Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 1392

 

А.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01135 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуульд холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Алтанчимэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Учрал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхтуяа, Ж.Эрдэнэцэцэг,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Алтанчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2010 оны 12 дугаар сарын 02-нд Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуульд физикийн багшаар ажилд орж, 2012 оны 09 дүгээр сарын 01-нээс мэдээлэл зүйн багшаар ажиллаж байгаад 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр жирэмсний амралтаа авсан. Хүүхдээ төрүүлснээс хойш 2016 оны 9, 10 дугаар сард ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан боловч хүлээж аваагүй. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажилд орох хүсэлтээ дахин бичгээр гаргаж өгсөн боловч мөн л аваагүй. Дээрх хүсэлтийг дахин тавихад захирал 2017 оны 3 сард ирж уулз гэсний дагуу уулзахад “Боловсролын яам, Мэргэжлийн хяналтын газарт өгсөн өргөдлүүдээ татаж ав, тэгвэл ажилд чинь авна” гэсэн хууль бус шаардлага тавьсан. Тус сургуулийн захирал Б.Наранчимэг намайг ажилд эгүүлэн авахгүй байсан тул миний бие холбогдох газруудад гомдол гаргасан. Иймд 45 дугаар сургуулийн мэдээлэл зүйн багшийн ажилд авахыг ажил олгогчид даалгаж, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү.

Миний бие ажилдаа орох хүсэлтээ 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сургуулийн захиргаанд бичгээр гаргаж өгсөн тул мөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацааны цалин олговор нэхэмжилж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд заасны дагуу цалин олговрыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн захирал Б.Наранчимэгийн шүүхэд гаргасан тайлбарт: А.Алтанчимэг нь тус сургуульд 2010 онд физикийн багшаар ажилд орж улмаар 2012 оны 09 дүгээр сарын 01-нээс мэдээлэл зүйн багшаар ажилласан. А.Алтанчимэг нь 2016 оны 03 дугаар сарын 28-нд жирэмсний амралтаа авсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагч 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай сургууль дээр шалгалтаар ирж, А.Алтанчимэгийг багшаар ажиллах эрхгүй гэдгийг тогтоосон. А.Алтанчимэгийг жирэмсний амралтаас ирэхдээ бичиг баримтын зөрчлөө арилгаж ирэхийг сануулсан. Гэтэл ажилд ирэхдээ мэдээлэл зүйн багшийн биш, физикийн багшийн диплом барьж ирсэн учир одоогоор мэдээлэл зүйн багшийн орон тоо алга түр хүлээж бай гэж хэлсэн. Түүнээс биш огт ажилд авахгүй гэж хэлээгүй. Одоо А.Алтанчимэгийн мэдээлэл зүйн багшийн ажилд орохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Түүнийг 2017 оны 05 дугаар сарын 01-нээс тус сургуулийн мэдээлэл зүйн багшийн ажилд авах боломжтой гэж үзэж байна. Харин 2016 оны 12 дугаар сарын 20-ноос өнөөдрийг хүртэлх хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Алтанчимэгийн Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуульд холбогдуулан мэдээлэл зүйн багшийн /урьдхи/ ажилд авахыг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тус сургуулийн захирал Б.Наранчимэг хүлээн зөвшөөрснийг баталж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар А.Алтанчимэгийн 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 2017 оны 04 дүгээр сарын 19 /шүүхийн шийдвэр гарах өдөр/ хүртэл хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Алтанчимэг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч А.Алтанчимэг болон түүний өмгөөлөгч Г.Учрал нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар “А.Алтанчимэгийг 2016 оны 9, 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн захиргаанд ажилдаа эргэн орох хүсэлтээ амаар, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бичгээр тус тус гаргаж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна" гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч талын гаргаж тавьсан үндэслэлийг дүгнэсэн хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-ийг үгчлэн тайлбарлаж хэрэглэсэн нь учир дутагдалтай байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйл "Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална", 35.1.4 "жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа" гэсэн үүрэг олгосон заалтыг хариуцагч буюу ажил олгогч зөрчснөөс уг маргаан үүсэх шалтгаан болсон. Хуулиар үүрэг болгосон заалтыг зөрчин эс үйлдэхүй гарган А.Алтанчимэгийг ажилд нь аваагүй ажил олгогчийн буруутай үйлдэл нь тухайн хүний ажиллах эрх, түүнээс үүдэлтэй бусад байдлыг илт дордуулан зөрчсөн учир ажил олгогч зөрчигдсөн эрхийг сэргээх хариуцлага хүлээх ёстой. Тиймээс ч нэхэмжлэл гарган зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан. Монгол Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолд зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1-д заасан "ажил, албан тушаалыг хэвээр хадгалах" гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлнэ. Энэхүү хүсэлтийг ажил олгогч хүлээж аваагүйгээс үүссэн маргааныг энэ хуулийн 128.1.2-т заасан гомдолтой адилтган шүүх хянан шийдвэрлэнэ гэдгийг тодорхой тайлбарлажээ. Дээрх үйл баримтууд тогтоогдсоны дээр хариуцагчийн Хөдөлмөрийн тухай
хуулийн 35.1-д заасан журмыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байхад зөрчсөн хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг гаргуулах, даатгалын дэвтэрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/01135 дугаартай шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч А.Алтанчимэг нь хариуцагч Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуульд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд авахыг ажил олгогчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч урьд эрхэлж байсан ажилд авах шаардлагыг зөвшөөрч, олговор олгох боломжгүй гэж маргажээ.

 

А.Алтанчимэг нь Сүхбаатар дүүргийн 45 сургуульд 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс физикийн багшаар, 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мэдээлэл зүйн багшаар ажиллаж улмаар 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр жирэмсний амралтаа авч, хүүхэд асрах чөлөөтэй байгаад 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сургуулийн захиргаанд ажилдаа эргэн орох хүсэлтээ бичгээр гаргаж байсан боловч ажил олгогч ажил хөдөлмөрийг нь эрхлүүлээгүй үйл баримт зохигчдын тайлбар, ажилтны хүсэлт, тэдний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх.14-15, 34/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт ажил, үүргээ гүйцэтгээгүй үед буюу жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалах талаар зохицуулжээ.

 

Хуульд заасан ажил, албан тушаалыг хэвээр хадгалах энэхүү үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй бөгөөд хүсэлтийг хүлээж аваагүйгээс үүссэн уг маргааныг шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт заасан гомдолтой адилтган хянаж шийдвэрлэнэ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь урьд эрхэлж байсан ажилдаа орохыг буюу эгүүлж тогтоолгохыг шаардсан гэж үзэхээр байна.

 

Ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол ажилтан тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг хэрэгт нотлох баримтаар авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг үндэслэн ажилгүй байсан хоногоор тооцоход /хх.3-4/ түүний нэхэмжлэлээр шаардсан хэмжээнээс илүү тооцогдож байх ба түүний ажилгүй байсан хугацааны цалин олговорт өөрийн шаардсан буюу 2 790 229 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэх юм.

 

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан ажил үүргийг нь үндэслэлгүйгээр гүйцэтгүүлээгүй тухай, үүнээс  улбаатай олговор гаргуулах хоёр шаардлагыг нэгийг нь хариуцагч зөвшөөрсөн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зөвшөөрлийг баталсан атал хоёр дах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01135 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт заасныг баримтлан А.Алтанчимэгийг Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн мэдээлэл зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж,

2 дах заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулиас 2 790 229 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Алтанчимэгт олгож, олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгуулагад даалгасугай.” гэж,

3 дах заалтын “дурдсугай” гэснийг “дурдаж, хариуцагчаас 59 594 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                                    ШҮҮГЧИД                     Д.ЦОГТСАЙХАН

                                                                          

                                                                                          Б.НАРМАНДАХ