Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 221/2022/0022/З |
Дугаар | 001/ХТ2022/0070 |
Огноо | 2022-11-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүхийн тогтоол
2022 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2022/0070
“М ш” ХХК-ийн гомдолтой,
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны
Мэргэжлийн хариуцлагын хороонд
холбогдох хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Гомдлын шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн МТ/18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/ШШ2022/0027 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нарыг оролцуулан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн МТ/18 дугаар тогтоолоор: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Маргаан үүсгэхээс татгалзах тухай” ТЗ/15 дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/ШШ2022/0027 дугаар магадлалаар: Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.9, 36 дугаар зүйлийн 36.2.2-т заасныг тус тус баримтлан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Өмгөөлөгч Э.Ж, Г.Н нарт холбогдох маргааны тухай” МТ/18 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Давж заалдах журмаар гаргасан гомдол:
3. Гомдол гаргагч “М ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Б.Б нар гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг үндэслэн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.
3.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 14 дэх хуудасны 10 дэх мөрнөөс эхлэн дараах байдлаар давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь эргэлзээгүй зөв үнэлээгүй гэж үзэж байна.
3.2. ... “Э Э Э Э” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын тодорхойлолтод “... шуудангийн компаниар БНХАУ-ын Бээжин хотоос 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр SF11******* тээврийн дугаартай илгээмж /баримтын нэр: итгэмжлэлийн эх хувь/-ийг хүргэж өгсөн гэж тодорхойлсноос тухайн илгээмж дотор маргааны гол зүйл болоод байгаа хуурамчаар дуурайлган үйлдсэн гэх итгэмжлэлийг ирсэн гэж “Э Э Эм Э” ХХК нь тодорхойлоогүйг шүүх анхаараагүй. Илгээмж ирсэн нь үнэн боловч илгээмж дотор байсан итгэмжлэл нь эх хувь эсхүл хуулбар нь одоог хүртэл тодорхойгүйг шүүх анхаарч дүгнэлт өгөөгүй.
3.3. Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/5557 дугаар албан бичгээр “... Бээжингийн Д Ш хөрөнгийн менежментийн ерөнхий компанийн албан ёсны хуулийн этгээдийн итгэмжлэл олгох эрх бүхий албан тушаалтан нь П Ш гэдэг нэртэй хүн байна... Бээжингийн Д Ш хөрөнгийн менежментийн ерөнхий компанийн албаны дарга Ж Ш нь Монгол Улсын өмгөөллийн “З э к” ХХН болон иргэн Э.Ж, Г.Н нарт 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр, 09 дүгээр сарын 29-ний өдөр нийт 3 удаа итгэмжлэл олгосон болохыг нотлов” гэж дурдагдсан боловч тус яамны дурдсан 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл нь хуурамчаар дуурайлган үйлдсэн гэх итгэмжлэлийг яамны зүгээс мэдэж тодорхойлсон эсэх буюу талууд бүгд 1 баримт бичгийг ярьж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа юм.
3.4. Гомдол гаргагчийн зүгээс БНХАУ-ын талаас ирсэн итгэмжлэлийг Э.Ж Г.Н нарын өмгөөлөгч сольж үйлдсэн байх магадлалтай гэж яриад байхад энэ асуудлыг огт тодруулаагүй бөгөөд шүүхээс мөн анхаарсангүй. Хамгийн чухал нь шүүхээс дүгнээд буй хятад хэл дээр ирсэн гэх итгэмжлэл хэргийн материалд байхгүй бөгөөд ийм итгэмжлэлийг өмгөөлөгч Э.Ж, Г.Н нар нь Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргаж өгөөгүй, ер нь яамны тодорхойлолтод дурдагдсан 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлийн эх хувьд иргэний шүүхэд ч тэр, Мэргэжлийн хариуцлагын хороонд ч тэр, захиргааны шүүхэд ч тэр байхгүй, гаргаж ирж өгөөгүй. Э.Жнь бүр зөвхөн тухайн дуураймал баримт олон улсын буухиа шуудангаар ирснийг шүүхэд гаргаж өгсөн болохоо өөрсдөө дурддаг.
3.5. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны зүгээс Бээжингийн Д Ш хөрөнгийн менежментийн ерөнхий компанийн зүгээс тодруулж лавлаж эцэслээгүй бөгөөд Бээжингийн Д Ш хөрөнгийн менежментийн ерөнхий компанийн өгсөн итгэмжлэл нь тухайн хуурамчаар дуурайлган үйлдсэн гэх итгэмжлэл мөн эсэхийг эцэслэж шалгаагүй.
3.6. Илгээмж ирсэн нь тодорхой итгэмжлэл ирсэн болохыг гадаад яам баталсан байхад хуурамч итгэмжлэл гарч ирсэн нь нэг бол БНХАУ-ын Бээжингийн Д Шхөрөнгийн менежментийн ерөнхий компанийн зүгээс нэг бол хуурамч баримт үйлдэж илгээсэн. Үгүй бол өмгөөлөгч нар нь эх итгэмжлэлийг сольж үйлдсэн байх боломжтойг шүүхээс огт анхаарч дүгнэлт өгсөнгүй. Хэргийн материалд хятад хэл дээр эхээр үйлдэгдсэн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл байдаггүй.
3.7. Хуурамч, хуулийн шаардлага хангаагүй итгэмжлэл болохын хувьд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/Ш32021/13971 тоот захирамжид итгэмжлэлүүд нь зөрүүтэй тодорхойгүй бөгөөд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй байх тул тодруулах шаардлагатайг дурдаж иргэний хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд цаашлаад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/Ш32021/07354 тоот захирамжаар Э.Ж, Г.Н нарын ашиглаж буй итгэмжлэл нь хуульд нийцээгүй байх тул Э.Ж, Г.Н нарт нэхэмжлэлийг төлөөлөх эрх олгогдоогүй гэж үзэж үүсээд байсан иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрвээ 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл нь эх хувь байсан бол тус эх хувийг иргэний хэргийн шүүхэд өгөх байсан. Иргэний шүүхэд хуурамчаар үйлдсэн итгэмжлэл өгсөн нь өөрөө хамгийн их маргаантай асуудал болохыг шүүхээс анхаарч дүгнэсэнгүй. Эдгээр дээр дурдсан үндэслэлүүдэд Улсын дээд шүүхээс тодорхой дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна.
3.8. Тус Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн уг дүгнэлт нь хэн үйлдсэнийг тогтоох зорилготой шинжилгээ биш бөгөөд эх хувь эсхүл хуурамч баримт бичиг болохыг тодруулах зорилготой бөгөөд эх хувь биш, дуурайлган хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн болохыг нэгэнт тодорхой дүгнэсэн байх атал тус дүгнэлтийг өмгөөлөгч нар үйлдсэн гэдгийг нотлохгүй гэж илт хуулийг буруу тайлбарлаж өөр дүгнэлт хийлээ. Бодит байдал дээр БНХАУ-аас хэрвээ илгээмж ирсэн бол тэр илгээмж дотор эх хувиар ирсэн итгэмжлэл байх ёстой. Илгээмж илгээсэн талд тамга, тэмдгийн эх хувьд байх нь тодорхой бөгөөд эх тамга, гарын үсэг зурах эрхтэй этгээд хэвлэмэл итгэмжлэл үйлдээд түүнийгээ олон улсын буухиа шуудангаар илгээхгүй нь логикийн хувьд нэн тодорхой юм. Давж заалдах шүүхийн дүгнэсэнчлэн тус Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар дүгнэлтээр итгэмжлэлийг өмгөөлөгч нар хуурамчаар үйлдсэн гэж дүгнэх боломжгүйн адил үйлдээгүй гэж мөн дүгнэх боломжгүй юм. Гагцхүү бодитой байгаа хууль зүйн факт баримт бол дуурайлган үйлдсэн итгэмжлэлийг өмгөөлөгчид шүүхэд гаргаж өгсөн улмаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн үйлдэл юм.
3.9. Бодит байдал дээр БНХАУ-ын талаас итгэмжлэлээ бодитоор явуулсан, гэтэл тухайн итгэмжлэлд дурдсанаас өөр итгэмжлэлийг буюу өөр эрх олгосон итгэмжлэлийг өмгөөлөгч нар нь үйлдэж шүүхэд өгсөн эсэх асуудал нь тодорхойгүй үлдэж байна. Чухам ийм учраас гомдол гарагчийн нарын зүгээс Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд хандсан бөгөөд Мэргэжлийн хариуцлагын хорооны зүгээс: 1.Олон улсын буухиа илгээмж дотор үнэхээр тус итгэмжлэл ирсэн эсэхийг БНХАУ-ын талаас тодруулж тухайн БНХАУ-ын талаас тус хуурамч гэж үзэж маргаж байгаа итгэмжлэлийн талаар тодруулга авсан эсэх; 2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зүгээс энэ итгэмжлэл нь дуурайлгаж хийсэн барласан, гарын үсэг тэмдгийг хуулбарлаж хийсэн гэдгийг мэдэж байгаа хэр нь хэрхэн яагаад шүүхэд гаргаж өгсөн байх асуудлыг тодруулж хэрэг маргаан үүсгэж нягтлах ёстой байтал хуульд заасан энэхүү үүргээ бүрэн гүйцэтгээгүйн улмаас тус маргаан үүссэн.
3.10. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны зүгээс БНХАУ-ын компанитай холбогдож тодруулсан асуудал хэрэгт огт байдаггүй. Өмгөөллийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан “хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан үйлдэл, эс үйлдэхүй, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал болон маргаанд ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлын талаар нэмэлт баримт сэлт. мэдээлэл цуглуулах” гэж заасны дагуу нэмэлт баримт сэлт, мэдээллийг дутуу цуглуулсан. Хуурамч итгэмжлэл шүүхэд өгсөн үйл баримт байхад гомдол, мэдээллийн дагуу хаанаас хэрхэн үйлдэгдсэн талаар нэмэлт ажиллагаа хийгээгүй, гомдлын үндэслэлийг дутуу шалгасан, түүнийг захиргааны хэргийн шүүх анхан шатны журмаар шийдвэрлэхдээ орхигдуулж засаагүй.
3.11. Магадлалын 14 дэх хуудасны 4 дэх догол мөрд дурдсан байгаагаас үзвэл итгэмжлэлийн эх хувийг Хятад хэлэнд Монгол хэлнээс орчуулж хуулбарласан байж болохоор байх бөгөөд итгэмжлэл нь Хятад хэлээр бичигдэж ирсэн болох нь дээр дурдсан “Э Э Э Э” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна гэж үзсэн. Давж заалдах шатны шүүхийн хувьд энэ хэсэгт хэрэгт байхгүй нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн. Хэрэгт холбогдсон өмгөөлөгч нар өөрсдөд нь ирсэн итгэмжлэлийг зөвхөн шүүхэд өгсөн гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл хуурамч эсэхийг мэдээгүй гэж мэдүүлдэг. Гомдол гаргагч “М ш” ХХК-ийн зүгээс “хуурамч гэдгийг нотолж” хэн үйлдсэн болохыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны зүгээс тодруулж маргаан үүсгэж шийдэж өгөхийг хүсдэг. Хариуцагч Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны зүгээс ирсэн итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн нь буруугүй гэж тайлбарладаг. Гэтэл давж заалдах шүүхээс гомдол гаргагч, хариуцагч холбогдох өмгөөлөгч нарын тайлбараас илт зөрүүлж итгэмжлэлийн эх хувийг Хятад хэлэнд Монгол хэлнээс орчуулж хуулбарласан байж болохоор байх бөгөөд итгэмжлэл нь Хятад хэлээр бичигдэж ирсэн болох нь нотлогдож байна гэж хэрэгт байхгүй үйл баримт, нотлох баримт дээр үндэслэгдсэн байдаг.
3.12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд нотлох баримтыг үнэлэх асуудлыг тусгасан бөгөөд 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж зааж өгсөн байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс талуудын тайлбарыг бодитоор харьцуулж үзсэнгүй өөрөө бие дааж дүгнэлт хийсэн, мөн хэрэгт огт байхгүй хятад хэлээр үйлдэгдсэн эх итгэмжлэл байгаа мэтээр дүгнэсэн нь огт үндэслэлгүй болжээ.
3.13. Гомдол гаргагчийн зүгээс гол гаргаж байгаа асуудал бол өмгөөлөгч Э.Ж, Г.Н нар нь хуурамчаар дуурайлган үйлдсэн итгэмжлэлийг дуураймал, хуульд нийцээгүй гэдгийг мэдсэн атлаа ашиглан иргэний хэргийн шүүхэд гомдол гаргагч “М ш” ХХК-ийн эсрэг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх ажиллагаа явуулсан, Төлөөлөн удирдах зөвлөл, Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахыг шаардсан үйлдлийг өмгөөллийн тухай хуулийг холбогдох заалтыг зөрчсөн, өмгөөлөгчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа асуудал юм.
3.14. Тухайн асуудлыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо Өмгөөллийн тухай хуульд заасан журмын дагуу маргаан үүсгэж шалгаагүй. БНХАУ-ын талаас энэ хуурамч итгэмжлэлийн талаар тодруулаагүй. Гадаад харилцааны яамны зүгээс өгсөн албан тоотод дурдагдсан итгэмжлэлийн эх хувь нь Э.Ж, Г.Н нарын ашиглаад байгаа итгэмжлэл мөн эсэхийг огт тодруулаагүй. Гомдол гаргагчийн зүгээс ер нь Э.Ж, Г.Н нар нь БНХАУ-ын компанид хэлэлгүй яваад байгаа юм биш үү гэдгийг тогтоох ажиллагаа нэмэлт баримт цуглуулж өгөөч гэж шаардлага тавихад анхаарч үзээгүй нь хамгийн гол маргааныг дагуулж байгаа юм. Логикийн хувьд БНХАУ-д суугаа хүн тамга дараад гарын үсгээ зураад илгээмжээр явуулсан баримт нь гарын үсэг, тамга нь хэвлэгдсэн байдаг нь хэтэрхий үнэмшилгүй байхад энэ асуудлыг тодорхойлоогүй.
3.15. Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад дараах үйл ажиллагааг хориглоно” гэж тодорхойлж хуульчилсан байх бөгөөд 15.1.9-д “өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ хуулийг зориуд буруу хэрэглэж үйлчлүүлэгчид хохирол учруулах, эсхүл хуурамч нотлох баримт, баримт сэлт ашиглах;” үйлдлийг тусгайлан хориглосныг зөрчсөн байхад маргаан үүсгэхээс татгалзлаа. Энэ үйлдэл нь 1. Өмгөөлөгчид ёс зүйн хариуцлага тооцохоос татгалзсан, 2. Хуулиар ногдуулсан маргаан үүсгэж хянан хэлэлцэх үүргээ биелүүлээгүй зөрчлийг үүсгэлээ. Нэхэмжлэлдээ дурдсанчлан хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаанд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан 2 өмгөөлөгч хэзээ хаана, хэн үйлдсэн нь тодорхойгүй итгэмжлэл ашиглан шүүхээр хянагдаж байсан иргэний хэрэг маргааны нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахыг шаардаж эхэлсэн. Тус итгэмжлэл нь дуурайлган хийсэн нь шинжилгээгээр тогтоогдсон.
3.16. Улсын дээд шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар тогтоолын 31 дэх хэсэгт “хуурамч нотлох баримтад анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлсэн, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг баталсан буюу үгүйсгэсэн нотлох баримт хуурамч болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл худал гэрчилсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, эд мөрийн баримтыг сольсон, нуусан, гэмтээсэн, худал орчуулсан зэргийг хамааруулан ойлгоно” гэж тодорхой заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зүгээс гаргасан дүгнэлтэд иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн итгэмжлэл нь тамга тэмдэг, гарын үсгийг хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн болохыг тодорхойлж өгсөн. Эндээс 1.Хуурамч итгэмжлэл ашигласан. 2. Итгэмжлэлийг дуурайлган үйлдсэн гэсэн бие даасан 2 үйлдэл байх бөгөөд гомдол гаргагчийн зүгээс өмгөөлөгч Э.Ж, Г.Н нарын хуурамч, дуурайлгасан хийсэн, хуулийн шаардлага хангаагүй итгэмжлэл ашиглан шүүхэд эрх зүйн ач холбогдол бүхий үр дүн гаргаж байгаа үйлдэлд ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр хандсан. Цаашлаад тус итгэмжлэлийг хэн үйлдсэн асуудлыг харьяаллын дагуу шалгуулан тусад нь тогтоолгох болно. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны зүгээс хэт хайхрамжгүй хандаж нэгэнт дуурайлган хийсэн итгэмжлэлийг өмгөөлөгч мэдсээр байж шүүхэд хүлээлгэн өгч ашигласан нь тодорхой байхад ёс зүйн хариуцлага хүлээлгээгүйн зэрэгцээ тухайн итгэмжлэлийг хэн үйлдсэн эсэх, цаашлаад хэрвээ өмгөөлөгч нар нь үйлдсэн бол үйлчлүүлэгч нь мэдэж буй эсэх, хохирсон эсэхийг тогтож маргаан үүсгэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шалгаж тогтоох асуудлыг орхигдуулсан байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны зүгээс шуудангаар ирүүлсэн итгэмжлэлийг шүүхэд хүлээлгэн өгсөн нь буруу биш гэж өнгөц дүгнэсэн байх агаад хуурамчаар дуурайлган хийсэн болохыг мэдсээр байгаа атлаа шүүхэд ашиглаад байгаа өмгөөлөгч нарын үйлдэлд маргаан үүсгэн шалгаж үзсэнгүй. Маргаан үүсгэж шалгасан нөхцөлд тухайн үйлчлүүлэгч нь тухайн нотлох баримтыг үйлдсэн эсэх зэрэг асуудлуудыг тодруулах нөхцөл бүрдэх байсан бөгөөд гарцаагүй хийгдэх эдгээр ажиллагааг хийлгүй орхигдууллаа. Итгэмжлэлийг дуурайлган үйлдсэн баримтыг ашиглах нь өмгөөлөгчийн хувьд зөрчил мөн бөгөөд эдгээр өмгөөлөгч нарын хувьд тус итгэмжлэлийг ашигласан нь гарцаагүй нотлогдож байна. Харин түүнийг үйлдсэн асуудал нь бие даасан хэрэг бөгөөд эрүүгийн гэмт хэргийн шинжтэй юм. Үүнийг дурдсанчлан тусгайлан шалгуулах болно. Цаашлаад өмгөөлөгч Г.Н, Э.Ж нарын дараах үйлдэл нь хууль зөрчсөн, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн болохыг дурдаж байна.
3.17. Гомдол гаргагч нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан Өмгөөлөгчийн хууль бус үйлдлийг шалгуулах тухай гомдолдоо эдгээр өмгөөлөгч нар нь “М ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаанд хувьцаа эзэмшигч БНХАУ-ын Бээжин Д Ш хөрөнгө оруулалтын компанид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх явцдаа эргэлзээтэй итгэмжлэлээр Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулахыг шүүхийн маргаанаас гадуур, тусад шаардаж эхэлснээр уг хэрэг маргаан үүссэн болохыг тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нар шүүхээр маргалдаж байх явцад шүүхэд БНХАУ-ын Бээжин Д Ш хөрөнгө оруулалтын компанид өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан өмгөөлөгчид нь өөр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Иймээс тус итгэмжлэлийг шалгуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр хуурамч байна буюу дардсыг хэвлэсэн баримт болохыг тогтоосон. Иймээс бид Та бүхний итгэмжлэл хуурамч байна, иймээс тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулахыг БНХАУ-ын Бээжин Д Ш хөрөнгө оруулалтын компанийн өмнөөс хууль ёсоор шаардах эрхгүй байна. Шүүхийн шатандаа учир зүйгээ олохыг тодорхой хэлсэн.
3.18. Шинжээчийн дүгнэлт гаргасан, тус хэрэгт хавсаргагдсан итгэмжлэлээр компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулахыг шаардсан болохыг өмгөөлөгч нар зөвшөөрдөг, шаардаж байсан болохыг ч Мэргэжлийн хариуцлагын хороо тодорхой тодорхойлсон, энэ асуудлаар талууд маргаагүй байдаг. Харин Мэргэжлийн хариуцлагын хороо тус итгэмжлэл нь БНХАУ-аас ирсэн бөгөөд тус итгэмжлэлийг өмгөөлөгч нар нь хуурамч эсэхийг мэдэх боломжгүй учир хуурамч итгэмжлэл ашигласан эсэх нь тогтоогдохгүй байна, мөн энэ асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны асуудал учир хөндлөнгөөс оролцох боломжгүй байна гэж дүгнэж маргаан үүсгэхээс татгалзсан байдаг. Өөрөөр хэлбэл маргаан үүсгэж гомдлыг хэлэлцэхээс татгалзаж буй атлаа маргаан үүсгэхээс татгалзаж буй үндэслэл нь маргаан үйлдэгдсэн эсэх нь нотлогдохгүй байна хэмээн шийдсэн нь гомдлыг шийдсэнтэй ижил хууль зүйн үр дагавар үүсгэсэн алдаа гаргасан.
3.19. Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн МТ/18 дугаар тогтоолд өмгөөлөгч нараас шүүхэд итгэмжлэлийг гарган өгч өөрсдийн үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах нь өмгөөллийн тухай хууль журмаар үүрэг нь мөн гэж дүгнэсэн. Товчдоо хуурамч гэдгийг тодорхойлсон итгэмжлэлийг ашигласан нь буруутгах зүйлгүй учир хэрэг маргаан үүсгэхгүй хэмээн үзсэн. Хамгийн чухал гол нь өмгөөлөгч этгээд шинжээчийн хуурамч болохыг тогтоосон итгэмжлэлийг ашиглаж байгаа үйлдэл нь ёс зүйн зөрчил мөн эсэхийг нээлтэй орхигдуулж дүгнэлт өгөөгүй.
3.20. Энэ нь цаашлаад дараах дүгнэлтэд хүргэж байна. Өмгөөлөгч нар нь нэг бол үйлчлүүлэгчийн мэдээгүй байхад зөвшөөрөлгүйгээр хуурамч итгэмжлэл үйлдэж ашиглахыг оролдож байна, эсхүл хамтран хуурамч итгэмжлэл үйлдэж ашиглах оролдлого хийж байна. “Э Э Э Э” ХХК нь илгээмж өгсөн гэж тодорхой дурдсан, Гадаад харилцааны яамны зүгээс итгэмжлэл олгосон гэж бичсэн атал хэрэгт авагдсан итгэмжлэл нь хуурамч байгаа нь чухам хамгийн ойлгомжгүй байдлыг үүсгэж байгаа бөгөөд илгээмжээр ирсэн итгэмжлэл нь ямар итгэмжлэл байсныг тодорхой шалгаж нягтлаагүй. Нэгэнт гадаад улсаас илгээмжээр ирсэн байх учир өмнө нь хуульд нийцүүлэн итгэмжлэл үйлдэж байсан гадаадын компани хаа холоос хуурамч итгэмжлэл илгээсэн байх нь учир зүйн хувьд ойлгомжгүй бөгөөд энэ асуудлыг маргаан үүсгэж нягтлахаас Мэргэжлийн хариуцлагын хороо татгалзсан үйлдэл гаргалаа. Одоог хүртэл БНХАУ-ын Бээжин Д Ш хөрөнгө оруулалтын компанид өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан өмгөөлөгчид хуурамч итгэмжлэл ашиглаж буй эсэхийг БНХАУ-ын Бээжин Д Ш хөрөнгө оруулалтын компани мэдэж буй эсэх нь эргэлзээтэй байна. Хамгийн гол нь өмгөөлөгч нар нь хуурамч гэж шинжээчийн дүгнэлт үйлдсэн итгэмжлэлийг дахин дахин ашиглах оролдлого хийж байгаа энэ үйлдэлд ёс зүйн дүгнэлт хийлгүй орхигдууллаа.
3.21. Энэ итгэмжлэл хуульд заасан шаардлага хангаагүй болохыг шинжээч тодорхойлсон, итгэмжлэл нь Иргэний хуульд заасан итгэмжлэлийн шаардлагыг хангаагүй болох нь илт нөхцөлд хуульч, өмгөөлөгч байтлаа шүүхэд хүлээлгэн өгсөн, тус итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх оролдлого хийж буй өмгөөлөгчийн үйлдлийг авч хэлэлцээгүй, тодорхой дүгнэлт байхгүй шууд маргаан үүсгэхээс татгалзсан.
3.22. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШЗ2021/13971 дүгээр захирамжид итгэмжлэлүүд нь зөрүүтэй тодорхойгүй бөгөөд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй байх тул тодруулах шаардлагатайг дурдаж иргэний хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд цаашлаад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/Ш32021/07354 дүгээр захирамжаар Э.Ж, Г.Н нарын ашиглаж буй итгэмжлэл нь хуульд нийцээгүй байх тул Э.Ж, Г.Н нарт нэхэмжлэлийг төлөөлөх эрх олгогдоогүй гэж үзэж үүсээд байсан иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус шүүгчийн захирамжийг нотлох баримтыг шаардлага хангуулан хавсарган хүргүүлж байна. Өөрөөр хэлбэл нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй байх бөгөөд тамга, тэмдэг дардас нь өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон болохыг тусгайлан дурдаж байна.
3.23. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/ШШ2022/0027 дугаартай магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Өмгөөлөгч Э.Ж, Г.Н нарт холбогдох маргааны тухай” МТ/18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
4. Дараах үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Үйл баримтын тухайд:
5. “М ш” ХХК-иас “өмгөөлөгч Г.Н, Э.Ж нар нь ... иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч нотлох баримт гарган ноцтой зөрчил гаргасан” гэх агуулгатай гомдлыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргаж, тус хорооны хянан шалгагчаас “... хуурамч баримт сэлт үйлдсэн, ашигласан гэх нотлох баримт тогтоогдоогүй” гэх үндэслэлээр гомдолд дурдсан өмгөөлөгч нарт холбогдуулан маргаан үүсгэхээс татгалзах тухай 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ТС-16 дугаар санал гарган, уг саналаа Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын (цаашид “Журмын” гэх) 47 дугаар зүйлд заасны дагуу хорооны Гишүүнд хүргүүлжээ.
5.1. Тус хорооны гишүүнээс маргаан үүсгэхээс татгалзах тухай саналыг хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Маргаан үүсгэхээс татгалзах тухай” ТЗ/15 дугаар захирамж гаргасныг гомдол гаргагч “М ш” ХХК-иас эс зөвшөөрч Журмын 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргаж, Хорооны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаас маргаан үүсгэхээс татгалзсан захирамжийг хэвээр үлдээж, МТ/15 дугаар тогтоол гаргасан байна. Үүнээс үзэхэд, өмгөөлөгч Г.Н, Э.Ж нарыг Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн Мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн талаар зөрчил шалгах ажиллагаа явуулаагүй буюу тэдгээрт холбогдуулан маргаан үүсгэх ажиллагаа явагдаагүй байна.
Хууль зүйн үндэслэлийн тухайд:
6. Өмгөөллийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар Мэргэжлийн хариуцлагын хороо маргааныг хянаж, мөн зүйлийн 36.2.1-д “өмгөөлөгч хууль, Ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон бол энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэх”, 36.2.2-т “өмгөөлөгч хууль, Ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй бол маргааныг хэрэгсэхгүй болгох”, 36.2.3-т “энэ хуулийн 31.8-д заасан хариуцлага хүлээлгэх хугацаа өнгөрсөн бол маргааныг хэрэгсэхгүй болгох”, 36.2.4-т “зөрчлийг тал бүрээс нь, бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй гэх үндэслэл байгаа бол нэмэлт ажиллагаа хийлгэхээр энэ хуулийн 32.5-д заасан ажлын албанд буцаах” гэж заасан шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд өмгөөлөгч, эсхүл хүсэлт, гомдол, мэдээллийг ирүүлсэн этгээд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй талаар 37.1-д хуульчилжээ.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4-т заасан “Өмгөөллийн тухай хуулийн 7.7, 37.1-д заасан маргаан”-ыг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээр хуульд тусгайлан зохицуулсан. Өмгөөллийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан маргаанд хамаарахгүй буюу маргаан үүсгэхээс өмнөх ажиллагаанаас гарсан шийдвэр (тогтоол)-ийг хүчингүй болгуулах гомдол нь тус шүүхийн харьяаллын маргаан мөн эсэхэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй нь буруу.
8. Учир нь, Журамд маргаан үүсгэхээс татгалзах ажиллагаа болон өмгөөлөгчид холбогдуулан маргаан үүсгэж зөрчил шалгах ажиллагааны талаар тус тусад нь тодорхойлон зохицуулсан бөгөөд мөн Журмын 3.1.9, 64.1-д зааснаар маргаан хянан шийдвэрлэх хуралдаанаас гарсан шийдвэрийг Өмгөөллийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан шийдвэр гэж үзэхээр байна.
9. Тодруулбал, Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдаанаас гарсан шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар харьяалан шийдвэрлэх тул өмгөөлөгчийг зөрчил гаргасан эсэхийг шалгах ажиллагаа явуулаагүй буюу тэдгээрт холбогдуулан маргаан үүсгэхээс татгалзсан хорооны тогтоол нь маргаан хянан шийдвэрлэсэн хуралдааны шийдвэр биш тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4-т заасан маргаан гэж үзэхгүй.
10. Иймд магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр “М ш” ХХК-ийн хэргийг хэрэгсэхгүй болгож, гомдлыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/ШШ2022/0027 дугаар магадлалыг хүчингүй болгож, “М ш” ХХК-иас гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн МТ/18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож, гомдлыг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.1-д тус тус зааснаар “М ш” ХХК-иас шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан буцаан олгож, давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Ц.ЦОГТ
Х.БАТСҮРЭН