Улсын дээд шүүхийн Шүүхийн тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/0052

 

 

Э.Б-ий гомдолтой,

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны

Мэргэжлийн хариуцлагын хороонд

холбогдох хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:        М.Батсуурь

Танхимын тэргүүн:      Д.Мөнхтуяа

Шүүгчид:                      Д.Батбаатар

                                      П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:              Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож, өмгөөлөгч Э.Б Өмгөөллийн тухай хууль болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй болохыг тогтоолгох

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагч Э.Б, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, Б.Б нарыг оролцуулан гомдол гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дахь заалтаар: Хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Э.Б-г Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн 19.2.1, 19.2.2, Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.4, 15.2 дахь хэсгийн 15.2.1, 15.2.3-т заасныг тус тус зөрчсөнд тооцож, 3 дахь заалтаар: Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.1-д зааснаар өмгөөлөгч Э.Б (ӨНБД 2080)-д сануулах сахилгын шийтгэл хүлээлгэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14 дүгээр магадлалаар: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Э.Б Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож, өмгөөлөгч Э.Б Өмгөөллийн тухай хууль болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагч Э.Б гомдолдоо:“ ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд дараах үндэслэлээр гомдолтой байна. Үүнд:

Шүүх Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:

3.1. Магадлалын хянавал хэсгийн 2.8, 2.9-т “...нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзлээ”, “Учир нь Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т... заасан нь өмгөөлөгч хэрэв урьдын үйлчлүүлэгчийн ашиг сонирхолд халтай үйлчилгээг өөр этгээдэд үзүүлэх бол бодит эрсдэл бий болохоос сэргийлж үйлчилгээ үзүүлэхээс хориглосон зохицуулалттай бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...нууц мэдээллийг задруулсан болохыг тогтоох боломжгүй ч, өмгөөлөгчийн энэхүү үйлдэл нь нууц мэдээллийг өөр этгээд ашиглах нөхцөл бололцоог үүсгэсэн...” гэх тайлбар үндэслэлтэй болно” гэж дүрмийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

3.2. Учир нь Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 19 дүгээр зүйл /Ашиг сонирхлын зөрчлийн/-ийн 19.2 дахь хэсэгт “Ашиг сонирхлын зөрчил гэдэгт дараах тохиолдлын аль нэгийг ойлгоно” гээд 19.2.2-т “урьдын үйлчлүүлэгч, бусад үйлчлүүлэгч, гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн өмгөөлөгчийн үүрэг, эсхүл өмгөөлөгчийн хувийн ашиг сонирхол нь түүний үйлчлүүлэгчид үзүүлэх үйлчилгээг хязгаарлах бодит эрсдэл бий болох” гэж заасан байна. Уг заалт нь урьдын үйлчлүүлэгчийн өмнө өмгөөлөгчийн хүлээсэн аливаа үүрэг нь шинээр хандаж буй үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэхэд хязгаарлах эрсдэлтэй байсан бөгөөд энэ нөхцөл байдлыг 19.3-т заасан журмын дагуу шинэ үйлчлүүлэгчид мэдэгдээгүйн улмаас шинэ үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол өмгөөлөгчийг ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь заалтыг зөрчсөн тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд нь урьдын үйлчлүүлэгч бус шинэ үйлчлүүлэгч бөгөөд түүний эрхийг хамгаалсан зохицуулалт юм.

3.3. Тодруулбал, Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т “... өмгөөлөгчийн үүрэг, эсхүл өмгөөлөгчийн хувийн ашиг сонирхол нь түүний үйлчлүүлэгчид үзүүлэх үйлчилгээг хязгаарлах бодит эрсдэл бий болох” гэсний үйлчлүүлэгч гэдэг нь Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар “... өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ авч байгаа болон авахаар хандсан хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг” ойлгоно гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хууль болон дүрмийн дээрх заалтуудыг “... урьдын үйлчлүүлэгчийн ашиг сонирхолд халтай үйлчилгээг өөр этгээдэд ... үзүүлэхийг хориглосон зохицуулалт” хэмээн тайлбарласан нь хууль хэрэглээний маш том алдаа болжээ.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй талаар:

3.4. Магадлалын хянавал хэсгийн 2.12-т “өмгөөлөгч Э.Б нь гэрээний дагуу хууль зүйн зөвлөгөө өгч байх хугацаанд хөрөнгө оруулалтын болон компанийн бүхий л үйл ажиллагаанд хууль, эрх зүйн зөвлөгөө үзүүлж байсан ба гэрээг цуцлах хүртэл үйлчилгээ үзүүлсэн этгээдийн эсрэг ашиг сонирхол бүхий этгээд болох “Б к” ХХК-ийн итгэмжлэлээр 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн олон улсын арбитрын маргаанд хууль зүйн үйлчилгээ үзүүлж байгаа нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан өмгөөллийн нууц хадгалах болон үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах зарчмыг шууд хөндсөн гэж үзэхээр байна” гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад үл нийцжээ.

3.5. Учир нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд 4.1-д “Өмгөөллийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална” гээд 4.1.5-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах” гэж заасан ба энэ нь тухайн цаг үед үйлчилгээ авч байгаа болон авахаар хандсан тохиолдолд хамаарах урьдын үйлчлүүлэгчид хамаарахгүй юм. Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т өмгөөллийн үйл ажиллагаанд “өмгөөллийн нууц хадгалах” зарчмын талаар зохицуулсан ба миний хувьд “Г М п” ХХК-д зөвлөх үйлчилгээ үзүүлэх явцдаа олж мэдсэн аливаа мэдээллийн нууцыг задруулсан үйлдэл хийгээгүй, мэдээлэл задруулсан ямар ч баримт хэрэгт авагдаагүй ба авагдах бодит боломжгүй юм.

3.6. Мөн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагчийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар тогтоолд “өмгөөллийн нууц задруулсан” үндэслэлээр маргаан үүсгэсэн талаар заагаагүй мөртлөө маргааныг шийдвэрлэхдээ “Г М п” ХХК-ийн бизнесийн талаар мэдээлэлтэй байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй” мэтээр харж, улмаар “мэдээллийн нууцыг задруулсан эсэхийг заавал нотолж тогтоох шаардлагагүй” хэмээн эрх зүйн зарчмын илтэд эсрэг дүгнэлт хийсэн.

3.7. Тодруулбал, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүйг бүрэн тогтоох үүрэгтэй”, 11.2 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн зөрчилтэй холбоотой үйл баримтыг тодорхой, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтаар тогтооно” гэж тус тус заасан.

3.8. Гэтэл шүүх “...тогтоолын үндэслэлийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” хэмээн шийдвэрлэсэн нь хуулийн энэ зүйлийг хэрэгт авагдсан ямар нотлох баримт, үндэслэлээр хэрэглэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...’’, мөн зүйлийн 106.4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна.” гэснийг тус тус ноцтой зөрчиж байна.

3.9. Мөн үүнээс гадна шүүх Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаартай тогтоолын үндэслэл болох Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтыг огт тайлбарлаж дүгнэлт хийгээгүй бөгөөд дүрмийн дээрх заалтыг зөрчсөн эсэхийг шүүх үгүйсгээгүй байна.

3.10. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт нийцээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

3.11. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

4. Анхан шатны журмаар Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааныг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

5. “Г М п” ХХК-ийн гүйцэтгэх захирал Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн F S (Ш овогтой Ф) нь “... “М ө” ХХН болон өмгөөлөгч Э.Б нартай 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр харилцан тохиролцож хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилласан, энэ хугацаанд компанийн гадаад, дотоод мэдээлэлтэй бүрэн танилцаж, харилцан ажилласан, гэвч гэрээ дуусгавар болсны дараа манай компанийн эсрэг маргаанд оролцогч “Б к” ХХК-ийн өмгөөлөгчөөр ажиллахаар болсон нь компанийн мэдээллийг задруулж болзошгүй, мэдээллийг өөрсдөдөө ашигтайгаар ашиглах, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн үйлдэл нь Өмгөөллийн тухай хуульд заасан өмгөөллийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх харилцан эсрэг сонирхол үүсэх тохиолдолд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах зохицуулалт болон Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн” гэх гомдлыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргаж, тус хорооны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолоор өмгөөлөгч Э.Б нь Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 15.2.1, 15.2.3, Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.2-т заасныг тус тус зөрчсөнд тооцож, “сануулах” хариуцлагыг хүлээлгэжээ.

6. Өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад хориглосон үйл ажиллагааг Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт, ямар тохиолдолд үйлчлүүлэгчид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг хориглох талаар мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт, мөн Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмээр мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, шаардлага, ёс зүйн зөрчил, хариуцлагыг тус тус зохицуулсан бөгөөд өмгөөлөгч хууль, дүрмийг зөрчихгүйгээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Зөрчсөн тохиолдолд мөн хууль, дүрэмд заасан хариуцлага хүлээх учиртай.

7. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны материалд авагдсан баримтаас үзэхэд, “Г М п” ХХК нь “М ө” ХХН-тэй 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр “Хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж үйлчилгээ үзүүлсэн, уг гэрээ дуусгавар болсны дараа “Г М п” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б к” ХХК-д холбогдох олон улсын арбитрын маргаанд Э.Б нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон буюу “урьдын үйлчлүүлэгч “Г М п” ХХК-ийн эсрэг этгээдийн төлөөлөгчөөр оролцсон” гэх үйл баримт тогтоогдсон байна.

8. Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, 15.2.3-т зааснаар хэрэг, маргааны талаар үйлчлүүлэгчтэй ашиг сонирхлын зөрчилтэй, хэрэг, маргааны талаар үйлчлүүлэгчийн эсрэг ашиг сонирхол бүхий этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдолд үйлчлүүлэгчид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг хориглосон, мөн Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.2.1, 19.2.2-т нэг үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэх нь тухайн өмгөөлөгчийн бусад үйлчлүүлэгчийнх нь шууд эсрэг байх, урьдын үйлчлүүлэгч, бусад үйлчлүүлэгч, гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн өмгөөлөгчийн үүрэг, эсхүл өмгөөлөгчийн хувийн ашиг сонирхол нь түүний үйлчлүүлэгчид үзүүлэх үйлчилгээг хязгаарлах бодит эрсдэл бий болохоор бол ашиг сонирхлын зөрчилтэйд тооцох зохицуулалттай байна. Тухайн тохиолдолд, урьдын үйлчлүүлэгч “Г М п” ХХК-д үйлчилгээ үзүүлж байсантай холбоотой “өмгөөллийн нууц хадгалах” зарчмыг хэрэгжүүлэн “ашиг сонирхлын зөрчил” үүсгэхүйц үйлдэл гаргахаас сэргийлж, олон улсын арбитрын маргааны оролцогч буюу эсрэг этгээд болох “Б к” ХХК-д хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхээс татгалзах байжээ.

9. Учир нь, өмгөөлөгч “олон улсын арбитрын шүүхийн маргаанд оролцохдоо урьдын үйлчлүүлэгчийн эсрэг ашиг сонирхолтой (байр суурьтай) этгээдэд үйлчилгээ үзүүлсэн үйлдэл” нь нэгэнт тогтоогдсон, тухайн зөрчил нь хууль болон дүрэмд заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул өмгөөллийн мэдээлэл задруулсан эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй, энэ талаарх “аливаа мэдээллийн нууцыг задруулсан үйлдэл хийгээгүй, мэдээлэл задруулсан ямар ч баримт хэрэгт авагдаагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

10. Гомдол гаргагч “Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийн 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь заалтыг зөрчсөн тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд нь урьдын үйлчлүүлэгч бус шинэ үйлчлүүлэгч буюу түүний эрхийг хамгаалсан зохицуулалт” гэж гомдолдоо дурдсан боловч өмгөөлөгч нь “хууль, дүрмээр хориглосон үйлдлийг гаргаж, ашиг сонирхлын зөрчил төрүүлэхүйц нөхцөл байдал”-ыг үүсгэсэн үйлдэл гаргасныг зөвтгөх хууль зүйн үндэслэл болохгүй.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, ... тусгана.” гэж заасны дагуу магадлалын Тогтоох хэсэгт Өмгөөллийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын   10-ны өдрийн 14 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.2.1, 15.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3.1-д заасныг тус тус баримтлан Э.Б Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болгож, өмгөөлөгч Э.Б Өмгөөллийн тухай хууль болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисугай.” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагч Э.Б давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.БАТСУУРЬ

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Д.МӨНХТУЯА

     ШҮҮГЧИД                                                                 Д.БАТБААТАР

П.СОЁЛ-ЭРДЭНЭ

Х.БАТСҮРЭН