Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хэргийн индекс: 180/2021/0117/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч Б.Н

 Шүүгдэгч Э.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н

Шүүгдэгч Э.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б, Э.Б нарт холбогдох 2139000290038 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг “Бүрээт” гэх газар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х шавь овгийн ЭБ /РД:СО87042110/

2. Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, ам бүл, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Мөрөн сум 3 дугаар баг “Бүрээт” гэх газар оршин суух бүртгэлтэй одоогоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 07-10 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 сар 05 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Хардэл шавь овгийн ЭБ /РД:СО84101717/

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Яллагдагч Э.Б нь өөрийн төрсөн ах Э.Бтай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Зүүн ил” гэх газарт иргэн Г.Гын улаан зүсмийн гунжин үхрийг хулгайлж, улмаар 1.000.000 төгрөгний хохирол учруулсан, Яллагдагч Э.Б нь өөрийн төрсөн дүү Э.Бтэй бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Зүүн ил” гэх газарт иргэн Г.Гын улаан зүсмийн гунжин үхрийг хулгайлж, улмаар 1.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүх хуралдааны үед: Шүүгдэгч Э.Б нь “энэ хэргийг би ганцаараа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, дүү Э.Б гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй, дараа нь үхрийг махыг гэр лүү зөөлцөж өгсөн, мөн хөдөөнөөс аймгийн төв рүү авчирч өгсөн, махыг нь зараад олсон мөнгөнөөс Э.Бд өгсөн” гэжээ. Шүүгдэгч Э.Б нь “үхэр хулгайлах нядлах үед би оролцоогүй, дараа нь махыг нь зөөж өгсөн, мах зарж олсон мөнгөнөөс нь авсан” гэжээ.

Мөрдөн байцаалтын үед: Хохирогч Г.Гын өгсөн:.. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн орой манай хүү Б үхэрээ татсан бөгөөд тухайн үед үхэр бүрэн байсан. Манайх ер нь үхэртээ тэжээл өгч байгаа учраас өдөр болгон татаж бүртгэдэг юм. 01 дүгээр сарын 08-ны өдөр манайхаас баруун зүгт байрлах Э гэх айлын гаднаас өөрийн 8 тооны үхрийг гэр рүүгээ чиглүүлж туугаад орхисон. 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр их хүйтэрсэн бөгөөд би бусад үхрүүдээ татаад Э ойролцоо байх үхрээ татаж амжаагүй юм. Тэгээд 01 дүгээр сарын 10-ны өдөр манай хүүхэд Б үхрээ татсан бөгөөд Эын гадна байсан 8 үхрээс 1 нь буюу улаан зүсмийн гунж алга болсон байсан. Тэгээд 01 дүгээр сарын 11-ний өдөр ойролцоох айлуудаар ороод сураглаад хайгаад олдоогүй. Тэгээд 01 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн төвөөр ченж болон мал эмнэлэгээс бичиг шүүгээд үзтэл манай баруун талд 2 орчим км зайнд нутагладаг манай төрсөн ах Энэр дээр 1 тооны үхрийг бичиг авсан байсан. Манай ах Эрдэнэбаатар өөрөө мал дээр байхгүй аймгийн төв дээр эмчлүүлж байгаа бөгөөд малыг нь хүүхдүүд нь болох Б, Б нар тухайн үед харж байсан. Тэгээд тэр 2 аймгийн махны ченж Бад 1 тооны гунжан үхэр 01 сарын 11-ний өдөр зарсан байсан...Тэгэхээр би миний үхрийг Б, Б нарыг хулгайлсан байж магадгүй гэж бодож байна...Би Б, Б нараар хохирлоо төлүүлсэн. Б, Б нар нь надад бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /ххийн 14-15, 83-84 хуу/

 Гэрч Э.Сийн өгсөн:... 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үдээс хойш Мөрөн сумын харъяат Г гэх хүнтэй хамт ирж байсан зүс таних 1 хүн ирж 1 тооны үхэр зарсан юм. Тухайн үед манай нөхөр Б аймгийн захиргаан дээр ажилтай явж байсан. Энэ хүний авч ирсэн үхэр нь 115 килограммтай үхэр байсан. Тухайн үхрийг 1 килограммыг 7000 төгрөгөөр бодож нийт 805.000 төгрөг болсон. Тэгээд үхэр зарсан хүн маань мөнгөө бэлнээр нь авна гэхээр нь мөнгийг нь бэлнээр нь өгсөн. Тэр үхрийн арьс толгой нь байхгүй байсан. Мал махны гарал үүслийн бичигтэй ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20хуу/

Гэрч С.Бын өгсөн:...2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр намайг аймгийн захиргаан дээр ажилтай явж байх үед аймгийн төвд байдаг Б гэх залуу манай эхнэрт 1 тооны үхэр зарсан байсан. Тэр үхэр 115 килограммтай бага үхэр байсан. 1 килограммыг нь 7000 төгрөгөөр бодож худалдаж авахад 805.000 төгрөг болсон байсан. Арьс толгой гэдэс байхгүй зөвхөн махыг нь зарсан. Мөнгийг нь бэлнээр нь өгсөн байсан. Мөрөн сумын харъяат Г гэх хүнтэй цуг явдаг байсан. Энэ хүний хамаатан нь юм шиг байсан. Г нь хааяа мах зарах ажилтай явж байхад тусалж байгаа гээд явдаг байсан. Мал махны гарал үүслийн бичигтэй ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22хуу/

Гэрч А.Мын өгсөн:...Б нь эхээсээ зургуулаа бөгөөд айлын том хүүхэд байгаа юм. Б нь 1992 онд Хэнтий аймгийн Мөрөн суманд ерөнхий боловсролын дунд сургуульд 1 дүгээр ангид элсэн суралцсан. Б нь бага боловсролтой уншиж бичиж чадна...бага наснаасаа мал маллаж амьдарч байгаа, найз нөхдийн хувьд хүнтэй эвтэй найртай тусч, найз нөхдийн дунд нэр хүндтэй, арх согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, охинтойгоо цуг амьдардаг... гэх мэдүүлэг /хх-ийн 119 хуу/

Хохирогч Г.Гын алдсан 1 тооны үхэрний үнэлгээг 1.000.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай дүгнэлт / хх-ийн 34-36 хуу/

 Э.Бийн гэрчээр өгсөн:...манай ах Б бид хоёр хөдөө мал дээр байсан бөгөөд гэрийн ойролцоо хүрэн улаан гэхээр баруун чих нь араасаа ганзагадуу, зүүн чих нь урдаасаа зүссэн ар тал нь тасархай догол гэхээр имтэй гунжин манай үхэрт нийлсэн байсан бөгөөд манай үхэртэй цуг хашаанд орчихсон тэгэхээр нь би танихгүй үхэр нийлсэн байна хоёулаа ажиллаад заръя гэж Б ахад хэлсэн. Тэгээд Б ах зөвшөөрөөд бид 2 уг үхрийг барьж аваад саравчнийхаа ард ажиллаад аавын 09-88 дугаартай экстралл маркийн тээврийн хэрэгсэлд арьс, толгой, гэдэс, шийрийг нь ачаад тэр шөнөдөө аймгийн төвийн хойно бөөгийн овооны хойд талд байрлах жалганд хаясан. Тэгээд махаа жижиг илүү гэрт оруулж хадгалсан...Тэгээд ах Б 01 сарын 10-ний өдөр Г ахад мал ажиллаж өгөөд тэр чигтээ аймаг явсан, би 01 дүгээр сарын 11-ний өдөр аавын 0988 дугаартай тээврийн хэрэгсэлд нөгөө үхрийнхээ махыг ачаад аймагт ирээд бид 2 Б гэж дууддаг ченжэд зарсан бөгөөд ах Б орж тооцоо хийсэн надад 340.000 төгрөг бэлнээр өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/

Э.Б гэрчээр өгсөн: ...намайг хөдөө очиход манай төрсөн дүү Б ганцаараа байсан. Тэр орой манай үхэр дунд нэг танихгүй үхэр ирсэн байсан бөгөөд би уг үхрийг ажиллаад заръя гэж Бд хэлсэн, тэгтэл мэдэхгүй ээ өөрөө мэд гэж надад хэлсэн. Тэгээд би хашаанд хашиж байгаад ганцаараа барьж аваад сүхээр цохиж унагаад ажилласан, намайг уг үхрийг ажиллаад дусах гэж байхад Б ирж тусласан. Тэгээд би Батнцэнгэлийг гуйгаад хамтдаа аавын машинтай тэр оройдоо арьс, толгой, гэдэс шийр зэргийг ачаад булгийн хойно нэг жалганд хаясан. Тэгээд тэр оройдоо махаа илүү гэрт хийж гэртээ унтсан...01 дүгээр сарын 11-ний өдөр Б нөгөө үхрийн махыг ачаад аймагт ирсэн, тэгээд бид хоёр махаа Б гэж дууддаг ченжид зарсан...би Батнцэнгэлд 350.000 төгрөг нь өгсөн, үлдсэн мөнгөө өр ширэндээ тараагаад дууссан...гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуу/

Яллагдагч Э.Б өгсөн:...Би бүлэглэж хулгай хийгээгүй..намайг очиход манай дүү Э.Б гэртээ байсан. Манай хөдөө гэрээс Г ахын гэр нь манайхаас 2-3 км газарт байдаг. Би тэр оройгоо Гынд очиход маргааш өглөө хүрээд ирээрэй хэдэн үхэр ажиллана гэж хэлэхээр нь би буцаад гэр лүүгээ явж байхад манай үхэр замд байхаар нь үхрээ гэр лүүгээ дарчихаад орсон. Тэгээд цай цуу уугаад сууж байтал гэрийн гадаа үхэр ирсэн, гарч бяруугаа ялгаж хашсан. Тэгтэл манай үхэрт охин хүрэн зүсмийн шүдлэн үхэр ирчихсэн байсан. Тэгээд би дүү Бээс энэ хэний үхэр бэ гэж асуухад мэдэхгүй гэсэн ах нь энэ үхрийг ажиллая гэхэд дургүйцээд мордоод адуундаа яваад өгсөн. Тэгэхээр би ганцаараа нөгөө улаан хүрэн зүсмийн охин шүдлэн үхрээ хашаан дотор хашиж барьж аваад саравчны ард гаргаад унагаагаад ажиллаж эхэлсэн. Тэгээд би ганцаараа ажиллаж дуусаад байж байтал манай дүү Б адуунаасаа 18 цагийн орчимд адуунаас ирсэн, би ганцаараа махаа илүү гэр лүү нэг гуя өвчүү нэг хаа тэр гурвыг өөрөө зөөгөөд нөгөө хүзүү, сээр, хаагаа үргэлжээр нь байсан болохоор нь дүү Бийг ирэхээр нь өргөлцөөд илүү гэр лүү оруулсан. Хөдөө гэртээ хоноод маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 09 цагийн үед Г ахын малыг ажиллаж өгөхөөр гэрт нь очиход 4 үхэр, нэг адуу барьчихсан байсан болохоор шууд ажиллаж эхэлсэн. Тэгээд 14 цагийн орчимд малаа ажиллаж дуусаад Г ах, Г ахын эхнэр Болормаагийнн хамт бид 3 махаа зарахаар Хэнтий аймаг руу явсан. Тэгээд аймагт ирээд махыг нь зарж өгөөд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 7-10 тоот гэртээ хоноод 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө гарал үүслийн бичгээ авчихаад хөдөө гэр лүү явж махаа авах гэж байтал дүү Б наашаа аймаг явах ажилтай гэхээр нь нөгөө үхрийн махаа дөхүүлээд өгөөч ээ гэж гуйсан. Тэгээд дүү Б үхрийн мах аваад аймгийн төв дээр байдаг аавын 09-88 гэсэн дугаартай экстрал маркийн машинтай ирсэн. Би дүүгийн унаж ирсэн машиныг бариад махаа Б гэдэг ченжид 805000 төгрөгөөр зарсан...манай дүү Б нь бичиг үсэг мэдэхгүй, боловсрол байхгүй, бас осолд орж тархины яс цөмөрч, тархины хүнд хагалгаанд орсон, энэ ослоос 80 хувийн түлэгдэлтэнд орж байсан, бараан хөл байхгүй, хиймэл хөлтэй, хөдөлмөрийн чадвар алдсан тул группэд байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 хуу/

Яллагдагч Э.Бийн өгсөн:...Би 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын Зүүн ил гэх газар байдаг гэртээ малаа хараад байж байхад үдээс хойш 15-16 цагийн алдад Б ах аймгийн төвөөс Гонио ахынд мал ажиллана гээд ирсэн байсан. Намайг хонинд мордсон хойгуур Б ах Гонио ахынд очоод ирсэн юм шиг байна лээ, тэрийг нь сайн мэдэхгүй байна. Би хониноос ирэхэд манай үхэр гэрийн гадаа ирчихсэн байсан. Тэгтэл Б ах манай үхэрт нийлсэн байсан хүрэн зүсмийн гунжин үхрийг энэ хэний үхэр юм бэ гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй байна манай үхэрт нийлээд 2-3 хонож байгаа гэхэд ах нь ажиллачих уу гэсэн, тэгэхээр нь би яах гэсэн юм бэ гээд би дургүйцээд адуундаа мордоод яваад өгсөн. Би адуундаа яваад ирэхэд нөгөө хүрэн зүсмийн гунжинг саравчны ард ажиллачихсан байсан. Тэгтэл ах намайг дуудаад би дийлэхгүй байна чи энэ хүзүү, сээр, хаатай үргэлжээ мах нуруутай гуяны мах хоёрыг өргөлцөөд өг гэхээр нь би жижиг гэр лүү хамт өргөж оруулж өгсөн. Тэгээд бид хоёр хөдөө гэртээ хоночихоод 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө Б ах Г ахынх руу мал ажиллана гээд явсан. Тэгээд Б ах Гын ахын малыг нь ажиллаж өгчихөөд тэд нартай хамт аймгийн төв орсон байсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 11- ний өдөр Хэнтий аймаг орж аймгийн төв дээр байдаг гэртээ ирэх ажилтай байсан, тэгтэл Б ах чи аймаг орж ирэхдээ нөгөө үхрийн махаа аваад ирээрэй гэж хэлэхээр нь би за гээд аймгийн төв ороходоо нөгөө үхрийн махыг ганцаараа машинд зөөж оруулаад аймгийн төв рүү ороод шууд Б ахын гэрийн гадаа ирэхэд Б ах машин унаад яваад өгсөн, би гэрт нь үлдсэн Б ах буцаад ирж надад машин өгөхөд машинд байсан үхрийн мах байхгүй байсан, надад хоёр ямаа авсан мөнгө гэж 350.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 хуу/

 Эд мөрийн баримтаар meg556760 дугаартай мал эмнэлэгийн гэрчилгээг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 06 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 8-11 хуу/

0988 хэү улсын дугаартай “Nissan xtrall” маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай тогтоол /хх-ийн 75 хуу/

0988 хэү улсын дугаартай “Nissan xtrall” маркийн автомашины үнэлгээг 7.520.000 сая төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-41 хуу/

Э.Б, Э.Б нарын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 85, 115 хуу/ Э.Б, Э.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 97, 123 хуу/

Э.Б нь 2020 онд 310 толгой мал тоолуулсан тухай тодорхойлолт / хх-ийн 100 хуу/ Э.Б нь 2020 онд 175 толгой мал тоолуулсан тухай тодорхойлолт / хх-ийн 101 хуу/ “Э.Б нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэрт 288.000 төгрөгийг сар бүр авдаг тухай” Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаартай албан бичиг /хх-ийн 93 хуу/

 Хэнтий аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 199 хуу/

 Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 194-196 хуу/ Э.Бийн амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 211-2016 хуу/

 Улсын яллагчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн “0988 хэү улсын дугаартай “Nissan xtrall” маркийн автомашин нь Э.Бийн нэр дээр бүртгэлтэй тухай” тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Э.Б, Э.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Зүүн ил” гэх газраас хохирогч Г.Гын улаан зүсмийн нэг тооны гунжин үхрийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, нядлан махыг нь зарж 1.000.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Э.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг “Зүүн ил” гэх газарт иргэн Э.Баттулгыг дээр дурдсан үхрийг хулгайлсныг мэдсээр байж үхрийн махыг нь гэртээ 2 хоног хадгалсан, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 0988 хэү улсын дугаартай “Nissan xtrall” маркийн автомашинаар зөөвөрлөсөн, уг үхрийг махыг зарж олсон мөнгөнөөс нь 350.000 төгрөг авсан нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 1. Гэм буруугийн талаар Шүүгдэгч нь нар нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй, Э.Б ганцаараа үйлдсэн, Э.Б хулгайн гэмт хэрэгт оролцоогүй, харин Э.Баттулгыг гэмт хэрэг үйлдсэний дараа гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг эзэмшсэн, мөнгийг авсан гэж мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч мөн энэ талаар дүгнэлт гаргасан. Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Б, Э.Б нар нь энэ хэрэгт 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр / хх-ийн 16-18 хуу, 23-25 хуу/ тус тус нэг удаа, Э.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар 2 удаа, Э.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар /хх-ийн 70-71 хуу/ нэг удаа мэдүүлэг өгчээ. Э.Б нь анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө Э.Бтай бүлэглэж нэг тооны үхэр хулгайлсан талаараа мэдүүлэг өгсөн боловч яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө тухайн гэмт хэрэгт оролцоогүй, харин үхрийг махыг гэртээ хадгалсан, зөөж тээвэрлэсэн, үхрийн махыг зарж олсон мөнгөнөөс авсан гэж хэргийн нөхцөл байдлын талаар өөр мэдүүлэг өгсөн, Э.Б нь гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө тухайн хэрэгт Э.Б оролцоогүй, өөрөө ганцаараа үйлдсэн талаараа тогтвортой мэдүүлэг өгсөн байна. Хэрэг гарах үед шүүгдэгч нар нь хамт байсан талаараа маргадаггүй бөгөөд зөвхөн үйлдэл, оролцооны хувьд анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй мэдүүлгүүд өгчээ. Шүүгдэгч Э.Б, Э.Б нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг нь бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг нь магадлах аргаар шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. А. Э.Бас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цаг 35 минутанд мэдүүлэг авч 18 цаг 55 минутанд дууссан, Э.Бээс 2021 оны 01 дүгээр сарын 13-ны 19 цаг 00 минутаас мэдүүлэг авч 19 цаг 50 минутанд дууссан, гэрч С.Баас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цаг 19 минутаас мэдүүлэг авч 16 цаг 35 минутанд дууссан байна. Үүнээс үзэхэд тухайн эрүүгийн хэрэгт цаг хугацааны хувьд гэрчээр С.Б, Э.Б, Э.Б гэсэн дарааллаар байцаалт авсан байна. Э.Бээс гэрчээр мэдүүлэг авахдаа “Та 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үхэр зарсан байна. Уг үхэр нь хэний ямар учиртай үхрийг хэрхэн зарсан талаар ярина уу” гэсэн асуултаар эхэлсэн, Э.Бас мэдүүлэг авахдаа “Та болсон явдлын талаар ярина уу” гэсэн асуултаар эхэлжээ. Гэрч С.Б нь мэдүүлэг өгөхдөө “Б манай эхнэрт 1 үхэр зарсан байсан” гэж мэдүүлэг өгсөн байхад Э.Бээс мэдүүлэг авахдаа “Та 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үхэр зарсан байна. Уг үхэр нь хэний ямар учиртай үхрийг хэрхэн зарсан талаар ярина уу” гэсэн асуулт тавьж байцаалтыг эхэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан Тухайн хүн мэдүүлэг өгөхдөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэх зүйлээ ярина. Ярьж дууссаны дараа ярьсан зүйлтэй нь холбогдуулан түүнд тодруулах асуулт тавьж болно гэснийг, мөн зүйлийн 13 дахь хэсэгт заасан Мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзлээ. Б. Мөрдөгч нь өмгөөлөгч Г.Баярсайханыг буюу нэг өмгөөлөгч оролцуулан Э.Б, Э.Б нараас гэрчээр мэдүүлэг авсан байна. Э.Б, Э.Б нар нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэргийн нөхцөл байдлын талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн байх бөгөөд Хэнтий аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолд /хх-ийн 199 хуу/

“яллагдагч Э.Б, Э.Б нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн, үйлдээгүй талаар маргалдаж байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хэд хэдэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хуулийн этгээдийг нэг өмгөөлөгч өмгөөлж болохгүй гэх заалттай зөрчилдөж байх тул” гэж дүгнэсэн байх боловч Э.Б, Э.Б гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийн алийг нь харилцан эсрэг сонирхолтой гэж үзсэн тодорхойгүй байна. Э.Б, Э.Б нар нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мөн нэг өмгөөлөгч буюу С.Н өмгөөлөгчийг оролцуулж мэдүүлэг өгсөн байх бөгөөд тэдний яллагдагчаар болон шүүх хуралдааны үед шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдийг нь хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно. Иймд Э.Б, Э.Б нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан гэж үзэхэд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийг үндэслэл болгох боломжгүй гэж үзлээ. Э

.Б, Э.Б нар нь мөрдөн байцаалтын үед яллагдагчаар болон шүүх хуралдааны үед шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө Э.Б үхэр хулгайлах гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй, Э.Б тухайн гэмт хэрэгт оролцоогүй, харин Э.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон үхрийн мах болон махыг зарж олсон мөнгийг авсан, махыг нь гэртээ хадгалсан, тээвэрлэсэн талаараа дурдсан бөгөөд тэдний энэ мэдүүлгүүдийг нь үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул тухайн мэдүүлгүүдийг нь үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй, энэ талаар гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Б нь мал хулгайлах гэмт хэргийг Э.Бтэй бүлэглэн үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул түүний үйлдлийг бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, гэмт хэрэг үйлдэж олсон үхрийн махыг гэртээ хадгалсан, тээвэрлэсэн, махыг зарж олсон мөнгөнөөс авсан Э.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн буюу мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэв. Иймд Э.Б, Э.Б нарыг аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан буюу бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Э.Баттулгыг бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гт 1.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь “Би Б, Б нараар хохирлоо төлүүлсэн. Б, Б нар нь надад бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 83- 84 хуу/ өгсөн байх тул шүүгдэгч Э.Б, Э.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 0988 хэү улсын дугаартай xtrail маркийн автомашиныг улсын орлого болгох, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх дүгнэлт, шүүгдэгч Э.Б өмгөөлөгч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлт, шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч нь шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Бд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас 0988 хэү улсын дугаартай “Nissan xtrall” маркийн автомашиныг шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэсэн үндэслэлээр хурааж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч нарт холбогдох хэргийг зүйлчлэхдээ машин механизм ашигласан /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт/ гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчлээгүй тул шүүхээс тухайн автомашиныг шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хураах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Э.Б, Э.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мал эмнэлэгийн гэрчилгээг хавтаст хэрэгт хадгалж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 0988 хэү улсын дугаартай “Nissan xtrall” маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Бд хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Прокурорын газраас Х шавь овгийн ЭБ, Хардэл шавь овгийн ЭБ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Э.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Хардэл шавь овгийн Э. Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын малыг хулгайлсан, шүүгдэгч Х шавь овгийн ЭБийг мөнгө угаах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ба 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 4. Шүүгдэгч Э.Бд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Бд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

6. Шүүгдэгч Э.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалт зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мал эмнэлэгийн гэрчилгээг хавтаст хэрэгт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 0988 ХЭҮ улсын дугаартай “Nissan xtrall” маркийн автомашиныг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Э.ОДХҮҮ