| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0115/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/110 |
| Огноо | 2021-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтмагнай |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Г.Цогтмагнай,
Нарийн бичгийн дарга:Д.Чимэдцэрэн,
Шүүгдэгч: Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 211400000094 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Болийнхон овогт Гангаагийн Өлзий-Орших, / Регистрийн дугаар: ВВ87010317-тай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ө нь согтуурсан үедээ 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Цахир” 7 дугаар багийн 21-30 тоот хашаанд хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас үл ялих зүйлээр шалтаглан Л.Гын нүүр тус газар нь толгойгоороо мөргөж түүний эрүүл мэндэд баруун доод 1 дүгээр шүдний булгарал, доод уруулд язрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Год гар хүрч түүнийг цохиж зодсон зүйл байхгүй тэглээ ч тэр миний цохисон гээд байгаа шүдийг өмнө нь хүнд цохиулсан гээд суларсан хөдөлгөөн орсон гэж өөрөө хэлж байсан тухайн хэрэг болох үед машин дотор өөрөө миний нүүр ам руу үлээгээд дайраад байсан тэгэхэд нь би хориглоод гарыг ш нь түлхээд ноцолдсон тэгж байхад өөрөө ямар нэг зүйлд дэлссэн байх би цохиогүй харин ч намайг 2-3 удаа толгой руу цохиж авсан. Тухайн өдрийн болсон зүйлийг өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв ярьсан учир нэмж ярих зүйл байхгүй. Ерөнхийдөө бол намайг өөрөө гэрт байхад Г нь архитай ирээд дуудаад улж гарсан тэгээд архи хамт уучхаад гэрт нь хүргэж өгөх гээд хашаанд нь ортол Эгийн машин дотор над руу дайраад чи муу пизда хамт архи уухаа болчихлоо залгаад утсаа авахаа больсон гээд агсам тавиад байсан тэгээд түүнийг машинаас Э буулгаад эхнэрийг нь эхлээд дуудахад гарч ирэхгүй байсан н сүүлд нь гарч ирээд юу ч ойлгоогүй байж цагдаа дуудсан....гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Л.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 03 дугаар сарын 11-ны орой 20 цагийн үед гэрээсээ гараад найз Д.Э руу залгаад “Есөн-Эрдэнэ” захын засмалын ард байрлах “Цэлмэг өглөө” барилгын материалын тэндээс түүний цагаан өнгийн приус 11 маркийн машинд нь суугаад “Хөх толгой"-д байдаг “Улаанаа” гээд нэг найзындаа очоод түүгээр 0.5 литртэй “Хараа” нэртэй архи авхуулаад түүнийг аваад Г.Өын гэрт очсон. Гэрийнх нь гадаа авсан архиа ууж дуусгаад мөн Д.Эгаар 0.75 граммтай архи авхуулсан байсан түүнийг талд нь оруулаад н.Улаанааг Д.Э, Г.Ө бид 3 гэрт нь хүргэж өгчхөөд манай хашаанд ороод зогсоод үлдэгдэл архиа уусан. Тэгээд байж байтал би Г.Өод “Намайг залгахаар утсаа авдаггүй блоколдог. Хэрэг болохоор над руу залгадаг” гээд архины халуундаа жоохон хэрүүл гуйсан. Түүнээсээ болоод бид хоёр машины арын суудалд маргалдаад нэг нэгнийгээ барилцаж авсан. Тэгээд машинаас гараад гадаа гартал Г.Ө толгойгоороо миний ам руу мөргөсөн. Тэгтэл миний үүдэн доод нэг шүд хөдөлсөн. Одоо бол арай унаагүй Унахад бэлэн арьсан дээрээ тогтож байгаа. Тэгээд Д.Э Г.Өыг надаас салгаж аваад явсан. Тэгтэл эхнэр цагдаад дуудлага өгсөн байсан.. Г.Ө толгойгоороо намайг гадаа хашаанд байхад нэг удаа мөргөсөн Өөр байдлаар миний биед гар хүрээгүй. Би 2018 онд урд доод 2 шүдээ хүнд цохиулж байсан нь үнэн. Тэгж Д.Эд ярьж үзүүлж байсан. Одоо энэ цохиулсан гэх доод шүд мөн угаасаа хөдөлгөөн орсон байсан юм. Тэгсэн сая цохиулаад илүү хөдөлгөөн орсон. Одоо миний биеийн байдал зүгээр. Өмнө нь хөдөлгөөнтэй байсан доод 1 шүд л илүү хөдөлгөөн орсон. Тэрнээс бол бүр яг ч уначхаагүй байгаа урд нь цохиулаад хөдөлгөөн ороод доошоо суугдаж байсан шүд байгаа юм... 2018 онд танилцсан Баянлиг сумын гаралтай бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй н.Мажиг л гэж дууддаг. Одоо хаана явдгийг нь мэдэхгүй. Тухайн үед аймгийн төвд хамт архи ууж байгаад маргалдаад урд доод 2 шүдээ цохиулж байсан. Тэгээд тухайн үедээ цагдаад мэдэгдэж шалгуулаагүй. Тэгээд өнгөрсөн. Тэгэхэд шүд маань хөдөлгөөн ороод хөдөлгөөнтэй байсан. Тэгсэн сая Г.Ө толгойгоороо мөргөөд бүр хөдөлгөөн оруулж тогтохооргүй болсон... шинжээч эмчид үзүүлсний маргааш унасан. Тэгэхээр нь хаячихсан. Надад хохирлын талаар ямар нэг гаргаж өгөх баримт сэлт байхгүй. Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Г.Өоос хохирол гомдолтой гэж ямар нэг мөнгө төгрөг авсан зүйл байхгүй..... гэх мэдүүлэг / хх-ийн 19, 22 /
4. Гэрч С.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манай нөхөр Л.Г орой гэртээ байж байгаад 20 цагийн үед гэрээсээ “Найз нартайгаа уулзаж ганц нэг шил архи уучхаад ирье” гэхээр нь “Эрт ирээрэй” гээд хэлчхээд явуулсан. Тэгсэн саяхан буюу 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 23 цаг 15 минутын үед хашаан дотор цагаан өнгийн приус 11 маркийн машин ухраад ороод ирсэн байсан. Жолооч нь эрүүл байсан. Тэгээд гэрт байж байтал гадаа машинд хүмүүс маргалдаад байгаа чимээ сонсогдсон. Тэгэхээр нь гэрээсээ шагайж хартал хашаанд ороод ирсэн машины арын суудал дээр манай нөхрийн найз Д.Э гэх залуу миний өмнөөс ирээд “Л.Гыг гэртээ салгаад оруулаадхаач” гэхээр нь би машин дээр нь очтол хамт явсан жолооч нь тэр хоёрыг салгасан. Тэгтэл манай нөхөр Л.Г гэрийн үүдэн дээр суугаад нөгөө Г.Ө гэх найз руугаа “Пизда миний шүдийг хуга цохидог хэн бэ" гэсэн тэгэхээр нь би гар утасныхаа гэрлийг асаагаад “Яасан юм бэ” гээд нөхрийнхөө шүдийг хартал доод үүдэн нэг шүд нь дотогшоосоо хэвтсэн цус гоожсон байсан. Тэгсэн чинь манай нөхөр дахин “Пизда минь шүд яаж байгаа юм” гээд босоод иртэл машинаас Г.Ө нь ирээд “Тэгээд яадаг юм. Болдоо пизда минь ялд нь явуулах гээд байгаа юм уу” гэж хэлээд барилцаж аваад толгойгоороо манай нөхрийн нүүр рүү нэг удаа мөргөөд авсан. Тэгэхээр нь би “Ингээд байх юм бол цагдаа дуудлаа” гээд цагдаа дуудсан. Тэгтэл Д.Э нь манай нөхрийг түлхэж Г.Өыг салгаад машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд нөхрөө аваад гэртээ ороод гэрэлд дахин шүдийг нь үзтэл доод үүдэн нэг шүд санжганасан буйлан дээрээ өнгөц тогтож байгаа байдалтай байсан... Миний харснаар машин дотор арын суудал дээр хоёулаа гар нь гозгоноод байсан. Гадаа бол харилцан нэгнийгээ заамдалцаж авсан. Тэгтэл Г.Ө манай нөхрийн нүүр рүү мөргөсөн. ....гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
5. Гэрч С.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 03 дугаар сарын 11-ний оройн 20 цагийн үед найз Л.Г намайг ус авах гээд явж байтал дуудаад “Айлд хамт очъё” гэхээр нь би өөрийн эзэмшлийн гэхдээ нэр шилжигдээгүй Ж.И гэх хүний нэр дээр байдаг цагаан өнгийн приус 11 маркийн 27-41 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ “Есөн-Эрдэнэ” захын арын зам дээрээс түүнийг аваад хөх толгойд нэг айлд очсон. Тэндээс нэг залуутай уулзсан. Би тэр залууг нь танихгүй юм байна лээ. Тэр залуу нь Л.Год 0.5 граммтай “Хараа” нэртэй архи авч өгсөн. Тэр архиа аваад найз Г.Өын гадаа ирээд Л.Г Г.Өыг дагуулаад гараад ирсэн. Тэдний гадаа авсан архиа тэр 3 уугаад надаар дахин 0.75 граммтай “Ерөөл” нэртэй архи авхуулж уугаад талд нь оруулсан. Тэгээд анх гэрээс нь авсан залууг гэрт нь хүргэж өгсөн. Гэр нь Л.Гын гудамжинд байдаг юм байна лээ. Тэндээс Л.Гын хашаанд орж ирж зогсоод байж байтал Л.Г нь Г.Өын нүүр рүү үлээгээд байсан. Тэр 2 миний машины арын суудалд суусан байсан юм. Тэгсэн Г.Ө “Чи яагаад байгаа юм” гээд Л.Гыг заамдаад авсан. Тэгтэл Л.Г урдаас нь гараараа Г.Өыг шанаа руу нэг удаа цохиод авсан. Тэгснээ хойд суудал дээр харилцан зууралдаад байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад би Г.Өыг татаад гаргаад гадаа гаргасан. Тэгээд хоорондоо зууралдаад барилцаж аваад салахгүй болохоор Л.Гын гэр рүү шагайж эхнэр С.Оийг дуудсан. Тэгэхэд эхнэр нь гараад ирсэн байсан. Бид 2 явлаа гэхэд Л.Г “Байж бай” гээд орилоод байсан. Тэгснээ Л.Г нойл руу шээх гээд орсон. Тэгэхээр нь би Г.Өыг машиндаа суулгаж аваад давхиад явсан. Би бол машин барьж явсан болохоор тэд нартай архи уугаагүй. Тэгээд Л.Гынхоос гарч явж байхдаа уусан архиныхаа шилийг гудамжинд хаясан. Л.Г нь Г.Өтой машины арын суудал дээр ноцолдож байхдаа шүд гэж ямар нэгэн зүйл яриагүй. Хоорондоо зууралдаад бие биенийгээ цохиж аваад пижигнээд байсан. Тэгэхэд бол шүд гэж хэлж яриагүй. Харин машинаас Л.Гыг буулгаад гэрийнх нь гадаа үүдэн дээр би суулгатал “Шүд хөдөлсөн байна” гээд орилоод байсан. Л.Гын амнаас шүд байх хэсгээс нь бага зэрэг цус бол гарсан байсан. Тийм их хэмжээгээр гараагүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
6. Шинжээч эмч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Л.Гын биед 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийхэд доод 1 дүгээр шүд 4 тийш сул ганхсан доод уруулд язрал цус хуралт гэмтлүүд тогтоогдсон ба уг гэмтэл нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд юм. Тухайн баруун доод 1-р шүд нь цаашид эмчилгээ хийлгэсэн ч тогтохгүй тул шүд унасан буюу булгарсан гэж үзнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 55/
7. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 161 дугаартай шинжээчийн:
1. Л.Гын биед баруун доод 1 дүгээр шүдний булгарал, доод уруулд язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх хэрэг боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 5% алдагдуулна.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
6. Дээр гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 45-46/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Ө нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Цахир” 7 дугаар багийн 21-30 тоот хашаанд архидан согтуурсан үедээ хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас үл ялих зүйлээр шалтаглан Л.Гын нүүр тус газар нь толгойгоороо мөргөж түүний эрүүл мэндэд баруун доод 1 дүгээр шүдний булгарал, доод уруулд язрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Л.Г, гэрч С.Оэ, С.Э, шинжээч эмч Б.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 161 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Г.Өод эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Г.Өод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Өод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Г.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Өыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.Өод оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр 4-д зааснаар шүүгдэгч Г.Ө нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Г.Ө нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Өод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Өод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ