| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0114/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/108 |
| Огноо | 2021-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Г.Цогтмагнай
Нарийн бичгийн дарга:Д.Чимэдцэрэн,
Шүүгдэгч: Ч.Н, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000019 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Өөлд овогт Чулуунбатын Нямтогтох, / Регистрийн дугаар: ВЖ88042218-тай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Н нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Оройн бууц 2 дугаар баг “Цагаан овоо” гэх газар болон тус газарт байх нагац ах Ц.Пг гэрт нь үл ялих зүйлээр шалтаглан зодож мөн банзаар зуух руу түлхэн унагаж биед нь цээж, хэвлий, сарвуунд түлэгдсэн шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хацар, чих, дух, хамарт зулгаралт, цус хуралт, баруун зулайд шарх, зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... эгээд би уурандаа сандлаар цохиж унагаасан. Тэгээд үүдэнд сууж байхад зуухан дээрээ ойчсон. Би тэгээд явсан... Бага зэргийн л согтууруулах ундаа хэрэглэсэн байсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 117,122/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Ц.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.. Би 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Мөнхөө гэдэг найзындаа байхад манай төрсөн эгчийн хүүхэд болох Ч.Н орж ирсэн. Тэгээд би “Одоо архи уугаад болсон. Одоо харья даа” гэхэд Ч.Н “Би таныг хүргээд өгье” гээд авч гарсан. Гэр лүүгээ явж байхад Ч.Н голын зах дээр “Шээе ахаа” гэж бууж байгаад шууд намайг араас өшиглөж унагаагаад дээрээс гарч сууж байгаад одоо миний нүүрэн дээр байгаа шарх сорвийг үүсгэсэн. Тэгээд би амиа авч зугтаад гэртээ гүйж ирсэн. Тэгээд гэртээ ортол миний дунд охин, хадам ах, эгч хоёр байж байсан. Тэгэхээр нь би “Намайг авраарай. Намайг хүн алах гээд байна” гэж хэлсэн. Харин араас Ч.Н төд удалгүй орж ирээд орилоод ширээ шааж аваад намайг сандлаар толгой руу цохиод толгой хагалсан. Тэгээд манай охин Ч.Ныг аваад гарсан. Би тэгээд дээгүүрх хувцсаа тайлаад байж байтал гаднаас банз бариад “Ална” гээд ороод ирэхээр нь би урдаас нь явтал намайг банзаараа түлхээд галтай зуух руу унагаагаад миний гэдэс, баруун талын мөөм, хоёр алгыг түлээд яваад өгсөн. Би тэгээд охинтойгоо Мөнхөө гэдэг найзындаа “Ч.Н намайг ийм болгочихлоо” гээд хэлж эмнэлэг дуудсан. Маргааш өглөө нь Н манайд орж ирээд хэсэг орилж ширээ шаагаад “Амжихгүй шүү та нар” гэж хэлээд хэсэг байж байгаад “За ахаа муухай юм боллоо. Миний буруу.” гэж хэлээд бид хоёр бие биенийгээ үнсээд “Ах нь одоо төрсөн эгчийгээ өрөвдөж байна. Би өөрөө ингээд хохироод үлдье даа.” гэсэн. Бага зэргийн архи уусан байсан. Жоохон үнэртэж л байсан. Миний байсан газар бол архи уугаагүй. Хаана уусныг нь би мэдэхгүй байна. Миний бие цоо эрүүл байсан. Биед харагдах ямар нэгэн ил шарх сорви байхгүй. Намайг голын зах дээр зодоход 3 минут орчим болсон. Харин гэрт бол нэг их удаагүй. Гол дээр араас өшиглөх үеэс миний биед хохирол учрах нь гэж бодсон. Тэгээд намайг нүүр нүдгүй цохиод ирэх үед надыг алах гэж байгаа юм шиг сэтгэл төрөөд би гялс зугтсан...Надад урд өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байна. Намайг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр анх эхлээд хээр намайг зодсон гэдэг мэдүүлэг өгсөн. Би тэгэхдээ төрсөн эгчийгээ бодоод нэг үйлдлийг нь хэсгийн төлөөлөгчид хэлээгүй байсан юм. Намайг Мөнхөө гэдэг айлаас гарч яваад хээр зодохдоо миний төмсөг буюу бэлэг эрхтнийг базаж зодсон. Мөн намайг багалзуурдаж зодож байгаад төмсгийг давхар базсанаа “Гарын хээ гарахгүй. Ална гэж энэ дээ” гээд багалзуур, төмсөг хоёрыг зэрэг базсан тул би ухаан алдаж ойчсон. Тэгсэн хоёр нүдийг хуруугаар дараад хөдөлгөөд байсан. Тэгээд арай ч нэг юм ухаан ороход мотоциклийн гэрлээ над руу тусгаад зайнаас хараад байж байсан бөгөөд намайг босонгуут над руу хаазлаад хүрээд ирэхээр нь намайг зодсон гэх газар нь дэрс ихтэй газар байсан тул би гэр лүүгээ зугтаагаад гэртээ харьсан. Тэгээд миний араас ирээд урд өмнө мэдүүлэг дээр өгч байсан бүх үйл явц болсон. Би төмсгөө ЭХО-д үзүүлэхэд эмч нь “Та хүнд зодуулсан юм уу ? Таны төмсөг цууралттай байна” гээд байсан. Тэгэхээр нь би нуугаад хэлээгүй...Дүгнэлттэйгээ танилцлаа. Дүгнэлтийн хөнгөн зэрэг гарсанд ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин миний төмсгийг базаж гар луу түлхэж, хоолой боосон, нүүр хөх болгож зодсонд гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.... гэх мэдүүлэг / хх-ийн 37-39, 172, 188 /
4. Гэрч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагийн үед “Бунхан сайр”-ын бригад орж Шараваа гэж айлынд очоод 0.5 “Ерөөл”, 2 хүүхдийн бэлэг авсан. Тэгээд тэр авсан 0.5-тай “Ерөөл”-өө 2020 оны 12 дугаар сарын 31-нд гэртээ Мөнхөөгийн хамт манай нөхөр хувааж уусан. Тэгээд тэрийгээ дуустал Мөнхөө “Та хоёр манайд очиж цай уу” гээд бид хоёр 17 цагийн үед очиж тэднийд манай нөхөр Ц.П, Мөнхөө, Ч.Н нар 0.5-тай “Ерөөл” хувааж уусан. Тэгээд манай нөхөр нэлээн халсан. Тэгээд Н манай нөхрийг аваад гэр лүүгээ явсан. Мөнхөөгийнхөөс гарахад манай нөхрийн нүүр, толгой, цээжин хэсгүүд нь зүв зүгээр байсан. Тэгээд би Мөнхөөгийнд байж байхад манай охин аавтайгаа хүрээд ирэхэд манай охин “Аав Ч.Н д зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд манай нөхрийн толгой нь хагарсан. Нүд нь хөхөрсөн духан дээр нь шалбарсан. Хацар хөхөрсөн цус гарсан. Цээжин хэсэг нь түлэгдсэн байсан. Тэгээд манай охин эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэгээд маргааш өглөө нь Ч.Н манайд ирээд “Уучлаарай ахаа цагдаад битгий хэлээч ээ” гээд бие биеэ үнсээд байсан. Манай нөхрийн эгчийн хүүхэд... Н, П хоёр хоорондоо 2019 онд зодоон хийсэн. Тэгээд хоёулаа согтуу байсан бөгөөд бас л манай нөхөр П зодуулж байсан. Тэгэхэд биед нь гэмтэл учраагүй болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46, 76/
5. Гэрч С.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 12 дугаар сарын 31-нд манай найз Ц.П “Ирж цай уу” гээд цай уусан. Тэгээд Ц.П бид хоёр 0,5-тай “Ерөөл” хувааж уусан. Тэрийгээ дуусгаад манайх зөрүүлээд “Цай уу” гээд манайд очсон. Тэгээд би 0.5-тай “Ерөөл” гэдэг архийг хувааж уугаад байж байтал Ч.Н гэдэг залуу орж ирээд жоохон сууж байгаад “Би Ц.П ахыг гэрт нь хүргэж өгнө” гээд гараад явсан. Тэгээд цаг гарангын дараа Ц.П охинтойгоо манайд ирээд “Би Ч.Н д зодуулчихлаа” гэж ирсэн. Манайд ирэхдээ толгой нь хагарсан. Духан дээр нь шалбарсан. Нүд нь хөхөрсөн. Шанаа нь шалбарсан гэдэс, алга, баруун талын мөөм хэсгээрээ түлэгдсэн орж ирсэн. Тэгээд охин нь эмнэлэг рүү дуудлага өгөөд би гэрт нь хүргэж ирсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/
6. Гэрч П.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн үед манай аав болох Ц.П Ч.Нын хамт мотоциклтой хоёулаа согтуу ирээд аав надад “Ч.Н алах нээ намайг” гэж хэлсэн. Тэгэхэд аав надад Ч.Н Мөнхөө гэдэг айлаас цуг гараад гэр лүү ирэх замд зодоод миний нүүр, толгойг ийм болгочихлоо гэж хэлсэн. Тэр үед аавын нүд нь хөхөрсөн толгой нь ард талдаа хагарсан. Духан хэсэгтээ шалбарсан нүүрээр нь дүүрэн цус болсон ирсэн. Тэгээд аав, Ч.Н 2 гэрт орж ирээд маргалдаад аавыг нэг мөсөн “Алчхаад явна” гээд сандлаар цээжин тус газар нь цохиод сандал нь хэд хэд салсан. Тэгээд би Ч.Ныг авч гарахад “Танайх хэзээ юмтай байсан юм бэ. 100 гаран мал тэжээдэг айл байж” гэж хэлээд аавын мотоцикл данхрааддаг банзыг барьж аваад “Одоо нэг мөсөн ална” гээд хаалга онгойлгоход цаанаас нь аав цээжин хэсгээрээ нүцгэн урдаас нь дайрахад Ч.Н банзаараа түлхэж зуух руу унасан. Тэгээд Ч.Н яваад өгсөн. Аав тэгээд гарч яваад Мөнхөө ахынд очоод “Намайг ийм болгочихлоо” гээд сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд маргааш өглөө Ч.Н орж ирээд “Уучлаарай ахаа миний буруу. Цагдаад битгий хэлээч” гээд бие биенийгээ үнсээд байсан. Манай аав бид хоёрыг Ч.Н гэдэг хүн айлуудаар “Ална” гээд яваад байна гээд манай нутгийн хүмүүс яриад байна лээ. Аймаар дарамттай байгаа. Манай аавыг Ч.Н гэрт зодоод зуух руу түлхээд яваад өгсөн. Араас нь би аавтайгаа цуг Мөнхөө гэдэг айлынд очиход гэрийнхэн гадаа Ч.Н байж байснаа “Ахаа намайг уучлаарай. Одоо миний ах харьж унт. Дүүгийнх нь буруу” гэж хэлээд гуйхаар нь аав “Тийм юм байхгүй” гээд Мөнхөө ахынд яваад ороход Ч.Н шууд мотоциклоо асаагаад яваад өгсөн. Тэгээд аав бид хоёр Мөнхөө ахынд ороход манай ээж С.Б, Мөнхөө ахын эхнэр А, Мөнхөө ах, Дээж ах нар байж байсан. Тэгээд аав ороод “Ч.Н намайг ийм болгочихлоо” гээд хэлсэн. Тэгээд тэр хэд тайвшруулаад түргэн дуудсан. Тэр хэд зодолдсон зүйл байхгүй. Тэнд байсан бүх хүн гэрчилнэ. Би хэрэв худлаа мэдүүлэг өгсөн бол хуулийн хариуцлагыг нь хүлээнэ. Зодоон болсон зүйл байхгүй. Дээж ах босож ирээд “Миний найз яагаа вэ” гэж хэлсэн. Тэгэхдээ Дээж ах нэлээн согтуу байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55, 183/
7. Гэрч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үдээс хойш Ц.Пгийнд нөхөр С.Мтайгаа ирж цай уусан. Тэгээд Ц.П нэг шил 0,5-тай “Ерөөл” архи гаргаж ирээд тэрийгээ дуусгаад манайд очсон. Тэгээд би очоод 0,5-тай “Ерөөл” гаргаж өгөөд Ц.П түүний эхнэр С.Б манай нөхөр бид 4 юм ярьцгаагаад тарах гээд байж байтал гаднаас Ч.Н, Дээж ах 2 орж ирсэн. Тэгээд Ч.Н “Ц.П ахыг хүргээд өгье” гээд гараад явсан. Тэгээд 30-40 минутын дараа “Түлэгдчихлээ” гээд охинтойгоо цуг ороод ирсэн. Тэгэхэд нүүр нь халцарсан, тархи нь хагарсан, нүд нь хөхөрсөн цээж хэсгээрээ болон гараараа түлэгдсэн орж ирсэн. Тэгээд түлэгдсэн хэсгийг савангаар савандаж өгсөн. Ц.П Ч.Нтой манайхаас гарахдаа биед нь ямар нэгэн шарх сорви юу ч байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/
8. Гэрч Т.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 12 дугаар сарын 31-нд хүргэн Ц.Пгийнд очоод цай уугаад сууж байтал гаднаас Ц.П нүүр нь цус болчихсон орж ирсэн. Тэгээд араас нь Ч.Н гэх залуу орж ирээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд гэнэт Ч.Н ширээ 2-3 удаа шааж аваад өшиглөөд хэрэлдээд байсан. Тэгснээ сандал аваад цохисон. Тэгээд охин нь аваад Ч.Ныг авч гарсан. Тэгээд би Ч.Ныг гадаа жоохон тайвшруулаад нэлээн байж байгаад Ц.Пгийн охинтой нь үлдээгээд би цаашаа мотоцикл руугаа явж байтал ард нэг хүний дуу орилоод унасан. Тэгээд очсон чинь Ц.П гал руу уначихсан байж байсан. Яг тэр үед би мотоцикл руугаа явж байсан болохоор сайн хараагүй. Харин Ч.Н “Модоор нам цохино шүү” гэж хэлж байсныг санаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/
9. Гэрч С.Ды мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 12 дугаар сарын 31-ний орой хүргэнийдээ цай уухаар очиход манай хүргэн, дүү 2 байхгүй байсан. Тэгээд төд удалгүй манай хүргэн Ц.П нүүр нь цус болчихсон “Намайг зодчихлоо” гээд ороод ирсэн. Араас нь харин Ч.Н гэх залуу орж ирээд зуухны ард орж ирж суугаад хоорондоо хэрэлдээд суугаад байсан. Тэгснээ Ч.Н сандал барьж аваад Ц.Пг цохиж аваад сандал нь бутарч унасан. Сандлаар Ц.Пг цохисны дараа түүний охин болох П.Д Ч.Ныг авч гарсан. Тэгээд Ч.Н, Ц.П хоёр хаалганы цаанаас хэрэлдэж бие биенийгээ “Ална" гээд хэрэлдээд байсан. Тэр үед би Ц.Пгийн гэрийн зургийг хг байж байсан чинь ард хүн орилонгуут нь харсан чинь манай хүргэн Ц.П зуухан дээрээ ойчсон байж байсан. Би тэгээд босож ирээд гялс зуухнаас салгаж авсан. Тэгээд манай хүргэний охин П.Д Ц.Пг ойчсоны дараа Ч.Ныг “Та зайлаад өг” гээд уйлаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/
10. Гэрч Ж.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 12 дугаар сарын 31-нд би гэртээ согтуу унтаж байхад Ч.Н манайд ирээд байж байхаар нь “Алив чи намайг ганц хоёр айлд хүргээдэх” гэсэн. Тэгээд гэрээсээ гараад Мөнхөө гэдэг айлд очиход Мөнхөөгийнд Ц.П эхнэртэйгээ ирчихсэн байсан. Би харин Мөнхөөгийнд орохдоо зуух руу хөл зууралдаад ойчсон. Жоохон хүзүүгээ түлсэн. Би их согтсон байсан болохоор толгой эргэсэн. Тэгээд би шууд Мөнхөөгийнд унтсан. Тэгээд шөнө ирээд Мөнхөөг гуйж гэртээ хүргүүлсэн. Тэгээд Мөнхөө гэрт хүргэж байх замд “Ц.П түлэгдээд манайд ирсэн гэж хэлсэн. Маргалдаагүй ээ. Бид хоёр маргалдаж үзээгүй... Би мөргөөгүй. Бид хоёрын дунд тийм юм болоогүй. Би итгэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 71-72, 88/
11. Шинжээч эмч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Түлэгдлээс бусад дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой... гэх мэдүүлэг /хх-ийн 93/
12. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаартай шинжээчийн:
1. Ц.П гийн биед цээж, хэвлий, сарвуунд түлэгдсэн шарх* зүүн нүдний алимны салстад цус харвалт, хацар, чих, дух, хамарт зулгаралт, цус хуралт, баруун зулайд шарх, зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
3. Эдгээр гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.
5. Дээрх цээж, хэвлийн, сарвууны түлэгдсэн шарх гэмтэл нь өндөр хэмийн, зүүн нүдний алимны салстын цус харвалт, хацар, чих, дух, хамар зулгаралт, цус хуралт, баруун зулайд шарх, зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
6. Дээрх гэмтлүүдээс баруун зулайн шарх, зүүн төмсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас тогтоогдож байна... гэх дүгнэлт /хх-ийн 164-166/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ч.Н нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Оройн бууц 2 дугаар баг “Цагаан овоо” гэх газар болон нагац ах Ц.Пгийн гэрт нь үл ялих зүйлээр шалтаглан түүнийг зодож мөн банзаар зуух руу түлхэн унагаж биед нь цээж, хэвлий, сарвуунд түлэгдсэн шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хацар, чих, дух, хамарт зулгаралт, цус хуралт, баруун зулайд шарх, зүүн төмсөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ц.П, гэрч С.Б, С.М, П.Д, А.А, Т.Н, С.Д, Ж.Га, шинжээч эмч Б.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 19 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ч.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ч.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хохирогчийн биед учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Хохирогч Ц.П нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч Ч.Ныг хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдав.
Хэрэгт шүүгдэгч Ч.Ныг бор зүсмийн 1 ширхэг адуу битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ч.Нод буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Нод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар Сандал /Цагаан өнгийн тавцантай, шаргал өнгийн модон сандал/, Банз /Цагаан өнгөтэй/ зэргийг хураан авсан бөгөөд сандал, банз зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ч.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Ныг гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ч.Нод оногдуулсан гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр 4-д зааснаар шүүгдэгч Г.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Г.Н нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Г.Нын эзэмшлийн бор зүсмийн 1 ширхэг адууг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг бор зүсмийн 1 ширхэг адууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Г.Нод буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 -д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал, банз зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Нод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ