Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 358

 

Ж.Саранчимэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Цогтсайхан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жанчивдорж, түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 586 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор Ж.Саранчимэгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 502 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Саранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ж.Саранчимэгт газар эзэмших эрх олгох хуульд нийцсэн шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж.Саранчимэгт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Хандгайтын богины аманд маргаан бүхий газарт Ж.Жанчивдоржийн гарааш байрлаж байгаа хэсгийг оролцуулахгүйгээр газар эзэмших захирамж гаргахыг даалгаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжийн Л.Дашдулам, Ж.Жанчивдорж нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 586 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 502 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ж.Жанчивдоржийн эзэмшиж байгаа газартай хамааралгүйгээр иргэн Ж.Саранчимэгийн гэрээний дагуу эзэмшиж байсан газар, кадастрын зураг нь тодорхой байгаа бөгөөд Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2014 оны 215 дугаар тогтоолд заасанчлан Ж.Жанчивдоржийн гарааш байгаа газрыг хасаад бусад газрыг эзэмших бүрэн үндэстэй гэж үзэж байгаа юм.

Нэхэмжлэгч Ж.Саранчимэг нь 2014 оны 10 дугаар сар, 2015 оны 4, 5, 6, 10 дугаар саруудад удаа дараа газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан нь түүний гаргаж байсан хүсэлтүүдээр нотлогддог бөгөөд хариуцагч хуулийн хүрээнд хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй байсан гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй.

Сүхбаатар дүүргийн засаг дарга нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүй орхисон атлаа маргаан бүхий газрыг Л.Дашдулам, Ж.Жанчивдорж нарт эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзнэ. Дээд шүүх Ж.Саранчимэгт газар эзэмшүүлсэн хэсэг нь иргэн Ж.Жанчивдоржийн зөвхөн гарааш байрлаж байгаа хэсгийг давхцуулан газар эзэмшүүлсэн нь хууль бус гэж үзсэн бөгөөд үлдэх газрын хил хязгаарыг ялгамжтай тогтоон Ж.Саранчимэгт эзэмшүүлэх боломжтой байгаа юм.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн удаа дараа гаргаж байсан хүсэлтийг үл харгалзан урд түүний гэрээний дагуу эзэмшиж байсан газрыг Л.Дашдулам,Ж.Жанчивдорж нарын анх удаагаа хамтран гаргасан хүсэлтийг үндэслэн тэдэнд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь хуульд зөрчсөн гэж манай тал үзэж байгаа.

Шүүхэд хандаж хэрэг маргааныг шалгаж байх явцад Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь хууль бусаар Ж.Жанчивдорж  болон  түүний  эхнэр Л.Дашдулам  нарт  нэгж талбарын 18641331761244 дугаар бүхий  503  м.кв талбайтай, 18641331777246 дугаар бүхий 660 м.кв талбайтай газар эзэмших А/428 дугаартай захирамжийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан байна. Ингэхдээ шүүхийн шийдвэрт заасны дагуу Ж.Жанчивдорж нь өөрийн үл хөдлөх хөрөнгийг байршиж байгаа газраа багтаан кадастрын зургаа гарган захирамж гаргуулах үүрэгтэй байтал гараашаа багтаахгүйгээр кадастрын зураг гарган захирамж гаргуулсан байна. Харин Л.Дашдуламд нь Ж.Жанчивдоржийн гарааш байгаа газрыг багтаан кадастрын зураг гаргуулан захирамж гаргасан байна.

Хяналтын шатны шүүхийн тогтоолын заалтыг үл харгалзан тухайн зуслангийн газарт газар эзэмшиж байгаа нэг гэр бүлийн 2 иргэнд газрыг хувааж эзэмшүүлсэн Засаг даргын шийдвэр Газрын тухай хуулийн заалт агуулгатай нийцээгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жанчивдорж болон түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. 2016 оны 9 дугаар сарын 07-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаар 0586 тоот магадлалын талаар: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин тодруулахаар хэргийг буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Мөн тухайн газар дээр Ж.Саранчимэг гэдэг анхнаасаа байгаагүй, эзэмших эрх байхгүй юм байна, бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газар дээр Ж.Саранчимэгт газар олгосон засаг даргын шийдвэр хууль зөрчсөн, буруу шийдвэр байна гэж үзэн Ж.Саранчимэгийн газар эзэмших 255 дугаар захирамжийг захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү газар нь Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасны дагуу төрийн мэдлийн газар болж улмаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу хуулийн шаардлага хангасан этгээдэд эзэмшүүлэх эрх нээгдсэн юм. Л.Дашдулам, Ж.Жанчивдорж нар нь Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд заасан шаардлагыг ханган Өмч, газрын харилцааны албанд 2014 оны 10 дугаар сарын 31-ны өдөр, 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тус тус газар эзэмших хүсэлт гаргасан байдаг бөгөөд энэ талаарх нотлох баримт болох "Өргөдөл хүлээн авсан тодорхойлолт", мөн өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягт хавтаст хэрэгт авагдсан.

2. 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дугаар 0502 тоот шийдвэрийн талаар: Газар эзэмших хүсэлтийг түрүүлж гаргасан, удаа дараалж гаргасан гэдгээр нь бус Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан нөхцөлд хүсэлтийг хүлээн авч, газрыг олгодог. Газрын тухай хуульд заасны дагуу шаардлагаа хангасан өргөдөл бичиг баримтыг үндэслээд Засаг дарга өөрийн захирамжаар газар эзэмших эрхийг олгодог асуудал.

Түрүүлж гаргасан, удаа дараалж гаргасан тухайд; Л.Дашдулам, Ж.Жанчивдорж нар нь Өмч, газрын харилцааны албанд 2014 оны 10 дугаар сарын 31-ны өдөр, 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тус тус хүсэлт гаргасан байдаг бөгөөд энэ талаарх нотлох баримт болох "Өргөдөл хүлээн авсан тодорхойлолт"-ыг шүүх хуралдааны үед гарган өгч хэрэгт авагдсан. мөн өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягт хавтаст хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч Ж.Саранчимэгээс түрүүлж Л.Дашдулам. Ж.Жанчивдорж нар нь газар эзэмших хүсэлтээ гаргасан. Үүнийг шүүх үнэлээгүй, зөвхөн Ж.Саранчимэгийн гаргаж өгсөн хүсэлтийг дурдан, Ж.Саранчимэг л түрүүлж, удаа дараа хүсэлт гаргаж байсан мэт нотлох баримтыг гуйвуулан тайлбарлаж хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн бодитой үнэлээгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Газар эзэмших хүсэлтийг түрүүлж гаргасан, удаа дараалж гаргасан гэдгээр давуу эрх үүсэхгүй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.3 дэх хэсэгт заасныг үндэслэн Засаг дарга газар эзэмших эрхийг хууль ёсны дагуу Л.Дашдулам, Ж.Жанчивдорж нарт олгосон. Иргэн Ж.Жанчивдорж, Л. Дашдулам нар нь Өмч, газрын харилцааны албанд 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргасан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлж болохоор заасан, бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй, зөвшөөрөл авсан газар бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйл зүйлд заасны дагуу хүсэлтээ гаргасан бөгөөд энэ нь баримтаар нотлогдож байдаг.

Газрын тухай хуульд анх удаа гаргасан, хоёрдох удаагаа гаргасан хүсэлт гэж ялгаа байхгүй. Гэтэл шүүгч газар эзэмших хүсэлтийг түрүүлж гаргасан. удаа дараалж гаргасан тохиолдолд газар эзэмших эрх олгодог мэт, газар эзэмших хүсэлтийг анх удаа гаргасан бол газар олгохгүй мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.3 дэх хэсэгт заасныг үндэслэн Засаг дарга газар эзэмших эрхийг хууль ёсны дагуу Л.Дашдулам. Ж.Жанчивдорж нарт олгосон нь хариуцагчийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн шүүхэд гаргаж өгсөн тайлбарт: "...Нэхэмжлэгч Ж.Саранчимэг нь тус дүүргийн Өмч, газрын харилцааны газарт 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан өргөдөл нь Ж.Жанчивдоржтой холбоотой захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар гомдол гаргасан бөгөөд газар эзэмших хүсэлтийг тус албанд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан бөгөөд иргэн Ж.Жанчивдорж, Л.Дашдулам нар нь тус албанд 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших талаар хүсэлтээ гаргасан нь хувийн хэрэгт  авагдсан  нотлох  баримтаар  нотлогдож байна" гэсэн байдгаар нотлогддог.

Харин Ж.Саранчимэгийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан газар эзэмших хүсэлт нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг хангаагүй буюу гаргасан хүсэлтэд хаана байршилтай ямар хэмжээний газар авах нь тодорхойгүй, газрын тойм зургаа тус албанд өгөөгүй байдаг.

Иймд Газрын тухай хуульд заасны дагуу шаардлага хангасан хүсэлтийг хүлээн авч газар эзэмших эрх олгох асуудал нь Засаг даргын эрх бөгөөд анх удаа гаргасан хүсэлт гэсэн ялгаа байхгүй юм.

Мөн 1 гэр бүлийн 2 хүн гэдэг нэр томьёо хуульд байхгүй, 1 гэр бүлийн 2 хүнд газар хувааж эзэмшүүлж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй бөгөөд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасантай хэрхэн яаж нийцэхгүй байгаа нь тодорхойгүй, бүрэн бодитой дүгнэлт байхгүй, үндэслэлгүй байна.

Мөн хүсэлт гаргах үед энэ газар нь маргаан бүхий газар болоогүй байсан учир Ж.Саранчимэгт мэдэгдэх шаардлага үүсэхгүй юм. Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүсэлт гаргаж, тэр хүсэлтийг нь үндэслэн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасны үндсэн дээр тухайн иргэний газар эзэмших эрх үүсдэг, Гэтэл энэ тохиолдолд Ж.Саранчимэг нь газар эзэмших эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд биш тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн зүйл байхгүй юм.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3-т заасан заалтууд нь хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй байх бөгөөд эдгээр заалтыг үндэслэн Л.Дашдулам, Ж.Жанчивдорж нарын газар эзэмших эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байх бөгөөд шүүгч материаллаг хуулийг буруу хэрэглэн шийдвэр гаргасан.

Улсын дээд шүүхийн 215 дугаар тогтоол дээр "зөвхөн гарааш байрлаж байгаа хэсэг" гэж байдаггүй. Харин "зөвхөн өөрийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газартай давхцаж буй газрын асуудлаар" гэсэн байдаг. Мөн тогтоолд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас газраа хооронд нь зохицуулж олгоход тогтоол хамаарал болохгүй гэсэн ганцхан өгүүлбэр байдаг. Энэ саад болохгүй гэсэн хэсгийг надад олго гэсэн гэж тайлбарлаж урвуугаар яриад яваад байгаа. Шүүхийн шийдвэрийн агуулга бол Ж.Саранчимэгт олгосон газрыг хүчингүй  болгосон  агуулгатай.  Энэ тогтоол саад болохгүй  гэдэг нь талууд хоорондоо зохицоод газраа авах юм бол энэ тогтоол саад болохгүй гэсэн санаа байгаа. Тогтоол саад болохгүй гэдэг нь Ж.Саранчимэгт газар олго гэсэн заалт биш юм.

Энэ газрын түүхийг дурдвал анх н.Угтаабаяр, Ж.Жанчивдорж, н.Ганхуяг, Н.Сувд, н.Балдорж гэсэн 5 хун байсан. Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/176 захирамжаар олгогдсон 5 иргэн байсан. Ж.Саранчимэг гэдэг хүн 2007 онд гэнэт ороод ирсэн. Ж.Жанчивдорж гэдэг хүн 20 жилийн өмнө энэ газар дээр анх байсан, Ж.Саранчимэг гэдэг хүнд 2007 онд газар олгогдсон хэрнээ энэ газар дээр байдаг ямар ч мэдээлэл байдаггүй. 2013 онд гэнэт гарч ирээд маргаан үүсгэсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй бол дүүргийн засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгодог. Шүүх уг газрын маргааныг шийдвэрлээд Ж.Саранчимэг гэдэг хүн энэ газар дээрээ анхнаасаа байгаагүй, эзэмших эрх байхгүй юм байна, бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газар дээр Ж.Саранчимэгт газар олгосон засаг даргын шийдвэр хууль зөрчсөн, буруу шийдвэр байна гэж шүүхийн шийдвэр гарсан байдаг.

Энэ хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргаж буцаасан нь буруу гэж үзэж байна. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэг нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй үндэслэлгүй болсон. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Саранчимэг нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан газар эзэмшүүлэх захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ж.Жанчивдоржийн гарааш байгаа газрыг давхардуулахгүйгээр 700 мкв газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/428 дугаар захирамжийн Ж.Жанчивдорж, Л.Дашдулам нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамжаар Ж.Саранчимэгт Хандгайтад байрлалтай “700 мкв” газрыг зуслангийн зориулалтаар эзэмших эрхийг баталгаажуулж шийдвэрлэсэн байна.

Энэхүү захирамжийг хүчингүй болгуулахаар Ж.Жанчивдорж нэхэмжлэл гаргасныг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 215 дугаар тогтоолоор хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг хангаж, 255 дугаар захирамжийг хүчингүй болгохдоо “Ж.Жанчивдорж нь Ж.Саранчимэгийг тухайн газарт газар эзэмших эрхтэй эсэх талаар биш зөвхөн өөрийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрын асуудлаар маргаж байгааг үндэслэн тухайн маргаж байгаа газрын хил хязгаарыг ялгамжтайгаар тогтоож, шийдвэрлэхэд шүүхийн энэхүү тогтоол саад болохгүй” болохыг дүгнэж байжээ.

Одоо нэхэмжлэгчээс “энэхүү хяналтын тогтоолд зааснаар гарааш байрлах газрыг хасч, үлдэх газрыг эзэмших эрхтэй” гэж маргасан байна.

Нийслэлийн Засаг даргын 1997 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн А/176 дугаар захирамжаар Х.Угтаабаяр нарын 5 иргэдэд амины орон сууцны зориулалтаар 3000 мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба эдгээр иргэдийн нэг нь Ж.Жанчивдорж багтаж байжээ.

Эдгээр 5 иргэдийн газрын байршил нь нэгдсэн нэг хашаатай байсан талаар өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон бөгөөд эдгээр 5 эзэмшигчийн нэг болох Н.Сувд нь “өөрийн эзэмшил газраа дүү Ж.Саранчимэгт шилжүүлсэн” гэж нэхэмжлэгчээс маргаж байна.

Иймээс энэ хүрээнд Н.Сувдын эзэмшил газрын байршлыг тодруулах, газраа хэрхэн эзэмшиж ашиглаж ирсэн, “газар эзэмшүүлэхийг даалгах” нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд газар эзэмшүүлэх бодит боломж байгаа эсэх зэргээр хэргийг бүрэн гүйцэд шалгах шаардлагатай юм.

Нийслэлийн Засаг даргын 1997 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн А/176 дугаар захирамжаас үзэхэд нэг иргэн 600 мкв газар эзэмших эрхтэй тул Ж.Жанчивдорж нь хэдэн мкв эзэмшиж байсан, газрын байршил, хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн, энэ нь бусад этгээдийн эзэмшил газартай давхцсан эсэх талаар нотлох баримтыг цуглуулах, мөн түүний эзэмшлийн гараашийн хэмжээ хэд болох, хаана байрлаж байгааг нягтлан үзэх нь хэрэгт ач холбогдолтой байна.

Өмнөх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.Жанчивдорж, Ж.Саранчимэг нар хэн нь түрүүлж газар эзэмших эрх үүссэн тухай маргасан байхад захиргааны байгууллагаас өөр этгээд болох Л.Дашдуламд газар эзэмшүүлсэн шалтгаан нөхцөлийг тодруулж шалгах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийх замаар одоо маргаж байгаа газрын байршлыг тодруулах, түүнчлэн газрын хэмжээний өөрчлөлтийн талаарх өмнөх түүхийг судлах, шаардлагатай бол шинжээч томилох зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулах шаардлагатай байна.

Дээрх үндэслэлүүдээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 586 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүрийн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ