Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2019/00051

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/01254 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1778 дугаар магадлалтай,

Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, өмгөөлөгч Л.Баасан, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр 2012 онд ажилд ороод өнөөдрийг хүртэл ажиллахдаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй. 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Авилгатай тэмцэх газраас дуудаж тантай хамаарал бүхий хамаатны 2 хүн чинь ажилладаг бөгөөд мөнгөн урамшуулал илүү олгодог юм байна. Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон төрсөн дүү Б.Зоригтбаатарыг манаачийн, төрсөн эгчийн охин Б.Ууганцэцэгийг туслах багшийн ажлаас нь тус тус чөлөөлсөн. Тус газраас хамаатныхаа хоёр хүнд мөнгөн урамшуулал илүү өгсөн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт гараагүй,тогтоогдоогүй байхад 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн огноотой Б/18 тоот тушаалыг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хуулийн зөвлөх н.Ууганбаяраас авсан. Өөрөөр хэлбэл Авилгатай тэмцэх газрын шалгалтаар зөрчлийг арилгасан, өөр арга хэмжээ авч болох байхад ажлаас нь шууд халсанд гомдолтой байгаа. Иймд Б.Б-г ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, түүний ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.                                                 

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Авилгатай тэмцэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05/519 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Б-д Авилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т зааснаар хариуцлага тооцуулах үндэслэл тогтоогдсон тул холбогдох арга хэмжээ авч хариу ирүүлэхийг шаардсан. Б.Б- нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Б.Зоригтбаатарыг 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 69 дүгээр тушаалаар тус цэцэрлэгт манаачаар ажилд авч 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн, мөн өөрийн төрсөн эгчийн охин Б.Ууганцэцэгийг тус цэцэрлэгт 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тушаалаар угаагчаар, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар туслах багшаар, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар багшлах эрхгүй байхад багшаар тус тус ажилд авах шийдвэр гаргаж, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Б.Зоригтбаатар, Б.Ууганцэцэг нарыг ажиллаж байх хугацаанд тэдгээрт 2016 онд А/ЗЗ, А44, 2017 онд А/06, А/14, А/17 дугаар тушаалуудаар мөнгөн урамшуулал олгосон нь тогтоогдсон. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар Б.Б-г цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Иймд тушаал шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/01254 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус зааснаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай Б.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1778 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/01254 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б- давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.12-ны өдрийн 182/ШШ2018/01215 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.08.03-ны өдрийн 1778 тоот магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзээд гомдол гаргаж байна. Авилгатай тэмцэх газар 2017 оны 10 сарын сүүлээр дуудаад өөрийн хамаарал бүхий хүнийг ажил авсан байна гэхээр нь тэдгээр хүмүүсийг халсан. Тус газраас хийсэн Сонсох ажиллагааны 2017.10.18-ны өдөр 10 цаг 10 минутад хийсэн тэмдэглэлтэй танилцахад “Захиргааны акт” гэсэн хэсэгт Авилгатай тэмцэх газраас зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар хүргүүлж буй албан бичиг гэсэн байна. Үүнээс үзвэл тухайн үед уг зөрчлийг илэрсэн гэж үзэх үндэслэлтэй. Яагаад гэвэл үүнийг авилгатай тэмцэх газрын ажилтан хийгээгүй тус газраас хүргүүлж буй албан бичиг гэсэн байгаа болно. Дээрх зөрчил илэрлээ гээд тус газраас Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулгад 2017.12.26-ны өдөр 05/9420 тоот /ХХ-ийн 124/, 2018.01.18-ны өдөр 05/519 тоотоор Засаг даргад хүргүүлсэн /XX-106/ албан бичгүүд ирэхээс өмнө уг зөрчил илэрсэн гэж үзэж байна. Засаг дарга сонсох ажиллагааг хийсэн юм бол захиргааны шийдвэр буюу актыг Захиргааны ерөнхий хуулийн 29.3-т Энэ хуулийн 29.2-т заасан дагалдах хуудсыг албан хаагчид шагнал олгох, үр дүнгийн урамшуулал тооцох, сахилгын шийтгэл хүлээлгэх, эсхүл хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход харгалзана. /сонсох ажиллагааны тэмдэглэл/ тус хуулийн 43,2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл уг ажлаас чөлөөлөх тухай актыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43-т зааснаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн актаа тушаал гарсан өдөр буюу ажил хүлээлгэж өгөх хугацаа буюу 2018.01.31-ны өдөр өгөх ёстой атал 2018.02.26-ны өдөр хүлээлгэж өгсөн бөгөөд 2018.03.09- ны өдөр ажлыг нь хүлээлцсэн боловч ажил хүлээлцэх тушаал шийдвэр нь 2018.03.01-ны өдөр Б/31 тоот тушаал гарсан байдаг. Мөн орны хүнийг томилсон тушаал шийдвэр 2018.02.28-ны өдөр Б/33 тоот тушаалаар томилогдсон байдаг. Эндээс үзэхэд засаг дарга захирамжаа холбогдох байгууллагаас шаардсанаар гаргах эрхтэй хэдий ч холбогдох хууль тогтоомжид зааснаар гаргах шаардлагатай гэж үзэж байна. Энэ хугацаандаа гаргаагүйгээс нэхэмжлэгч гомдож байгаа болно. Өөрөөр хэлбэл ажлаас халах 2018.01.31-ны Б/18 тоот тушаалд уг өдрөөр чөлөөлнө гээд тодорхой тусгаад өгсөн байгаа болно. Мөн уг өдрөөр орных нь хүнийг томилсон тушаал шийдвэрээ гаргах ёстой гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасныг зөрчөөд 2018.12.18-ны өдрөөс хойш нийт 2 сар 20 хоногийн дараа сахилгын шийтгэлийг ногдуулснаараа тус хуулийг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх зөвхөн хариуцагчийн тайлбар болон Авилгатай тэмцэх газрын албан бичгийг үндэслээд шийдвэрээ гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийг өөрийн хамаарал бүхий төрсөн дүү Б.Зоригтбаатар болон Б.Ууганцэцэг нарыг ажилд томилон удаа дараалан мөнгөн урамшуулал олгон албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ хоёрыг онцлоод бусдаас хэзээ ч илүү өгч байгаагүй бөгөөд хэдий хэмжээгээр илүү өгөөд байсан эсэхийг нотлоогүй. Мөн дээрх хамаарал бүхий хүмүүсийг өмнө нь хамаарал бүхий хүмүүс гэдгийг нэг гэрт хамт амьдарч байгаа хүмүүс гэж ойлгож явсан ба Авилгатай тэмцэх газраас дуудсанаар очоод мэдүүлээгүй нь зөрчил гэдгийг мэдсэн бөгөөд тэд нарыг 2017.11.01 -ны өдрөөр ажлаас нь халсан тул уг зөрчлөө арилгасан байхад ажлаас халсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Б- нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж, “...ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэх” тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэлээс татгалзахдаа “...Авилгатай тэмцэх газар хариуцлага тооцож, хариу ирүүлэхийг шаардсан, ...ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагаар тогтоогдсон...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Нийслэлийн Засаг дарга 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Б/18 дугаар тушаал гаргаж, нэхэмжлэгч Б.Б-г Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө “...өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Б.Зоригтбаатар, төрсөн эгч Б.Рэгзэдмаагийн охин Б.Ууганцэцэг нарыг ажилд томилж, удаа дараа мөнгөн урамшуулал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, холбогдох хууль тогтоомжид заасан мэдэгдэл, тайлбар гаргаагүй...” гэжээ /хэргийн 1 дүгээр хавтас 5 дугаар тал/.

Дээрх тушаалын үндэслэлд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4.-т хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар зохицуулжээ.

Мөн тушаалд заасан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т “энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах сахилгын шийтгэлийг эрх бүхий албан тушаалтан хүлээлгэнэ” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.Б- нь 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн дүү Б.Зоригтбаатарыг манаачийн, төрсөн эгчийн охин Б.Ууганцэцэгийг 2014 оны 1 дүгээр сарын 10-ний өдөр цагаан хэрэглэл угаагчийн, 2017 оны 4 дүгээр сарын 3-ний өдөр багшийн ажилд түр томилсон байх ба тэдгээрийг 2017 оны 11 дүгээр сарын 2-ний өдөр ажлаас тус тус чөлөөлжээ.

Тус цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар 2013-2017 оны хооронд багш, ажилтнуудад мөнгөн урамшуулал олгогдсон, үүнд Б.Зоригтбаатар, Б.Ууганцэцэг нар хамрагдсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, түүний гаргасан зөрчил хөдөлмөрийн сахилгын зөрчилд хамаарах эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Авилгатай тэмцэх газар нь Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр шалгалт явуулах, мөн холбогдох арга хэмжээ авахуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх эрхтэй.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т “албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, 11 дүгээр зүйлийн 11.1.-т “албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч нь хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-т заасан албан тушаалтанд хамаарч байна.  

Түүнчлэн Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээд нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах үйлдлийг хориглохоор хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3., 7.1.6.-т тус тус зохицуулсан.

Авилгатай тэмцэх газар нь гомдол мэдээллийн дагуу шалгалт явуулж, Б.Б-г хуулийн дээрх заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул холбогдох арга хэмжээ авч хариу мэдэгдэхийг даалгасны дагуу Нийслэлийн Засаг дарга ажлаас халах шийдвэр гаргажээ /хэргийн 1 дүгээр хавтас 124 дүгээр тал/.

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хөндлөнгийн этгээдийн санаачилгаар дуусгавар болгосон нь хуульд заасан нөхцөл боловч эрх бүхий этгээд болох Авилгатай тэмцэх газар нь илрүүлсэн зөрчилд хариуцлага хүлээлгэхээр шаардахдаа уг зөрчилд хариуцлага хүлээлгэх хугацааг дүгнэж, албан ёсны шийдвэр гаргах нь зүйд нийцнэ.

Авилгын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаас үзвэл Авилгатай тэмцэх газар нь бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргахаар зохицуулжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгчийг ажлаас халахдаа Авилгатай тэмцэх газрын шийдвэрийг бус, харин тус газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатарын албан бичгийг үндэслэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасантай нийцээгүй гэж үзнэ.

Ажилтан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэрэг хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэх ба сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулах учиртай.

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэхүй хамаарахаас гадна тухайн ажилтны гүйцэтгэж буй ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтойд тооцохыг харилцан тохиролцож, тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай.

Ажлаас халах тушаалд заасан зөрчлийг ноцтойд тооцохоор талууд харилцан тохирч, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй байхад шүүх гэрээний 6.2.6-т заасан зөрчилд хамаарна гэж үзэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах талаар заасан.

Авилгатай тэмцэх газар нь Б.Б-д хариуцлага тооцуулахаар Нийслэлийн боловсролын газарт 2017 оны 12 дугаар сарын 26-ний өдөр, Нийслэлийн Засаг даргад 2018 оны 1 дүгээр сарын 18-ний өдөр тус тус мэдэгджээ /хэргийн 124-129 дүгээр тал/.

Б.Б- нь төрсөн дүү болон төрсөн эгчийнхээ хүүхдийг ажилд томилсон, тэдэнд урамшуулал олгосныг зөвтгөх үндэслэлгүй боловч энэхүү үйлдлийг сахилгын ноцтой зөрчилд тооцохоор талууд харилцан тохиролцоогүй, уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байгааг 2 шатны шүүх анхаараагүй байна.

Дээрх үндэслэлээр Б.Б-г ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар энэхүү тогтоол гарах хүртэлх 10 сар ажлын 6 хоногоор тооцон 12.879.840 төгрөг /3.759.050:3 / гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 1778 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/01254 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-г Хан-уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Нийслэлийн Засаг даргаас 12.879.840 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж, 2 дах заалтын “...дурдсугай” гэснийг “...дурдаж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 221.027 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.          

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ