Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 652

 

                                                       Г.Б-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Дэлгэрмөнх,

шүүгдэгч Г.Б-ий өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.Б-ий гаргасан давж заалдах гомдлоор Г.Б-д холбогдох эрүүгийн 1711002980020 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Цагаан туг овгийн Г.Б-, 1995 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, химийн ариутгагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, өвөг эцгийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

            Г.Б- нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 34-693 тоотод байх нийтийн байранд 125 гр жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “каннабис” төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Г.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Б-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлүүдийг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, АК2274622 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг устгуулахаар Монгол банкинд тус тус шилжүүлж, шүүгдэгч Г.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие залилах гэмт хэрэгт холбогдож Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. Иймээс эдгээр хэргүүдийг нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Г.Б-ий өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн хувьд хэргүүдийг нэгтгэх нь зарчмын хувьд ялгаа байхгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргах байх...” гэв.

Прокурор А.Дэлгэрмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах замаар шүүгдэгч Г.Б-ий нийт эдлэх ялын хэмжээг тогтоох боломжтой тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Г.Б- нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 34-693 тоот нийтийн байранд буюу өөрийн түрээслэн амьдарч байсан гэртээ 125 гр жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “каннабис” төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Анхан шатны шүүх тухайн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч, хадгалах болсон шалтгаан нөхцөл, санаа зорилгын талаар мэдүүлсэн яллагдагч Г.Б-ий мэдүүлэг /хх-ийн 72/, түүний гэрээс хураан авсан ургамал, тухайн ургамлыг татаж хэрэглэхэд ашигласан эд зүйлст /хх-ийн 15/ хар тамхины агууламж илэрсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн №7266, 11372 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 17, 56, 61/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг үндэслэн, Г.Б-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүхээс Г.Б-ий гэм буруу, хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хүнд биш хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Б- нь давж заалдсан гомдолдоо “...миний бие залилах гэмт хэрэгт холбогдож Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. Иймээс эдгээр хэргүүдийг нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулж өгнө үү...” гэжээ.

Гэвч Г.Б-ийг залилах гэмт хэрэгт холбогдуулан Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа талаарх баримт нотолгоо давж заалдах шатны шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд түүний шалгагдаж байгаа гэх хэргийг 1711002980020 дугаартай энэхүү эрүүгийн хэрэгт нэгтгэн шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                     ШҮҮГЧИД                                                   Д.ОЧМАНДАХ

                                                                                                         Н.БАТСАЙХАН