шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Б.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Г нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ..

Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж овогт Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Г-д сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР