Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 050

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Дөргөн сумын газрын даамлаар ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Дөргөн сумын газрын даамлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгасан шийдвэр гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Ховд аймгийн Дөргөн сумын газрын даамлаар томилогдон ажиллаж эхэлсэн. Улмаар 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/8 дугаар тушаалаар тус өдрөөс эхлэн жирэмсний амралтаа авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална, 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай байгаа болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүний ажил албан тушаалыг хэвээр хадгалахыг ажил олгогчид үүрэг болгож хуульчилсан.

Гэтэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж миний ажлын байрыг хэвээр хадгалж, төрийн албаны сонгон шалгаруулалтыг хойшлуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүйн улмаас сонгон шалгаруулалт намайг жирэмсний амралтаа авснаас хойш 7 хоногийн дараа буюу 2017 оны 5 сарын 13-нд явагдсан. Миний бие жирэмсэн байх үеийн ачаалал хэтэрсэн, даралт ихэссэн хавагнасан, ядаргаанд орсон зэрэг эрүүл мэндийн шалтгааны улмаас сонгон шалгаруулалтад орох боломжгүй байсан ч Дөргөн сумын Засаг дарга уг сонгон шалгаруулалтад ор гэсэн шаардлага тавьсан тул миний бие шалгаруулалтад орж тэнцээгүй.

Миний амралтын хугацаа 2017 оны 9 сарын 26-ны өдөр дуусаж, ажилдаа орох хүсэлт тавихад Хөдөө ажилтай явж байна гэх зэрэг элдэв шалтаг хэлж хойшлуулсаар байсан тул Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргасан.

Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Э.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус газраас Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу 2015 оноос Дөргөн сумын газрын даамлын сул орон тоог нөхөхөөр сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлж байсан ч уг орон тоо нөхөгдөхгүй, ажил цалгардаж байсан тул ажил хүссэн өргөдөл ирүүлсэн А.А газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Дөргөн сумын газрын даамлаар түр томилон ажиллуулж байсан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт олгосон.

Засгийн газрын 2017 оны 253 дугаар тогтоол батлагдан хэрэгжиж эхлэхээс өмнө сумын газрын даамлын орон тоо, цалингийн сан нь тухайн сумын Засаг даргын Тамгын газарт харьяалагддаг байсан бөгөөд А.А-ыг жирэмсний болон амаржсаны амралтаа авахаас өмнө Дөргөн сумын Засаг даргын Тамгын газраас хүргүүлсэн сул орон тооны захиалгын дагуу 2017 оны 6 дугаар сард явагдсан төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүнд Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар тогтоол, Дөргөн сумын Засаг даргын саналын дагуу Б.Г-г томилсон.

А.А нь жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дуусахад ажилдаа эргэн орох хүсэлт гаргаж байгаагүй.

Дээрхээс үзэхэд А.А-ыг анх түр хугацаагаар томилсон ба Хөдөлмөрийн тухай хуульд заасан туршилтын хугацаа өнгөрсөн, мөн сумын газрын даамлын албан тушаал /ТЗ-3/ нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаал бөгөөд түүнийг эрхэлж буй иргэн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн17.3-д хэсэгт заасан мэргэшлийн шалгалтад орж, тэнцсэн байх шаардлагатай ба А.А нь энэ шаардлагыг хангаагүй.

Иймд А.А-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.А-ыг 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн А.А-ыг Дөргөн сумын газрын даамлаар түр томилон ажиллуулж байсан. Ингээд 2017 оны 5 дугаар сараас эхлэн А.А-ын гаргасан хүсэлтийн дагуу жирэмсний болон амаржсаны амралтыг олгосон. Амралт олгохоос өмнө буюу А.А-ыг ажиллаж байх хугацаанд Дөргөн сумын Засаг даргын Тамгын газраас сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж,  А.А-ыг жирэмсний амралтаа авсны дараа шалгалт зарлагдаж, нэхэмжлэгч уг шалгалтад орсон боловч тэнцээгүй, харин Б.Ганцэцэг гэх хүн тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 123 дугаар тогтоолыг Дөргөн сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн бөгөөд Дөргөн сумын Засаг даргаас дээрх тогтоолыг хавсаргаж, Газрын тухай хуульд заасны дагуу Б.Ганцэцэгийг газрын даамлаар томилох саналыг ирүүлсэн учир Б.Ганцэцэгийг Дөргөн сумын газрын даамлын ажилд туршилтын хугацаагаар томилсон. Дөргөн сумын газрын даамлын орон тоон дээр төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэх гэсэн ганц шаардлага тавьсан боловч А.А уг шалгалтад тэнцээгүй тул Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол болон сумын Засаг даргын саналыг үндэслэж өөр хүнийг томилсон тул нэхэмжлэгчийг Дөргөн сумын газрын даамлаар ажиллуулах боломжгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч А.А нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Ховд аймгийн Дөргөн суманд газрын даамлаар томилогдон ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүй болон Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй. Ингээд 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн жирэмсний амралтаа авахдаа буюу 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр жирэмсний болон амаржсаны амралт 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дуусах тул ажилдаа эргэн оръё гэх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шийдвэрлэсэн баримтыг нэхэмжлэгчид өгөөгүй, жирэмсний болон амаржсаны амралт дуусаад ажилдаа ороход ажилд нь ажиллуулах эсэх нь тодорхойгүй, тушаал гаргалгүй орхигдуулсан байдаг. Нэхэмжлэгч А.А нь хариуцагчтай уулзахад ямар нэгэн байдлаар шийдвэр гаргаж өгдөггүй. Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхийг А.А нь эдэлж чадахгүй байна. Учир нь А.А нь төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй байсан учир Хөдөлмөрийн тухай хуульд заасан жирэмсэн эмэгтэйн эдлэх эрх нь зөрчигдөж байна гэж үзэх үндэслэлтэй юм. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үйлдэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан эс үйлдэхүй байх тул уг эс үйлдэхүйг тогтоолгож, Дөргөн сумын газрын даамлын ажилд нэхэмжлэгчийг эгүүлэн ажиллуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тодорхойлж, нийт ажилгүй байсан хугацааны цалин болох 6,186,386 төгрөгийг нэхэмжилж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэлээр цалин хөлс гаргагдах хууль зүйн үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 34 дүгээр зүйл, 106 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нь ажилдаа эргэн ажиллах, хүүхэд асрах чөлөөтэй байх үед нэхэмжлэгчийн ажлын байр нь хадгалагдан үлдэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4-д заасны дагуу захиргааны акт гаргахгүй байгаа үйлдлийг эс үйлдэхүй мөн болохыг тогтоож, хууль бус болохыг тогтоож өгнө үү.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч А.А нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “Дөргөн сумын газрын даамлын албан тушаалд ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Дөргөн сумын газрын даамлаар үргэлжүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалинг 6,186,386 /зургаан сая, нэг зуун наян зургаан мянга гурван зуун наян зургаан/ төгрөг гаргуулах гэж тодруулж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцов.

Шүүхээс хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар,  шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэрэгт дүгнэлт хийснээр шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, хариуцагч байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны акт /эс үйлдэхүй/-г 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. 

  1. Маргааны үйл баримтын талаар:

- Нэхэмжлэгч А.А нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 04 сарын 27-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар[1] Дөргөн сумын газрын даамлаар түр томилогдон ажиллажээ.

- Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 05 сарын 05-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар[2] А.А-д 2017 оны 05 сарын 08-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгосон байна.

- А.А 2017 оны 05 сарын 09-ний өдөр Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад 2017 оны 05 сарын 05-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар олгосон жирэмсний болон амаржсаны амралтын хугацааг 05 сарын 26-ныг хүртэл ээлжийн амралтаа эдэлсний дараагаар 05 сарын 29-нээс 09 сарын 26-ны өдөр хүртэл тооцож ажилдаа орох талаар өргөдөл[3] гаргаж байжээ.  

- Дөргөн сумын газрын даамлын албан тушаалын орон тоонд 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт явагдаж, нэхэмжлэгч А.А шалгалтанд тэнцээгүй.

- А.А нь 2018 оны 03 сарын 21-ний өдөр Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд хугацаанд ажил албан тушаал хэвээр хадгалаагүй, Б.Ганцэцэгийг жилд томилсон нь хууль зөрчсөн гэж үзэж ажилд эгүүлэн томилуулахаар өргөдөл[4] гаргасан.

- Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 143 дугаар албан бичгээр[5] А.А жирэмсний болон амаржсаны амралт авахаас өмнө буюу албан үүргээ хэвийн гүйцэтгэж байх үед төрийн албаны шалгалтанд хамгийн өндөр оноо авч тэнцсэн иргэнийг төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийн дагуу ажилд томилсон талаар хариуг өгчээ.

 

  2. Маргааны хууль зүйн үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч А.А нь дараах үндэслэлээр маргана. 

- Жирэмсний амралтаа авахаас 1 сарын өмнө ажлын байранд төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлагдсан ба ажлын олгогч нь миний ажлын байрыг хэвээр хадгалж, шалгалтыг хойшлуулах талаар  арга  хэмжээ аваагүй гэж,

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д “Төрийн албанд иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчмыг баримтална.”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхдэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн.”, 17 дугаар зүйлийн 17.2-д “ Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй.” гэж тус тус заажээ.

Дөргөн сумын газрын даамлаар ажиллаж байсан А.А нь төрийн захиргааны албан тушаалд тавих хуульд заасан шаардлагыг хангаагүй байсан тул тус албан тушаалын орон тоог зарлуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийг жирэмсэн байхад төрийн албаны мэргэшлийн шалгалт явагдсанд хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй. Учир нь төрийн албаны мэргэшлийн шалгалт тов тогтоох, шалгалт зохион байгуулах нь холбогдох мэргэжлийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бөгөөд шалгалтын тов гарсан байхад нэхэмжлэгч албан үүргээ гүйцэтгэж байсныг дурдаж байна.       

- Жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд ажлын байрыг хэвээр хадгалаагүй, Б.Ганцэцэгийг томилсон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд жилдаа эргэн орох төлөөр өргөдөл гаргахад ажилд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж,

Нэхэмжлэгч А.А-д жирэмсний амралт олгосон тушаал гарсаны дараагаар мэргэшлийн шалгалт явагдсан байх бөгөөд тус шалгалтанд хамгийн өндөр оноо авч тэнцсэн Б.Ганцэцэгийг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 08 сарын 04-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар[6] 6 сар туршилтын хугацаагаар, 2018 оны 01 сарын 02-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар[7] маргаан бүхий ажилд томилжээ.

Нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрч жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд хугацаанд ажил албан тушаал хэвээр хадгалаагүй, Б.Ганцэцэгийг жилд томилсон нь хууль зөрчсөн тул ажилдаа орох талаар Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өргөдөл гаргасанд тус газрын даргын 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 143 дугаар албан бичгээр” А.А-ыг жирэмсний амралт авахаас өмнө буюу албан үүргээ хэвийн гүйцэтгэж байх үед төрийн албаны шалгалт зарлагдаж, шалгалтанд хамгийн өндөр оноо авч тэнцсэн иргэнийг төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийн дагуу ажилд томилсон” гэх хариуг өгсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд албан тушаалыг хэвээр хадгална.”, 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно”. гэж заажээ.

Маргаан бүхий ажлын байранд төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлагдахад нэхэмжлэгч А.А тус албан тушаалд ажиллаж байсан хэдий ч жирэмсний амралт авсаны дараа мэргэшлийн шалгалт нь явагдсан байх тул хариуцагч нь ажлын байрыг хэвээр хадгалах, эсхүл өөр ажлын байраар хангах үүрэгтэй байна.

Харин хариуцагчаас нэхэмжлэгчийг төрийн албаны шалгалтанд тэнцээгүй гэх үндэслэлээр үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзэж, тус албан тушаалд өөр хүн томилсон атлаа өөр ажлын байраар хангах эсхүл ажлаас чөлөөлөх эсэх талаар талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй орхигдуулсан буруутай байна.        

Иймд шүүхээс нэхэмжлэгч А.А-ын “Дөргөн сумын газрын даамлын албан тушаалд ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Дөргөн сумын газрын даамлаар үргэлжүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин 6,186,386 /зургаан сая, нэг зуун наян зургаан мянга гурван зуун наян зургаан/ төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэж шийдвэрлэхэд нэмж тодруулах шаардлагатай асуудал нь шүүхээс судлан шинжлэх боломжоос хэтэрсэн тодруулбал, хариуцагч захиргааны байгууллагаас  нэхэмжлэгчийг үргэлжүүлэн ажиллуулахгүй гэж шийдвэрлэхдээ өөр ажлын байраар хангах эсхүл ажлаас чөлөөлөх эсэх талаар талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байх тул  хариуцагчаас энэ үндэслэлээр дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны акт /эс үйлдэхүй/-г  2 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэнх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг  тус тус баримтлан хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас дахин шинэ акт гаргах хүртэл “А.А-ыг Дөргөн сумын газрын даамлын албан тушаалд ажиллуулахгүй байгаа захиргааны акт /эс үйлдэхүй/”-г  2 /хоёр/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас шинэ акт гаргаагүй бол нэхэмжлэгч А.А Дөргөн сумын газрын даамлын албан тушаалд ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Дөргөн сумын газрын даамлаар үргэлжүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин 6,186,386 /зургаан сая, нэг зуун наян зургаан мянга гурван зуун наян зургаан/ төгрөг гаргуулаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгасанд тооцохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНГЭРЭЛ

 


[1] хх- ийн 50 дахь тал

[2] хх- ийн 51 дэх тал

[3] хх-ийн 30 дахь тал

[4] хх-ийн 61 дэх тал

[5] хх-ийн 62 дахь тал

[6] хх-ийн 67 дахь тал

[7] хх-ийн 70 дахь тал