Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 655

 

                                                    Д.Ү-ад холбогдох эрүүгийн

                                                                 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Чимгээ,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1484 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Б.Чимгээгийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаартай эсэргүүцлээр Д.Ү-ад холбогдох эрүүгийн 1806040761021 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овгийн Д.Ү-, 1985 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгааны монтёрь мэргэжилтэй, “Ангирын бэлчир” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

            Д.Ү- нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 48 айлын орон сууцны гадна согтуугаар хамтран амьдрагч Л.Мөнхтуяатай маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Ү-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Д.Ү- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Л.Мөнхтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэх зайлшгүй шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болох боловч хүндрүүлэх эрхгүй...” хэмээн дүгнэн, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Чимгээ тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.  Үүнд:

1. Д.Ү-ад холбогдох хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэх үндэслэлгүй. Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн гэмт хэргийг хуульчилж ердийн болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхой заасан ба ингэхдээ “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” нь энэ гэмт хэргийн үндсэн шинж байхаар тогтоожээ. Гэтэл Д.Ү- нь хамтран амьдрагч Л.Мөнхтуяаг байнга зоддог гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Л.Мөнхтуяа нь “Би ууртай байх үедээ зарим нэг зүйлийг худлаа хэлсэн байна. Бид хоёр муудалцдаг байсан боловч намайг зодож байгаагүй. Түүний дарамт шахалтанд орсон зүйлгүй” гэж мэдүүлсэн байдаг. Иймээс гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үйлдсэн эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэг болгоныг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж хүндрүүлэх нь гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэнэ.

2. Шүүгч хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон захирамжилсан нь огт тохироогүй. Өөрөөр хэлбэл шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байгаагүй, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг буцаагаагүй болно.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл Д.Ү-ад холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болжээ.

            Прокуророос Д.Ү-ыг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 48 айлын орон сууцны гадна согтуугаар хамтран амьдрагч Л.Мөнхтуяатай маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

            Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгоно хэмээн тодорхойлсон.

            Хэргийн материалаас үзэхэд Д.Ү-, Л.Мөнхтуяа нар хамтын амьдралтай болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдсон байхад Д.Ү-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх хүндрүүлэх шинж буй эсэхийг шалгалгүй орхигдуулсан байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарч байх ба тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагууд бүгд хангагдсан эсэхийг хянах бөгөөд энэ шаардлага хангагдаагүй тохиолдолд хэргийг шалгуулахаар прокурорт буцаахыг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зохицуулсан. 

Хэдийгээр Д.Ү- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан байх боловч тэрээр уг хүсэлтдээ хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргаагүй байна.

Түүнчлэн прокурор яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналаа яллах дүгнэлтийн хавсралтад тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан яллах дүгнэлтэд тавигдах шаардлагад нийцээгүйн гадна, яллагдагч тухайн эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг болон прокурорын яллах дүгнэлтэд дурьдагдсан зөрчлийг шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжгүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд тавигдах шаардлагууд хангагдаагүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1484 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Чимгээгийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                            Н.БАТСАЙХАН