| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 133/2016/0018/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2017-04-26 |
| Зүйл хэсэг | 215.1., 215.2., |
| Улсын яллагч | Ш.Эрдэнэбилэг |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 113
Н.Баярсайхан, А.Баасандаш нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор Ш.Эрдэнэбилэг,
нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Баярсайхан, А.Баасандаш нарт холбогдох эрүүгийн 201607000017 дугаартай хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Найдангийн Баярсайхан нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан” гэмт хэрэгт,
Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял,
Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 20 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн,
хэрэг хариуцах чадвартай, Жалайр овгийн Амарсанаагийн Баасандаш нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Баярсайхан нь хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, шүүгдэгч А.Баасандаш нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баярсайханд холбогдох Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баасандашийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасч, 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баасандашд оногдуулсан 2 жил ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс шүүгдэгч А.Баасандашийн тээврийн хэрэгсэл жолоодох нэмэгдэл ялын хугацааг тоолж, Н.Баярсайханы жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхийг буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг рентген зургийг хохирогч Э.Балжинням, шүүгдэгч А.Баасандаш нарт буцаан олгож, цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Энхтүвшин нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж, шүүгдэгч Н.Баярсайханы 42 инчийн зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтэд “… Улсын Ерөнхий прокурорын газраас прокурорын яллах дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг хянах явцад А.Баасандашд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Баасандаш гэм буруугүй нь тодорхой байхад Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасч, 2 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэн гэм буруугүй А.Баасандашд эрүүгийн хариуцлага оногдуулсан байна. Шүүгдэгч А.Баасандаш нь “Мустанг” загварын мотоциклийг жолоодон насанд хүрээгүй Э.Балжиннямыг сундлан төв замаар чигээрээ зорчиж явахад нь шүүгдэгч Н.Баярсайхан “... жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийг өөрчлөхдөө бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана”, “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж, “Тоёота Клугер” загварын автомашинаар мотоциклтой зорчигч нарын хажуугаас мөргөж иргэн А.Баасандашийн баруун хөлөнд 2 хугарал, Э.Балжиннямын хөлийн баруун дунд чөмөгний далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтлүүдийг учруулсан байхад хохирогч А.Баасандашд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, бусдын хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Мотоциклийн жолооч А.Баасандаш нь тухайн тээврийн хэрэгсэлд тохирох жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч яваагүй, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь захиргааны зөрчлийн шинжтэй бөгөөд дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлөөгүй болох нь 2016 оны 1 дүгээр сарын 29-ний шөнө “хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хохирогч А.Баасандаш насанд хүрээгүй хохирогч Э.Балжинням, гэрч Ж.Алтангэрэл, Ө.Ариунаа нарын мэдүүлэг, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 44, 45 дугаартай шүүх эмнэлгийн “Шинжээчийн дүгнэлт”, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зам тээврийн ослын “Шинжээчийн дүгнэлт” зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3-т “... гэм буруугүй этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахад хүргэсэн байж болох” үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Баасандашд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 361 дүгээр зүйлийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг “... анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруугүй А.Баасандашид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн прокурорын дүгнэлт бичсэн. Иймд дээрх дүгнэлтийн дагуу гэм буруугүй хүнд ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Баасандашийг цагаатгаж өгнө үү” гэв.
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай прокурорын бичсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.1-357.1.3-д заасан үндэслэлүүд тогтоогдвол хэргийг шинэ нөхцөл байдлын улмаас сэргээн шалгадаг болно.
Ингэхдээ шинэ нөхцөл байдал илэрсэн тухай гомдол, хүсэлтийг прокурорт явуулж, прокурор дээрх үндэслэлийн аль нэг нь байвал шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж өөрөө мөрдөн шалгах, эсхүл мөрдөн байцаагчид даалгавар өгч шалгуулах бөгөөд шинэ нөхцөл байдлыг шалгаж дуусмагц прокурор дүгнэлтээ хэргийг мөрдсөн материалын хамт Улсын дээд шүүхэд хүргүүлж хянан шийдвэрлүүлэх журмыг хуулиар тогтоожээ.
Гэтэл Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор нь шинэ нөхцөл байдлын улмаас хэргийн ажиллагаа үүсгээгүй, шалгаж шалгуулаагүй атлаа "... шүүгдэгч Н.Баярсайхан нь зүүн гар тийш эргэхдээ чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх дүрмийн заалтыг зөрчиж, мотоциклийг хажуугаас нь мөргөж А.Баасандаш, Э.Балжинням нарын биед хүндэвтэр гэмтэл учруулсан байхад хохирогч А.Баасандашид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Мотоциклийн жолооч А.Баасандаш тухайн тээврийн хэрэгсэлд тохирох эрхийн үнэмлэх биедээ авч яваагүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь захиргааны зөрчлийн шинжтэй бөгөөд гэмт хэрэг гарахад нөлөөлөөгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон" тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3-д заасан "... гэм буруугүй этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүргэсэн байж болох" үндэслэлтэй гэжээ.
Прокурорын дүгнэлтэд дурдсан дээрх нөхцөл байдал тухайн хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх үед мэдэгдэж байсан үйл баримт болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3-д заасан "... гэм буруугүй этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахад хүргэсэн" үндэслэл нь шүүхийн тогтоол гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдлыг шинээр илрүүлсэн байхыг ойлгоно.
Иймд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн 362.1.1-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 6/02 дугаартай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ,
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.ЦОГТ