Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1252

 

 

Б.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00954 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Отгонжаргалд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 94 875 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн,

Хариуцагч Д.Отгонжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Отгонжаргалаас зээлийн гэрээний үүрэгт 94 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн гэрээгээр Б.Соёл-Эрдэнэ Д.Отгонжаргалд 55 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирч зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлээ төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. Зээлийн гэрээний үндсэн төлбөр 55 000 000 төгрөг, зээлийн хүү 8 250 000 төгрөг, алданги 33 685 000 төгрөг, нийт 94 875 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Соёл-Эрдэнэтэй манай зайсангийн газрыг үзэж сонирхоод хөрөнгө оруулахаар тохиролцсон. 2014 онд 2 приус автомашиныг хөрөнгө оруулалт хэлбэрээр өгч, түүнээс хойш 2-3 удаа надад дансаар мөнгө өгсөн. Бид хамтарч ажиллахаар тохиролцсон боловч газрын эзэн байшинг буулгаж маргаан үүсгэсэн тул энэ талаар Б.Соёл-Эрдэнэд хэлсэн. Гэтэл Б.Соёл-Эрдэнэ газраасаа бага зэргийг тасалж өг эсвэл өгсөн автомашинаа авъя гэж шаардах болсон бөгөөд Б.Соёл-Эрдэнэ зээлийн гэрээ байгуулъя гэж хэлээд шахаж дарамтлах болсон. Бэлэн мөнгө огт аваагүй атлаа авсан мэтээр зээлийн гэрээг байгуулсан. Бид анхнаасаа газар дээр барилга барих хамтран ажиллахаар холбогдсон ба зээлийн гэрээний харилцаа огт үүсээгүй. Зээлийн гэрээг байгуулах хүсэл зориг байгаагүй. Бид хамтран ажиллаж хөрөнгө оруулж барилга барих зорилготой байсан. Гэтэл приус автомашин өгснөөр намайг шахаж гэрээ байгуулсан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Отгонжаргал, Б.Соёл-Эрдэнэ нар орон сууцны барилга бариулахаар харилцан тохиролцож хамтран ажиллахаар болсон. Б.Соёл-Эрдэнэ нь Д.Отгонжаргалыг бизнесийн бусад түншүүдтэй танилцуулах, мөн бизнесийн баталгаа болгож Б.Соёл-Эрдэнэ өөрийн Япон улсаас оруулж ирдэг приус маркийн автомашиныг хөрөнгө оруулалтад өгөх, бэлэн шаардлагатай байсан 20 000 000 төгрөгийг Д.Отгонжаргалд өгөхөөр тохиролцсон. Гэтэл газрын эзэмших эрхтэй этгээд газар дээрх барилгыг нураалгаж буулгахаар нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээр хянагдаж 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улсын дээд шүүхийн тогтоол гарч хэрэг маргаан шийдвэрлэгдсэн. Энэ хооронд газар дээрх барилгад хөрөнгө оруулалт хийх боломжгүй, барилгын салбар маргаантай байгаа тул талууд хөрөнгө оруулалтаа зогсоосон байдаг. Ингээд Б.Соёл-Эрдэнэ өөрийн оруулсан хөрөнгө болоод автомашины үнийг оруулан тооцож зээлийн гэрээ байгуулахаар шаардаж, зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. 55 000 000 төгрөгийг авсан мэтээр гэрээ байгуулсан ба 55 000 000 төгрөгийг Д.Отгонжаргал хүлээж аваагүй. Д.Отгонжаргал зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргах эрхтэй. Б.Соёл-Эрдэнэ танихгүй хүнд мөнгө зээлүүлж, ямар ч барьцаа авахгүй 55 000 000 төгрөгийг зээлүүлэх боломжгүй. Газрын маргаантай холбоотой Улсын дээд шүүхийн тогтоол гарч эцэслэн шийдвэрлэсэн гэдгийг нэхэмжлэгч Б.Соёл-Эрдэнэд хэлсэн мэдэгдсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээгээр мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Хариуцагчийн тайлбараар 41 000 000 төгрөгийг хүлээж авсан гэдгээ зөвшөөрч байна. 55 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан учир нь өмнө нь бэлэн өгсөн мөнгөнүүдээ баримт үйлдэж өгөөгүй байсан тул нийлбэр дүнгээр гэрээ байгуулсан. Б.Соёл-Эрдэнэ Д.Отгонжаргалтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй. Тухайн үед согтуу байсан эрх зүйн чадамжгүй болсон байсан гэж үзэж байгаа бол нотариатч гэрээг батлахгүй байх байсан, үнэхээр согтуу байх үед нотариатч гэрээг баталсан гэж байгаа бол нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргах эрхтэй. 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөгийг шилжүүлснээр нийт үнийн дүн 55 000 000 төгрөг болсон. Нийт шилжүүлсэн үнийн дүнгээс хүү тооцоогүй тул сүүлд шилжүүлсэн 10 000 000 төгрөгөөс хүү тооцоход маргах зүйлгүй. Приус маркийн автомашиныг шилжүүлж өгсөн баримт хэрэгт авагдсан. Бусад шилжүүлсэн мөнгийг ямар ч баримтгүй шилжүүлсэн, учир нь цэвэр итгэлцлийн үндсэн дээр мөнгийг шилжүүлсэн. Сөрөг нэхэмжлэлд Б.Соёл-Эрдэнэд хамтран ажиллах санал хэвээрээ үйл ажиллагаа явуулах боломжгүй, 20 000 000 төгрөгийг авсан гэдэг нь хоёр приус автомашинаас гадна 20 000 000 төгрөгийг авсан гэдгийг нотолж байгаа. Хариуцагчийн тайлбар өөрчлөгдөж, зөвхөн дансаар орж ирсэн мөнгийг авсан гэж маргаж байна. Хариуцагч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, өмнө нь шүүх хуралдаан завсарлаж байхад эвлэрлийн асуудал яригдаж байсан. Тухайн үед мөн 20 000 000 төгрөг авсан гэдгээ зөвшөөрч байсан. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, нотариат баталсан. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Отгонжаргалаас 47 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Соёл-Эрдэнэд олгож, 47 875 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Соёл-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632 325 төгрөг, болон хариуцагч Д.Отгонжаргалын сөрөг нэхэмжлэлд төлсөн 432 950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.Отгонжаргалаас 392 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Соёл-Эрдэнэд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн. Шүүх хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үндэслэн зээлийн гэрээний дагуу 55 000 000 төгрөг шилжээгүй үйл баримт дээр маргаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн гүйлгээний баримт болон хариуцагчийн приүс маркийн 2 авто автомашин, бэлэн мөнгө хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Түүнчлэн, өмнө зээлэхээр амаар тохиролцож шилжүүлсэн мөнгөө болон гэрээ байгуулснаар шилжүүлэх мөнгөний талаар талууд сайн дурын үндсэн дээр харилцан зөвшөөрч, гэрээний агуулгыг өөрсдөө чөлөөтэй тодорхойлж тус зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцсэн, хуулийн хүрээнд хийсэн хүчин төгөлдөр хэлцэл болно.

Мөн анхан шатны шүүх ирээдүйд шилжүүлэх мөнгө буюу эд хөрөнгөд зээлийн харилцаа үүсгэж, хүү, анз тооцож байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэхдээ ямар хуулийг зөрчсөн учир үндэслэлгүй хэмээн дүгнэснээ тайлбарлаагүй ба энэ нь гэрээний талуудын чөлөөт байдлын үндсэн дээр байгуулсан хүчин төгөлдөр гэрээг байгуулагдаагүй гэж дүгнэсэн байна. Тиймээс хариуцагч зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээх ёстой. Шүүх хариуцагчийн хамтран ажиллах зорилгоор Б.Соёл-Эрдэнээс мөнгө, хөрөнгө шилжүүлсэн гэх тайлбараа нотлоогүй байхад бидний хооронд “хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан хэмээн дүгнэсэн. Ийнхүү дүгнэх болсон үндэслэл нь хамтран ажиллах гэрээтэй ажиллаж, мөнгө хөрөнгө шилжүүлсэн” гэх хариуцагчийн худал тайлбарыг үгүйсгэж, баримтаар няцаагаагүй гэжээ. Хариуцагч Д.Отгонжаргал нь зээлийн гэрээний үүрэг үүсэхгүй, хамтран ажиллах гэрээ байсан гэх тайлбар, татгалзал гаргаж буй тохиолдолд түүнийгээ өөрөө нотлох үүрэг хуулиар хүлээсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас баримтаар нотлоогүй, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэх худал тайлбарыг бид няцаах үүрэг хүлээхгүй юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "зохигчид Хан-Уул дүүрэг, Зайсангийн ам, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1250 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулах зорилгоор мөнгө болон эд хөрөнгийг шилжүүлсэн” гэж дүгнэсэн бөгөөд миний бие хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй талаар тайлбар гаргаж байсан болохоос хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаагүйг дурдах зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Соёл-Эрдэнэ нь хариуцагч Д.Отгонжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 94 875 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Хэргийн 5 дугаар талд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн бичгийн зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч хариуцагчид 55 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тутам 0.5 хувиар алданги тооцохоор талууд тохиролцжээ.

 

Хариуцагч нь татгалзлаа “нэхэмжлэгч надтай хамтран ажиллах болж миний газар дээр хөрөнгө оруулалт хийж 2 ширхэг Приус маркийн автомашиныг 27 000 000 төгрөгт тооцож өгсөн, дансаар 13 200 000 төгрөг авсан нийт 41 000 000 төгрөг болсон, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээг нөхөж байгуулсан, зээлийн гэрээний дагуу тухайн үед 55 000 000 төгрөг хүлээн аваагүй” гэж тайлбарлажээ.

 

Зохигч 2 ширхэг Приус маркийн автомашиныг 27 000 000 төгрөгөөр тооцсон талаар маргахгүй байна.

 

Талууд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бичгийн хэлбэрээр зээлийн гэрээг байгуулсан бөгөөд хариуцагч зээлийн гэрээний дагуу 55 000 000 төгрөг аваагүй гэж маргадаг боловч уг зээлийн гэрээ байгуулахаас өмнө 2 ширхэг Приус автомашиныг 27 000 000 төгрөгт тооцож, эхлээд 2 тасалж дансаар 3 200 000 төгрөг, дараа нь 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөг өөр бусад зүйлд зарцуулсан мөнгөө тооцвол нийт 41 000 000 төгрөг авсан гэх тайлбарыг гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл автомашины үнийг нэхэмжлэгчээс хариуцагч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн дансанд нэхэмжлэгчээс 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр сүүлийн зээлүүлсэн 10 000 000 төгрөг шилжин орсон өдрөөр зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзнэ.

 

Зээлийн гэрээ байгуулсан өдөр мөнгөн хөрөнгийг шилжүүлэн аваагүй нь зээлийн гэрээг байгуулагдаагүй гэж үзэх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч хариуцагчид автомашин болон мөнгийг цувуулан шилжүүлсэн талаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх тайлбар гаргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй болно.

 

Түүнчлэн, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн шүүхийн шийдвэрүүд нь хэрэгт хамааралгүй, энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах зохигчдын хооронд тогтоогдсон үйл баримт гэж үзэх боломжгүй.

 

Иймээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн мөнгөн төлбөрийн хэмжээг 41 000 000 төгрөгөөр тогтоож зохигчдын тохиролцсон сар бүрийн 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаагаар үүргийг тодорхойлбол зээлийн гэрээний хүүд 6 150 000 төгрөг, нийт 47 650 000 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.

 

Дээрх зээлийн гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй, үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд байгуулсан бичгийн гэрээнд зохигч анзын талаар тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алдангийг тодорхойлох үндэслэлтэй байна.

 

Зохигчид зээлийн гэрээг хожмоо бичгээр нөхөн байгуулсан нь гэрээний үүргээс чөлөөлөх, авсан зээлийг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон талуудын тайлбар, нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс гэрээний харилцааг буруу тодорхойлж хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулах боломжтой.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид үндсэн зээл 41 000 000 төгрөг, зээлийн хүү 6 150 000 төгрөг, алданги 23 575 000 төгрөг, нийт 70 725 000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд талууд зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулахаас өмнө нэхэмжлэгч хариуцагчид 2 ширхэг автомашин болон мөнгөн хөрөнгө шилжүүлсэн бөгөөд хожмоо зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр нөхөн байгуулсан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Анхан шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн дүгнэлт зөв байна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг буруу бичсэнийг зөвтгөв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00954 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Отгонжаргалаас 70 725 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Соёл-Эрдэнэд олгон, нэхэмжлэлээс үлдэх 24 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн”, “392 950 төгрөг” гэснийг “511 575 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэнгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397 325 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                   

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

 

                                                                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ