Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 221/2022/0015/З |
Дугаар | 001/ХТ2022/0051 |
Огноо | 2022-09-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүхийн тогтоол
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2022/0051
Ц.Э-ын гомдолтой,
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны
Мэргэжлийн хариуцлагын хороонд
холбогдох хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Батбаатар
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Гомдлын шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн МТ/05 дугаар тогтоолыг хүчингүй болгох
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Ч.О нарыг оролцуулан гомдол гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн МТ/05 дугаар тогтоолоор Өмгөөлөгч Ц.Э нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.8, 14.1.9, ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.8, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөнд тооцож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалтад заасны дагуу Ц.Э-т “сануулах” шийтгэл оногдуулжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр магадлалаар: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн МТ/05 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Ц.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдол:
3. Гомдол гаргагч Ц.Э гомдолдоо: “... Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн МТ/05 дугаартай тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр магадлалыг эс зөвшөөрч өмгөөлөгч Ц.Э-ын зүгээс дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
3.1. Иргэний хуулийн 62 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Б.Э-ээс олгосон итгэмжлэлийн дагуу миний бие Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Б.Н-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
3.2. Б.Э нь БНСУ-д удаан хугацаанд амьдарч байгаад ирсэн бөгөөд түүнийг БНСУ-д байх хугацаанд хүү Б.Е нь мэндэлсэн бөгөөд эцэг Б.Н нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Б.Е-г аваад Монгол улс руу явснаас 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нэг ч удаа хүүхэдтэй нь холбоо бариулаагүй талаар Б.Э хэлж байсан бөгөөд Б.Э нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсад ирж, 15-ны өдөр санасан сэтгэлээ дэвтээх, өөрийн төрүүлсэн үүрээ маш их санасан, хүүтэйгээ уулзах үүднээс намайг хань болоод хамт яваад өгөөч, Б.Н нь яаж ч мэдэх хүн, олон дүү нар нь байдаг учраас би ганцаараа явахаас айж байна” гэсний дагуу намайг Б.Н-ын гэр лүү дагуулж явсан бөгөөд Б.Н-тай аливаа байдлаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй хэргийн талаар болон хэрэг маргааныг шийдүүлэх талаар ярилцаагүй атал Б.Н нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд өмгөөлөгч Ц.Э намайг Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан заалтыг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргасан бөгөөд хариуцагчаас маргаан үүсгэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр МТ/05 дугаартай тогтоол гаргасан.
3.3. Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Б.Н-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.Н нь хэзээ, хэн гэдэг өмгөөлөгчийг сонгон авсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие мэдэхгүй, мэдээгүй тул хуульд заасны дагуу зөвшөөрөл авах боломжгүй байсны сацуу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өмгөөлөгч н.И гэх хүнийг сонгон авсныг мэдсэн бөгөөд миний бие Б.Э-ийн хамт Б.Н-ын гэрт очсоноос хойш цаг хугацаанд түүнийг өмгөөлөгчтэй гэдгийг мэдсэн. Иргэний хуулийн 62 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Б.Э-ээс олгосон итгэмжлэлийн дагуу миний бие Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Б.Н-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан.
3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно”, 34.2-т “Өмгөөлөгч гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлөхдөө төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээ авах ба шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй”, Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1-д “хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх харилцаа нь үйлчлүүлэгчийн хүсэлт, гэрээнд үндэслэнэ” гэж тус тус заасан. Б.Н-ын гомдолд дурдсан Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалт нь өмгөөлөгч үйлчлүүлэгчийн хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон үйлчлүүлэгчийн хүсэлтийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа эрх бүхий этгээдэд хамааралтай гэж үзэж байна.
3.5. Миний бие Б.Э-тэй аливаа байдлаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй, Б.Э-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт аливаа байдлаар өмгөөлөгчөөр оролцоогүй, өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлтийг Б.Э гаргаагүй бөгөөд зөвхөн Б.Э-ийг бие хүний өмнөөс итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд өмгөөллийн үйлчилгээг аливаа байдлаар үзүүлээгүй болно. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “маргаан хянан шийдвэрлэх хуралдаан нь зөрчлийн дүгнэлтийн хүрээнд явагдана” гэж заасан. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаартай зөрчлийн дүгнэлтээр өмгөөлөгч Ц.Э намайг Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 22.1. Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэсэн атал 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн МТ/05 дугаартай тогтоолоор Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.8, 14.1.9, Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 3.1.6, 3.1.8, 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэсэн нь маргаан хянан шийдвэрлэх журмын 71 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
3.6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “өмгөөлөгч Ц.Э нь Б.Н-ын гэрт түүнд мэдэгдэлгүйгээр Б.Э-ийн хамт очсон нь ёс зүйн дүрмийг зөрчсөн” агуулга бүхий дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос шалгалтын ажиллагааг явуулахдаа өмгөөлөгч Ц.Э нь үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулаагүй, эсрэг талын өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийн талаар харилцсан гэсэн үндэслэлээр маргаан үүсгэсэн атал маргаанаас өөр асуудлаар хэлэлцэн шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй.
3.7. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн МТ/05 дугаартай тогтоол нь хууль бус бөгөөд гомдол гаргагчаас гаргасан гомдолд дурдсан үйл байдлаас хальж, зөрчлийн дүгнэлтэд заасан зөрчил гаргасан талаар дүгнэлт огт хийгээгүй, маргаан хянан шийдвэрлэх журмын холбогдох заалтыг зөрчсөн, хууль болон ёс зүйн дүрмийг зөрчсөн талаар ямар ч баримтгүйгээр маргааныг шийдвэрлэж ёс зүйн зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байгаа тул Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн МТ/05 дугаартай тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
4. Анхан шатны журмаар Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааныг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
5. Иргэн Б.Н-аас “ ... өмгөөлөгч Ц.Э нь зөвшөөрөлгүйгээр хувийн орон зайд халдаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад мэдэгдэлгүйгээр өөрийн үйлчлүүлэгчийн хамт эсрэг этгээдийн гэрт очсон үйлдэл нь Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 30.1-д заасныг зөрчсөн” гэх гомдлыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргаж, тус хорооны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн МТ/05 дугаар тогтоолоор өмгөөлөгч Ц.Э нь Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.8, 14.1.9, ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.8, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөнд тооцож, “сануулах” хариуцлагыг хүлээлгэжээ.
6. Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т ““үйлчлүүлэгч” гэж өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ авч байгаа болон авахаар хандсан хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Өмгөөлөгч үйлчлүүлэгчийг итгэмжлэл, хүсэлт, гэрээ, эсхүл нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд томилолтын үндсэн дээр төлөөлнө” гэж заасан байна.
7. Энэ тохиолдолд, өмгөөлөгч Ц.Э нь иргэн Б.Э-ээс олгосон итгэмжлэлд үндэслэн Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасны дагуу түүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг үзүүлсэн гэж үзнэ.
8. Хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчээс итгэмжлэл авсан эсхүл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчихгүйгээр үйл ажиллагаа явуулах үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд мөн хууль, дүрэмд заасан хариуцлага хүлээх учиртай. Өмгөөлөгч Ц.Э-аас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй, итгэмжлэлээр төлөөлж байсан гэж маргах боловч хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
9. Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Өмгөөлөгч нь өөрийн үйлчлүүлэгчийн эсрэг этгээдтэй түүний өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр үйлчилгээтэй холбоотой асуудлаар харилцахыг хориглоно. ...” гэж заасан.
10. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны материалд авагдсан сиди-д хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд, Ц.Э нь өөрийн үйлчлүүлэгчийн эсрэг этгээд болох Б.Н-ыг иргэний хэрэгт өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан талаар мэдэж байсан, мөн хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахтай холбоотой иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй нөхцөл байдлыг мэдэж байсан атлаа түүний өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр уг асуудлаар Б.Н-тай харилцсан болох нь тогтоогдож байх тул Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй, харин энэ талаарх “... Б.Н-ыг хэзээ, ямар өмгөөлөгч авсныг нь мэдэхгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
11. Өмгөөлөгч Ц.Э нь үйлчлүүлэгчийн хамт “түүний эсрэг этгээдийн гэрт урьдчилан мэдэгдэлгүйгээр очсон, мөн эсрэг этгээдийн өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр үйлчилгээтэй холбоотой асуудлаар харилцсан үйлдлүүд” нь нэгэнт тогтоогдсон тул Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.8, 14.1.9-д заасан үүргийн хэрэгжилтийг хангалгүйгээр Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасан “зохисгүй байдал” гаргасан гэж үзэн “сануулах” хариуцлага хүлээлгэснийг буруутгах боломжгүй.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, ... тусгана” гэж заасны дагуу магадлалын Тогтоох хэсэгт Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.8, 14.1.9, 31 дүгээр зүйлийн 31.3.1-д заасныг баримтлаагүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.8, 14.1.9, 31 дүгээр зүйлийн 31.3.1-д заасныг тус тус баримтлан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн МТ/05 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Ц.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисугай” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Ц.Э-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Х.БАТСҮРЭН