Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 656

 

                                                       Б.Н-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Чимгээ,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 1433 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор С.Солонгийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 75 дугаартай эсэргүүцлээр Б.Н-д холбогдох эрүүгийн 1806032600853 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Тугчин овгийн Батбаярын Н-, 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

            Б.Н- нь 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Чка” караоке бааранд иргэн Б.Баян-Очирын толгойн тус газарт архины хундага шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдаагүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээс шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй, хохирогчтой тохиролцож, хор уршгийг арилгах ямар нэгэн арга хэмжээ аваагүй болох нь тогтоогдож байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт прокурорын санал танилцуулан, яллагдагчид яллах дүгнэлтийн хувийг гардуулсан тэмдэглэл” гэх баримтыг үйлдсэн байна. Уг баримтад яллагдагч нь прокурорын зүгээс гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй  байна. Яллагдагчийн мэдүүлгээс үзэхэд торгох ялаар шийтгүүлэх санал гаргасан ба прокуророос түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргажээ. Мөн дээрх баримтаар яллагдагч прокуророос гаргасан ялын саналтай танилцсан гэж үзэх боломжтой боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна. Учир нь прокурорын саналыг танилцуулснаар яллагдагч өөрт нь оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагчид оногдуулах ялын талаарх саналыг тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасанд нийцээгүй, хуулийг бодит агуулгаас өөрөөр ойлгож, хийх ажиллагааг хооронд нь хольж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Иймээс шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлага хангагдаагүй нь шүүх хуралдаанаар тогтоогдож байна” хэмээн дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор С.Солонго тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаснаар, хуульд тусгайлан заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тус тус 2 өөр байдлаар зохицуулсан. Б.Н-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд тусгайлан заасан, заавал хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зүйл, хэсэг бүхий хэрэгт хамаарч байна. Эдгээр гэмт хэргүүдийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шаардлагыг заавал хангасан байхаар хуульчлаагүй билээ. Иймд прокуророос дээрх нөхцөл байдлыг хангах үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичнэ.”, 4 дэх хэсэгт “Прокурор хүлээлгэх төрөл хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан тохиолдолд хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна.” гэж тус тус заасан. Дээрх хуульд заасан үндэслэлээр прокуророос яллагдагчид сонсгосон ялыг танилцуулсан ба яллагдагч нь прокурорын ялын саналтай танилцаж, энэ тухайгаа баримтжуулж гарын үсгээ зурсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь ойлгомжтой, тодорхой байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурор С.Солонгийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл Б.Н-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэл бүхий болжээ.

            Прокуророос Б.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

            Б.Н-гийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарч байх ба тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагууд бүгд хангагдсан эсэхийг хянах бөгөөд энэ шаардлага хангагдаагүй тохиолдолд хэргийг шалгуулахаар прокурорт буцаахыг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зохицуулсан. 

Хэдийгээр Б.Н- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн боловч тэрээр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрэн хэлэлцээгүй болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн прокурор яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналаа “Яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулан өгсөн тухай” тэмдэглэлд тусган Б.Н-д танилцуулж, гарын үзэг зуруулсныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм.

Харин дээрх тэмдэглэл нь яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж өгсөн болохыг илтгэх бөгөөд шүүгдэгч Б.Н- нь шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын танилцуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг эс зөвшөөрч байгаа нь энэхүү эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тусгай журам бүрэн хангагдаагүй байгааг илтгэж байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд тавигдах шаардлагууд хангагдаагүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 1433 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Солонгийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 75 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                            Н.БАТСАЙХАН