Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 174

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Цагаангол багт оршин суух, ПЗ67022407 регистрийн дугаартай, Таргад овогт Балзангийн Одонцэцэгийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Одонцэцэг, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Одонцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оны 06 дугаар сард Ховд аймгийн 8 дугаар ангиа төгсөөд Хөдөө аж ахуйн илгээлтээр Мянгад сумын Давшилт нэгдэлд  1983-1989 оныг дуустал 7 жил бог мал малласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1983-1989 оныг дуустал ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас хохироход хүрээд байна.

Иймд миний 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Одонцэцэг нь 1983 оны 06 дугаар сараас 1989 он дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

            -Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02/27 дугаар албан бичиг,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 148 дугаар албан бичиг,

-Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн аваргын диплом,

-Гэрч Г.Баттогтохын “Би Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн иргэн Б.Одонцэцэгтэй хамт 1983-1989 оныг дуустал Давшилт нэгдэлд мал маллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Гэрч Б.Пүрэвсүрэнгийн “Миний бие Б.Одонцэцэгтэй хамт 1983-1989 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд мал маллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Гэрч Б.Пүрэвсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

Хүсэлт гаргагч Б.Одонцэцэг нь 1983 оны 06 дугаар сараас 1989 он дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа нотлохоор Б.Пүрэвсүрэнгийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг ирүүлсэн байх ба Б.Пүрэвсүрэн нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.Одонцэцэгийг 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Таргад овогт Балзангийн Одонцэцэгийг 1983 оны 06 дугаар сараас 1989 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА