Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 164

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* ьд холбогдох Ховд аймгийн ******* сумын ******* ******* ийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, газарзүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н., гэрч Ч., Ш., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2002 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* ******* ьд газарзүйн багшаар ажилд орж байсан. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл ажил олгогчоос 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б/08 дугаар тушаалаар намайг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэл болгоогүй бөгөөд ямар нотлох баримтыг үндэслэж сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Намайг сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэж байгаа боловч урьд нь надад ажил олгогчийн зүгээс сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гардуулж байгаагүй. Иймд Ховд аймгийн ******* сумын ******* ******* ийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгож, газарзүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2017 оны 01 дүгээр сарын багш нарын цагийн бүртгэлээс харахад Д.******* нь 59,5 хувийн ирцтэй хичээл заасан байдаг. Эдгээр алдагдалтай цагуудад нэг ч удаа хариуцсан менежер болон ийн захиргаанаас чөлөө авч байгаагүй юм байна. Мөн 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулахад Д.******* нь гэрээ байгуулаагүй байна. Дээрх хугацаанд Д.*******ийг хаана байгааг тодруулахад адуунд явсан, гэртээ байгаа зэрэг тайлбаруудыг өгч байсан нь зохих хууль журамд заасан хүндэтгэн үзэх шалтгаан биш байна гэж ийн захиргаа дүгнэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай Ховд аймгийн ******* сумын ******* ******* ийн багш нарын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай Ховд аймгийн ******* сумын ******* ******* ийн багш нарын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай Ховд аймгийн ******* сумын ******* ******* ийн багш нарын зөвлөлийн хурлын тэмдэглэлүүдээс харахад тодорхой байдаг.

Д.*******ийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хуулийг зөв хэрэглэсэн. 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд зөрчил тус бүр тус тусдаа тогтоогдсон байхыг шаардах боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэжээ. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ьд холбогдуулан Ховд аймгийн ******* сумын ******* ******* ийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, газарзүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.******* нь 2002 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* ******* ьд газарзүйн багшийн ажилд   орж, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн болох нь Ховд аймгийн ******* сумын ******* ******* ийн захирлын 2002 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаартай “ажилд авах тухай” тушаал /хх-4/,  Ховд аймгийн ******* сумын ******* ******* ийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/08 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх-3/, үр дүнгийн гэрээ /хх-5-9/, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-12-13/, ******* тэргүүний ажилтны үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-40/, багшийн мэргэжил дээшлүүлсэн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-41/, тэргүүлэх багш зэргийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-41/, сертификат /хх-42-47/, арга зүйн багш мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Эдгээр баримтуудаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, ажилтан Д.******* нь тус байгууллагад тасралтгүй ажиллаж байсныг нотолж байна.

Ховд аймгийн ******* сумын ******* ******* ийн захирал ажилтан Д.*******ийг ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Бага, дунд ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг үндэслэжээ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2017 оны 01 дүгээр сарын багш нарын цагийн бүртгэлээс харахад Д.******* нь 59,5 хувийн ирцтэй хичээл заасан байна. Эдгээр алдагдалтай цагуудад нэг ч удаа хариуцсан менежер болон ийн захиргаанаас чөлөө авч байгаагүй. Удаа дараа ажлаа тасалсан...” гэж ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тайлбарлаж мэтгэлцлээ.

Хэргийн 5-9 дүгээр талд Ховд аймгийн ******* сумын ******* ******* ийн захирал нь Д.*******тэй “үр дүнгийн гэрээ” байгуулжээ. Харин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглохоор  хуулиар зохицуулагджээ.

Үүнээс үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг хуулиар ажил олгогчид ногдсон байх бөгөөд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглосон, энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан Д.******* буруугүй байна.

Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч түүгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн байх тул Д.*******ийн эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтны нэгэн адил байна гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг. Гэтэл Ховд аймгийн ******* сумын ******* ******* ийн захирал нь ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан заалтыг баримталсан боловч ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тушаалдаа тодорхой дурдаагүй байна.

Мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч Ч.гийн “Д.******* нь 2017 оны 01 сарын 2-9 өдрүүдэд 1 өдөр буюу 8 цаг, 3 өдрийн хагас 12 цагийн таслалттай, 2017 оны 01 сарын 10-20 өдөр хүртэл 5 өдөр, 4 цаг 80 минутын таслалттай байгаа. 2017 оны 01 сарын 4-20 өдрүүдэд надад ямар нэгэн байдлаар акт өгч хандаагүй. Би эхнэрээс нь Д.*******ийг олон цагийн таслалттай яваад байгааг хэлээд, хаана байгаа талаар асуухад адуундаа явж ирээд, гэртээ унтаж байна гэж хэлсэн.  Д.******* нь 2017 оны 01 сарын 2, 9, 20, 23-ны өдрүүдийн байгууллагын хуралд өөрийн биеэр хуралд сууж байсан. Д.******* сурагчдад хичээл заагаагүй 12 цагийн таслалттай байгаа. Мөн дотоод журамдаа сурагчдын амралтын үеэр ажлын 8 цагаар ажиллахаар заасан байдаг. Сурагчдын амралтын үеэр багш нар ажилладаг...” гэх мэдүүлэг,

гэрч Ш.ын шүүх хуралдаанд өгсөн “2017 оны 01 сард багш, ажилчдын хурал нэг ч удаа ч болж байгаагүй. Харин одоо бол 7 хоног бүрийн 1 дэх өдөр өмнөх 7 хоногийнхоо ажлыг дүгнэж ярилцсан уулзалт болдог байсан болохоос биш багш нарын зөвлөлийн хурал болж байгаагүй. Би бүх яриа дээр суусан, ерөөсөө тасалж байгаагүй. 2017 оны 01 сарын 06-23-ны өдөр хүртэл сурагчдын амралттай байсан. Д.*******ийг адуунд явсан талаар яригдаж байсан. Сурагчдыг амраагүй тохиолдолд ажлаа таслаад явна гэсэн ойлголт байхгүй. Мөн ирцийн бүртгэл ил биш байдаг учраас сайн мэдэхгүй байна. Би 2017 оны 01 сарын 23-ны өдрийн захирлын тушаал гарах үеэр Д.*******ийг ажлаас халагдсаныг л мэдсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Б.ийн шүүх хуралдаанд өгсөн “01 дүгээр сарын 20-ны өдрийн хурал дээр Д.*******ийг ажлаас хална гэж хэлсэн. Түүнээс өмнөх хурлуудад Д.*******тэй холбоотой асуудал ярьж байгаагүй. 2017 оны 01 сарын 09-ний өдрийн багш нарын зөвлөлийн хурлаар Ч. Д.*******ийн талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй. Ирцийг бүртгэхдээ тухайн хүнийг хэдэн цагт ирснийг биш өөрөө тааралдсан үеэс эхэлж бүртгэдэг. Д.******* заримдаа ажлын цагаар, заримдаа ажлын бус цагуудаар адуундаа явж байсан...” гэх мэдүүлгүүд болон Д.*******ийн ажлын үр дүнгийн талаарх танилцуулга /хх-27/, дунд ангийн багш нарын амралтын үеэр хийх ажлын төлөвлөгөө /хх-28, 69/, багш нарын ажлын цагийн зураглалын удирдамж /хх-70/, Д.*******ийн 01 дүгээр сарын ажлын гүйцэтгэлийн тодорхойлолт /хх-71/, Ховд аймгийн ******* сумын ******* ******* ийн багш нарын зөвлөлийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэл /хх-74-75/, Ховд аймгийн ******* сумын ******* ******* ийн багш нарын зөвлөлийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэл /хх-76-80/, Ховд аймгийн ******* сумын ******* ******* ийн багш нарын зөвлөлийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл /хх-81-83/ зэрэг баримтуудаас үзэхэд Д.******* нь сахилгын зөрчил давтан гаргасан гэдэг нь нотлогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгыг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх бөгөөд зөрчил тус бүр нь тогтоогдсон байх шаардлагатай байдаг.

Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан заалтаас үзэхэд ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах болсон үндэслэл нь сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэхээр байна. Энэхүү үндэслэлээ нотлохоор хариуцагч тал хэрэгт Багш нарын 1 дүгээр сарын цагийн бүртгэл /хх-29, 68/-ийг хавсаргасан байна. Гэтэл уг цагийн бүртгэл нь хоорондоо зөрүүтэй, өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 29, 68 дугаар хуудаст авагдсан Багш нарын 1 дүгээр сарын цагийн хоёр бүртгэл дээрх Д.*******ээс бусад багш нарын ирцийн бүртгэл яг адилхан байгаа боловч ганцхан Д.*******ийн ирцийн бүртгэл зөрүүтэй байна. Хэргийн 29 дүгээр хуудаст авагдсан Багш нарын 1 дүгээр сарын цагийн бүртгэл дээр Д.******* 59,5 цагийн таслалтай гэж бичигдсэн, харин хавтаст хэргийн 68 дугаар хуудаст авагдсан Багш нарын 1 дүгээр сарын цагийн бүртгэл дээр Д.******* 62,9 цагийн таслалтай гэж бичигдсэн байх тул дээрх хоёр цагийн бүртгэлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Мөн түүнчлэн хэрэгт ажил олгогч нь ажилтантай ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдаагүй тул “сахилгын зөрчлийг давтан” гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар харилцан тохиролцсон, Ховд аймгийн ******* сумын ******* ******* ийн дотоод журмыг /хх-102-131/ биелүүлэхээр харилцан тохиролцсон гэж тодорхойлох боломжгүй юм.

Иймд Ховд аймгийн ******* сумын ******* ******* ийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, газарзүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.*******ийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо  хэрэгт авагдсан Д.*******ийн нийгмийн даатгалын дэвтэр /хх-12-13/-ийг үндэслэн тооцоход:  (928,355+742,998+781,524) : 3 = 817,625 /нэг сарын дундаж цалин/

Нэг өдрийн дундаж цалинг тооцоход: 817,625 : 21,5 = 38,029.

Д.*******ийн ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааг тооцоход нийт 1 сар 27 өдөр буюу энэ хугацаа дахь олговрыг тооцвол: 817,625+(27 х 38,029) = 1,844,408 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* ******* иас гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгох нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 72 дугаар хуудаст авагдсан “Ажлаас халагдах өргөдөл” нь хуулбарласан, хавтаст хэргийн 84-101 дүгээр хуудаст авагдсан “Сурагчдаас авах санал асуулга” нь хаанаас, хэдэн оны хэдэн сард авсан асуулга болох нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-д заасан шаардлага хангаагүй, хэргийн 73 дугаар хуудаст авагдсан Ховд аймгийн ******* сумын ******* ******* ийн захирлын Б/08 дугаартай тушаал нь хэргийн 3 дугаар хуудаст давхардан авагдсан байх тул  дээрх материалуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох олговор 1,844,408 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44,460 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Ховд аймгийн ******* сумын ******* ******* ийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/08 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.*******ийг Ховд аймгийн ******* сумын ******* ******* ийн газарзүйн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* ******* иас нэхэмжлэгч Д.*******ийн ажилгүй байсан хугацаанд ногдох олговорт 1,844,408 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан ажилтан Д.*******ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ьд үүрэг болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 44,460 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА