Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1255

 

 

А.Алинзулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2017/00713 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Алинзулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Хайспийд групп” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарантуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Алинзул,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Алинзул нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Хайспийд групп” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 1 сарын туршилт болон 3 жилийн хугацаатай, 500 000 төгрөгийн цалинтай, менежерийн албан тушаалд ажилласан. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа ирээд ажиллах гэтэл компанийн ахлах менежер хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дууссан, цаашид гэрээг үргэлжлүүлэхгүй гэх үндэслэлээр чөлөөлсөн гэж ажиллуулаагүй болно. Гэтэл миний хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуугавар болж, үндсэн ажилтан болсон. Үүний дараа хүний нөөцийн мэргэжилтэнгээс халагдсан тухай тушаалаа авахыг хүсэхэд чамайг компанийн эд хөрөнгийг хувьдаа завшсан гэх ажлаас халсан гэж хэлсэн боловч ажлаас халсан тухай тушаалыг гаргаж өгөөгүй. Миний бие тус компанид ажиллаж байхдаа байгууллагын эд хөрөнгийг хувьдаа авч байгаагүй. Гэтэл намайг гүтгэж ингэж хууль бусаар халж байгаад гомдолтой байна. Иймд “Хайспийд групп” ХХК нь намайг хууль бусаар ажлаас халсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл Амартүвшин хотхоны менежерээр ажилласан. Нэхэмжлэгч нь “Амартүвшин” хотхоны ашиглалтын үйл ажиллагааг явуулж байх хугацаандаа айлуудаас төлбөрийг бэлнээр авдаг алдаа дутагдал илэрсэн. Ингээд нийтдээ “Амартүвшин” хотхоноос 1 005 441 төгрөгийн дутагдал гаргасан. Мөн “Элизабэт” хотхонд ажиллаж байх хугацаанд 80 000 төгрөг дутааж, энэ дутагдлаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Манай байгууллага нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Амартүвшин” хотхоны ашиглалтыг өөр байгууллагад шилжүүлэхэд нэхэмжлэгч ажилгүй болсон тул манай байгууллага операторын ажлыг санал болгоход өөрөө хийхгүй гээд ажлаа хаяад явсан. Халагдах тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлсөн. А.Алинзул ажлаас халагдсан тушаалаа авах гэж ирэхэд нь захирал байхгүй байсан учраас тодорхой хугацаагаар хойшилсон боловч дахиж ирээгүй. А.Алинзул нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журмыг зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хайспийд группын гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, А.Алинзулыг “Хайспийд групп” ХХК-ийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “Хайспийд групп” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 1 288 043 төгрөг гаргуулан А.Алинзулд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Алинзулын ажилгүй байсан хугацааны цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг суутган, холбогдох байгууллагад төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35 463 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарантуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...А.Алинзул нь “Амартүвшин” хотхоны менежерийн албан тушаалд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 2 capын хугацаанд ажиллахдаа айл өрхүүдээс 10,11 дүгээр сарын хэрэглээний ус, дулааны төлбөр буюу ашиглалтын мөнгийн нэхэмжлэх үедээ өөрийн данс болон баримтыг дараа өгнө гэж баримтгүй авч байсан бөгөөд баримтгүй авсан мөнгөө дансанд тушаадаггүй, кассын орлогод авдаггүй үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Энэ нь манай байгууллага 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс “Амартүвшин” хотхоны ОСНАА ашиглалтын үйлчилгээг "Смарт план" ХХК руу шилжүүлэхэд А.Алинзулын ажил хүлээлгэж өгсөн “Амартүвшин” хотхоны санхүүгийн орлого, зардлын товчоон болон ажил хүлээлцэх үеийн үлдэгдэлтэй буюу авлагатай тооцоонд төлбөрийг аваагүй үлдэгдэлтэй мэт харагдуулан жагсаалт гаргаж хүлээлгэж өгсөн бөгөөд ажил хүлээн авсан байгууллага айл өрхүүдээс төлбөрийг нэхэмжлэхэд төлбөрийг А.Алинзулын Хаан банкны данс болон бэлнээр өгсөн гэх гомдлуудыг гаргаж, тухайн байгууллага манай байгууллагаас нэхэмжлэн албан бичиг өгсөн. Эдгээр баримтууд нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн А.Алинзул нь манай байгууллагын салбар болох “Элизабет” хотхонд шилжүүлэн ажилласан хугацаандаа 12 дугаар сарын 28-ны өдөр хотхоны айлуудын авлага шаардаж байх үед А.Алинзул нь 214-р байрны 40 тоот оршин суугчаас 80 000 төгрөг бэлнээр авч орлогод тушаалгүйгээр хувьдаа ашигласан. Эдгээр үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагатай байсан учраас харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаж шалгуулсан бөгөөд А.Алинзул нь манай байгууллагад одоогийн байдлаар 1 085 441 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч А.Алинзул нь хариуцагч “Хайспийд групп” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “туршилтын хугацаа дууссан тул цаашид хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэхгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэж тодорхойлсон байна.

 

Хариуцагч татгалзлаа “А.Алинзул ажилдаа хариуцлагагүй хандаж, “Амартүвшин” хотхоны менежерээр ажиллаж байхдаа оршин суугчаас авсан бэлэн мөнгийг орлогод тушаалгүй хувьдаа ашигласан зөрчил гаргасан” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч А.Алинзулыг “Хайспийд групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 тоот тушаалаар “Элизабет” хотхоны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орлого болох 80 000 төгрөг, “Амартүвшин” хотхоны айл өрхийн 11 сарын байрны төлбөр болох 400 000 төгрөгийг хувьдаа хэрэглэж нуун дарагдуулан байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан атлаа уг тушаалыг хариуцагч нь нэхэмжлэгчид гардуулж өгөөгүй байна.

 

Зохигчид тушаалын үндэслэлийг өөр өөрөөр тайлбарлаж, нэхэмжлэгч хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тушаалын үндэслэлээ өөрчилж шүүхэд гаргасан гэж маргажээ.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл хэргийн бодит нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулахгүйгээр шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэн дүгнэх, эрх зүйн дүгнэлт өгөх, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2017/00713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Хайспийд групп” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

 

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

 

                                                                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ