Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/721

 

 

 

 

 

 

  g

 2021          06          24                                    2021/ШЦТ/721

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

улсын яллагч Б.Батцэцэг,

иргэдийн төлөөлөгч Ч.Жаргалзаяа,

хохирогч Б.Н,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.Б-д холбогдох 2106 00000 0667 дугаартай хэргийг шүүх 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1950 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 71 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ургамал судлаач мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, хүү Б.Н-ийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 1 дүгээр байрны 46 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 0000000, Ш овогтой С-ын Б.

 

/Холбогдсон хэргийн талаар /

           

Шүүгдэгч С.Б нь согтуугаар 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Гаалийн 1 дүгээр байрны 46 тоотод байдаг гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүү Б.Н-ийн хэвлий тус газар хутгалж “Аюулхай хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр манай найз “хорхог хийж байна” гэж хэлээд намайг дуудсан. Би хүү Б.Н-ийг “өөрөө хоолоо хийж идээд орой ирэхэд хоол хийсэн байгаарай” гэж хэлсэн. Би найзындаа очоод хорхог идээд хоёр шил архи хувааж ууж сууж байгаад 6 цагийн үед ирсэн. Би их хэмжээгээр согтоогүй байсан. Намайг гэртээ буцаж ирэхэд хоолоо хийгээгүй байсан. Би Б.Н-д “ганц өдөр хоолоо хийчихэд яадаг юм, чиний хийдэг ажил юу юм, өглөө босоод чихэвчээ зүгээс компьютер дээр суудаг ажил хийдэггүй” гэж хэлээд бид хоёр хэрэлдсэн. Хэрэг болохоос өмнө намайг хоёр удаа боож байсан. Тухайн өдөр ахиад буйдан дээр боосон. Би “чи боль хэцүү байна” гэж хэлтэл “чамайг алсан ч яадаг юм” гэж хэлэхээр нь би түлхсэн. Би “аавыгаа алсан хүү байснаас хүүгээ алсан аав байсан нь дээр” гэж хэлээд галын өрөөний ширээ дээр байсан хутгыг авсан. Би сүртэй зүйл хийгээгүй. Гэнэт гүйгээд гараад явсан. 15 минут орчмын дараа хаалга нүдээд, цонхоор гэрэл гараад байсан. Юу билээ гээд хартал цагдаа нар ирсэн. Хаалга тайлаад өгтөл намайг шууд гавлаад цагдаагийн газар руу авч явсан. Маргааш нь эрүүлжүүлэхээс гарахгүй байсаар байгаад 8 цагийн үед явуулсан. Би гэртээ орох гэтэл түлхүүр байдаггүй. Би хүнээр цоожоо солиулаад орсон чинь гэр орон авах юмгүй болсон байсан. Би тухайн байранд эхнэртэйгээ хоёулаа байдаг. Б.Н ээжтэйгээ, ахан дүүс нь цуг байдаг. Хохирогч Б.Н нь хүн харахад томоотой юм шиг мөртлөө зурагт үзэх, чихэвч сонсох, садист кино үздэг. Би дэлгэцийн өвчтэй гэж боддог. Ээжтэйгээ таардаггүй. Гэрч С.Ц гэдэг хүн миний дүү юм. Хохирогч хүмүүстэй таардаггүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Н мэдүүлэхдээ: “...Үйл явдал буйдан дээр болоогүй. гэв. С.Б нь залуугаасаа архи уудаг, байнга агсан тавьдаг, эхнэртээ гар хүрч байсан. Том ах Б.Н гэдэг хүнийг зодож байсан. Надад бол гар хүрч байгаагүй. Энэ болсон тохиолдол хачин зүйл болсон. Шүүгдэгч гар хүрэхээсээ илүү үгээр иддэг хүн юм. Тухайн өдөр агсан тавиад байдал ширүүсээд байхаар нь би С.Ц гэх хүн рүү утсаар залгаад “аавыг цагдаад өглөө шүү” гэж хэлэхэд “тэг тэг” гэж хэлсэн. Би цагдаа дуудаад эхлээд том өрөөнд байсан. Дараагийн үйл явдал гал тогоонд болсон. Манайг байнга ад үздэг. Би эхлээд хятадын шээс, оросын шээс, дараа нь өөр нэг хүний шээс болсон. Ийм байдал дандаа давтагддаг. Тэр өдөр “чи энэ гэрээс зайл” гэдэг байдлаар хөөдөг. Мэдүүлэг өгөхөөс өмнө би эмнэлэгт байсан. Эмнэлгээс гарч иртэл эцгийгээ шоронд суулгаад байрандаа орох гэж байна гэсэн яриа гарсан байсан. Гэр бүлийн байр булаацалдсан хэрүүл болох нь тодорхой болсон тул энэ талаараа хэлсэн. Бид хоёр хамт амьдраад арваад жил болсон. Би мэдүүлгээ уншиж гарын үсэг зурсан. Хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна.” гэв.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2-3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-11/, хохирогч Б.Н-ийн өгсөн мэдүүлэг /хх-21-28/, гэрч С.Ц-гийн өгсөн мэдүүлэг /хх-37/, гэрч Б.Н-ийн өгсөн мэдүүлэг /хх-39-40/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хийсэн 1896 дугаартай дүгнэлт /хх-42-43/, С.Б-гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30-31, 71/, шүүгдэгч С.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-81/, хохирогч Б.Н-ийн гаргасан хүсэлт /хх-87/, шинээр шүүгдэгч С.Б-гийн хувийн байдлын тухай баримт 6 хуудас, орон сууц хувьчлах тухай тогтоол 3 хуудас, нийт 9 хуудас баримт зэргийг шинжлэн судлав. 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Б нь согтуугаар 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Гаалийн 1 дүгээр байрны 46 тоотод байдаг гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүү Б.Н-ийн хэвлий тус газар хутгалж “Аюулхай хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Н-ийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 5 хороо Гаалийн 46 тоотод С.Б гэх төрсөн аавын хамт амьдардаг. Манай аав насаараа архи уусан гэхэд болно байнга согтуу байдаг юм. Өнөөдөр буюу 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 19-20 цагийн орчимд байх намайг гэнэт хөөгөөд эхэлсэн. Ер нь байнга намайг хөөдөг юм. Миний хэвлийн хэсэгт хүйсний нүхнээс дээш, гэрт байсан хүрэн модон иштэй масло зордог хутгаар хутгалсан. Байнга л агсам согтуу тавьж намайг хөөдөг, ер нь бол хутга шөвгө байнга барьчихдаг ч арай ингэж байсангүй. Аав С.Б согтуу гэрт орж ирээд “намайг хоол хий” гэхээр нь “чадахгүй та өөрөө хоол хий” гэж хэлсэн чинь намайг янз бүрийн үгээр хэл амаар доромжлоод байхаар нь манай аавын төрсөн дүү болох С.Ц руу утсаар яриад “Таны ах чинь надад агсам тавиад байна шүү, би цагдаа дуудаад өгөөд явууллаа шүү” гэж хэлсэн чинь С.Ц “ Тэгээ миний дүү эгч нь дуудаж өгөх үү, чи дуудах уу” гэхээр нь би “Та дуудчих” гэж хэлсэн”. Гал тогооны өрөөний цонхон дээр цагдаа хүлээгээд зогсож байсан чинь аав С.Б надаас “Чи хэн рүү залгасан юм” гэж асуухаар нь би “цагдаа дуудсан байгаа таныг өгч явуулна” гэж хэлсэн чинь ардаас татаж намайг эргүүлж харуулаад миний хэвлий орчимд цохих шиг санагдахаар нь би аав С.Б-гийн гар руу харсан чинь гартаа хутга барьсан зогсож байсан....Өөрийнхөө хэвлийг харсан чинь би хэвлийн хэсэгтээ хутгалуулсан байсан....Миний бие аав С.Б-ээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Харин хуулийн дагуу зохих хариуцлагыг энэ хүнд хүлээлгэж өгнө үү....Манай аав С.Б бид 2 цуг амьдрах хугацаанд манай аав байнга архи ууж, намайг янз бүрийн үг хэллэгээр доромжилдог байсан. Мөн аавыг гаднаас согтуу ирэх болгонд би гэр дотор байдаг хутгануудыг нууж тавьдаг байсан. Учир нь согтуу үедээ хутга бариад  “Чи намайг хутгал, эхсүл би чамайг хутгална” гэх мэт янз бүрийн үйлдэл гаргадаг байсан. Гэхдээ аав С.Б-г тухайн үед намайн хутгална гэж бодоогүй байсан чинь намайг хутгалсан.” гэх мэдүүлэг /хх-21-28/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Ц-гийн өгсөн: “...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр би гэртээ байсан чинь миний ах С.Б-гийн хүүхэд Б.Н над руу залгаад “Эгчээ танай ах чинь надад агсам тавиад байна, цагдаа дуудах юм уу” гэж надаас асуухаар нь би өөрөө цагдаа дуудаж өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа Б.Н над руу дахиж залгаад “эгчээ аав намайг хутгалчихлаа” гэж надад хэлэхээр нь би ухаан жолоогүй гэрээсээ гараад...ирсэн чинь цагдаа нар ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-37/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Н-ийн өгсөн: “ ...Аав С.Б-гийн зан байдлын хувьд архи их уудаг, уухаараа байнга агсам тавьж, зодно цохино гэж сүрдүүлдэг. Согтуу байхдаа хутга барьж хүн рүү дайрах энүүхэнд. Өмнө нь манай аав юм чинь гэж бодоод цагдаад өгч байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-39-40/,

 

              Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн цогцост хийсэн 1896 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

              1. Б.Н-ийн биед аюулхай хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.

              3. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

              4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

   5. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” /хх-42-43/ гэх дүгнэлт,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2-3/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-11/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /хх-14-15/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-16/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-17-18/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-41/,

Шүүгдэгч С.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-81/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Бэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараагийн мэдүүлгээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу аливаа шахалт, албадлагагүй өгсөн нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, хэрэгт ач холбогдолтой хэвээр байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг тэмдэглэж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б-гийн зүгээс: “...Энэ удаагийн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхээр хангаагүй мөрдөн шалгах ажиллагааны шатанд хангаагүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан. Шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгүүд эргэлзээтэй, хохирогчийн өгсөн мэдүүлэг тогтворгүй. Мөрдөгч ашиг сонирхлын зөрчилтэй болж байгаа юм. С.Б-гийн эхнэрийг гэрчээр асуугаагүй. Хуульд зааснаар аргагүй хамгаалалт хийсэн байх магадлалтай байна.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Н-ийн өгсөн: ”...Гал тогооны өрөөний цонхон дээр цагдаа хүлээгээд зогсож байсан чинь аав С.Б надаас “Чи хэн рүү залгасан юм” гэж асуухаар нь би “цагдаа дуудсан байгаа таныг өгч явуулна” гэж хэлсэн чинь ардаас татаж намайг эргүүлж харуулаад миний хэвлий орчимд цохих шиг санагдахаар нь би аав С.Б-гийн гар руу харсан чинь гартаа хутга барьсан зогсож байсан....Өөрийнхөө хэвлийг харсан чинь би хэвлийн хэсэгтээ хутгалуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-21-28/, гэрч С.Ц-гийн өгсөн: “...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр би гэртээ байсан чинь миний ах С.Б-гийн хүүхэд Б.Н над руу залгаад “Эгчээ танай ах чинь надад агсам тавиад байна, цагдаа дуудах юм уу” гэж надаас асуухаар нь би өөрөө цагдаа дуудаж өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа Б.Н над руу дахиж залгаад “эгчээ аав намайг хутгалчихлаа” гэж надад хэлэхээр нь би ухаан жолоогүй гэрээсээ гараад...ирсэн чинь цагдаа нар ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-37/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн цогцост хийсэн 1896 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Н-ийн биед аюулхай хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.”/хх-42-43/ гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2-3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-11/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-17-18/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-41/ зэрэг болон бусад бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

        Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч С.Б-гийн согтуугаар 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Гаалийн 1 дүгээр байрны 46 тоотод байдаг гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүү Б.Н-ийн хэвлий тус газар хутгалж “Аюулхай хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэдэгт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл. Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь байж болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нэгэн адил хамаарна.”  мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “Гэр бүлийн хүчирхийлэл гэж 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санааны дарамт учруулах, үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.” гэж тус тус хуульчилсан.

Энэ эрүүгийн хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн Тайлбар хэсэгт энэ хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж гэр бүлийн гишүүд ...гэж тодорхойлсон бөгөөд энэ хэргийн хохирогч нь Б.Н нь шүүгдэгч С.Б-гийн төрсөн хүү бөгөөд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Гаалийн 1 дүгээр байрны 46 тоотод хамт амьдарч буй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

           Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч С.Б-гийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт хохирогч Б.Н нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч С.Бийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч С.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн санал гаргасан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Шүүхээс шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б-гийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээний гурваны хоёроос багагүй хэмжээгээр оногдуулах боломжтой.” гэж тайлбар дүгнэлт гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан нь шударга ёсны зарчимд нийцэх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. 

            Шүүхээс С.Б-д оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

          Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсонгүй хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах зүйтэй байна.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ш овогтой С-ын Бг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д тус тус зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 3, 4-д зааснаар С.Б-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

5. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсонгүй хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

         7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ЧИНГИС

                     

                                       ШҮҮГЧИД                           Т.ШИНЭБАЯР

 

                                                                                   Г.ХАТАНЦЭЦЭГ