Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 174

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оны 06 дугаар сард Ховд аймгийн 8 дугаар ангиа төгсөөд Хөдөө аж ахуйн илгээлтээр ******* сумын Давшилт нэгдэлд  1983-1989 оныг дуустал 7 жил бог мал малласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1983-1989 оныг дуустал ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас хохироход хүрээд байна.

Иймд миний 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Цагаанбулан багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь 1983 оны 06 дугаар сараас 1989 он дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

            -Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02/27 дугаар албан бичиг,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 148 дугаар албан бичиг,

-******* сумын Давшилт нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн аваргын диплом,

-Гэрч Г.*******ын “Би Ховд аймгийн ******* сумын Цагаанбулан багийн иргэн Б.*******тэй хамт 1983-1989 оныг дуустал Давшилт нэгдэлд мал маллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Гэрч Б.*******гийн “Миний бие Б.*******тэй хамт 1983-1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд мал маллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Гэрч Б.*******гийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

Хүсэлт гаргагч Б.******* нь 1983 оны 06 дугаар сараас 1989 он дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа нотлохоор Б.*******гийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг ирүүлсэн байх ба Б.******* нь Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.*******ийг 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Цагаанбулан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Цагаанбулан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА