Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 164

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Дарви сумын Булган багт оршин суух, ПГ79040110 регистрийн дугаартай, Сумчин овогт Дондогийн Ширэндэвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, газарзүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ширэндэв, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, гэрч Ч.Булгамаа, Ш.Сум-Очир, Б.Нандинцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ширэндэв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2002 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуульд газарзүйн багшаар ажилд орж байсан. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл ажил олгогчоос 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Б/08 дугаар тушаалаар намайг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэл болгоогүй бөгөөд ямар нотлох баримтыг үндэслэж сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Намайг сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэж байгаа боловч урьд нь надад ажил олгогчийн зүгээс сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гардуулж байгаагүй. Иймд Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгож, газарзүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2017 оны 01 дүгээр сарын багш нарын цагийн бүртгэлээс харахад Д.Ширэндэв нь 59,5 хувийн ирцтэй хичээл заасан байдаг. Эдгээр алдагдалтай цагуудад нэг ч удаа хариуцсан менежер болон сургуулийн захиргаанаас чөлөө авч байгаагүй юм байна. Мөн 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулахад Д.Ширэндэв нь гэрээ байгуулаагүй байна. Дээрх хугацаанд Д.Ширэндэвийг хаана байгааг тодруулахад адуунд явсан, гэртээ байгаа зэрэг тайлбаруудыг өгч байсан нь зохих хууль журамд заасан хүндэтгэн үзэх шалтгаан биш байна гэж сургуулийн захиргаа дүгнэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын зөвлөлийн хурлын тэмдэглэлүүдээс харахад тодорхой байдаг.

Д.Ширэндэвийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хуулийг зөв хэрэглэсэн. 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд зөрчил тус бүр тус тусдаа тогтоогдсон байхыг шаардах боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэжээ. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ширэндэв нь хариуцагч Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, газарзүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.Ширэндэв нь 2002 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуульд газарзүйн багшийн ажилд   орж, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн болох нь Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2002 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаартай “ажилд авах тухай” тушаал /хх-4/,  Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/08 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх-3/, үр дүнгийн гэрээ /хх-5-9/, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-12-13/, боловсролын тэргүүний ажилтны үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-40/, багшийн мэргэжил дээшлүүлсэн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-41/, тэргүүлэх багш зэргийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-41/, сертификат /хх-42-47/, арга зүйн багш мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Эдгээр баримтуудаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, ажилтан Д.Ширэндэв нь тус байгууллагад тасралтгүй ажиллаж байсныг нотолж байна.

Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтан Д.Ширэндэвийг ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг үндэслэжээ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2017 оны 01 дүгээр сарын багш нарын цагийн бүртгэлээс харахад Д.Ширэндэв нь 59,5 хувийн ирцтэй хичээл заасан байна. Эдгээр алдагдалтай цагуудад нэг ч удаа хариуцсан менежер болон сургуулийн захиргаанаас чөлөө авч байгаагүй. Удаа дараа ажлаа тасалсан...” гэж ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тайлбарлаж мэтгэлцлээ.

Хэргийн 5-9 дүгээр талд Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь Д.Ширэндэвтэй “үр дүнгийн гэрээ” байгуулжээ. Харин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглохоор  хуулиар зохицуулагджээ.

Үүнээс үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг хуулиар ажил олгогчид ногдсон байх бөгөөд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглосон, энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан Д.Ширэндэв буруугүй байна.

Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч түүгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн байх тул Д.Ширэндэвийн эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтны нэгэн адил байна гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг. Гэтэл Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан заалтыг баримталсан боловч ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тушаалдаа тодорхой дурдаагүй байна.

Мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч Ч.Булгамаагийн “Д.Ширэндэв нь 2017 оны 01 сарын 2-9 өдрүүдэд 1 өдөр буюу 8 цаг, 3 өдрийн хагас 12 цагийн таслалттай, 2017 оны 01 сарын 10-20 өдөр хүртэл 5 өдөр, 4 цаг 80 минутын таслалттай байгаа. 2017 оны 01 сарын 4-20 өдрүүдэд надад ямар нэгэн байдлаар акт өгч хандаагүй. Би эхнэрээс нь Д.Ширэндэвийг олон цагийн таслалттай яваад байгааг хэлээд, хаана байгаа талаар асуухад адуундаа явж ирээд, гэртээ унтаж байна гэж хэлсэн.  Д.Ширэндэв нь 2017 оны 01 сарын 2, 9, 20, 23-ны өдрүүдийн байгууллагын хуралд өөрийн биеэр хуралд сууж байсан. Д.Ширэндэв сурагчдад хичээл заагаагүй 12 цагийн таслалттай байгаа. Мөн дотоод журамдаа сурагчдын амралтын үеэр ажлын 8 цагаар ажиллахаар заасан байдаг. Сурагчдын амралтын үеэр багш нар ажилладаг...” гэх мэдүүлэг,

гэрч Ш.Сум-Очирын шүүх хуралдаанд өгсөн “2017 оны 01 сард багш, ажилчдын хурал нэг ч удаа ч болж байгаагүй. Харин одоо бол 7 хоног бүрийн 1 дэх өдөр өмнөх 7 хоногийнхоо ажлыг дүгнэж ярилцсан уулзалт болдог байсан болохоос биш багш нарын зөвлөлийн хурал болж байгаагүй. Би бүх яриа дээр суусан, ерөөсөө тасалж байгаагүй. 2017 оны 01 сарын 06-23-ны өдөр хүртэл сурагчдын амралттай байсан. Д.Ширэндэвийг адуунд явсан талаар яригдаж байсан. Сурагчдыг амраагүй тохиолдолд ажлаа таслаад явна гэсэн ойлголт байхгүй. Мөн ирцийн бүртгэл ил биш байдаг учраас сайн мэдэхгүй байна. Би 2017 оны 01 сарын 23-ны өдрийн захирлын тушаал гарах үеэр Д.Ширэндэвийг ажлаас халагдсаныг л мэдсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Нандинцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн “01 дүгээр сарын 20-ны өдрийн хурал дээр Д.Ширэндэвийг ажлаас хална гэж хэлсэн. Түүнээс өмнөх хурлуудад Д.Ширэндэвтэй холбоотой асуудал ярьж байгаагүй. 2017 оны 01 сарын 09-ний өдрийн багш нарын зөвлөлийн хурлаар Ч.Булгамаа Д.Ширэндэвийн талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй. Ирцийг бүртгэхдээ тухайн хүнийг хэдэн цагт ирснийг биш өөрөө тааралдсан үеэс эхэлж бүртгэдэг. Д.Ширэндэв заримдаа ажлын цагаар, заримдаа ажлын бус цагуудаар адуундаа явж байсан...” гэх мэдүүлгүүд болон Д.Ширэндэвийн ажлын үр дүнгийн талаарх танилцуулга /хх-27/, дунд ангийн багш нарын амралтын үеэр хийх ажлын төлөвлөгөө /хх-28, 69/, багш нарын ажлын цагийн зураглалын удирдамж /хх-70/, Д.Ширэндэвийн 01 дүгээр сарын ажлын гүйцэтгэлийн тодорхойлолт /хх-71/, Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын зөвлөлийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэл /хх-74-75/, Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын зөвлөлийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэл /хх-76-80/, Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын зөвлөлийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл /хх-81-83/ зэрэг баримтуудаас үзэхэд Д.Ширэндэв нь сахилгын зөрчил давтан гаргасан гэдэг нь нотлогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгыг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх бөгөөд зөрчил тус бүр нь тогтоогдсон байх шаардлагатай байдаг.

Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан заалтаас үзэхэд ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах болсон үндэслэл нь сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэхээр байна. Энэхүү үндэслэлээ нотлохоор хариуцагч тал хэрэгт Багш нарын 1 дүгээр сарын цагийн бүртгэл /хх-29, 68/-ийг хавсаргасан байна. Гэтэл уг цагийн бүртгэл нь хоорондоо зөрүүтэй, өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 29, 68 дугаар хуудаст авагдсан Багш нарын 1 дүгээр сарын цагийн хоёр бүртгэл дээрх Д.Ширэндэвээс бусад багш нарын ирцийн бүртгэл яг адилхан байгаа боловч ганцхан Д.Ширэндэвийн ирцийн бүртгэл зөрүүтэй байна. Хэргийн 29 дүгээр хуудаст авагдсан Багш нарын 1 дүгээр сарын цагийн бүртгэл дээр Д.Ширэндэв 59,5 цагийн таслалтай гэж бичигдсэн, харин хавтаст хэргийн 68 дугаар хуудаст авагдсан Багш нарын 1 дүгээр сарын цагийн бүртгэл дээр Д.Ширэндэв 62,9 цагийн таслалтай гэж бичигдсэн байх тул дээрх хоёр цагийн бүртгэлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Мөн түүнчлэн хэрэгт ажил олгогч нь ажилтантай ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдаагүй тул “сахилгын зөрчлийг давтан” гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар харилцан тохиролцсон, Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотоод журмыг /хх-102-131/ биелүүлэхээр харилцан тохиролцсон гэж тодорхойлох боломжгүй юм.

Иймд Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, газарзүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Ширэндэвийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо  хэрэгт авагдсан Д.Ширэндэвийн нийгмийн даатгалын дэвтэр /хх-12-13/-ийг үндэслэн тооцоход:  (928,355+742,998+781,524) : 3 = 817,625 /нэг сарын дундаж цалин/

Нэг өдрийн дундаж цалинг тооцоход: 817,625 : 21,5 = 38,029.

Д.Ширэндэвийн ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааг тооцоход нийт 1 сар 27 өдөр буюу энэ хугацаа дахь олговрыг тооцвол: 817,625+(27 х 38,029) = 1,844,408 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Д.Ширэндэвт олгох нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 72 дугаар хуудаст авагдсан “Ажлаас халагдах өргөдөл” нь хуулбарласан, хавтаст хэргийн 84-101 дүгээр хуудаст авагдсан “Сурагчдаас авах санал асуулга” нь хаанаас, хэдэн оны хэдэн сард авсан асуулга болох нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-д заасан шаардлага хангаагүй, хэргийн 73 дугаар хуудаст авагдсан Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын Б/08 дугаартай тушаал нь хэргийн 3 дугаар хуудаст давхардан авагдсан байх тул  дээрх материалуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох олговор 1,844,408 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44,460 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/08 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Ширэндэвийг Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн газарзүйн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулиас нэхэмжлэгч Д.Ширэндэвийн ажилгүй байсан хугацаанд ногдох олговорт 1,844,408 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ширэндэвт олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан ажилтан Д.Ширэндэвийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуульд үүрэг болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 44,460 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА