Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2021/0152 /Э

 Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч Ж.Б

 Шүүгдэгч Г.Ү

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Үад холбогдох 2139000760102 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт : Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг Харуул гэх газар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Г Ү /РД:СЕ71031615/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Яллагдагч Г.Ү нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Харуулын энгэр” гэх газраас иргэн П.Сын эзэмшлийн халиун зүстэй, чойнжин тамгатай 1 тооны адууг хулгайлж түүнд 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед: Хохирогч П.Сын өгсөн:...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг "Цоохорын нуур" гэх газарт эхнэр хүүхэд нарын хамтаар мал маллаж амьдардаг юм. Би 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр адуугаа Баянхутаг сумын 2 дугаар баг "Цоохорын нуур" гэх газарт бүртгэж, тэгээд тэндээ үлдээсэн юм. Манай адуу гэрийнхээ хойд талаар байдаг. Хүрэн азаргатай 10 гаран тооны адуунаас 2021 оны 01 дүгээр сарын 24-25-ны хооронд халиун зүсмийн бүдүүн морь \чойнжин\ тамгатай адууг хулгайд алдсан юм. Тэгээд би тэр хавиар хайгаад явахад сураг гараагүй ээ. Тэгээд би цагдаад өргөдөл өгсөн юм...Би уг халиун морийг бага насанд нь уядаг байсан юм. Тэр үед нь ямар нэгэн баярт түрүүлж амжилт үзүүлээгүй болохоор адуун дунд сор болоод явж байг гэж бодоод ерөөсөө барьж унадаггүй морь байсан юм аа. Тийм болохоор би морио өөрийнхөө үнэлгээгээр 5.000.000 сая төгрөгөөр үнэлсэн юм. Г.Ү надад бэлэн 3.000.000 сая төгрөг өгсөн. Надад хохиролтой холбоотой ямар нэгэн гомдол, санал байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 27-28 хуу/

 Иргэний нэхэмжлэгч Н.Эы өгсөн:...Би 84-69 ХЭҮ улсын дугаартай корандо маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 12 дугаар сард таньдаг дүүгээсээ худалдаж авч байсан юм. Ингээд уг машиныг унаж байгаад 2019 оны 08 дугаар сард Хэнтий аймгийн Батноров сумын харьяат Ш гэдэг залууд амаар тохиролцон зарж байсан. Би Ш гэдэг залуугаас машин зарсан мөнгө гэж юу ч аваагүй харин сураг сонсоход цааш нь нилээн хэдэн хүнд зарсан юм байна лээ. Би одоо Ш гэдэг залууг хаана байгааг нь мэдэхгүй байна. Ингээд 2021 оны 03 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Батноров суманд гэртээ байж байхад Хэнтий аймгийн цагдаагаас дуудаад таны 84-69 ХЭҮ улсын дугаартай корандо маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилж байна, ирээд мэдүүлэг өг гэж хэлсэн. Надад ямар нэгэн гомдол байхгүй. Шгээс машиныхаа асуудлаар дараа нь учраа олно...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

 Гэрч Д.Б өгсөн:...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөө 7б-03 тоот 2005 оноос хойш мал, мах худалдан авч эхэлсэн юм. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн Ү гэх хүн надад өдөр байх сайн цагийн санахгүй байна. 1 тооны адууны мах өгсөн, би тэр адууны махыг хиллэж үзэхэд 195кг мах болсон, би 6200 мянган төгрөгөөр бодож нийт 1.120.000 мянган төгрөгийг Үын 5955027248 гэсэн данс руу бүх мөнгийг нь хийсэн. Тэгээд надад малын гарал үүсэл бичиг нь 575207 гэсэн дугаартай бичиг өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/

Гэрч Ж.Дийн өгсөн:...Миний аав Г Ү нь зан байдлын хувьд даруу төлөв, дөлгөөн зантай, олон таван үггүй, амьдрахын төлөө явдаг, ямар нэгэн муу зуршилгүй, хар бор ажил төрөл хийхэд сайн, хүнд тусархаг хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй, хурдан морь уях дуртай, миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, одоо л хүний адуу хулгайлсан гэх хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байна. Гэр бүл, үр хүүхдүүддээ сайхан харьцдаг хүн...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/

Хохирогч П.Сын алдсан 1 тооны адууны үнэлгээг 900.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаартай дүгнэлт / хх-ийн 69-71 хуу/

 Яллагдагч Г.Үын өгсөн:...Би 2021 оны 01 дүгээр сарын 24-ний орой Хэнтий аймаг Баянхутаг сум 2 дугаар баг "Харуул" гэдэг нэртэй газар манай гэр байдаг байсан. Тэр орой нар жаргах гэж байхад 17 цагийн орчимд манай хонины хужир дээр бараан азаргатай 10 тооны адуу ирсэн байсан. Тэгээд би уг адуунууд дээр яваад очиход том биетэй халиун морь байхаар нь тэр халиун морийг барьж авъя гэж бодоод хониныхоо хашаа руу уг адуунуудыг явган тууж оруулаад халиун морийг богино уургаар уургалж барьж аваад хашаанаасаа уячихаад бусад адуунуудыг нь гэрээсээ зүүн тийш явган хөөсөн. Тэгээд харанхуй болсон болохоор нь уг халиун морийг маргааш нь ажиллаж зарахаар болсон. Маргааш өглөө нь би ганцаараа тэр халиун морийг гэрийнхээ хойно гаргаж ажилласан. Тэгээд надад манай халиун морины зураг байсан болохоор уг зургийг Баянхутаг сумын малын эмчид үзүүлэн гарал үүслийн бичиг авсан. Тэгээд Хэнтий аймгийн төв дээр ирж өргөө дээр мах худалдаж авдаг, Б гэдэг хүнд махаа зарахад 190 кг болж нийт 1.200.000 мянган төгрөг болсон. Тэгээд би уг мөнгийг өөрийн Хаан банкны 5955027248 гэсэн данс руу хийлгэсэн... Би хохирогчдоо 3.000.000 сая төгрөг өгсөн...Би тухай үед 2019 оны намар хүү, Мөнгөншагайгийн Батноров сумын харьяат Э гэдэг хүнээс худалдаж авч байсан 84-69 ХЭҮ улсын дугаартай Корадо маркийн цагаан өнгийн авто машинтай байсан... Ингээд адуугаа ажиллаж дуусаад машиныхаа ард багаажинд ачаад эхнэр Ү руу утсаар ярихад Баянхутаг сумын төв дээр эмнэлэгт үзүүлэхээр ирээд байна гэхээр нь би за за би халиун морио ажиллачихаад очиж явна гэж хэлээд утсаа таслаад Баянхутаг сумын төв дээр очоод эхнэртэйгээ уулзаад гарал үүслийн бичиг авсан. Ингээд гарал үүслийн бичиг авахаар эхнэр Ү орсон. Ингээд гарч ирэхдээ малын ариун цэврийн бичиг гарын үсэг дээр миний эхнэрийн нэр дээр байдаг 19- 23 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн автомашиныг бичүүлсэн байсан. Ингээд шууд бид хоёр аймгийн төв орж махаа зарж борлуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 108, 113, 117-119 хуу/

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 07-10 хуу/

 84-69 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн Корандо маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаартай тогтоол /хх-ийн 12 хуу/

84-69 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн Корандо маркийн автомашины үнэлгээг 7.344.000 сая төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128 дугаартай дүгнэлт /хх-ийн 79-81 хуу/

 84-69 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн korando маркийн автомашин нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Н.Эы нэр дээр бүртгэлтэй тухай Хэнтий аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаартай албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 130-131 хуу/

 Эд мөрийн баримтаар шар өнгийн модон бариултай 28 см урттай хутгыг хураан авах тухай прокурорын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаартай зөвшөөрөл /хх-ийн 86 хуу/

Г.Үын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 123 хуу/

Г.Үын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 126 хуу/

Г.Ү нь 2020 онд 343 толгой мал тоолуулсан тухай тодорхойлолт / хх-ийн 128 хуу/ Хохирогч П.Сын гаргасан “ Г.Үаас 3 сая төгрөг авсан нь үнэн” гэсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 157 хуу/

 Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 158, 159 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Үад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Ү нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Харуулын энгэр” гэх газраас хохирогч П.Сын эзэмшлийн 1 тооны адууг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Гэм буруугийн талаар Шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч П.С, гэрч Д.Бмаа нарын мэдүүлгээр нотлогдож байгаа, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Аймгийн Прокурорын газраас Г.Үын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Г.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч П.С нь нийт 900.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь “Г.Ү надад бэлэн 3.000.000 сая төгрөг өгсөн. Надад хохиролтой холбоотой ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Г.Үыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Г.Үад 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч Г.Үад согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт 84-69 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн korando маркийн автомашиныг хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор битүүмжилсэн байх бөгөөд уг автомашин нь Н.Эы эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогджээ.

 Прокуророос шүүгдэгчид холбогдох хэргийг зүйлчлэхдээ машин механизм ашигласан /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт/ гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчлээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн, хөрөнгө орлого, хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй, мөн шүүхээс тухайн автомашиныг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хураах, эсхүл үнийг нь гаргуулах үндэслэлгүй байх тул уг автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ү нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 84-69 ХЭҮ улсын дугаартай Корандо маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн модон иштэй, 28 см урттай хутгыг устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Г Үыг бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Г.Үад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч Г.Үад согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Ү нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 84- 69 ХЭҮ улсын дугаартай Корандо маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн модон иштэй, 28 см урттай хутгыг устгасугай.

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ү д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Э.ОДХҮҮ