| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0130/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/120 |
| Огноо | 2021-05-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,
Улсын яллагч: Г.Цогтмагнай,
Шүүгдэгч: А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Гд холбогдох эрүүгийн 2114000900116 тоот хэргийг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Боль овогт Авирмэдийн Ган-Оргил, / Регистрийн дугаар: ВС92072714-тай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч А.Г нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатансуудал 5 дугаар багт байх гэрээсээ хашаан дотор байсан өөрийн 0882 БНА улсын дугаартай Тоёота сейнтай (Тоуота Sienta) маркийн суудлын авто машиныг жолоодож Баянхонгор аймгийн Баянлиг сумын төвд байх Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн 103 дугаар салбар луу буюу ажилдаа явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас хашаан дотор явж байсан өөрийн 2 настай хүүхэд Г.Тийг мөргөн унагааж толгойг нь дайрч эрүүл мэндэд гавлын титэм заадас, зулай, зүүн чамархай ясны хугарал, тархины 2 тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн доод зовхинд цус хуралт, баруун шанаанд зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
1. Шүүгдэгч А.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би уг зүйл хэсгийг ойлголоо. Хэргийн зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Монгол хэл бичиг үсэг мэднэ. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянлиг сумын Хатансуудал 5 дугаар багийн Өлзийт хороололд 1600 цагийн орчимд би өдөр гэртээ ажлаасаа ундандаа ирчихсэн байж байсан. Тэгээд би гэртээ байж байсан чинь ажлаас над руу залгаад “Цахимаар шалгалт аваад байна хурдан ирээд шалгалтаа өгөөдөх” гээд байхаар нь би яараад гэрээсээ гараад 08-82 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ суугаад хөдөлгөөнд оролцох гэтэл манай аав гараараа дохиод байхаар нь би тэр дороо машинаа зогсоогоод буугаад хартал манай хүүхэд Г.Т уг машины зүүн талын урд дугуйн дор Г.Тийн толгой хэсэг дээр машины дугуй гарчихсан байсан. Тэгээд би сандарч машиныхаа урд дугуйг өргөтөл манай хүүг аав дугуй дороос гаргаж аваад гэрт оруулчхаад би шууд сумын Эрүүл мэндийн төв дээр ирж дуудлага өгөөд эмч мөн эхнэрийгээ авч очоод хүү Г.Тдээ эмнэлгийн тусламж үзүүлж Баянхонгор аймгаас түргэн дуудаж түргэн нь шөнө ОО00 цагийн үед ирсэн. Тэгсэн аймгаас ирсэн эмч нар сумын эрүүл мэндийн төв дээр авчирч эрчимт эмчилгээ хийлгэсэн. Миний 0882 БНА,улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын толь нь урд нь сууриараа цавтай байсан. Тухайн үед хүүхдээ машин дороосоо гаргах гэж байгаад мөрлөөд унагасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 88/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г мэдүүлэхдээ: Би 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг орчим ажлаас дуудаад гэрээс гарсан. Тэгэхэд хүүхэд өвөөгийндөө орсон байсан. Тэгээд яаруу гарч ирээд аавыгаа усны сав тавих юм уу гэсэн Тэгээд хөдөлгөөн эхлэхэд аав гараараа дохисон. Тэгтэл хүүхэд дайрагдсан байсан. Эмнэлгийн тусламж дуудаад тусламж үзүүлсэн. Хотоос нисдэг тэрэг дуудаад гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдээд буцаж ирсэн байгаа, Хүүхдээ хараагүй, Одоо тархины гэмтэл зүгээр болсон гэв.
3. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 16:00 цагийн орчим би Баянлиг сумын Эрүүл мэндийн төв дээр ажил дээр байж байхад манай нөхөр над руу залгаад “Би хүүгээ дайрчихлаа. Би одоо ажил дээр чинь очиж байна. Чи эм тариа аваад гараад ир” гэж ярихлаар нь хүүхдийн эмчийг дагуулаад гэр лүүгээ очиход манай хүү Г.Тийг хойд айлын эгч тэвэрчихсэн сууж байхаар нь орон дээр хэвтүүлээд хүүхдийн эмч үзээд тариа, дусал хийж сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар аймгийн эрүүл мэндийн төвд хэлээд аймгаас эмч нар шөнө нь ирсэн. Одоо манай хүү Г.Тийн биеийн байдал сайн байгаа. Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд гавал тархины тасагт 16 хоног сэхээн амьдруулах тасагт 4 хоног эмчилгээ хийлгэж биеийн байдал сайжраад эмнэлгээс гараад Баянлиг сумандаа 03 дугаар сарын 28-ны өдөр ирсэн... Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 18, 94/
4. Гэрч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
… 2021 оны 02 сарын 24-ний өдөр 1600 цагийн орчим хашаанд дотроо мотоциклоо янзлаад ач хүү Г.Тийн хамт сууж байхад манай хүү А.Г өөрийн машинаар өвс ачиж өөрийн гэрийн ар талын амбаарын урд талд буулгаад “Ажлаас дуудаад байна. Ажил явлаа. Усны сав тавих уу” гэж хэлэхээр нь би гэрээс усны сав аваад гараад иртэл машин хөдөлсөн. Тэгтэл ач хүү гүйгээд урд талаар ортол машин купер хэсгээр мөргөөд зүүн урд талын дугуйн доогуур нь орохоор нь “Наана чинь хүүхэд зогс” гэж орилоход хүү машинаа зогсоотол ач хүү маань машины зүүн урд талын дугуйн доогуур толгойн тал хэсэг нь хэлтгий байдалтай орсон байсан. Хүү А.Г машинаас бууж ирээд машинаа цааш нь түлхээд би ач хүүгээ дугуйн доороос сугалж аваад гэрт нь оруулаад А.Гыг эмнэлэг рүү түргэн дуудуулахаар нь явуулсан. Тэгээд арваад минутын дараа эмч болон ээжийг нь дагуулж ирээд хүүхдийг эмч үзсэн Мөн сумын их эмч н.Нансал ирж үзээд “Хөдөлгөж болохгүй” гээд гэрт нь байлгаж байгаад аймгаас эмч нар ирж үзээд сумын эмнэлэг рүү авч яваад сумын эмнэлэгт хэвтүүлж байж байгаад өчигдөр буюу 2021 оны 02 сарын 25-ны өдөр Улаанбаатар хот руу авч явсан юм. Тухайн осол болоход би манай ач хүү Г.Т, хүү А.Г нар байсан өөр хүн байгаагүй. Мөн өөр ослыг үзсэн, харсан хүн байхгүй. Манай хашаа, гэр хорооллын гудамжнуудаас тусдаа ганцаараа байдаг хашаа байгаа юм. Манай хүү манайхтай нэг хашаанд байдаг. Хүүгийн эхнэр ажилдаа явсан. Мөн манай эхнэр ажилдаа явсан байсан юм. Хүү А.Г цэргийн ангид, эхнэр нь эмнэлэгт ажилладаг. Би өөрийн гэрээс гараад иртэл машин дөнгөж хөдөлсөн. Тэгтэл хүүхэд урдуур нь ортол зүүн урд талын купер хэсгээр мөргөхөөр нь “Наана чинь хүүхэд. Зогс” гэж хэлээд гүйсэн. А.Г мөн зогссон. Тэгээд хүүхдээ дугуйн доороос авахад машины дугуй, хүүхдийн нүүрний баруун талын хэсэгт тал гарсан, биеийн хэсэг нь машины зүүн талд гарсан байдалтай байсан.Тэгээд хүү А.Г машиныг цааш нь түлхээд би ач хүүгээ татаж авсан юм. Машин удаан дөнгөж хөдөлж байсан юм. Осол болсны дараа хүүхдийн хамраас цус гарсан уйлаад байсан. Тархиндаа буюу гавлын яс зөрсөн гэмтэл учирсан юм шиг байна лээ. Одоогоор биеийн байдал гайгүй байна гэж байсан. 0882 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай хүү А.Гын эзэмшлийнх. 2020 оны 09 сард худалдаж авсан юм. Тухайн тээврийн хэрэгсэлд ямар нэг гэмтэл учраагүй. А.Г ямар нэг согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байгаагүй. Тухайн осол болох үед ач хүүгээ би харж байгаад гэр лүү орж усны сав авах хооронд ач хүү маань аавынхаа машин руу гүйгээд орсон юм. Би ач хүүгээ сайн харж байсан бол осол болохгүй байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
5. Гэрч Д.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 1700 цаг өнгөрч байхад ажил дээрээ үзлэг хийж байгаад коридорт явж байхад статистикт бага эмч “Ш.Га эмчийн хүүхэд машинд дайруулсан гэнэ. Хүнд байгаа юм шиг байна. Очих уу” гэж хэлэхээр нь Ш.Гын гэрт очсон. Очиход хүүхдийг гэрийн зүүн талын орон дээр хэвтүүлсэн дусал залгасан байсан. Гэрт хүүхдийн эмч мөн аав, ээж нь гэх хүмүүс байсан. Хүүхдийн хамраас бага зэргийн цус гарсан байдалтай байхаар нь эмнэлгээс зөөврийн эхо авчирч хүүхдийг харсан. Харахад хүүхдийн цээж, хэвлий, мөчдөд гэмтэл харагдаагүй.Тэгээд үзлэг хийхэд баруун талын шанаа улаан хүрэн өнгөтэй, хавдартай, 2 нүд нь бэлцийж хавдсан юм шиг болсон, хүүхдийн хараа нь гэрлийн урвалгүй байсан. Хүүхдийн толгойг гараар тэмтэрч үзэхэд зулайн хэсгийн заадас зайтай мэдрэгдэж байсан тул тархины гэмтэл авсан байна гэж ойлгоод эмнэлэг дээрээ ирээд Баянхонгор аймгаас түргэн тусламжид дуудлага өгсөн. Хүүхдэд бол өөр ил харагдах гэмтэл харагдаагүй юм. А.Г болсон зүйлийн талаар яриагүй. Харин би аймгийн эмнэлэг рүү дуудлага өгөх гээд хүүхдийг яаж гэмтсэн талаар асуухад “Ус авах гээд усны саваа аваад машиндаа суугаад нормалаараа хөдлөхөд түг хийж дуугарахаар нь зогсоод машинаас буугаад харахад хүүхэд машины дугуйн доогуур байхаар нь аавыгаа дуудаад хүүхдээ гаргаж авсан. Хүүхдээ гаргаж авахад хүүхэд дуугарахгүй байсан” гэж ярьж байсан. Тухайн үед их сандарсан байдалтай байсан юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 31/
6. Гэрч А.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 02 сарын 24-ны өдөр 16 цаг өнгөрч байхад аав над руу залгасан байсан. Тухайн үед утсаа аваагүй эргээд залгахад “Дүүгийн хүүхэд Г.Т машинд мөргүүлсэн” гэж хэлэхээр нь гэрт очсон. Очиход сумын эмнэлгийнхэн ирсэн байсан. Тэгээд юу болсон талаар ааваас асуухад “Би усны сав аваад гэрээс гараад ирэхэд аавынхаа машины урдуур ороод мөргүүлчихлээ” гэж хэлсэн. Хүүхдийг гэрт нь байлгаж байгаад Баянхонгор аймгаас гэмтлийн эмч нар ирээд шөнө нь сумын эмнэлэг рүү зөөвөрлөөд өчигдөр Улаанбаатар хот руу нисдэг тэргээр манай ээж болон дүү А.Г, бэр Ш.Га нар авч явсан юм. Намайг очиход хүүхдийг гэрийнхээ баруун талын орон дээр хэвтүүлсэн эмч нар дусал хийж байсан. Харахад 2 нүд нь хавдартай, баруун шанаа улайсан харагдаж байсан. Өөр ил харагдах гэмтэл харагдаагүй юм. Одоогоор биеийн байдал гайгүй ээжийгээ таньж “Ээжээ” гэж дуудаж байгаа гэсэн. Г.Т 2 настай. Цэцэрлэгт явдаггүй. Одоо цэцэрлэг орохоор явах гэж байсан юм. Тухайн осол болох үед өвөө нь хүүхдийг харж байсан. Хүүхдийг өвөө, эмээ хардаг юм. Эмээ нь ажилтай байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35/
7. Гэрч Л.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 02 сарын 25-ны өглөө 08 цаг 30 минутад “Баянлиг сумын 5 дугаар багт А.Г гэгч өөрийн машинаар хүүхдээ дайрсан” мэдээллийг олж мэдсэний дагуу Цагдаагийн газрын 7044102 дугаарын утсанд мэдэгдсэн юм. А.Гтой уулзаж болсон зүйлийн талаар асуухад “Ажил руугаа явах гээд машинаа хөдөлгөхөд аав орилохоор зогсоод буугаад үзэхэд хүүхэд зүүн талын дугуйн доогуур орсон байхаар нь би машинаа түлхэж өргөөд аав хүүхэд татаж гаргасан” талаар ярьж байсан. Өөр зүйл бол яриагүй. А.Г сумын цэргийн ангид ажилладаг. Архи, согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Өмнө янз бүрийн дуудлага мэдээлэл өгөгдөж байгаагүй хүн байгаа юм. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 37/
8. Гэрч Г.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 02 сарын 24-ны өдөр 16 цаг өнгөрч байхад “А.Гын хүүхэд машинд мөргүүлсэн” гээд сумын хүүхдийн эмч мөн Ш.Га өөрөө явсан байсан. Тэгээд дуудлагад явсан эмч хүүхдийн бие муу, эм тариа захиулж аваад байсан. Тэгтэл Эрүүл мэндийн төвийн дарга Д.Н эмч хүн үзэж байгаад 2 давхраас буугаад ирэхээр нь “Их эмч Ш.Гын хүүхэд машинд мөргүүлсэн. Хүүхдийн бие тааруу байна. Цуг очих уу” гэж хэлэхэд “Тэгье” гээд шууд цуг очсон. Очиход хүүхдийг гэрийн баруун талын орон дээр хэвтүүлсэн эмч дусал залгасан, хүүхэд ярагласан, нүдний дээд зовхи хөх туяатай, хавдсан юм шиг харагдсан. Тэгээд Д.Н эмч хүүхдийг үзсэн. Би эргээд ажил руугаа явсан юм. Хүмүүсийн ярьж байгаагаар А.Г “Усны сав аваад машиндаа хийгээд хөдлөхөд түг хийхэд чимээ гарахаар нь зогсоод үзэхэд хүүхэд нь машин доогуур байхаар нь машинаа өргөж авсан” гэж ярьж байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 43/
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Баасанжавын 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 2112 дугаартай шинжээчийн:
.. 1. Г.Тийн биед гавлын титэм заадас, зулай, зүүн чамархай ясны хугарал, тархины 2 тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн доод зовхинд цус хуралт, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээр гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ..” гэх дүгнэлт, /хх-ийн 58-59/
10. Техникийн шинжээч, цагдаагийн дэслэгч Т.Маналын 201 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаар:
Хариулт: 1. Тухайн зам тээврийн осол нь Тоёота сейнта маркийн 0882 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Г /ВС92072714/-ийн буруутай үйлдлээс буюу хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаагүй, тээврийн хэрэгслийг байр эзлүүлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангаагүйгээс... болж зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.
Хариулт: 2. Тоёота сейнта маркийн 0882 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Г /ВС92072714/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэснийг зөрчсөн нь тухайн зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.
Хариулт: 3. Тоёота сейнта маркийн 0882 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Г /ВС92072714/ нь “В” ангилалтай 1108412 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, хүчинтэй хугацаа 2026 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дуусна. /Лавлагааг хавсаргав./
Хариулт: 4. Зам тээврийн осол гарахад тухайн зам орчны нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Тухайн осол 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим буюу А.Гын хашаан дотор үзэгдэх орчин чөлөөтэй, өдрийн цагаар болсон байна.” гэх дүгнэлт /хх-ийн 109-110/
11.Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн төвийн шинжээч Ч.Балжиннямын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаар:
“1. Суудлын зориулалттай Тоуоtа Seinta маркийн авто машин нь зүүн талын урд крлан нь бага зэргийн цөмөрсөн зүүн талын толь нь суурь хэсгээрээ хугарч наасан байна.
2.Тоуоtа Seinta 08-82 БНА улсын дугаартай автомашиныг EWJ92200 Дани улсад үйлдвэрлэсэн тоормос тэнхлэг шалгагч суурин багаж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтыг хэмжиж үзэхэд +6,4 мм буюу тэнхлэг тохиргоо нь бага зэргийн тохиргоо алдагдсан байна. /заасан хэмжээ 5мм/ Уг автомашин нь 195.65.15 гэсэн размерын дугуйтай, хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 3,1 мм замын хөдөлгөөний дүрэмд заасан 2.0 мм-с их буюу элэгдэл нь бага байна.
Уг автомашины урд том гэрэл буюу эргэх чиг заадаг гэрэл их гэрэл мөн тоормосны гэрэл гэрэлтүүлэх хэрэгслүүд, шил арчигч дуут дохио нь хэвийн ажиллагаатай байна.
Урьд тэнхлэг дахь ажлын тоормосны хүч нь зүүн талдаа 2,5 кН баруун талдаа 2,9 кН зөрүү нь 14 хувь заасан хэмжээ 20 хувиас бага, хойд тэнхлэг дэх тоормосны хүч нь зүүн талдаа 1,4 кН баруун талдаа 2,2 кН зөрүү нь 36 хувь заасан хэмжээнээс 30 хувиас их, зүүн хойд дугуйны тоормос нь идэвхжил муутай, бүрэн гүйцэт зогсоогүй, харин бусад дугуйнуудад үйлчилж буй хүчний хэмжээ их, идэвхжил сайтай, тоормосны стенд дээр бүрэн зогсож байв. Зогсоолын тоормосны идэвхжил нь стандартад заасан 23 хувиас их буюу хэвийн ажиллагаатай тоормосны стенд дээр бүрэн зогсож байв. Тус төвд ашиглагдаж байгаа БНСУ-д үйлдвэрлэсэн МОР-ЗС загварын багажаар гэрлийн хүчийг шалгахад зүүн талын гэрлийн хүч нь 33400 люкс буюу стандартад заасан 10000 люксээс их буюу хэвийн тусгалтай байна. Баруун талын гэрлийн хүчийг шалгахад 51100 люкс буюу стандартад заасан 10000 люксээс их буюу хэвийн тусгалтай байна.
Жолооны хүрдний сул явалт нь стандартад заасан 10 градусаас хэтрээгүй сул явалт багатай байв. /Уг автомашины тоормосны систем, жолоодлогын механизм, гэрэлтүүлэх хэрэгслүүд нь хэвийн ажиллагаатай байна.
3.Энэхүү автомашин нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр үзлэгт орж тэнцсэн байна.
/ Тоуоtа Seinta / маркийн 08-82 БНА улсын дугаартай суудлын зориулалттай автомашиныг 2021 оны 05 дугаар сарын 04-ны өдөр техникийн ерөнхий байдлыг нүдээр үзэж шалгасны дараа техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ мөн урд, хойд тоормос, зогсоолын тоормосны хэмжээ, их гэрлийн тусгалын хэмжээг шалгасан.
Уг автомашины техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр техникийн байдлыг шалгасныг нотолсон “Хэмжилтийн хуудас”, автомашины ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийг тус тус хавсаргав... гэх дүгнэлт /хх-ийн 115-116/, болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /нөхөн/ гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-09/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Г нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатансуудал 5 дугаар багт байх гэрээсээ хашаан дотор байсан өөрийн 0882 БНА улсын дугаартай Тоёота сейнтай (Тоуота Sienta) маркийн суудлын авто машиныг жолоодож Баянхонгор аймгийн Баянлиг сумын төвд байх Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн 103 дугаар салбар луу буюу ажилдаа явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас хашаан дотор явж байсан өөрийн 2 настай хүүхэд Г.Тийг мөргөн унагааж толгойг нь дайрч эрүүл мэндэд гавлын титэм заадас, зулай, зүүн чамархай ясны хугарал, тархины 2 тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн доод зовхинд цус хуралт, баруун шанаанд зулгаралт бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч ,Ш.Га, гэрч Б.А, Л.П, Г.Э нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2112, Замын цагдаагийн 04, Авто тээврийн техникийн шинжээчийн 04 дугаартай дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.Гыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан тул шүүгдэгч А.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын чанартай гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-дахь заалтад заасан хорих ялыг оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг эдлэхээс чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч А.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ялаас чөлөөлсөн тул түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж Шүүх дүгнэлээ.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч А.Гын тээврийн хэрэгсэл жолоодох 1108412 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ЦЕГ-ын лицензийн төвд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасуулахаар шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч А.Гын унаж явсан 0882 БНА улсын дугаартай авто машин нь битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч А.Гд хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.
Хэрэгт хэргийн газрын үзлэг хийсэнийг бэхжүүлсэн СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Г нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Гыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар Боль овогт А.Гыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Боль овогт А.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, -д зааснаар шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй,энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч А.Гын тээврийн хэрэгсэл жолоодох 1108412 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ЦЕГ-ын лицензийн төвд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасуулахаар шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т тус тус зааснаар шүүгдэгч А.Гын эзэмшлийн Toyota Sients маркийн 0882 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хэргийн газрын үзлэг хийсэнийг бэхжүүлсэн СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ