Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 227

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.*******, нарийн бичгийн дарга А.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Ж.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн халзан хошуу бригадад эцэг эхийн хамт 1980-1984 оныг дуустал бог мал малласан. 1985 оны 1 сард Завхан аймгийн худалдааны техниккумын тогоочийн 6 сарын курсад явж ирээд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд зөөгчөөр ажилд орсон. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл эцэг эхийн хамт мал маллаж байсан үеийн баримтууд архиваас гарч ирэхгүй, хөдөлмөрийн дэвтэр байхгүй байгаа учраас хохирч байна. Иймд намайг 1980-1984 оныг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1984 оны 08 сарын 01-нээс 1993 оны 2 сарыг дуустал Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трейстэд зөөгч, тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.******* нь 1980-1984 оныг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1984 оны 08 сарын 01-нээс 1993 оны 2 сарыг дуустал Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд зөөгч, тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Ж.*******ийн 126194 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаартай “Ажилчид зохицуулан ажиллуулах тухай” тушаалын хуулбар,

-Ж.*******ийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зургууд,

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн 1769 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Мөст сумын 1-р бригадын 1982-1983 оны 70 дугаар дансны хуулбар,

-Иргэн Н.*******ын “Ж.******* нь 1980 оноос Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Халзан бригадад аав ээжийн хамт мал маллаж байсан” гэх  нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Иргэн Ц.гийн “Ж.******* нь 1985 оноос Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1994 он хүртэл зөөгчөөр ажиллаж байсан. Би тэр үед мөн зөөгч хийж байсан” гэх  нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Иргэн Ж.гийн “Ж.******* нь 1985 оноос Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1996 он хүртэл зөөгчөөр ажиллаж байсан. Би тэр үед ахлах тогоочоор ажиллаж байсан” гэх  нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

-Ховдын Худалдааныханы хамтдаа туулсан 90 жил номын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Хоршоо худалдааны байгууллагын түүхэн товчоон номын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ховд аймгийн Худалдааны байгууллага байгуулагдсаны 90 жилийн ойн баяраар авахуулсан гэх гэрэл зурагууд зэрэг болно. 

Хүсэлт гаргагч Ж.******* нь 1982-1984 оныг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Халзан хошуу бригадад малчнаар, 1985 оны 08 сарын 10-нны өдрөөс 1993 оны 2 сарыг дуустал Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд зөөгч, тогоочоор ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал болон хөдөлмөрийн дэвтэр бусад баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагч Ж.*******ийн хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ж.******* нь 1982-1984 оныг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Халзан хошуу бригадад малчнаар, 1985 оны 08 сарын 10-нны өдрөөс 1993 оны 2 сарыг дуустал Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд зөөгч, тогоочоор ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

Харин Ж.******* нь 1980-1982 оныг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Халзан хошуу бригадад малчнаар ажиллаж байсан талаарх баримтаа  шүүхэд ирүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хүсэлт гаргагчийн 1980-1982 оныг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Халзан хошуу бригадад малчнаар ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийн 1982-1984 оныг дуустал Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Халзан хошуу бригадад малчнаар, 1985 оны 08 сарын 10-нны өдрөөс 1993 оны 2 сарыг дуустал Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестэд зөөгч, тогоочоор ажиллаж байсныг тогтоосугай.

            2.Хүсэлт гаргагч Ж.*******ийн 1980-1982 оныг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн Халзан хошуу бригадад малчнаар ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

        

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА