Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 653

 

                                                        Б.Б-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Цэрэндалай,

хохирогч Ц.Буянхишиг,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор С.Цэрэндалайгийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Б-д холбогдох эрүүгийн 1807002090067 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Ёндон овгийн Б.Б-, 1992 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зуухны машинист мэргэжилтэй, Налайх дүүргийн дулааны цахилгаан станцад зуухны засварчин ажилтай, ам бүл 1, Налайх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

            Б.Б- нь өөрийн автомашинаар 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Налайх дүүрэг рүү хохирогч Ц.Буянхишигийг тээвэрлэсэн бөгөөд түүний автомашинд орхиж буусан “Samsung Galaxy A3”, “Samsung Galaxy J3” загварын гар утаснуудыг завшиж, нийт 832.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-ыг гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150.000 төгрөг төлөхөөр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн доод буланд хагарсан “Samsung Galaxy A3” загварын гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар Б.Б-аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 632.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Буянхишигт олгож, Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор С.Цэрэндалай тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Ц.Буянхишигийн тээврийн хэрэгсэлд орхиж буусан гэх “Samsung Galaxy A3” загварын гар утсыг 552.000 төгрөгөөр, “Samsung Galaxy J3” загварын гар утсыг 280.000 төгрөгөөр нийт 832.000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 552.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Galaxy A3” загварын гар утсыг Б.Б-аас хураан авч, эрүүгийн хэргийн хамт шүүхэд хүргүүлсэн. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан 832.000 төгрөгийн хохирлоос Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “Samsung Galaxy A3” загварын гар утсыг хохирогчид буцаан олгосон бөгөөд шүүгдэгч Б.Б-аас 632.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Б-аас хураан авсан “Samsung Galaxy A3” загварын гар утсыг хохирогч Ц.Буянхишигт буцаан олгосон атлаа түүний үнэ болох 552.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид нэмж олгохоор шийдвэрлэжээ. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

Хохирогч Ц.Буянхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний гар утсыг надад буцааж олгохоор шийдвэрлэсэн ч уг гар утас цаашид хэвийн ажиллах эсэх нь эргэлзээтэй. Учир нь миний гар утасны дэлгэц нь хагарч, симний оролт нь эвдэрч, асахгүй болсон байсан. Иймээс гар утасныхаа үнийг гаргуулж авмаар байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

            2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Б.Б- нь өөрийн эзэмшлийн “Тоёота Пробокс” загварын 94-07 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслээр Ц.Буянхишигийг Улаанбаатар хотоос Налайх дүүрэг рүү тээвэрлэсэн бөгөөд Ц.Буянхишигийн орхиж буусан “Samsung Galaxy A3”, “Samsung Galaxy J3” загварын гар утаснууд буюу гээгдэл эд хөрөнгийг өөртөө завшиж, нийт 832.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Ц.Буянхишиг нь Б.Б-ы тээврийн хэрэгсэлд зорчсон цаг хугацаа, газар байршил, гээж буусан эд зүйлсийнхээ шинж чанар, өртөг үнийн талаар /хх-ийн 11, 76/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь шүүгдэгч Б.Б-ы “...автомашин дотроосоо олсон 2 ширхэг гар утасны кодыг гаргуулж, өөрийн симээ хийж ашиглаж байсан. Нэг гар утсыг нь гээсэн. Эдгээр гар утаснуудыг эзэнд нь буцааж өгөх оролдлого хийгээгүй...” /хх-ийн 23/ гэх мэдүүлэг, Б.Б-аас гээгдэл эд хөрөнгийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7/, гээгдэл эд хөрөнгөд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 19/ зэргээр нотлогдсон байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Б-ыг гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болсны гадна, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйлд заасан ял шийтгэлийг оногдуулжээ.

Харин хохирогч Ц.Буянхишиг нь эд мөрийн баримтаар хураагдсан “Samsung A3” загварын гар утас гэмтсэнээс хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан тул буцаан авахгүй, цаашид гар утаснуудын үнэ болох 832.000 төгрөгийг нэхэмжилнэ гэдгээ илэрхийлсэн байхад анхан шатны шүүх гэмт хэргийн хохирлыг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан “хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцүүлэлгүйгээр хуулийн эрэмбийг алдагдуулж, гэмт хэргийн бодит хохирлыг үндэслэлгүйгээр багасгасан нь буруу болсны сацуу, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Samsung A3” загварын гар утас болон түүний үнэ болох 552.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид хамтад нь олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-аас “Samsung J3”, “Samsung A3” загварын гар утаснуудын үнэ болох 832.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Буянхишигт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “Samsung A3” загварын гар утсыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад зохих өөрчлөлтийг оруулж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авч шийдвэрлэлээ.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 5 дахь заалтад “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн доод буланд хагарсан “Samsung Galaxy A-3” загварын гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн доод буланд хагарсан “Samsung Galaxy A-3” загварын гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.” гэж,

- 7 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 632.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Буянхишигт олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-аас 832.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Буянхишигт олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                     ШҮҮГЧИД                                                   Д.ОЧМАНДАХ

                                                                                                         Н.БАТСАЙХАН