Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/722

 

 

 

 

 

 

 

 

 2021          06          24                                    2021/ШЦТ/722

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Б.Батцэцэг,

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.А-д холбогдох эрүүгийн 2106 00374 1121 дугаартай хэргийг шүүх 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Kitchen all” тавилгын үйлдвэрт угсрагч ажилтай, ам бүл 3, эхнэр, эгчийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Сармисны хонхорын 2 дугаар гудамжны 18 тоотод байнга оршин албан ёсны бүртгэлтэй /одоо Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны Орбитын 72 дугаар гудамжны 49 тоотод оршин сууж буй/, ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ХХ0000000, Ц.А .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ц.А нь “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны урд талд байх “Нумт март” дэлгүүрийн гадна 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 20.00 цагийн орчимд 87-95 УБК улсын дугаартай тоёота приус-30 загварын автомашинд Г.М нас барсан” гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 09 цаг 36 минутанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...тэгээд бид нар 32-ын тойргийн тэнд байх “Арина” нэртэй цахим тоглоомын газарт очиж шөнийн 03-04 цаг хүртэл тоглоод гэр гэртээ харьцгаасан, ...би болон манай найзууд тэр зочид буудалд хоноогүй, ...тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Тэр эмэгтэйг таних ч үгүй. Бид нар буудлын гадаа хүргэж өгөөд л явсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр гэрч С.Мөнх-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-146-148/, гэрч Т.Мөнхбатын өгсөн мэдүүлэг /хх-153/, гэрч Г.Ууганбаярын өгсөн мэдүүлэг /хх-155-156/, гэрч Ш.Саруулын өгсөн мэдүүлэг /хх-150-151/, шүүгдэгч Ц.А-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-101-102/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.А нь “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны урд талд байх “Нумт март” дэлгүүрийн гадна 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 20.00 цагийн орчимд 87-95 УБК улсын дугаартай тоёота приус-30 загварын автомашинд Г.М нас барсан” гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 09 цаг 36 минутанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...тэгээд бид нар 32-ын тойргийн тэнд байх “Арина” нэртэй цахим тоглоомын газарт очиж шөнийн 03-04 цаг хүртэл тоглоод гэр гэртээ харьцгаасан, ...би болон манай найзууд тэр зочид буудалд хоноогүй, ...тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Тэр эмэгтэйг таних ч үгүй. Бид нар буудлын гадаа хүргэж өгөөд л явсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 19-ний шөнийн 3-4 цагийн орчимд дууссан. Тэгээд гарч ирээд гэр гэртээ харьцгаах гээд ...Т.Мөнхбат, Ц.А-ийг хүргэж өгнө гэж үлдсэн. Би түрүүлээд явах гэсэн чинь нөгөө буудалд хүргэж өгсөн хоёр чинь явчихсан байгаа “тэнд очоод хоноё” гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд бид хоёр Т.Мөнхбатаар тус зочид буудалд хүргүүлсэн. Буудалд бараг 4 цаг өнгөрч байхад очоод 2 давхарт гараад чигээрээ яваад баруун талд байх өрөөг нь тогшсон чинь нөгөө буудалд оруулж өгсөн эмэгтэй хаалга онгойлгосон...Ц.А буудлын ресепшинээс 2 ширхэг пиво авчирсан. Нөгөө эмэгтэй 1-ийг нь, Ц.А бид 2 нөгөө пивийг нь хувааж уусан...Тэр хоёр бэлгийн харьцаанд орсон бололтой нөгөө хүүхэн нь шалдан хэвтэж байсан...Ц.А  бид хоёр 11 цаг 30 минутын орчимд л гарсан байх...” гэх мэдүүлэг /хх-146-148/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Мөнхбатын өгсөн: “...Ц.А, С.Мөнх-Эрдэнэ хоёрын нэг нь Нарангийн гол, нөгөөх нь Орбитод ахындаа байсан юм. Би тэр хоёрыг хүргэж өгөхөөс залхуураад “такси бариад харьчих” гэсэн чинь Ц.А болохоор “манай он жав буудалд байгаа тэнд очиж хоночихоё” гэхээр нь 04 цагийн орчимд тэр хоёрыг “Зайсан скүэр”-ийн хажууд байх ногоон өнгөтэй зочид буудлын гадаа буулгаж өгөөд л гэртээ харьсан...Замдаа цэргийн онжав руугаа утсаар ярьсан бөгөөд гэртээ ирчихсэн байна гэж хэлсэн...Сүүлд Ц.А хачин царайлчихсан явж байхаар нь “яасан” гээд асуусан чинь нөгөө манай цэргийн онжавтай уулзсан эмэгтэй нь нас барчихаж би тэр орой уулзсан юм гэж хэлж байсан...”гэх мэдүүлэг /хх-153/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ууганбаярын өгсөн: “...10-15 минутын дараа өндөр эрэгтэй нь гарч ирээд “би эргээд ирнэ шүү ахаа, таны дугаар хэд вэ, ирэхээсээ өмнө залгана” гэж хэлээд миний дугаарыг аваад гараад явсан. ...Нөгөө охин нь өрөөнд ганцаараа үлдчихсэн байж байгаад үүрээр 4-5 цагийн үед ямар ч байсан гэгээ орчихсон байхад гарч ирээд надаас ундаа, ус, 2 лааз хайнекин пиво авсан...” 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өглөө 06 цагийн үед байхаа нөгөө буудалд оруулж өгсөн өндөр залуу нь буцаж орж ирсэн. Орж ирэхдээ өөр нэг залуу дагуулаад орж ирсэн...Тэгээд 206 тоот рүү тэр хоёр залуу хаалга тогшоод орсон. ...Сүүлд бүх эрчүүд нь явсаны дараа нөгөө охин гарч ирэхдээ юу ч болоогүй юм шиг хэвийн байсан болохоор би гайгүй юм байна гээд тайвширчихсан...” гэх мэдүүлэг /хх-155-156/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Саруулын өгсөн: “...Дараа нь нэг тааралдахдаа, хэзээ гэдгээ санахгүй байна Ц.А, С.Мөнх-Эрдэнэ хоёр хоёулаа л надад ярьж байсан. Цахим тоглоомын газраас гараад Т.Мөнхбат машинаараа Ц.А, Мөнх-Эрдэнэ хоёрыг нөгөө зочид буудалд хүргэж өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-150-151/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.А-ийн яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна....Би 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр анх удаа Цагдаад мэдүүлэг өгсөн ба тухайн үедээ сандараад болсон зүйлийг үнэн хэлэлгүй худал мэдүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-211-212/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.А-ийн “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны урд талд байх “Нумт март” дэлгүүрийн гадна 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 20.00 цагийн орчимд 87-95 УБК улсын дугаартай тоёота приус-30 загварын автомашинд Г.М нас барсан” гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 09 цаг 36 минутанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...тэгээд бид нар 32-ын тойргийн тэнд байх “Арина” нэртэй цахим тоглоомын газарт очиж шөнийн 03-04 цаг хүртэл тоглоод гэр гэртээ харьцгаасан, ...би болон манай найзууд тэр зочид буудалд хоноогүй, ...тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Тэр эмэгтэйг таних ч үгүй. Бид нар буудлын гадаа хүргэж өгөөд л явсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Ц.А-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Ц.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хяхан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.А ийг “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Ц.А-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хяхан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС