Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 179

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Ховд аймаг  ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт ******* *******гийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.*******, гэрч Л.*******,  нарийн бичгийн дарга А.*******  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч  Т.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт баригадад 1969 онд илгээлтээр гарч 1973 он хүртэл эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний 1970, 1972 оны ажилласан байдлын талаарх баримт архивт байхгүйн улмаас хохирч байна. Би айлын том хүүхэд ба эцэг эхийн хамт мал маллаж байсан. Би 1973 оны 5 сараас 1976 оны 7 сар хүртэл цэрэгт явсан.  Иймд намайг цэрэгт явахаас өмнөх жил буюу 1970-1973 оны 5 сар хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Т.******* нь 1970-1973 оны 5 сар хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад малчнаар байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

            - Ховд аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 03 сарын 10-ны өдрийн 436 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Чандмань  сумын Тахилт баг буюу 2 дугаар бригадын 1971-1973 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,

-Гэрч Л.*******ийн шүүх хуралдаанд өгсөн “Би Т.*******тэй Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн Тахилт бригадад хамт ажиллаж байсан. Манай  аав агент, *******гийн аав малчин байсан. Бид хоёр 1936 онд сургуульд орсон. 1973 онд хамт цэрэгт татагдаж 1976 онд ирж байсан үе тэнгийн найзууд юм. ******* бид хоёр нэг ангид байсан бөгөөд тэрээр 1970 онд илгээлтээр хөдөө гарч байсан жилийн дараа 1971 онд би бас илгээлтээр хөдөө гарч байсан” гэх мэдүүлэг,

            -Гэрч Б.ийн “Т.******* бид хоёр хамт дунд сургуульд суралцаж байсан. ******* ******* нь 1969 онд хөдөө малчин болж мал маллаж байгаад 1973 онд цэргийн албанд явсан нь үнэн” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

          Хүсэлт гаргагч Т.******* нь  1970-1973 оны 5 сар хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж  байсан нь нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хүсэлт гаргагч нь Т.*******гийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г  1970-1973 оны 5 сар хүртэл Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 2 дугаар бригадад малчинаар ажиллаж байсан байдлыг  тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАРИНА