| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/0144/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/128 |
| Огноо | 2021-06-22 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0144/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Б
Шүүгдэгч Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Баас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Год холбогдох 2139000000139 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр баг “Дунд манхайдай” гэх газар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Д овгийн Х Г /РД: СВ74092418/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар Яллагдагч Х Г нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат иргэн С.Тын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бог мал маллах гэрээний үндсэн дээр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 320 толгой төллөх бог малыг 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр багт маллахдаа 76 тооны хонь, 29 тооны ямааг бусдад зарах, урьдын өрөндөө тооцон өгөх зэргээр завшиж иргэн С.Тт 10.210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүх хуралдааны үед: Шүүгдэгч Г нь: “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ажлын хөлсөндөө авахаар тохиролцсон байсан төл малаас дараа нь өгнө гэж бодоод хохирогчийн малнаас хэрэглэж байсан” гэжээ.
Хохирогч С. Т өгсөн:... 2019 оны 08 дугаар сард Г гэх залуу малтай болох гэсэн юм танай малыг харъя гэж гуйсан. Тэгэхээр нь чи мөрийтэй тоглодог өөрийнхөө малыг үгүй хийсэн хүн шүү дээ гэтэл найзынхаа малыг юу гэж үгүй хийх вэ дээ гэж хэлээд гуйхаар нь тэгвэл албан ёсны гэрээтэй түрээсээр харуулна тэгээд чи төлийн 50 хувийг малтай бол би чамд тэгж л тусалъя даа гэж хэлээд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Год түрээсээр мал харуулахаар болоод төллөх 185 хонь, төллөх 135 ямаа нийт 320 толгой мал хүлээлгэн өгсөн юм. Тэгтэл 2019 оны 10, 11 дүгээр сарын манай эхнэрийн талын хамаатнууд утсаар яриад танай малын харж байгаа хүн малыг чинь зөөгөөд байх шиг байна очиж шалгаж үзээд ер авбал таарна даа гэж яриад байсан. 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эхнэрийн дүү От, эхнэр Байгалмаа нарын хамтаар очиж малаа тоолж үзэхэд 76 тооны хонь, 29 тооны ямаа дутсан. Тэгээд яагаад дутаасан талаар асуусанд "би бие муутай хүн юм өөрөө бол заримыг нь зарчихсан юм" гэхээр нь чи хүний юмыг үрлээ гэхэд ингэж олноор үрж болохгүй шүү дээ гэж хэлэхэд би ч ийм олныг үгүй хийгээгүй дээ гээд мэдэн будилаад байсан. Тэгээд өөрөө сандарсан байдалтай яаж ийж байгаад төлнө гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа сэргийлэх гээд яах вэ чи боломжоороо төл гэж хэлээд малаа аваад явсан. Тэгээд 2020 он дуустал надад тус болоод мал харж өгөөгүй, тэгээд бага багаар ч хамаагүй мал эсвэл мөнгө өгөөд бай гэсэн боловч өгөхгүй өдийг хүрсэн. Тэгээд 2021 оны 03 дугаар сард би утсаар яриад чи ядаж өрөндөө ямаа самнаж тус бол доо гээд ярьтал чи тэнэг юм уу би чамд 5 куб банз өгнө гээд байхад гэж хэлээд загнаад, цагдаадаа өг гэж уурлаад өрөө төлөхгүй байгаа тул би цагдаагийн байгууллагад хандаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Гэрч Н.Чын өгсөн:.. Би Х овогтой Г гэх хүнийг танина надаас 2, 3 насаар дүү хүн байдаг, бид 2 нэг нутагт амьдраад удаж байгаа учраас ер залуугаас нь мэднэ. Сүүлд 2018 онд манай бог малыг түрээсээр хараад 200 орчим тооны мал дутаасан. Тэгээд малаа авсан одоо дунд Манхаадай гэх газар хүргэнийхээ малыг хараад байж байгаа байх. 2019 оны намар 10 сарын орчимд шиг санаж байна ямар ч байсан тухайн үед Өмнөдэлгэр сумын хүний малыг түрээсээр харж байсан. Тэгээд надтай нэг таарахдаа ах нэг хэдэн хонь аваарай гэж хэлэхээр нь яваад очтол хонио хашиж байгаад 8 тооны хонь барьж өгсөн...дандаа төллөх эм хонь байсан. Тэр хонийг тухайн үед хониндоо авчирч нийлүүлсэн хүүхдүүд хэрэглээгүй бол байж л байгаа байх...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Гэрч Э.Бын өгсөн:.. миний багцаагаар 2019 оны 10 дугаар сарын 20-доор шиг санаж байна, манай Биндэр сумын Г гэх ах надаас мөнгө зээлж авсан бөгөөд уг мөнгөнийхөө оронд надад хонь, ямаа өгөхөөр болсон. Тухайн үед Г ах надад яг хэдэн төгрөг зээлж авсан болохыг нь би одоо санахгүй байгаад байна ямар ч байсан би Г ахад зээлсэн мөнгөнийхөө оронд 3 тооны хонь, 3 тооны ямаа л авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/
Гэрч Ш.Дийн өгсөн:...Манай хүргэн Г нь зан байдлын хувьд даруу төлөв, томоотой хүнд их тусархаг, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, би лав хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь харж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй байх гэж бодож байна, ямар ч байсан би Гыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн явж байхыг нь бол харж байгаагүй, тамхи бол татдаг, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, цэргийн алба хаагаагүй, миний мэдэхийн ямар нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, одоо л мал завших гэх хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байна, мал маллах сонирхолтой, гоц гойд авьяас чадвар гээд байхаар зүйл байхгүй. Эхнэртэй, эхнэр нь 1 дагавар хүүхэдтэй яг өөрийнх нь хүүхэд гэж бол байхгүй, одоо эхнэрийнхээ хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр багийн нутаг Дунд манхаадай гэх газар мал маллан амьдарч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/
Хохирогч С.Тын 105 тооны бог малын үнэлгээг нийт 10.210.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 146 дугаартай дүгнэлт / хх-ийн 43-45 хуу/
Яллагдагч Гын өгсөн:...би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд өөрийн танил найз болох Т бог малыг нь харж байх хугацаандаа малаас нь 76 тооны хонь, 29 тооны ямаа нийтдээ 105 тооны хонь ямааг нь дутааж завшсан... би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...Би өр ширэнд ороод өр, төлбөрийн асуудал маань нэхэгдээд байхаар нь л Т малыг нь хувьдаа завшчихлааби тухайн үед Хэнтий аймгийн биндэр сумын 4 дүгээ багийн нутаг Тунгалаг гэх газарт нутагладаг байсан бөгөөд би уг газартаа л Төмөрбаатар гэх хүний малыг хардаг байсан...би өөрийн завшсан малуудаа хүмүүс рүү утсаар яриад ирээд авчих гэж хэлээд л өгөөд явуулчихдаг байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/
С.Т, Г нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан бог мал /185 хонь, 135 ямаа/
маллуулах гэрээ /хх-ийн 08 хуу/
Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 хуу/ Гын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 58 хуу/
Г нь 2020 онд 242 толгой мал тоолуулсан тухай тодорхойлолт /хх-ийн 70 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 71, 72 хуу/
Г нь эхнэр Д.Цгийн хамт Дунд Манхаадай Дэлгэрхааны өвөрт мал маллан амьдардаг тухай Хэнтий аймгийн Биндэр сумын Дэлгэрхаан багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69 хуу/
Д.Ц нь элэгний хавдар өвчний учир ЭМТөвийн дотрын эмчийн хяналтанд байдаг болохыг тодорхойлсон Хэнтий аймгийн Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 173 дугаартай дүгнэлт /хх-ийн ..................хуу/
Шүүгдэгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн хохирогч С.Төмарбаатарын бичсэн “Г нь хохирол барагдуулсан тул гомдолгүй” тухай Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нотариатын үүрэг гүйцэтгэгчээр батлуулсан тодорхойлолт /хх-ийн ..................хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Год холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г нь хохирогч С.Таас 320 тооны бог малыг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан бог мал маллах гэрээний үндсэн дээр хүлээн авч 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр багт маллахдаа 76 тооны хонь, 29 тооны ямааг бусдад зарах, өр төлөх зорилгоор бусдад өгөх зэргээр завшиж 10.210.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч С.Т, гэрч Н.Ч, Э.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно. Гэмт хэргийн улмаас хохирогч С.Тт 10.210.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь хохирлоо төлүүлсэн, гомдолгүй тухай тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 10.210.000 төгрөгийн хохирол учирсан нь бага хэмжээний /300.000 төгрөг/ хохирлоос дээш байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Гыг бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг нөхөн төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, орлого олох боломжийг нь харгалзан 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байх боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу дээрх гэмт хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл буюу 3 сар гаруй хугацаанд олон удаагийн давтамжтай үйлдсэнийг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн Х Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гыг 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ