Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 051

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Ц-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар Зөвлөл, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нарт холбогдуулан гаргасан

Нэхэмжлэлийн шаардлага: “2017 оны 12 дугаар сард Ховд аймагт зохион байгуулагдсан Мэргэшлийн шалгалтын М.Ц миний шалгалтыг хүчингүй болсонд тооцож, ярилцлагын шалгалтанд оруулаагүй шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, мэргэшлийн шалгалтын тестийн шалгалт, монгол хэлний шалгалт, компъютерийн шалгалтуудыг хүчинтэйд тооцож, ярилцлагын шалгалт авахыг даалгуулах, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 03 сарын 09-ний өдрийн Б/09 дүгээр "Ажлаас халах тухай" тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дотоод ажил, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилохыг даалгуулах, хариуцагч нараас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай,

“Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 орны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар “М.Ц мэргэшлийн шалгалтыг хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ц миний бие нь 1984 онд төрсөн. 2009 онд Ховд Их сургуулийг Улс төр-Нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн. Миний бие нь 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Дотоод ажил, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан. 2017 оны 12 дугаар сард ажлын байран дээр төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлагдахад шалгалтад орсон. Тест, монгол хэл, компьютерын шалгалтаа амжилттай өгсөн. Гэтэл тухайн ажлын байран дээр өрсөлдөж байсан Ц.А намайг гар утас ашиглаад байна гэж мэдээлснээр намайг ярилцлагын шалгалтад оруулаагүй. Тухайн үед шалгалтын комисс Ц.А-ын мэдээлэл үндэслэлтэй эсэхийг нягталж шалгалгүй, миний өгсөн шалгалтуудыг хүчингүйд тооцож, ярилцлагын шалгалтад оруулаагүй. Гэтэл миний талаар мэдээлэл өгсөн гэх Ц.А нь миний эрхэлж байсан ажлын байран дээр одоо томилогдон ажиллаж байна. Миний бие нь Ховд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд өргөдөл өгсөн боловч 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр албан тоотуудыг надад бүр дараа нь танилцуулсан. Энэ асуудлаар Төрийн албан зөвлөлд хандсан байгаа. Төрийн албаны мэргэшлийн шалгалтын маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад байгууллагын дарга Ц.Номинчимэг намайг өрөөндөө дуудаж Төрийн албаны зөвлөлөөс Ц.А-г томил гэсэн шийдвэр ирсэн. Чамайг ажлаас чөлөөлж байна гээд 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/09 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг өгсөн. Үндэслэлгүйгээр хууль зөрчиж иргэн миний төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хүчингүй болгож, энэ нь намайг ажлаас чөлөөлөгдөх нөхцөл байдалд хүргэсэн. 2017 оны төрийн албаны мэргэшлийн шалгалт бүхэлдээ хүчингүй болсон гэж миний бие сонслоо. Гэвч энэ талаарх мэдээллийг олж авах боломжгүй байна. Иймд 2017 оны 12 дугаар сард Ховд аймагт зохион байгуулагдсан Мэргэшлийн шалгалтын М.Ц миний шалгалтыг хүчингүй болсонд тооцож, ярилцлагын шалгалтад оруулаагүй Ховд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, мэргэшлийн шалгалтын тестийн шалгалт, монгол хэлний шалгалт, компьютерын шалгалтуудыг хүчинтэйд тооцож, ярилцлагын шалгалт авахыг даалгаж, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 03 сарын 09-ний өдрийн Б/09 дүгээр "Ажлаас халах тухай" тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дотоод ажил, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилохыг даалгуулах, хариуцагч нараас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О: М.Ц нь 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт дотоод ажил, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл буюу нийт 11 сар ажилласан байдаг. 2017 оны 12 дугаар сард хуульд заасан үндэслэлийн дагуу тухайн дотоод ажил, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байранд төрийн албаны сул орон тоонд мэргэшлийн шалгалт зарлагдаж, уг шалгалтад нэхэмжлэгч нь бүртгүүлж орсон юм. Уг төрийн албаны мэргэшлийн шалгалтад нэхэмжлэгч нь тестийн шалгалт, монгол хэл, компьютерын шалгалт өгсөн байх ба өндөр оноо авсан юм. Гэтэл тухайн шалгалтын үед уг ажлын байранд өрсөлдөж байсан гуравдагч этгээд Ц.А нь нэхэмжлэгчийг гар утас ашиглаад байна гэх мэдээлэл өгч, шалгалтын комисс мэдээллийг үндэслэлтэй гэж үзэж шалгасан талаарх нотлох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн байх боловч нэхэмжлэгчийг шалгалтанд гар утас ашигласан эсэх, ашигласан бол шалгалтын дүнд нөлөөлсөн эсэх зэргийг тогтоогоогүй. Харин гар утас ашигласан гэх үндэслэлээр ярилцлагын шалгалтад оруулаагүй ба тухайн төрийн албаны мэргэшлийн шалгалт дууссан. Нэхэмжлэгчийг гар утас ашигласан гэх гомдол, мэдээлэл авсан бол түүнийг үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчээс тайлбар авах, бусад хүмүүсээс тайлбар авах ажиллагааг хийлгүйгээр зөвхөн мэдээлэлд үндэслэж ярилцлагын шалгалтад оруулаагүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар тогтоолыг нэхэмжлэгчид танилцуулж, гардуулаагүй. Нэхэмжлэгч шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байх үед Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 02 дугаар тогтоолыг хэрэгт гаргаж өгсөн байсан. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзэж байна.

Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/09 дүгээр тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалт буюу албан тушаал бууруулах тухай заалтыг үндэслэсэн байна. Гэтэл уг хуулийн заалтыг үндэслэсэн хэрнээ албан тушаалд тэнцэхгүй байна гэж үзэж нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Иймд дээрх захиргааны акт нь хууль зүйн үндэслэлээ буруу тодорхойлсон учир хүчин төгөлдөр бус акт гэж үзэж байна. Дээрх тушаалын үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх биш албан тушаал бууруулах ёстой байсан. Ажлаас чөлөөлсөн өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нь 2 сар гарантай жирэмсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар ажлаас жирэмсэн эмэгтэйг аж ахуй нэгж татан буух, орон тоо цөөрөх, хасагдахаас бусад тохиолдолд ажлаас чөлөөлөхийг хориглодог. Ажилгүй байсан хугацааны цалингийн хувьд Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 55 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу ажилгүй байсан хугацааны цалинг тооцож сүүлийн 3 сарын цалинг нэмэхэд 1582282 төгрөг болж байгаа бөгөөд дундчилж үзэхэд 1 сард 527427 төгрөг ногдож байна. 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нь 7 сарын хугацаанд ажил үүрэг гүйцэтгээгүй юм. Үүнийг 527427 төгрөгөөр үржүүлэхэд нийт 3691989 төгрөг болж байх тул ажилгүй байсан хугацааны цалин 3691989 төгрөг нэхэмжилж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь зөвлөлийн дарга Б.Ганболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.Ц нь Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сард зохион байгуулагдсан нутгийн захиргааны зарим байгууллагын ажлын байрны сул орон тоог нөхөх төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дотоод ажил, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байранд өрсөлдөхөөр бүртгүүлсэн.

Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журмын 7.12 дахь заалтаар мэргэшлийн шалгалтад гар утас, чихэвч, зөөврийн компьютер болон аудио, видео техник хэрэгсэл, ноорог цаас, ном дэвтэр зэрэг бусад зүйлсийг авч орохыг хориглосон байхад М.Ц нь ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад гар утас авч орсон нь тогтоогдсон учраас Мэргэшлийн шалгалтын комиссын шийдвэр гаргаж, журмын 8.9, 8.9.1 дэх заалтын дагуу түүний мэргэшлийн шалгалтыг хүчингүй болгосон.

Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад гар утас авч орсон зөрчил гаргаснаа М.Ц хүлээн зөвшөөрч, мэдлэг хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтад оруулах боломж олгохыг хүсч, Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдлийг хангах эрх зүйн үндэслэлгүй талаар Мэргэшлийн шалгалтын комисс шийдвэр гаргаж, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр М.Ц-д мэдэгджээ.

Иймд М.Ц-ийн Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын 7.12 дахь заалтаар мэргэшлийн шалгалтад гар утас, чихэвч, зөөврийн компьютер болон аудио, видео техник хэрэгсэл, ноорог цаас, ном, дэвтэр зэрэг бусад зүйлсийг авч орохыг хориглосон байхад нэхэмжлэгч М.Ц нь ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад гар утас авч орсон нь тогтоогдсон учраас Мэргэшлийн шалгалтын комиссын шийдвэр гаргаж, журмын 8.9, 8.9.1 дэх заалтын дагуу түүний мэргэшлийн шалгалтыг хүчингүй болгосон.

Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад гар утас авч орсон зөрчил гаргаснаа М.Ц хүлээн зөвшөөрсөн тул уг өргөдлийг хангах эрх зүйн үндэслэлгүй талаар Мэргэшлийн шалгалтын комисс шийдвэр гаргаж, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр М.Ц-д мэдэгдсэн.

Иймд М.Ц-ийн Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

   

Хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Ц-ийг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар дотоод ажил, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр түр авч ажиллуулсан. Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаар албан бичгээр Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дотоод ажил, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтний сул орон тооны захиалгыг хүргүүлж, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 07-ны өдрүүдэд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт зарлагдаж, уг шалгалтад Ц.А, М.Ц нар орсон.

Улмаар Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн албан тоотоор Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 190 дүгээр тогтоолыг ирүүлсэн. 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр дээрх тогтоолыг М.Ц-д танилцуулж, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэж, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/09 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 190 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн М.Ц-ийг ажлаас нь чөлөөлсөн гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Б/28 дугаар тушаалаар түр томилогдсон. Нэхэмжлэгч нь төрийн албаны мэргэшлийн шалгалтад орж байж албан тушаалд жинхлэх эсэх асуудал нь яригдах байсан учраас түр томилох тушаал гаргасан. Нэхэмжлэгчийг төрийн албаны мэргэшлийн шалгалтад орсны дараа 1 сарын дараа Төрийн албаны салбар зөвлөлөөс М.Ц нь төрийн албаны мэргэшлийн шалгалтын журмыг зөрчиж, гар утас шалгалтад авч орсон учир шалгалтыг нь хүчингүй болгосон шийдвэрийг ирүүлсэн. Тухайн үед нэхэмжлэгч нь төрийн албаны мэргэшлийн шалгалтын журмыг зөрчиж, утас авч орсон гэх ба уг мэдээллийг гуравдагч этгээд Ц.А нь өгсөн бөгөөд шалгалтын комисс тухайн өдөр нэхэмжлэгчийг дуудсан боловч ярилцлагын шалгалтандаа өөрөө ороогүй юм. Тухайн өдөр ажил дээр ирж шалгалтад орохгүй гэж хэлж байсан. Ингээд 2018 оны 1 дүгээр сард газрын дарга маань М.Ц-д Төрийн албаны салбар зөвлөлийн шалгалтад тэнцээгүй гэсэн шийдвэр ирүүлснийг танилцуулсан. Тухайн шалгалтад орж тэнцсэн Ц.А нь ажилдаа орох талаар хүсэлт гаргасан бөгөөд газрын дарга нь М.Ц-ийн амьдралыг харгалзан үзэж 2018 оны 3 сар хүртэл ажиллуулсан. Нэхэмжлэгчийг тушаал гаргах үед жирэмсэн байсан гэдгийг бид мэдээгүй. 2018 оны 9 дүгээр сарын дундуур нэхэмжлэгчтэй би тааралдахад жирэмсэн гэдгээ надад хэлсэн. Төрийн албаны шалгалтад тэнцээгүй гэх Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг үндэслэж, бид нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ц нь Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан 2017 оны 12 сард Ховд аймагт зохион байгуулагдсан Төрийн албаны мэргэшлийн шалгалтын ярилцлагын шалгалтад М.Ц намайг оруулаагүй Ховд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, Мэргэшлийн шалгалтын тестийн шалгалт, монгол хэлний шалгалт, компьютерийн шалгалтуудыг хүчинтэйд тооцож, ярилцлагын шалгалт авахыг даалгах,

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн газрын даргад холбогдуулан Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/09 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг  хүчингүй болгуулах, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дотоод ажил, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилохыг даалгуулах,

Хариуцагч нараас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хариуцагч нараас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж тодруулсан болно.

Мөн М.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч Ховд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдуулан Ховд аймгийн Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах комиссын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар “М.Ц-ийн мэргэшлийн шалгалтыг хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудад дүгнэлт хийн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч М.Ц-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Ховд аймгийн Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах комиссын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар “М.Ц-ийн мэргэшлийн шалгалтыг хүчингүй болгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, 2017 оны 12 сард Ховд аймагт зохион байгуулагдсан Төрийн албаны мэргэшлийн шалгалтын ярилцлагын шалгалтад оруулаагүй Ховд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, Мэргэшлийн шалгалтын тестийн шалгалт, монгол хэлний шалгалт, компьютерын шалгалтуудыг хүчинтэйд тооцож, ярилцлагын шалгалт авахыг даалгах шаардлагын тухайд:

Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс  төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр  зохион байгуулж  шалгалтад М.Ц оржээ.

Шалгалтын явцад шалгалтад оролцож байсан  Ц.А, О.Отгончимэг нараас “М.Ц нь гар утас авч орж, ашигласан талаар” гомдлыг Ховд аймгийн Төрийн албаны мэргэшлийн шалгалтын салбар комисст гаргасан ба тус комисс 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар  тус гомдлыг хэлэлцээд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар “М.Ц-ийн мэргэшлийн шалгалтыг хүчингүй болгох тухай”  тогтоол гаргаснаар маргаан үүссэн байна.

Ховд аймгийн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах комиссын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар “М.Ц-ийн мэргэшлийн шалгалтыг хүчингүй болгох тухай” тогтоолоор мэргэшлийн шалгалтад гар утас авч орсон  гэх үндэслэлээр М.Ц-ийн мэргэшлийн шалгалтыг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч нь “Ц.А-ын мэдээлэл үндэслэлтэй эсэхийг нягталж шалгалгүй миний шалгалтуудыг хүчингүй болгосон, ярилцлагын шалгалтад оруулаагүй....” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д “Төрийн захиргааны болон энэ хуулийн 17.9-д зааснаас бусад тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах болзол, журам, түүнчлэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолын 1-р хавсралт Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журмын 7.12-т “Мэргэшлийн шалгалтад гар утас, чихэвч, зөөврийн компьютер болон аудио видео техник хэрэгсэл, ноорог цаас, ном дэвтэр зэрэг бусад зүйл авч орохыг  хориглоно”, 8.9-д “Дараах тохиолдолд иргэний мэргэшлийн шалгалтыг хүчингүй болгоно”, 8.9.1-д “Энэхүү журмын 7.12-т заасан зүйлийг мэргэшлийн шалгалтад авч орохыг оролдсон, авч орсон” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “ нэхэмжлэгч нь мэргэшлийн шалгалтад гар утас авч орсонтой маргахгүй, гэхдээ уг гар утсыг ашиглаагүй байхад шалгалтыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй...” гэж тайлбарлах боловч журмын дээрх заалтаас үзвэл  мэргэшлийн шалгалтад гар утас ашигласан эсэх нь хамааралгүй,  шалгалтад гар утас авч орсон, авч орохыг оролдсон үйлдэл нь өөрөө хориглосон заалтыг зөрчсөн үйлдэл байна.   

Мөн нэхэмжлэгчийн мэргэшлийн шалгалтад гар утас авч орсон нь М.Ц-ийн Ховд аймгийн Төрийн албаны зөвлөлд “...хойд карманд байсан утас, пин кодгүй асдаг тул  тухайн үед тэрийг харж утас байна гэсэн мэдээлэл өгсөн. Тухайн үед миний ашиглаж байсан утас fase ордоггүй, ямарч ашиглах боломжгүй утас байсан тул ярилцлагын шалгалтад оруулж өгнө үү” гэсэн өргөдлөөр нотлогдож байх ба нэхэмжлэгчийн “Ц.А-ын мэдээлэл үндэслэлтэй эсэхийг нягталж шалгалгүй миний шалгалтуудыг хүчингүй болгосон” гэх тайлбар үндэслэлгүй байна.

 Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ийг мэргэшлийн шалгалтад гар утас авч орсныг зөвшөөрсөн энэ талаар маргаагүй, мөн нэхэмжлэгчийн М.Ц-ийн мэргэшлийн шалгалтад гар утас авч орсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул  Ховд аймгийн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах комиссын мэргэшлийн шалгалтад гар утас авч орсон  гэх үндэслэлээр М.Ц-ийн  мэргэшлийн шалгалтыг хүчингүй болгосон 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар “М.Ц-ийн мэргэшлийн шалгалтыг хүчингүй болгох тухай” тогтоол нь үндэслэлтэй уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох, М.Ц-ийн мэргэшлийн шалгалтын тестийн шалгалт, монгол хэлний шалгалт, компьютерын шалгалтуудыг хүчинтэйд тооцох  үндэслэлгүй  байна.

Ховд аймгийн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах комиссын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар “Гомдол шийдвэрлэсэн тухай” тогтоолоор М.Ц-ийн ярилцлагын шалгалтад оруулах тухай гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзсэн, мөн  Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолын 2-р хавсралт Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход авах мэргэшлийн шалгалтын үнэлгээ, дүн гаргах  зааварт заасны дагуу мэргэшлийн шалгалт хүчингүй болсон тохиолдолд  дараагийн буюу ярилцлагын шалгалтад орох эрхгүй байх тул Төрийн албаны мэргэшлийн шалгалтын ярилцлагын шалгалтад М.Ц-ийг оруулаагүй Ховд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн эс үйлдэхүйг  хууль бус гэж үзэх,  ярилцлагын шалгалт авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

2. Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн газрын даргад холбогдуулан Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/09 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг  хүчингүй болгуулах, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын  хөгжлийн газрын дотоод ажил, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилохыг даалгуулах,  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:  

Ховд аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/09 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-д заасныг үндэслэн Дотоод ажил, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан М.Ц-ийг  төрийн албаны шалгалтад тэнцээгүй гэх үндэслэлээр 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч “...төрийн албаны мэргэшлийн  шалгалтын маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад намайг ажлаас чөлөөлсөн....” гэж  нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Нэхэмжлэгч М.Ц нь Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дотоод ажил, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс түр хугацаагаар томилогджээ.

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дотоод ажил, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтний  сул орон тоог нөхүүлэхээр 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаартай албан бичгээр захиалга өгч, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс  төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр  зохион байгуулж  шалгалтад М.Ц, Ц.А, О.Отгончимэг нар орсон байна.

Улмаар Ховд аймгийн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах комиссын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар “М.Ц-ийн мэргэшлийн шалгалтыг хүчингүй болгох тухай” тогтоолоор М.Ц-ийн мэргэшлийн шалгалтыг хүчингүй болгож, Ховд аймгийн Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах комиссын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаар “Нөөцөд бүртгэх тухай” тогтоолоор Ц.А, О.Отгончимэг нарыг  дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэж,  мөн комиссын 02 дугаар тогтоолоор Ц.А-ыг  шалгалтад хамгийн өндөр оноо авсан тул  Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дотоод ажил, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлжээ.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дотоод ажил, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.2-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаал байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан  төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг  хангаагүй этгээд  тухайн албан тушаалд ажиллаж байгаа бол “сул орон тоо гарсан” гэдэгт хамруулдаг.

Нэхэмжлэгч М.Ц нь  хуульд заасан шаардлагыг хангаагүй учир Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас сул орон тоог нөхүүлэх захиалгыг Ховд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө., 17.3-т Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ.Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ гэж тус тус заан, иргэдээс төрийн албанд анх орох журмыг нарийвчлан зохицуулсан.

Хариуцагч нь дээрх хуульд заасны дагуу Ц.А-ыг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дотоод ажил, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилсон байна.

Нэхэмжлэгч М.Ц нь төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцээгүй, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан  төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг  хангахгүйгээр  тухайн албан тушаалд ажиллах нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5-д  заасан төрийн алба мэргэшсэн ... байх зарчимтай нийцэхгүй байх тул хариуцагчийн зүгээс “М.Ц-ийг төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцээгүй” гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлснийг  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй  тул маргаан бүхий актыг хүчингүй болгох, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын  дотоод ажил, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр  томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх  үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг маргаан бүхий захиргааны акт гарахад жирэмсэн байсан талаар тайлбарлах боловч   нэхэмжлэгчийн хувьд  хуульд заасан шалгуур, шаардлагыг хангаж төрийн албанд томилогдоогүй учир төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрх, баталгааг элдэх эрхгүй, энэ нь маргааны үйл баримтад хамаарахгүй.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-д заасныг үндэслэл болгосон  нь буруу талаар тайлбарлах боловч энэ үндэслэлээр актыг хүчингүй болгох үндэслэлгүй, харин хариуцагч нь маргаан бүхий актад маргааны үндэслэлд хамааралгүй хуулийн заалтыг  үндэслэл болгосныг тэмдэглэх нь зүйтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө  төрөөс цалин хөлс олгоно” гэж заасан бөгөөд М.Ц-ийн ажлаас чөлөөлөгдсөн нь үндэслэлтэй байх тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Дүгнэвэл маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 17 дугаар зүйлийн 17.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Ц-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЯНЖИНДУЛАМ