Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/102

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Б.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г ургийн овогт Бийн От холбогдох эрүүгийн 2135000480054 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, онцгой байдал, гамшгаас хамгаалах албаны мэргэжилтэй, одоо Увс аймгийн Баруунтуруун сум дахь Гал унтраах, аврах 60 дугаар ангид салааны дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, Г ургийн овогт Бийн О. Регистрийн дугаар: ОТ 98053115.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О нь Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч О.Ттэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодох явцдаа нүүрэн тус газарт өшиглөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2135000480054 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч О.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллага дээр уралдаан тэмцээн зохион байгуулсан юм. Тэгээд Ды гэрт очиж хэсэг юм ярьж суухаар тохиролцсон. Тэмцээн уралдаан дууссаны дараа Ды гэрт очиход тэнд манай салааны Бадамгарав, Н, Д нар байсан ба хөзөр тоглоод сууж байгаад Оыг “ирэх болж байна уу” гэж би утсаар залгаж асуусан юм. Удалгүй О хүрээд ирсэн. Тэгээд хоол унд идэж суугаад Болор, Хар экс нэртэй 2 шил архийг хэдүүлээ хувааж уугаад дуусгаад тарах гэж байтал О “би нэг шил архи задална, машинаас архи аваад ир” гэж хэлэхэд Н “тэр архийг чинь олохгүй байна” гэж хэлээд ороод ирэхээр нь О өөрөө гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаж орж ирэхдээ Хар экс нэртэй 0.75 литрийн нэг шил архи авчихсан орж ирээд өөрөө задалсан юм. Тэгээд бид нар гадна гарч тамхи татахаар болоод гэрээс гарцгаасан. Тэгээд түрүүлээд гэр лүү Д, Бадамгарав хоёр орсон бөгөөд би тэр хоёрын араас гэр лүү орох гэж байтал О намайг дуудаад “чи барилддаг, зодолддог гэсэн, чи их том гэсэн, би байлдааны самбо бөхөөр хичээллэдэг, хоёулаа зодолдъё” гэж хэлэхээр нь “чи согтуу байж юу яриад байгаа юм бэ, маргааш болъё, би орлоо” гэж хэлээд гэр лүү орох гэтэл О шууд миний цээж рүү түлхээд миний зүүн талын хацар хэсэг рүү нэг удаа гараараа цохисон юм. Тэгээд би барьж авах гэтэл миний цээж хэсэг рүү тохой, өвдөгөөрөө цохиод байсан. Тэгээд ноцолдож байх үед Оын хамраас цус гарсан. Би Оын дээр гараад суучихсан байж байтал О гэрээс гарч ирээд “юу болоод байгаа юм бэ, та нар боль” гэж хэлэхээр нь би “уучлаарай” гэж хэлээд гэр лүү ороод “наадах чинь зодоон хийх гээд байна, таръя” гэж Бадамгарав, Д хоёрт хэлсэн бөгөөд тэр үед тэр хоёр гэрээс гарсан юм. Тэгээд би газарт хэвтэж байгаад унтчихсан байсан. Унтаж байтал нэг хүн миний өмсөж байсан хувцаснаас барьж аваад хэд хэдэн удаа сэгсэрч толгойгоор газар мөргүүлсэн. Харсан чинь О зогсож байсан. Тэгэхэд Н, Д хоёр Оыг аваад гараад яваад өгсөн. Тэгэхэд Оюун эгч “чи одоо босож зодоон хийх гээд байгаа юм уу, буцаж хэвт” гэж хэлээд хэвтүүлсэн. Тэр үед гаднаас Н, Д хоёр орж ирээд “О тантай эвлэрнэ гэнэ” гэж хэлэхээр нь дээшээ босох гэтэл О шууд миний зүүн талын хацар луу нэг удаа хүчтэй өшиглөсөн чинь би арагшаа савж унасан. Тэгээд хэсэг зуур манарч хэвтэж байгаад босоод ирэхэд Оыг аваад гараад явчихсан байсан. Тэгээд би гэрээс гарах гэхэд хаалгыг гаднаас Оюун эгч дарчихсан байхаар нь “гаръя” гэж хэлэхэд “О чамайг ална гээд гартаа мод барьчихсан зогсож байна” гэж хэлээд намайг гэрээс гаргаагүй. Тэгэхэд миний хамраас цус гарчихсан байхаар нь цусаа угааж цэвэрлээд зогсож байтал гэрийн гадна хүмүүс “наадах Оаа бариад авчих, уяагаар хүлчих” гэх яриа сонсогдсон юм. Тэгээд би “наадах нөхрийг чинь би бариад авъя” гэж хэлээд гэрээс гарсан. Тэгэхэд О гартаа мод барьчихсан зогсож байхаар нь модыг булааж аваад Оыг барьж аваад хойшоо унагаж байгаад цээжин дээр нь дараад сууж байтал манай байгууллагад ажилладаг Гантулга ирээд “би аваад явъя” гээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дугаар хуудас/,

-хохирогч О.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Б.О миний тээврийн хэрэгслийн зүүн хойд талын гэрлийг хагалсан бөгөөд гэрэл нь 100,000 төгрөгийн үнэ ханштай байдаг юм байна лээ. Бас миний зүүн талын хацарны 3 яс цуурч хугарсан байдалтай байгаа. Одоо хүртэл зовиуртай, юм идэхэд хүндрэлтэй байгаа. Хэдэн төгрөгөөр эмчилгээ хийлгэх эсэхээ мэдэхгүй байна. Улаангом руу явж гэмтлийн эмчид үзүүлсэн. Бас шаардлагатай эм тариа авч хэрэглэсэн учраас дээрх зардлаа гаргуулж авна. Надад хохирлын баримт байхгүй. Отай эвлэрсэн байгаа. Бид хоёр хоорондоо ярилцаж учраа олсон. Ямар нэгэн гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

2. Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллага уралдаан тэмцээн зохион байгуулсан юм. Тэр өдрийн орой манай салааны залуучууд Ды гэрт уулзахаар болсон юм. Тэгээд би гэрээс гараад дэлгүүр ороод Экс нэртэй 0.75 литрийн нэг шил архи аваад Ды гэрт очиход Д эхнэр хүүхдийн хамт байсан бөгөөд удалгүй П.Н, О.Т нар ирээд бид нар хөзөр тоглоод сууж байтал хэсэг хугацааны дараа О ирсэн юм. Тэгээд хоол унд идэж уугаад бид нар нэг шил архи хувааж ууж дуусгаад би авч очсон архиа задалж тойруулсан. ...Т орж ирээд газарт хэвтсэн юм. Тэгээд би гэрээс гарсан чинь Оын хамраас цус гоожчихсон гартаа мод авчихсан над руу ирээд ална гэж хэлээд дайрсан юм. Тэгээд би энэ эвгүй болж байгаа юм байна гэж бодоод гэр лүү ороод намайг хүргээд өг гэж хэлээд Дг дагуулаад гарсан юм. Түүнээс хойш юу болсон эсэхийг би мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

3. Гэрч П.Нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллагын алба хаагч нарын дунд уралдаан тэмцээн зохион байгуулсан юм. ...Ды гэрт яваад очиход тэнд Т, Д, Бадамгарав нар цай унд уугаад сууж байсан юм. Тэгээд хөзөр тоглоод сууж байтал гаднаас О орж ирсэн. Тэгээд бид хоол унд идэж уугаад би 1 шил архи тэр хүмүүстэй хувааж уугаад миний бие эвгүй болсон учраас би унтсан. Тэгээд унтаж байтал хүн татах шиг болохоор нь сэрээд харсан чинь Оын хамраас цус гарчихсан уруул хэсэг нь хавдсан байдалтай зогсож байхаар нь “юу болсон юм бэ” гэж асуусан чинь “Т намайг зодчихоод унтчихлаа” гэж хэлэхээр нь “чи нэлээн согтуу байна, цусаа угаачих, би чамайг гэрт чинь хүргээд өгье, маргааш эрүүл дээрээ учраа олчих” гэж хэлсэн чинь О “би хүнээр зодуулчхаад зүгээр явж чадахгүй, Тг өөртэйгөө адилхан болгочхоод явна” гэж хэлээд уурлаад байсан. Тэгээд явахгүй болохоор нь “чи одоо яах гээд байгаа юм бэ” гэж асуусан чинь “Тг сэрээчих” гэж хэлэхээр нь очоод татсан чинь сэрээгүй. Тэгэхээр нь би “наадах чинь сэрэхгүй юм байна, маргааш учраа олъё” гэж хэлсэн чинь намайг хойшоо түлхэж холдуулаад Тг очоод татаад хувцаснаас нь 2 удаа татаад сэгсэрсэн чинь хувцас нь урагдчихсан. Тэгэхэд Т босож ирээд Отай барьцалдаж авсан. Тэгэхээр нь би “та хоёр боль” гэж хэлээд тэр хоёрыг гадна гаргаад зогсож байтал О “чамайг ална” гэж хэлээд мод аваад Т рүү дайрсан юм. Тэгэхээр нь би модыг нь булааж аваад зогсож байтал Д ирээд “юу болоод байгаа юм бэ” гэж асуугаад Тг аваад гэр лүүгээ орсон. Тэгэхэд О “би гэр лүү орно” гэж хэлээд дайраад байхаар нь гэр лүү оруулсан. Тэгэхэд Т гэрийн баганын дээд талд сууж байтал О очоод “чи яадаг гэнээ” гэж хэлээд Тгийн зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь “чи ямар учиртай юм бэ” гэж хэлээд Д бид хоёр Оыг дагуулаад гарсан. Тэгэхэд О бид хоёрыг зодох гээд дайраад байсан учраас бид хоёр өөрсдийгөө хамгаалаад зугтаад байсан юм. Тэгээд байж байтал манай ажлын Гантулга ах ирээд Оыг боль гэж хэлээд хашаанаас аваад гарсан. ...Т бид хоёр явах гээд гэрээс гарч байтал Оюун эгч “Т чи очиж машинаа хараарай” гэж хэлэхээр яваад очсон чинь машиных нь арын гэрэл хагарчихсан байсан юм” гэх мэдүүлэг / хх-ийн 51-52 дугаар хуудас/,

4. Гэрч П.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...манай гэр Баруунтуруун сумын 1-р багт Д гэх айлын хашаанд байдаг юм. 2021 оны 3 дугаар сарын 01-ний шөнө 01-02 цагийн орчим хашаан дотор хүмүүс орилоод эмэгтэй хүний дуу гараад байхаар нь би гэрээс гараад Ды гэрт орсон чинь гэрийн зүүн талд “Онцгой байдал”-ын газарт ажилладаг Т, Н гэх 2 залуу газарт унтаж байсан. Харин О гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай зогсож байсан бөгөөд унтаж байсан хоёр залууг “бос явъя” гэж хэлээд байхаар нь “эгчийн дүү одоо гэр лүүгээ яваад амарчих” гэж хэлээд Оыг Ды гэрээс арай гэж гаргаад хаалга дараад зогсож байсан чинь О хашаан дотор орилж байгаад хашаанаас гараад явсан. Удалгүй ямар нэгэн зүйл хагарсан юм. Тэгээд эргэж ирээд “би гэр лүү ороод Ттэй уулзчихаад явлаа” гэж хэлээд байхаар нь би гэр лүү оруулсан чинь Т дээр очоод цамцнаас нь татаад, өмсөж байсан майкийг нь урчихсан. Тэгэхэд Т босоод ирсэн чинь тэр О гэх залуу Тгийн нүүр лүү шууд нэг удаа өшиглөөд арагшаа унагасан юм. Тэгээд тэд нар гэрээс гараад Т, О нар хоорондоо маргалдаад барьцалдаж аваад байсан бөгөөд тэр хоёрыг салгах гэж Д, Н нар оролдсон боловч салгаж дийлэхгүй байсан юм. Тэгэхэд Онгой байдалд ажилладаг Гантулга гэх залуу ирээд Оыг авч явах гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,

5. Гэрч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр Ды салааны залуучууд манай гэрт ирж хөзөр тоглож хоол унд идэнгээ 2 шил архи хувааж ууцгаасан юм. ...Тэгээд би түлээ авах гээд гэрээс гарсан чинь хашаан дотор О, Т хоёр нэг нэгийнхээ дээр гарчихсан хоорондоо зодолдож байхаар нь би салгаад тэр хоёрыг гэр лүүгээ оруулсан бөгөөд Оын хамарнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд Оыг би “цусаа угаачих” гэхэд “үгүй” гэж хэлээд дургүйцээд байсан. Тэгээд би Оыг “чи гэр лүүгээ яваад амарчих” гэсэн чинь би заавал Тг авч явна, явахгүй бол алаад явна гэж хэлээд зогсоод байсан юм. Тэгээд “хүүхдүүд айгаад байна, чи цусаа угаачих” гэтэл “чадахгүй” гэж хэлээд миний үгэнд орохгүй байсан. ...Тэгээд Т ах босож ирээд Отай зодолдох гээд байхаар нь би хөрш айлын Оюун эгч бид хоёр унтаж байсан Нийг татаж босгосон бөгөөд Н босож ирээд “юу болоод байгаа юм бэ” гэж асуухаар нь “чи Тг босгочих, би авч явна” гээд байсан юм. Тэгээд О Т ахын цамцыг урчихсан чинь Т ах босоод ирсэн чинь “хоёулаа гадаа гарч зодолдъё” гэж хэлээд тэр хоёр гэрээс гарахаар нь Н, Оюун эгч бид нар салгаад Т ахыг гэр лүү оруулсан. Тэгээд би нөхөр лүүгээ залгаад энэ хүмүүс зодолдоод байна, чи хурдан хүрээд ир гэж хэлээд дуудсан юм. Тэгээд Оыг оруулахгүй гээд хаалгаа цоожлоод сууж байтал “гараад ир, та нарыг ална” гэж хэлээд орилоод байсан. Тэгээд Д ирээд Оыг “явж амар” гэж хэлээд гаргасан. Тэгэхэд О “би Ттэй учраа олчхоод явна” гэж хэлээд гэр лүү орж ирээд гэрийн зүүн талд сууж байсан Т ахын нүүр лүү нэг удаа хүчтэй өшиглөөд унагасан. Тэр үед Н, Д хоёр Оыг дагуулаад гаргасан чинь “та хоёр яахаараа Тг өмөөрч хамгаалдаг юм бэ” гэж хэлээд маргалдаад байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

 

6. Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Баруунтуруун сумын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангид жолооч ажилтай. 2021 оны 3 дугаар сарын 01-ний шөнө 03 цагийн үед манай ажлын Д гэх залуугийн эхнэр болох О над руу залгаад “танай ажлын хэдэн залуучууд манай гэрт ирчихсэн хоорондоо маргалдаж зодолдоод байна” гэж хэлэхээр нь би тэдний гэрт яваад очиход Т, Оын цээжин дээр нь дараад суучихсан байсан бөгөөд “юу болоод байгаа юм бэ” гэж асуухад Т хэлэхдээ “энэ пизда намайг унтаж байх үед миний хацар луу өшиглөсөн” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “Оыг босгочих, би аваад явъя” гэж хэлээд Оыг босгосон юм. Тэгэхэд О “эд нар нийлж намайг зодож цохисон” гэж хэлэхээр нь “дараа учраа ол” гэж хэлээд Оыг аваад явах гэтэл О мод аваад Тг цохих гэхээр нь модыг нь булааж аваад салгаад машинд суулгаад аваад явах гэтэл явахгүй, хүний үгэнд орохгүй байсан юм. Тэгэхээр нь би арай гэж машинд суулгасан чинь Оын машины түлхүүр байхгүй байсан. Тэгээд түлхүүрийг нь хайж байгаад эргээд ирсэн чинь Нийг бариад авчихсан багалзуурдаж байхаар нь салгаад Нийг гэр лүү нь оруулчхаад Оыг аваад явсан. Д, Оыг зодож цохисон зүйл байхгүй, намайг яваад очиход О Дг бариад авчихсан байхаар нь салгасан юм. Өөр зодоон цохионы асуудал болоогүй. Намайг очиход Оын уруул цус болчихсон байсныг анзаарч харсан, өөр зүйл хараагүй. Харин Тгийн зүүн талын шанаа хэсэг хавдчихсан байсан. ...Би Оыг аваад явах гэж байтал О “би ийшээ ороод нэг зүйл аваад явъя” гэж хэлэхээр нь дагаад очсон чинь Тгийн машин зогсож байсан бөгөөд машины зүүн талын арын бөгсний гэрэл зарим хэсэг нь хагарчихсан байсан бөгөөд очоод тэр авто машины гэрлийг нэмж өшиглөж хагалчхаад О яваад өгсөн. Түүний урьд О намайг ирэхээс өмнө тэр гэрлийг хагалчихсан байсан юм байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,

 

7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “...1. Үзүүлэгч О.Тгийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Зүүн хацарт ясанд 3 ширхэг цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 130 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

8. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “...1. Үзүүлэгч Б.Оын биед гэмтэл тогтоогдлоо. 2. Зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамрын, дээд, доод уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, зүүн ташаанд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамрын, дээд, доод уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, зүүн ташаанд зулгаралт, зүүн өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно” гэх 131 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,

 

9. Эд зүйлд /автомашинд/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 70-72-р хуудас/

 

10. “Гэрэгэ Эстимэйт” ХХКомпанийн автомашин техникийн үнэлгээний №14057 дугаартай тайлан /хх-ийн 75-р хуудас/ зэрэг бичгийн баримтууд болно.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.О нь Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 3 дугаар сарын 01-ний шөнө 01-02 цагийн үед хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан хохирогч О.Ттэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодох явцдаа нүүрэн тус газарт нь өшиглөж зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан байна.

Шүүгдэгч нь энэхүү үйлдлийг хийх зайлшгүй шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд хохирогчийн нүүр лүү өшиглөн хүндэвтэр гэмтэл учруулсан нь санаатай үйлдэл мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарчээ. 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т  “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Оын 2021 оны 3 дугаар сарын 01-ний 01-02 цагийн үед үйлдсэн гэмт хэрэг нь энэ хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно”, 12 дугаар зүйлийн 12.8-д “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг..., яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.О нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь нотлогдож байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.От холбогдох эрүүгийн 2135000480054 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн 2021/ШЗ/136 дугаартай захирамжаар шүүхэд шилжүүлсэн, мөн шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т заасан гэмт хэргүүдэд хамаарахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105-р хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирлын талаар: Хохирогч О.Т нь мөрдөн байцаалтын шатанд “Надад шүүгдэгч Б.Оаас нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй, машины зүүн хойд талын гэрлийг хагалсан. Тэр нь 100,000 төгрөг болсон. Надад хохирлын баримт байхгүй. Би Б.Отай эвлэрсэн” гэж мэдүүлсэн, шүүгдэгч Б.О шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “би хохирогч О.Тгийн машиных нь гэрлийг аваад өгсөн байгаа, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заажээ.

Хохирогч О.Т нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г ургийн овогт Бийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.От холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2135000480054 дугаартай эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар хохирогч О.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.МӨНХСАЙХАН