| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0135/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/137 |
| Огноо | 2021-05-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,
Хохирогч: А.Л,
Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000118 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Бэсүд овогт Бадраагийн Энхбаатар. / Регистрийн дугаар:ВЭ86051812-тай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 9 дүгээр гудамжны 28 тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч Т.Лыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, хохирогч Т.Лын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 9 дүгээр гудамжны 28 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Лагийн хамт ирээд манай урд байдаг Д эгчийг ирж цай уу гээд дуудсан удалгүй ирсэн Л ээжийнхээ цай хийж өгнө гээд гараад яваад буцаж орж ирсэн. Д эгч Л бид нар тал шил байсан архи хувааж уугаад сууж байтал Д эгч Л нар хэрэлдээд Л нь Д эгчийг нөхрийнхөө толгойг залгисан гэх мэтээр хэрүүл маргаан хийгээд байхаар чимээгүй байгаач боль битгий хэрүүл хийгээд бай гэсэн чинь дуугүй болохгүй хэрүүл хийж байгаад Д эгч гараад явсан чинь араас нь Л орилоод байхаар нь би чимээгүй байлдаа гээд гараа савтал миний гарт Л цохиулж шүд нь унасан тэгтэл хажуугийн айлын хүүхэд цагдаад дуудлага өгсөн байсан. Би тухайн үед архи уусан байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 44-45/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв гэв.
3. Хохирогч Т.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.. .Өнөөдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн орой 18 цагийн орчимд би гэртээ иртэл хамтран амьдрагч Б.Э, Д эгч нар манай гэрт байсан Б.Э нь архи уусан байхаар нь би Д эгчийг архи уусан байна гээд загнасан чинь Д эгч намайг чи урд нөхрийнхөө толгойг идчихээд гээд намайг загнаад байхаар нь би та нарыг хаанаас архи авсан талаар ээжид хэлнэ гээд Д эгчтэй хэрүүл хийсэн чинь хамтран амьдрагч Э нь босож ирээд яах гэж тэгж байдаг юм бэ гээд намайг алагдаад авсан тэгтэл миний доод эрүүний үүдэн 1 шүд унасан тухайн унасан гэх шүд нь унах гээд хөдөлсөн байсан шүд байгаа юм гэтэл хажуу талын хүүхэд Д нь цагдаад дуудлага өгсөн байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 12-16 /
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Л мэдүүлэхдээ: Миний бие Үндсэн хуульд заасан эрхийн дагуу хамтран амьдрагчийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
5. Насанд хүрээгүй гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Өнөөдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн орой 17 цагийн орчимд би гэрээсээ гараад хашааны гадна талд зогсож байсан чинь орилолдоод байх шиг чимээ гараад байхаар нь Дэк ах буюу Э ахын хашаан руу гүйгээд очтол Л эгч зодуулсан уйлаад зогсож байсан хажууд Э ах, Д гээд хөгшин эгч нар зогсож байхаар нь би болсон талаар асуутал Л эгч намайг Э зодчихлоо гэхээр нь Цагдаагийн 7044102 дугаарын утсанд дуудлага өгсөн юм. Л эгчийн шүд унасан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
6. Гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 11 цагийн орчимд би гэртээ байх үед Дэк буюу Э, Л нар нь намайг цай уу гээд гэртээ дуудсан би 11 цаг 30 минутын орчимд Эынд очиж хоол идэж уугаад Э, Л нартай 1 шил архи хувааж уусан...би яваад өгсөн Э, Л нар нь үлдсэн тэгтэл намайг явснаас хойш Э нь Лаг цохиж 1 шүдийг нь унагаасан байсныг сүүлд би сонссон... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
7. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 213 дугаартай шинжээчийн:
1. Т.Лын биед баруун доод 1-р шүдний булгаралт, дээд уруулд шарх, буйл, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5% алдагдуулна.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой....гэх дүгнэлт /хх-ийн 32-33/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Э нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 9 дүгээр гудамжны 28 тоотод байх өөрийн гэртээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах хамтран амьдрагч Т.Лыг мөн хуулийн 6.1.1-д заасан бие махбодын хүчирхийлэл болох зодож буюу нүүрэн тус газар нь цохиж биед баруун доод 1-р шүдний булгаралт, дээд уруулд шарх, буйл, дээд, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Т.Л, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 213 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн учир 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл зургаа хоног цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч Б.Эт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг прокуророос гаргасан тул торгох ялыг эдлэх ялаас нь хасаж нийт эдлэх ялыг тооцлоо.
Хохирогч Т.Л нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болохыг тус тус дурдав.
Харин шүүгдэгч Б.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорих байрнаас суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч уг арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Бэсүд овогт Б.Эыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Эын энэ хэргийн учир зургаа хоног цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас нь хасаж, түүнд оногдуулсан торгох ялыг дөрвөн зуун арван / 410 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун арван мянган / 410.000 / төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорих байрнаас суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ