Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 176

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 7-21 тоотод оршин суух, ПЮ84032811 регистрийн дугаартай, Эмч овогт Гомбожавын Батгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эсба интернейшнл ХХК-нд холбогдох 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Батгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Батгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би барилгын бригадын хамт Эсба интернейшнл ХХК-ийн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт барьж буй 80 айлын 9 давхар орон сууцны карказ угсралтын 4-6 дугаар давхрын арматурын ажлыг 2015 оны 04 дүгээр сарын 10-аас мөн оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хийсэн. Уг угсралтын ажлыг БНХАУ-ын иргэн Ли гэгч гүйцэтгэж байсан ба надад 4-6 дугаар давхрын арматурын ажлыг Ли санал тавьсныг хүлээн зөвшөөрч Эсба интернейшнл ХХК-ийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллахаар болсон. Ингэхдээ миний бие 10 хүний бүрэлдэхүүнтэй барилгын бригадаа ажиллуулсан. Би Литэй нэг давхар арматур угсралтын хөлсийг 7 сая төгрөгөөр, нийт 3 давхарыг 21 сая төгрөг байхаар харилцан тохиролцож, барилгын арматур угсралтын ажилд Ховд аймгаас 10 хүн ажиллах болсон гэдгийг гүйцэтгэгч Ли нь Эсба интернейшнл ХХК-ний захиралд мэдэгдэж, түүний зөвшөөрснөөр бид нарыг ажиллуулсан.

Барилгын 4 давхрын арматурын ажлын гүйцэтгэлийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр хүлээлгэн өгч, Лигээс 7 сая төгрөг бэлнээр хүлээн авч, өөрийн бригадын 10 хүнд хуваан өгсөн. Барилгын 5 давхрын ажлын гүйцэтгэлийг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Лид хүлээлгэн өгч, Лигээс 4,500,000 төгрөг авч, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг авч чадаагүй. Лигээс үлдэгдэл хөлсөө нэхэхэд Эсба интернейшнл ХХК-иас авч өгнө гэсэн.

Барилгын 6 давхрын арматурын ажлыг хүлээлгэн өгөхөд Ли Эсба интернейшнл ХХК-иас хөлсөө ав гэсэн. Миний бие 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажлын хөлсөө Эсба интернейшнл ХХК-иас нэхэхэд үлдэгдэл 9,500,000 төгрөгийг төлнө гэсэн. Үүнээс Ц.Батхишиг 08 дугаар сард 2,400,000 төгрөг, 08 дугаар сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөгийг өгсөн. Одоо ажлын үлдэгдэл хөлс 4,000,000 төгрөг өгөөгүй тул энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Эсба интернейшнл ХХК-ийн захирал Ц.Батхишиг шүүхэд ирүүлсэн тайлбараа: Г.Батгэрэлийн Эсба интернейшнл ХХК-иас 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа 2 дугаар ээлжийн 9 давхар 80 айлын орон сууцны карказ угсралтын ажлын гэрээг БНХАУ-ын иргэн Ли Жүньтэй байгуулсан бөгөөд Ли Жүнь нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэрээг цуцалсан. Би Г.Батгэрэлтэй амаар болон бичгээр гэрээ байгуулаагүй, би Г.Батгэрэлд ямар нэгэн гэрээний үнэ төлөх ёсгүй. Компаний зүгээс Ли Жүньд гэрээгээр тохирсон хөлсөө өгч байсан бөгөөд Ли Жүнь нь ажилтнууддаа цалингаа өгсөн эсэхийг мэдэхгүй байсан бөгөөд тус ажилтнууд Ли Жүнийг цалингаа өгөхгүй байна гэхээр нь би Ли Жүньтэй байгуулсан гэрээг цуцалсан. Мөн гэрээгээр тохирсон хөлснөөс 20 сая төгрөгийг илүү өгсөн.

2.Манай компани Ли Жүньд гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 70 сая төгрөг өгсөн бөгөөд Ли Жүний гэрээгээр ажиллуулсан ажилтнуудын дотор Г.Батгэрэлийн нэр байхгүй байна. Мөн Г.Батгэрэл нь манай компаний барьж байсан орон сууцанд ажил гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн ажлын үр дүнгээ хүлээлгэж өгсөн эсэх нь тодорхойгүй байна. Ли Жүнь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Батгэрэл нь хариуцагч Эсба интернейшнл ХХК-д холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Г.Батгэрэл нь шүүхэд хариуцагч Эсба интернейшнл ХХК-иас ажлын хөлс 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ БНХАУ-ын иргэн Литэй ярилцаж, Эсба интернейшнл ХХК-ны барьж буй 9 давхар барилгын 4 давхрын арматурын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон, үүнийг Эсба интернейшнл ХХК-ний захирал Ц.Батхишиг зөвшөөрч амаар ажил гүйцэтгэхээр ярилцаж тохиролцсон, Ли  Эсба интернейшнл ХХК-иас ажлын хөлсөө авч чадаагүй тул намайг ажлын хөлсөө Эсба интернейшнл ХХК-иас ав гэсэн гэж мэтгэлцлээ.

Хариуцагч Эсба интернейшнл ХХК нь БНХАУ-ын иргэн Ли Жүнтэй гэрээ байгуулж, уг гэрээгээ цуцалсан болох нь хэрэгт авагдсан Эсба интернейшнл ХХК-ний захирлын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01/19 дугаартай тушаалаар нотлогдож байна.

Харин нэхэмжлэгч Г.Батгэрэл нь Эсба интернейшнл ХХК-ний барьж буй 9 давхар барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр БНХАУ-ын иргэн Ли Жүнтэй амаар тохиролцож, Ли Жүн нь Эсба интернейшнл ХХК-иас ажлын хөлсөнд авсан мөнгийг бригадын хүмүүс болох Г.Батгэрэл болон бусад хүмүүст олгож, үлдэгдэл мөнгийг өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Г.Батгэрэл өөрөө бие дааж болон хамт ажиллахаар болсон Ли Жүнтэй хамтарч Эсба интернейшнл ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж гэрээний гол нөхцөл  тухайлбал  хийж гүйцэтгэх ажил, ажлын хөлсний хэмжээ, төлөх хугацаа, ажлын чанар, ажлыг хүлээлгэн өгөх зэрэг зүйлүүдийг тохиролцож гэрээ байгуулсан нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотлосон нотлох баримтуудыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтаар зохигчдын дунд барилгын ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсанд тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Г.Батгэрэл нь  хариуцагч Эсба интернейшнл ХХК-иас ажлын хөлс шаардах эрх үүсээгүй байна гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч Г.Батгэрэлийн хариуцагч Эсба интернейшнл ХХК-д холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Эсба интернейшнл ХХК-ний захирал Ц.Батхишиг нь шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр хийж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан үзэж, хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Хариуцагч Эсба интернейшнл ХХК-ний захирал Ц.Батхишигийн шүүхэд ирүүлсэн карказ угсралтын ажлын хүсэнэгтиийн тооцооний хуулбар, Голомт банкны орлогын мэдүүлэгийн хуулбар, гэрээний орчуулгын хуулбар, нэр бүхий иргэдийн гарын үсэгтэй хуулбар матераил зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Г.Батгэрэлийн нэхэмжлэлтэй Эсба интернейшнл ХХК-нд холбогдох 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА