Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гомбосүрэнгийн Сонинболор |
Хэргийн индекс | 125/2016/0040/З |
Дугаар | 048 |
Огноо | 2018-09-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 048
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Сонинболор даргалж, шүүгч С.Оюунгэрэл, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.А нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулж, урьд ажиллаж байсан төрийн албан хаагчийн албан тушаалын /ажлын байрны/ тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, гуравдагч этгээд Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, иргэдийн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ч.Н миний бие 2012 оны 10 дугаар сард Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдон 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаандаа төрийн албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, жил бүр хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээгээ үнэлүүлж байсан. Миний бие нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар шинээр зохион байгуулагдсан Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжин очсон боловч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний дарга Л.Б нь намайг ажиллуулаагүй, ажлаас чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан би Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулж, урьд ажиллаж байсан төрийн албан хаагчийн албан тушаалын /ажлын байрны/ тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 04 сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж өөрчилж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулж, урьд ажиллаж байсан төрийн албан хаагчийн албан тушаалын /ажлын байрны/ тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг...” гэж шүүхэд нэхэмжлэл гарган бусад нэхэмжлэлийн шаардлагаа янз бүрээр гаргаж хэргийн оролцогчдыг чирэгдүүлсэн байдалтай ажилгүй байсан хугацааныхаа цалин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч Ч.Н-ыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.4-т тус тус заасны дагуу Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулж, орон тоо бүтэц цомхтголд орж улмаар Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Н-ыг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 2016 оны 12 дугаар сарын 02-ны Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 14 дугаартай тогтоол гарсан ба нэхэмжлэгч Ч.Н нь Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар бүлэгт заасан журмын дагуу Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тогтоолын биелэлтийг хангуулах эрхтэй.
Иймд нэхэмжлэгч Ч.Н-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг дэмжиж байна. Нэмж гаргах тайлбар байхгүй гэжээ.
Гуравдагч этгээд Б.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэрэгжүүлэгч агентлагуудад “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар” байхаар тогтоосон.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулж, Захиргаа, хяналтын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс гэсэн бүтэцтэй байхаар тогтоож, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Н-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Нэхэмжлэгч Ч.Н нь 2012-2016 онд Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа төрийн албаны ТЗ-9 шатлалд, төсвийн шууд захирагч бөгөөд хүн ам, нийгмийн халамжийн асуудал хариуцаж байсан бол одоогийн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн дарга нь ТЗ-7 шатлалд, зөвхөн халамжийн үйлчилгээний асуудал хариуцаж ажлын байрны чиг үүргийн хувьд өөрчлөгдсөн. Өмнө нь Ч.Н-ын ажлын байрны чиг үүрэгт байсан хүн ам, гэр бүлийн хөгжлийн асуудал нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт шилжсэн.
Нэхэмжлэгч Ч.Н нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын тушаалаар ажлаас чөлөөлөгдөөгүй. Харин нэхэмжлэгч Ч.Н-ыг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн гэсэн үндэслэлээр 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон.
Миний бие нь төрийн албанд 11 жил, үүнээс нийгмийн хамгааллын салбарт 11 жил ажилласан. 2007-2008 онд “Нийгмийн халамжийн ажилтан”-ы 1, 2, 3 дугаар шатны мэргэшүүлэх сургалт, 2014 онд “Нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудыг чадавхжуулах” сургалтанд тус тус хамрагдсан. Төрийн албаны шалгалт өгч, тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон.
Иймд нэхэмжлэгч Ч.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ч.Н нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулж, урд ажиллаж байсан Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тодруулж өөрчилсөн. Нэхэмжлэгч нь урд нь цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу албан тушаалд томилуулахыг хүсэж байсан бол нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрчлөхдөө Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулах, урд ажиллаж байсан төрийн албан хаагчийн албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хадгалагдан үлдсэн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын ажилд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/58 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь шинээр өөрчлөн байгуулагдаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нэхэмжлэгчийг шилжүүлсэн боловч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/58 дугаар тушаалыг одоогийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Б нь биелүүлэхгүй, нэхэмжлэгчийг ажиллаж байсан албан тушаалд нь томилж ажиллуулахгүй байгаа ба үүнийгээ орон тоо хасагдсан учраас гэж тайлбарладаг. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар төрийн байгууллага өөрчлөгдөж, нэгтгэгдэхэд ажлын байр нь хэвээр хадгалагдан үлдсэн бол албан тушаалтныг үргэлжлүүлэн ажиллуулахаар заасан. Өнөөдрийн нөхцөлд ажлын байрны тоо цөөрөөгүй, шинээр батлагдсан бүтцээр Халамжийн хэлтсийн даргын орон тоо хэвээр байгаа юм. Нэхэмжлэгчийн урд ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн ба албан тушаал нь цөөрөөгүй, хасагдаагүй юм. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй боловч Л.Б дарга нь уг үүргээ биелүүлэхгүй байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримталж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаал гарсан. Хууль, тогтоомжид заасан ажлын байраар хангуулах баталгаа байдаг боловч нэхэмжлэгч нь уг баталгаагаар хангагдаагүй гэж үзэж байгаа юм.
Улсын Дээд шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолоор ажил олгогч нь ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтанд олгоно гэж заасан байдаг ба уг заалт нь хэрэгжих боломжтой. Учир нь Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар энэ хуулиар зохицуулагдаагүй хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгчид олгох боломжтой. Хариуцагчийн хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 14 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/58 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулж, чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн ажлын байранд нэхэмжлэгч Ч.Н-ыг үргэлжлүүлэн ажиллуулахыг Л.Б даргад даалгасан байдаг. Гэтэл уг 14 дүгээр тогтоолыг Төрийн албаны төв зөвлөлд хянуулахад Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь журмаа зөрчиж тогтоол гаргасан байх тул тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д зааснаар Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг Ховд аймаг дахь салбар зөвлөл нь биелүүлэх үүрэгтэй боловч Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл нь уг үүргээ биелүүлэхгүй байгаа юм. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл нь захиргааны шийдвэрийг биелүүлэх ажиллагааг явуулахгүй байгаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийхгүй байх тул нэхэмжлэгч тал маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн зүгээс анх тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урд эрхэлж байсан Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын ажилд томилуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн дараа нь ТЗ-9 дэх шатлалаар цалинждаг ажилд томилуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулан өөрчилж, чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын ажилд томилуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д заасны дагуу өмгөөлөгчийн тайлбар нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг тул дараах нотлох баримтуудыг үндэслэн тайлбараа гаргая. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасныг хянан шийдвэрлэж 14 дүгээр тогтоол гарсан. Ингээд гуравдагч этгээдээс Төрийн албаны төв зөвлөлд гомдол гаргасан ба Төрийн албаны төв зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар албан тоот ирүүлсэн боловч тогтоолыг хүчингүй болгоогүй, өнөөдрийг хүртэл Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 14 дүгээр тогтоол нь хүчин төгөлдөр байгаа юм. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 14 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Ч.Н-ыг чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Б-д даалгасан. Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тогтоолтой холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хуулийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тогтоол нь хүчин төгөлдөр байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны шийдвэр гүйцэтгэх байгууллага нь захиргааны байгууллага өөрөө юм. Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд 14 дүгээр тогтоолыг биелүүлж өгөх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, албадлагын арга хэмжээ авч, хэрэгжүүлж байсан нь тодорхой бус байгаа юм.
Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаал гарсан ба уг тушаалаар аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог шинэчлэн баталж, бүтэц орон тооны дээд хязгаарт багтаан ажиллахыг үүрэг болгосон байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын ажлаас нь чөлөөлж, шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн тушаалын биелэлтийг хангаж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын А/03 дугаар тушаал гарч, хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу миний ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж маргаж байгаа боловч хариуцагч тал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/58 дугаар тушаалыг тус тус үндэслэж, нэхэмжлэгчид 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын ажлын байрны чиг үүрэгт өмнөх Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны чиг үүргээс орсон байгаа боловч нэхэмжлэгчийн урд нь хэрэгжүүлж байгаагүй Хөдөлмөрийн хэлтсийн даргын ажлын байрны чиг үүрэг мөн нэмэгдэж орсон.
Нийгмийн халамжийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтуудыг хэрэгт хавсаргасан ба Ховд аймгийн Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга нь ТЗ-9 дэх шатлалаар цалинжиж байсан бол одоогийн Нийгмийн халамжийн хэлтсийн дарга ТЗ-7 дахь шатлалаар цалинждаг. Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны зорилго нь хүн ам, гэр бүлийн хөгжлийн асуудлыг дэмжих, иргэдэд үйлчлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээг чанартай, шуурхай хүргэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах гэж заасан байхад Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын ажлын байрны зорилго нь Нийгмийн халамжийн тухай хууль болон холбогдох хуулийн хүрээнд үзүүлж буй үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд хүргэх, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, удирдлага арга зүйгээр хангаж ажиллах гэж заасан бөгөөд ажлын байрны зорилго нь өөрчлөгдсөн байгаа юм. Ховд аймгийн Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны чиг үүрэг хадгалагдаж үлдсэн гэж үзэх боломжгүй. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт мөн зарим чиг үүрэг нь шилжсэн. Иймд нэхэмжлэгч нь Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн гэж маргах хууль зүйн үндэслэлгүй юм.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэн Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын А/03 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ч.Н-ыг төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангаж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож, Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангасан. Нэхэмжлэгч нь нэг удаагийн тэтгэмжээ авсан байх ба тэтгэмж олгосон тушаалтай маргаагүй. Нэхэмжлэгч нь зарим чиг үүрэг нь хэвээр үлдсэн гэж үзсэн бол ажлын байранд шалгаруулалт явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой байсан.
Мөн нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн байна. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тогтоол гарсан үеэс эхлэн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргалгүйгээр захиргааны гүйцэтгэлийн ажиллагааг хийлгэж, иргэний журмаар ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэх боломжтой байсан.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоож, 04 дүгээр тогтоолоор зарим яам агентлагуудыг нэгтгэх, бүтцийн өөрчлөлт хийх тухай шийдвэр гаргасны дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалаар Хөдөлмөрийн хэлтэс, Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь нэгтгэгдсэн. Нэхэмжлэгчийн хувьд өөрөөс нь хамаарахгүй шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн буюу байгууллага татан буугдаж, төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоо хасагдсан юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар шийдвэр гаргахгүй гэж заасан. Нэхэмжлэгчийн тодруулж өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулах гэж гаргасан бөгөөд уг тушаалын хууль зүйн үндэслэлтэй маргаагүй. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тул уг албан тушаалд томилуулах ёстой гэж маргаж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/58 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг баримталж, шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нэхэмжлэгчийг шилжүүлсэн байдаг. Ингээд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас нэхэмжлэгчид нэг удаагийн тэтгэмж олгосон нь хууль зөрчөөгүй юм. Нэхэмжлэгч нь миний өмнө нь эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн гэж маргаж байгаа тул хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан судалж, дүгнэлт хийхэд албан тушаалын ангилал, зэрэглэлийн хувьд Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаал нь ТЗ-9 дэх зэрэглэлтэй, одоогийн Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаал нь ТЗ-7 зэрэглэлтэй байгаа. ТЗ-9 дэх зэрэглэлд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Б ажиллаж байгаа юм. Эндээс үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх боломжгүй юм. Ажлын байрны чиг үүрэг хадгалагдан үлдэнэ гэдэг нь ажлын байрны зорилт, гол үйл ажиллагаануудын нэршил нь өөрчлөгдсөн боловч гүйцэтгэх ажлууд нь хэвээр хадгалагдахыг ойлгоно. Хамгийн гол нь Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт нь бодлогын шинжтэй, байгууллагыг удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг байсан бол одоо маргаж байгаа ажлын байр нь гүйцэтгэх чиг үүрэг бүхий ажлын байр юм. Өмнөх Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга нь байгууллагын төсвийг удирдлагаар хангаж, ажилтан томилж, чөлөөлөх эрхийг хэрэгжүүлдэг байсан бол одоо маргаж байгаа албан тушаалд уг эрхийг хэрэгжүүлдэггүй, гүйцэтгэх чиг үүрэг бүхий албан тушаал юм. Өмнөх аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга ажлын байрны тодорхойлолт заасан 4 зорилт нь одоогийн томилуулахаар маргаж байгаа ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй юм. Аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга нь босоо удирдлагатай байсан ба Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын шууд удирдлагад хамаардаг байсан бол одоогийн маргаж байгаа хэлтсийн дарга нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад харъяалагдаж ажилладаг юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хадгалагдан үлдсэн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын ажилд томилон ажиллуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй, томилон ажиллуулах нөхцөл тогтоогдохгүй байна. Төсвийн шууд захирагчийн хувьд нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан хэлтсийн даргын ажлын байрны чиг үүрэг нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын ажлын байрны тодорхойлолтод тусгагдаж орсон байгаа.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь Б/58 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрч, биелэлтийг хангуулахаар маргадаг. Гэтэл уг тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн. Түүнээс биш аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилж ажиллуулах гэж заагаагүй. Харин нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаагүй гэж маргасан бол өөр нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байсан. Ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан шинжлэн судлахад чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/58 дугаар тушаал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгч Ч.Н-ыг төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангасан гэж үзэж байгаа юм. Гуравдагч этгээд нь өмнө нь Ховд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст албаны даргын ажил үүргийг хийж гүйцэтгэж байсан. Харин одоо аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажил үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд өмнө нь гуравдагч этгээдийн ажиллаж байсан албаны даргын ажлын байрны тодорхойлолтыг үзэхэд түүний гүйцэтгэж байсан ажлын байрны чиг үүрэг, ангилал зэрэглэл нь одоогийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод хэвээр хадгалагдан үлдсэн байгаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н нь анх Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулж, нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилохыг даалгахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлж өөрчлөн байгуулагдсан Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг үндэслэн цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулахыг даалгасан шийдвэр гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлжээ.
Улмаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалын биелэлтийг хангуулж, урьд ажиллаж байсан төрийн албан хаагчийн албан тушаалын /ажлын байрны/ тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилон ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулсан байна.
Нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлж, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд хандаж хариу авсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан захиргааны хэргийн шүүхэд хандах хугацааг хэтрүүлэхгүйгээр Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байх тул нэхэмжлэлийг хүлээн авсан болно.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.Н нь Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаар тушаалаар Ховд аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдсон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч болох нь түүний 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн баримт болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа “...Урьд эрхэлж байсан Ховд аймгийн нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь одоогийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хэвээр хадгалагдан үлдсэн. Ийм учраас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ёстой” гэж,
Харин хариуцагч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлээр, мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27.2.4-д заасны дагуу тус тус Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулж, орон тоо бүтэц цомхотголд орсон тул Ч.Н-ыг ажлаас чөлөөлсөн, Ч.Н-ын урьд эрхэлж байсан Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь одоогийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хадгалагдан үлдээгүй ...” гэж маргажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар ажиллахаар болсонтой холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг баталжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоол болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаал зэргээс үзэхэд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс гэсэн хоёр хэлтэс нэгдэж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон зохион байгуулагдаж, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь дотроо Захиргаа хяналтын хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс гэсэн бүтэцтэй, нийт 47 орон орон тоотой /үүнд Халамжийн хэлтсийн дарга -1/ байхаар тогтсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/58 дугаар “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” тушаалаар аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нэгдэн тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсонтой холбогдуулан Ховд аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Н-ыг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, нэгдэн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлжээ.
Нэхэмжлэгч Ч.Н-ын урьд эрхэлж байсан Ховд аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд уг албан тушаал нь ахлах түшмэлийн /ТЗ-9/ албан тушаалын ангилалд хамаарч байгаа ба ажлын байрны зорилго нь Хүн ам, гэр бүлийн хөгжлийг дэмжих, иргэдэд үзүүлэх нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг чанартай, шуурхай, үр дүнтэй хүргэх ажлыг аймгийн хэмжээнд оновчтой зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэхээр тодорхойлжээ.
Харин Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод уг албан тушаал нь дэс түшмэлийн /ТЗ-7/ албан тушаалын ангилалд хамаарч байгаа ба ажлын байрны гол зорилго нь Монгол улсын төрөөс нийгмийн хамгаалал, хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөрүүд, Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомж, журам, заавар, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхэд мэргэжилтнүүдийг удирдлага арга зүйгээр хангаж ажиллахаар тодорхойлжээ.
Хариуцагч нь Ч.Н-ын урьд эрхэлж байсан Ховд аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь одоогийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хадгалагдан үлдээгүй гэх, дээрх ажлын байрны тодорхойлолтод дурдсан ажлын байрны зорилго болох хүн ам, гэр бүлийн хөгжлийг дэмжих, нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээ, болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт хэрэгжүүлэхэд удирдлага арга зүйгээр хангаж ажиллах чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэнтэй нийцэхгүй байна.
Учир нь дээр дурдсанаар урьд байсан Ховд аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын чиг үүргийг одоогийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга хэрэгжүүлэхээр болж орон тоо цөөрсөн, энэхүү хуулийн заалтаар албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон шалгаруулалтаар томилохоор зохицуулсан байхад хариуцагчийн зүгээс сонгон шалгаруулалтыг явуулахгүйгээр гуравдагч этгээд Б.А-ийг шууд томилсон нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзлээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгох” зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай шууд хамааралтай буюу “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан,эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн”-өөр орон тоо цөөрсөн тохиолдолд хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулсны дараа шалгараагүй үлдсэн албан хаагчийг 27.2.4-т зааснаар эхлээд мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих, эсхүл төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших зэрэг баталгаагаар хангах боломжгүй тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт юм.
Нэхэмжлэгч Ч.Н-с тэтгэлэг авах тухай хүсэлт гаргаагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан түүнд нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэсэн нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Иймд Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд шалгаруулалт явуулахыг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ч.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл нийт 464 хоног ажилгүй байсан ба Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар ”Дундаж цалин хөлс тодорхойлох” журмын 7 дугаар заалтын 7-ийн а-д тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажиллаж байсан Ховд аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалын сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцож, нэг өдрийн цалин 66323 төгрөг буюу ажилгүй байсан нийт 464 хоногийн цалин 30773872 /гучин сая долоон зуун далан гурван мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ч.Н олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь
1. Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын албан тушаалд шалгаруулалт явуулахыг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны 464 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 30773872/гучин сая долоон зуун далан гурван мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
шүүгч Г.Сонинболор
шүүгч С.Оюунгэрэл,
шүүгч Б.Алтанцэцэг