Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

  Улсын яллагч: Б.Бат-Оргил

  Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014004220066 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Өвгөн ургийн овогтой Даваасүрэнгийн Туяацэцэг, ВЖ82122601 / регистрийн дугаартай. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр баг Нөмөр гэх газар иргэн Э.Дтай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи болон хамар, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  1. Шүүгдэгч Д.Т ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Би 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас замын унаанд суугаад Баянхонгор аймаг руу явж байтал Нөмөр гэх газар миний сууж явсан Хар өнгийн Хариер маркийн автомашин урдаас ирж явсан УАЗ-469 маркийн автомашинтай шүргэсэн. Жолооч нар нь хоорондоо маргалдаад байсан. Хариер машины жолооч Э, Баттулга нар цагдаа дуудах гээд хажуугийн толгой дээр гарч утсаар ярих гээд явсан. Би машинд сууж байтал Д гэх над дээр ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Удалгүй утсаар ярих гээд явсан 2 хүн хүрээд ирэхээр нь би Д гэх эмэгтэй хэл амаар доромжлоод байгаа талаар хэлсэн. Э, Баттулга 2 хоорондоо маргаад Д гэх эмэгтэй дээр очсон.Тэгэхээр нь би Д дээр очтол намайг бариад авсан тэгээд Д бид 2 барилцаад авсан бид хоёрын дундуур Баттулга ороод салгах үед би Баттулгын мөрөн дээгүүр гараа давуулаад нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд бид 2 салцгаасан ахиж хэрэлдэж маргалдан, зодолдоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 94-95/

 2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

  3.Хохирогч Э.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  .. 2020 оны 08 сарын 30-ны өдөр 21 цагийн орчим Баянхонгор аймаг    Эрдэнэцогт сумын нутаг “Нөмрийн ам” гэх газарт би машинтайгаа явж байгаад замын ховил дээр зөрөх гэхэд миний сууж явсан машин нэг улаан өнгийн жижиг Хариер гэсэн машиныг шүргэсэн. Тэгээд цагдаа дуудсан цагдаа тухайн үед дуудлагатай байсан нэлээн удсан. Нөгөө Хариер машинаар явж байсан жолооч хүүхэн бууж ирээд хэл амаар доромжилж миний сууж явсан машины жолоочийг заамдаж утсаа шидэж чулуу шидсэн. Тухайн үед би тэр машинтай хүмүүсийг хараад сууж байсан. Тэгээд тэсэлгүй би “боль та хоёрын хэн хэний буруу” гэж хэлсэн. Мөн “Чи зам тавьж өгөөгүй, нөгөө нь ачаа ачиж явсан” гэж хэлсэн. Тэгтэл тэр хүүхэн “битгий солиор” гэж хэлээд элдэв нэгээр хэлж доромжилсон Тэгээд би хэрүүл хийгээд хэрэггүй юм байна гэж бодоод машинд орж суусан. Тэр үед жолооч эмэгтэй ирж машины хаалга өшиглөж онгойлгож над руу дайрсан, би машинд суугаад гараагүй. Тэгтэл жолооч талын хаалга онгойлгож ирээд намайг дайрч доромжилсон. Энэ үед би машинаас буусан Тэгтэл тэр хэрүүл хийж байсан жолооч хүүхнийг нөхөр нь бололтой эрэгтэй авч явсан. Тэгтэл Хариерт сууж байсан өөр нэг хүүхэн бууж ирээд намайг самардаж толгой руу гараараа цохисон. Тэгтэл нөгөө залуу ирж намайг цохисон хүүхнийг авч явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 18-19 /

4. Гэрч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанаас 2020 оны 08 сарын 30-ны 20 цагийн үед “Эрдэнэцогт сумын 4-р багийн нутаг Нөмөр гэх газар 2 автомашин шүргэлцсэн байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагыг хүлээн авч Олон нийтийн цагдаа Д.Бадрахзулын хамт тухайн газарт очиход хар өнгийн Харьер машин. цагаан өнгийн УАЗ-469 машинууд Нөмрийн хөтлийн давааны ард хоорондоо шүргэсэн байдалтай, 2 эмэгтэй хэрэлдээд зогсож байсан. УАЗ-469 машинд сууж явсан эмэгтэйн дух хэсгээс цус гарсан байсан. Тухайн үед цаг аажуу болсон байсан тул харанхуй болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

5. Гэрч С.З ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дтай цуг хоёулаа гэрийг нь ачаад Эрдэнэцогт сумын 4-р багийн нутаг Нөмөр гэх газар явж байтал урдаас ирж байсан Хариер маркийн машинтай миний ачаа шүргэсэн. Хариер маркийн машины жолооч эмэгтэй намайг аашлаад цагдаа дуудъя гээд байсан. Тэр хооронд миний машинд сууж явсан Д, Хариер маркийн машинд сууж явсан эмэгтэй 2 хэрэлдээд байсан. Би машиныхаа хажууд зогсож байтал Хариер машинд сууж явсан эмэгтэй миний машин руу өшиглөөд байсан чинь Д миний машинаас бууж ирээд барилцаад авсан Би салгах гээд очтол тэр эмэгтэй Дгийн нүүрийг маажсан... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

6. Гэрч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тэр өдөр би Эрдэнэцогт сумын айлд очоод буцаад сум өнгөрөөд явж байхад урдаас цагаан өнгийн УАЗ-469 маркийн машин ирж байсан. Би зам чөлөөлөх гэсэн боловч хажууд том харгана байсан учир түүнийг өнгөрөөгөөд зам чөлөөлж өгсөн чинь миний урдаас ирж байсан машин ирээд миний машины толь хөмсөг болон зөв талыг мөргөөд цааш өнгөрөөд зогссон. Би зогсоод машинаас буусан чинь нөгөө машины жолооч буугаад ирсэн би урдаас нь “яаж байгаа юм бэ” гэсэн чинь “өө чааваас” гэсэн. Тэхээр нь би “чи чааваас байхдаа яадаг юм бэ хүний юм эвдэж хаячаад” гээд “цагдаа дуудъя” гэсэн Би “цагдаа дуудъя” гээд уул руу сүлжээнд гарах гэж явсан. Буцаад ирэхэд УАЗ-469 маркийн машинд сууж явсан эмэгтэй хүн миний машинд сууж явсан эмэгтэй хүнтэй маргалдаад “танай машины буруу гэж тохирооч” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь миний машинд сууж явсан хүн “яагаад тохир гэж танай машины буруу” гэж хэлээд тэр зүйлээс болоод маргалдаад өнгөрсөн гэсэн. Би Д гэж хүнд очоод “та ямар сонин юм бэ хүний жоохон хүүхдийг дайрдаг байж гэж хэлээд байхдаа яадаг юм бэ” гэж хэлсэн чинь “би тэгж хэлээгүй” гээд байсан. Тэгж байхад миний машинд сууж явсан хүн ирээд Д гэж хүнийг “чи тэгж хэлээ биз дээ” гэж хэлсэн чинь Д гэж хүн миний машинд сууж явсан эмэгтэйг нэг алгадаад авсан чинь зөрүүлээд нүүр хэсэгт нь цохиод авах шиг болсон. Тэр үед манай нөхөр Баттулга дундуур нь ороод салгасан.... гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/

7. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 488 дугаартай шинжээчийн:

1. Э.Д гийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи болон хамар, духанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

3. Эдгээр гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 76-77/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Т нь 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр баг Нөмөр гэх газар иргэн Э.Д тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи болон хамар, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Э.Д, гэрч Д.Э, С.З, Д.Э нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 488 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч Э.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эм тариа худалдан авсан гэх 1.074.000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан гэх ямар нэгэн нотлох баримтыг хавсаргаагүй, нотлох баримт байхгүй талаар мэдүүлж байсан тул түүний эмчилгээний 1.074.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Тийг хохирогч Э.Дд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Э.Дд төлөх төлбөргүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас чөлөөлж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан ялаас чөлөөлөх ойлголт нь шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх талаар заасан бөгөөд шүүх уг ялаас чөлөөлөх заалтыг хэрэглэхдээ шүүгдэгчид тухайн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж уг ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэж ойлгох нь зүйтэй юм.

Шүүх шүүгдэгч Д.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Д.Т нь урьд нь шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байсан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Өвгөн овогтой Д.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Өвгөн овогтой Д.Тийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Өвгөн овогтой Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.Тт хоёр / 02 / сарын хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5,6-д зааснаар шүүгдэгч Д.Т нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай..

6. Шүүгдэгч Д.Т нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ