| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2017/00207/и |
| Дугаар | 238 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 238
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******д холбогдох үндсэн зээлийн төлбөр 2,235,405 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,077,093 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,839 төгрөг, нийт 3,426,338 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагч С.Соёлмаа, нарийн бичгийн дарга Ж.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.******* нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1121/58 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг бизнесийн зээлийг Төрийн банкнаас авсан бөгөөд Б.******* нь үндсэн зээлээс 2,764,594 төгрөгийг хүүгийн хамт төлсөн. Гэтэл зээлдэгч Б.******* нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зуурдаар нас барсан тул хамтран зээлдэгч түүний ээж С.Соёлмаа уг зээлийг төлөх ёстой. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 2,235,405.34 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,077,093.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,839.87 төгрөг, нийт зээл, зээлийн хүүгийн төлбөр 3,426,338.36 төгрөгийг гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү.
Зээлдэгч Б.******* нь Ховд аймгийн Их буян зах дээр гар утасны засвар, худалдааны бизнес хийж байхдаа Төрийн банкны Ховд салбартай барьцаат зээлийн гэрээ байгуулан хөлдөөгч, LCD телевизор, 6 ханатай гэр 2 ширхэг, бараа материал, суурин компьютер, булангийн буйдан зэргийг барьцаалсан. Гэтэл одоо уг барьцааны хөрөнгүүд бүгд байхгүй байна лээ. Иймд зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.3 дахь заалтыг зөрчиж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул зээлийн гэрээний 5.1.1, 5.1.2, дахь заалтуудыг үндэслэн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж, хариуцагчаас төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Мөн дээрх төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Харин одоо хамтран хариуцагч С.Соёлмаагийн өрхийн орлого болон түүний амьдралыг нь харгалзан үзэж үндсэн зээлийн үлдэгдэл 2,235,405 төгрөгийг гаргуулж, үндсэн хүүгийн төлбөр 1,077,093 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,839 төгрөгөөс татгалзаж байна. Мөн тус нэхэмжлэлийг гаргахад банкнаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 69,771 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Соёлмаа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Б.******* Төрийн банкнаас 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1121/58 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг авсан. Тус зээлд би хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. Гэтэл миний хүү Б.******* зуурдаар нас барсан ба одоо миний амьдрал маш хэцүү байна. Орлого байхгүй, хашаа, гэр байхгүй. Энэ зээлийг төлж чадахгүй. Би үндсэн зээлийн төлбөрийг 50 хувилж, 2 жилийн хугацаанд боломжоороо төлж болох болов уу. Эсвэл намайг энэ зээлээс чөлөөлж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч С.Соёлмаад холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 2,235,405.34 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,077,093.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,839.87 төгрөг, нийт зээл, зээлийн хүүгийн төлбөр 3,426,338.36 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь үндсэн хүүгийн төлбөр 1,077,093.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,839.87 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 2,235,405.34 төгрөг гаргуулан зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийг барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар нэхэмжлэллээ.
Төрийн банкны Ховд салбар нь хариуцагч Б.*******той Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу 2014 оны 11 сарын 21-ний өдөр 112/58 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэйгээр тохирч зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 сарын 21-ний өдөр дуусгавар болгохоор тохиролцож гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 11 сарын 21-ний өдрийн 1121/58 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, банкны зээл эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү тооцоололын хүснэгтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Зээлдэгч Б.******* нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нас барсан нь нас барсны үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байх ба хариуцагч С.Соёлмаа нь тус зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж гарын үсэг зурсан байна.
Зээлдэгч нь үндсэн зээлээс 2,764,594 төгрөгийг хүүгийн хамт төлсөн байх ба хариуцагч С.Соёлмаа нь шүүх хуралдаан дээр зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, үндсэн зээлийн үлдэгдэл 2,235,405.34 төгрөг үлдсэн талаар маргаагүй бөгөөд тэрээр үндсэн зээлийн төлбөрийг 50 хувилж, 2 жилийн хугацаанд боломжоороо төлөх эсвэл тус зээл төлөхөөс чөлөөлүүлэхийг хүсэж тайлбар гаргалаа.
Нэхэмжлэгч Төрийн банк нь С.Соёлмааг зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн, энэ талаар зээлдэгчид мэдэгдэж байсан гэж тайлбарласан ба энэ нь зохигчдын тайлбараа тогтоогдож байна.
Зээлийн гэрээний 3.3-д “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдлэж, үүрэг хүлээнэ”, 3.2.5-д “зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх”, 3.2.11-д “...зээлдэгч нас барсан тохиолдолд зээлдэгчийн ...хамтран үүрэг гүйцэтгэгч нь энэ гэрээгээр авсан зээлийн төлбөр, холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах үүргийг хүлээнэ” гэж тус тус заасан байх тул зээлдэгч Б.*******ийн 2014 оны 11 сарын 21-ний өдөр Төрийн банктай 112/58 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж авсан 5,000,000 төгрөгтэй холбоотой үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурж гэрээ байгуулсан С.Соёлмаа төлөх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Төрийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 2,235,405 төгрөгийг нэхэмжилж, үндсэн хүүгийн төлбөр 1,077,093.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,839.87 төгрөгөөс татгалзсан тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч С.Соёлмаагаас үндсэн зээлийн үлдэгдэл 2,235,405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банканд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах эрхтэй боловч барьцааны хөдлөх эд хөрөнгө болох хөлдөөгч, LCD телевизор, 6 ханатай гэр 2 ширхэг, бараа материал, суурин компьютер, булангийн буйдан зэрэг нь хамтран үүрэг гүйцэтгэгчид байхгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,771 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Соёлмаагаас нэхэмжлэгч талын нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 2,235,405 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50,716 төгрөгийг гаргуулан Төрийн банканд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч С.Соёлмаагаас үндсэн зээлийн үлдэгдэл 2,235,405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банканд олгож, нэхэмжлэгч нь үндсэн хүүгийн төлбөр 1,077,093 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,839 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдсугай.
2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийг хариуцагч сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийг барьцаат хөрөнгүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,771 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Соёлмаагаас улсын тэмдэгтийн хураамж 50,716 төгрөгийг гаргуулан Төрийн банканд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА