Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2019/00029

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/01501 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1739 дүгээр магадлалтай,

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 59.534.673 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нандинцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нандинцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017.02.16-ны өдөр Интерьерийн зураг төслийн ID-03/17 тоот гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу манай компаниас дотор зохион байгуулалтын, концепцийн зураг төсөл болон ажлын зургийг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн юм. Гэтэл захиалагч “М” ХХК 5,536,000 төгрөгийг төлөөгүй. Улмаар гэрээний 3.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 т заасны дагуу 0.5% алданги 2,768,000 төгрөгийг төлөх үүрэгтэй,

2017.01.25-ны өдөр Барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ЗХ/01/17 тоот гэрээ байгуулан гэрээний дагуу зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн боловч захиалагч “М” ХХК 19,800,000 төгрөгийг төлөөгүй. Улмаар гэрээний 5.2 дахь хэсэгт заасны дагуу 0.02% алданги 1,306,800 төгрөгийг төлөх үүрэгтэй.

2015.11.13-ны өдөр Интерьерийн зураг төслийн ID10/15 тоот гэрээг анх байгуулсан. Талууд хэлэлцэн тус гэрээнд 2016.01.21-ний өдөр 01/16 тоотоор нэмэлт оруулсан бөгөөд дараа нь 2016.06.22-ны өдөр өөрчлөлт оруулсан. Энэхүү гэрээний дагуу манай компаниас дотор зохион байгуулалтын, концепцийн зураг төсөл болон ажлын зургийг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн юм. Гэтэл захиалагч “М” ХХК 17,365,486.38 төгрөгийг төлөөгүй. “М” ХХК нь гэрээний үүргийн биелэлтэд нийт 46,776,286.38 төгрөгийг манай компанид төлөх үүрэгтэй.

“М” ХХК нь “Азура консалтинг” ХХК-аас IGuzzini брэндийн гэрэлтүүлгүүдийг захиалгаар худалдан авсан бөгөөд 3,971,144.19 төгрөгийг төлөөгүй байна. Иймд “М” ХХК-аас 50,747,430.57 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: М ХХК-тай ажил гүйцэтгэх 3 гэрээний үлдэгдэл төлбөр болон гэрэл нийлүүлсний төлбөрт нийт 50.747.430 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан интерьер зураг төслийн ID 10/15 дугаартай гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 8.682.743 төгрөг болон гэрээгээр гүйцэтгэсэн ажлуудыг хүлээлгэн өгсөн актуудыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 104.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 59.534.673 төгрөгийг шаардаж байна гэжээ.                                                 

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Азура архитектс ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ID-10/15 дугаартай интерьерийн зураг төслийн гэрээний зохиогчийн хяналтыг хийхээр 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр болон 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус тус барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх тухай 2 гэрээ байгуулсан. Эхний зохиогчийн хяналтын гэрээний төлбөрт 46.200.000 төгрөг, 2 дахь зохиогчийн хяналтын гэрээний төлбөрт гэрээний дагуу 29.700.000 төгрөг, нийт 75.900.000 төгрөг төлөх үүрэг хүлээснээс 46.544.000 төгрөг төлсөн. Харин Азура архитектс ХХК нь эдгээр гэрээний үүргүүдээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэж байгаагүй, хяналтын ажлаа зохих ёсоор дүгнүүлж байгаагүй, зохиогчийн хяналтын дүгнэлтээ захиалагчид зохих ёсоор хүргүүлж байгаагүй, зохиогчийн хяналтаа гэрээнд заасны дагуу хангалттай гүйцэтгээгүй зэргээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Ийнхүү гүйцэтгэгч нь гэрээний үүргээ зөрчиж, ажлаа зохих ёсоор, чанартай гүйцэтгэхгүй байсан тул М ХХК нь зохиогчийн хяналтын гэрээний төлбөрийг төлөхөөс татгалзсан. Гэтэл нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн төлбөрийн тооцооллоос харахад М ХХК-аас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ID-10/15 дугаартай зураг төслийн гэрээний төлбөрт шилжүүлж байсан төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зохиогчийн хяналтын гэрээний төлбөрт тооцон суутгасан байх бөгөөд өөрөөр хэлбэл бидний төлсөн төлбөрийн зориулалтыг өөрчилж өөрийн гүйцэтгээгүй үүргийнхээ төлбөрт шилжүүлэн тооцож 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зохиогчийн хяналтын гэрээний төлбөрийг бүтэн төлсөн болгож тооцооллоо хийсэн байна.

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээгээр алдангийн хувийг 0.002 хувиар тохирсон. МХХК нь Азура архитектс ХХК-ийн гүйцэтгэн хүлээлгэж өгсөн зураг төслийн дагуу барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн боловч барилга ашиглалтад орсны дараа ч засалтай холбоотой алдаа, дутагдал их гарч, дахин засварлах, өөрчлөх асуудлууд их гарч байгаагийн улмаас үйл ажиллагаа доголдох, нэмэлт зардал их гарах зэргээр МХХК-д хохирол учирч байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэх болон дансны хуулгаас харахад Азура консалтинг ХХК-ийн нэхэмжлэхийн төлбөрийг бүрэн төлсөн нь харагдаж байна.

Талууд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр интерьерын зураг төслийн ID10/15 тоот гэрээнд өөрчлөлт оруулж, төлбөрийн үлдэгдэл дүнг 52 622 680 төгрөг гэж тооцож, 4 хуваан төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу төлбөрүүдийг дараах байдлаар төлж барагдуулсан. Үүнд: 2016 оны 06 дугаар арын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 7 удаагийн үйлдлээр нийт 53.969.468 төгрөг төлж, 1.646.782 төгрөгийг илүү төлсөн байна.

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ЗХ/01/17 тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Пи Си Ди Пи гэх компанитай 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээгээ нотлох баримтаа хэрэгт өгсөн. Манайх нэхэмжлэгч компанийн хийж гүйцэтгэсэн зургийн дагуу хийж байгаа ажилд хяналт тавиулахаар тухайн байгууллагын чанар гүйцэтгэлд нь итгэж гэрээ байгуулсан. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээгээр 3 сарын хугацаанд нийт 35 удаа явцын хяналт хийхээр тохиролцсон боловч гэрээний 3.3, 5.1-д заасныг биелүүлээгүй. Тэгэхээр зохиогчийн хяналт хийх гэрээ нь эхнээсээ хэрэгжээгүй, түүнчлэн байгуулагдсан гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр интерьерийн зураг төслийн ID-03/17 тоот гэрээгээр нэхэмжлэгч тал 3 үе шаттайгаар ажлаа гүйцэтгэх ёстой байсан. Энэ зургийг өнөөдрийг хүртэл хэн ч хүлээлгэж өгөөгүй учраас төлбөрийг төлөөгүй. Манайх ID10/15 тоот гэрээний төлбөрийг л төлж байснаас бусад гэрээний төлбөрийг төлөөгүй.

Захиалгын гэрээний хувьд бид нар НӨАТ-тэй дүн төлсөн. Гэтэл гэнэт талуудын хооронд тохиролцоогүй гааль, тээврийн зардал гэх 3.971.144,19 мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас нотлох баримт бүрдүүлсэнтэй холбоотойгоор 104.500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтууд нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй баримтууд тул уг шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд н хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/01501 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 18.154.827 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Азура архитектс ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41.379.846 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 570.120 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 248.724 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Азура архитектс ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1739 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/01501 дугаар хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нандинцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх гэрээний талуудын харилцан тохиролцож, хүлээн зөвшөөрсөн, түүнийхээ дагуу үүргээ биелүүлж байсан үйл баримтыг үл харгалзан уг гэрээний заалтыг буруу тайлбарлан, нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр НӨАТ-гүй дүнгээр төлөх ёстой хэмээн 18.154.827 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Иргэний хуулийн 43.1, 41.2 дэх заалтыг хэрэглэн хариуцагчийн үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн бодит үйлдлийг тайлбарлан хуулийн заалтыг хэрэглэх ёстой ч хэрэглээгүй. Хариуцагч “М” ХХК дээр дурдсан гэрээний дагуу 17,365,486.38 төгрөг түүний алданги 8.682.743 төгрөг нийт 26.048.229,38 төгрөгийг манай компанид төлөх ёстой. 2017.01.25-ны өдөр Барилгын дотор заслын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ЗХ/01/17 тоот гэрээ байгуулан гэрээний дагуу зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсэн боловч захиалагч “М” ХХК 19,800,000 төгрөгийг төлөөгүй. Улмаар гэрээний 5.2 дахь хэсэгт заасны дагуу 0.02% алданги 1,306,800 төгрөгийг төлөх үүрэгтэй. Энэхүү гэрээнд заасан үүргээ манай компани биелүүлж, 3 сарын хугацаанд зохиогчийн хяналт хийснийг нотлох гэрчийн мэдүүлэг, протокол, үзлэгийн тэмдэглэл, явуулсан төлбөрийн нэхэмжлэх түүний дагуу “М” ХХК төлбөр шилжүүлж байсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөөр байтал нотлох баримтуудыг үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэж манай компанийг ажлаа хийгээгүй мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “М” ХХК нь “Азура консалтинг” ХХК-аас гэрэлтүүлгүүдийг захиалгаар худалдан авсан бөгөөд 3,971,144.19Т-ийг төлөөгүй байна. “Азура консалтинг” ХХК нь “А” ХХК-д энэхүү төлбөрийг шүүхийн журмаар гаргуулан авах итгэмжлэлийг манай компанид олгосныг эрх олгогдоогүй мэтээр дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Хариуцагч хэрэв үүргээ биелүүлж төлбөрөө төлсөн байсан бол бид шүүхэд хандах улмаар нотлох баримт бүрдүүлж нотариат орж зардал чирэгдэл гарахгүй байх байсан. 104500 төгрөг нотариатын зардалд зарцуулсныг нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаагүйд гомдолтой байна. Нотлох баримт бүрдүүлэх үүрэг нь зохигчийнх мөн боловч энэ үүрэг үүсч байгаа шалтгаан нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас хамааралтай юм.

Иймд хариуцагчаас 59.534.673 төгрөг гаргуулж, нотлох баримтуудаа шүүх бүх талаас бүрэн судлан шийдвэрээ гаргах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “М” ХХК-с 59.534.673 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 18.154.827 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нандинцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд гаргаж өгсөн 170 хуудас нотлох баримтыг анхан шатны шүүхийн шүүгчийн туслах давж заалдах шатны шүүхэд хүргүүлээгүй...” талаар дурдаж, улмаар давж заалдах шатны шүүх уг баримтыг шинжлэн судлаагүй байж хэргийг шийдвэрлэсэн талаар хяналтын шатны шүүх хуралдаанд тайлбар гаргасан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3-т зааснаар анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагч, гуравдагч этгээдээс гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 1978 дугаар албан бичигт  “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй 2 хавтас /402 хуудас/ хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн талаар дурджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

Нэхэмжлэгч нь Интерьерийн ажлын зургийн хяналтын тайлангийн нэгтгэл гэх 170 хуудас бүхий баримтыг гаргаж өгсөн, анхан шатны шүүх уг баримтыг үнэлж, энэ тухайгаа шийдвэрт тодорхой дурджээ /хэргийн 2 дугаар хавтас 145 дугаар тал/. 

Түүнчлэн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо зохиогчийн хяналт хийсэнтэй холбоотой гаргаж өгсөн дээрх баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй талаар дурдсан байхад давж заалдах шатны шүүх тодруулаагүй байна.  

Анхан шатны шүүх уг баримтыг хэргийн хамт ирүүлээгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүйгээс хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг бүрэн үнэлж, дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 118 дугаар зүйлийн 118.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ тохиолдолд хяналтын шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1739 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 455.630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ