Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 657

 

                                                      Г.М-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Ундрах,

шүүгдэгч Г.М-ын өмгөөлөгч Л.Нинжбат,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 439 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, Л.Нинжбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.М-д холбогдох эрүүгийн 1808005720320 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Дэгрээ тамгат овгийн Г.М-, 1986 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

            Г.М- нь 2018 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянхошууны хуучин эцсээс Жанцан явах замд иргэн Ш.Наранцэцэгийг утсаар яриад явж байх үед нь түүний зүүн мөрөн тус газар нь цохиж “Huawai” загварын гар утсыг нь дээрэмдэн авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.М- гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие хохирогч Ш.Наранцэцэгийн гар утсыг булааж зугтаасан нь үнэн. Өөрийн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хохирогч Ш.Наранцэцэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон. Иймээс надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж, эсхүл оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Г.М-ын өмгөөлөгч Д.Энхцэцэг гаргасан давж заалдах гомдолдоо “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.М- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй, эргэлзээ бүхий байдаг. Хохирогч Ш.Наранцэцэг нь гэрчээр “миний биед гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй” гэж мэдүүлснээс үзэхэд хохирогчийн биед хүч хэрэглэхээр довтолсон үйлдэл хийгээгүй нь нотлогдож байна. Шүүгдэгч Г.М- нь бусдын эд зүйлийг булааж зугтаасан гэм буруутай үйлдлээ анхнаасаа хүлээн мэдүүлдэг. Гэтэл шүүх шүүгдэгч Г.М-ыг гэм буруу дээр маргасан гэх үндэслэлээр түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн нь буруу юм. Иймд шүүгдэгч Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Г.М-ын өмгөөлөгч Л.Нинжбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Г.М- нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүддээ “би зөрөхдөө зүүн гарнаас нь гар утсыг нь булааж авсан, биед нь хүрээгүй” гэдэг бол хохирогч Ш.Наранцэцэг нь “гар утсаараа яриад явж байхад мөр лүү цохисноос гар утас газарт унасан, тэгээд шүүрч аваад зугтаасан” гэж мэдүүлдэг. Шийтгэх тогтоолд “хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж мэдүүлсэн” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь хохирогчийн мэдүүлэг ямар нотлох баримтаар батлагдаж байгааг тусгаагүй. Шийтгэх тогтоолд дурьдсан гэрч С.Алтангэрэл, А.Амарбаяр нарын мэдүүлгүүд нь Г.М-ын үйлдсэн гэх дээрмийн гэмт үйлдэлд огт хамааралгүй юм. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Г.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжтэй байна. Хохирогч Ш.Наранцэцэг нь “араас зүүн мөр лүү цохисон” гэж мэдүүлдэг боловч ийнхүү хүч хэрэглэсний улмаас түүний биед ямар нэгэн хор уршиг учраагүй болно. Түүнчлэн Г.М- нь хохирогчтой үг ярианы харилцаа үүсгээгүй бөгөөд дуугүй л эд хөрөнгийг нь булааж аваад зугтсан байдаг. Хохирогч Ш.Наранцэцэг нь “гар утас газарт унасан” гэх боловч 160 см-н өндрөөс чулуулаг гадаргуу дээр унасан гар утас нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байгаагаас үзвэл гар утсыг цохиж унагасан гэх мэдүүлэг эргэлзээтэй болохыг анхаарч үзэхийг хүсч байна. Мөн хохирогч Ш.Наранцэцэг нь тус шүүхэд бичсэн хүсэлтдээ “...тухайн хэрэг болох үед миний биед ямар нэгэн байдлаар халдаагүй ба утас шүүрээд зугтаахдаа мөр шүргэсэн юм...” гэж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар илэрхийлсэн байгаа. Иймд Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү.

2. Г.М- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн бага насны хоёр хүүхэдтэй, эхнэр нь 3 сартай жирэмсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гар утсыг булааж авсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эд хөрөнгийг хүч хэрэглэж болон хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдлийг шаарддаг. Хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл нь хохирогчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Тухайн хэргийг гэрчлэх гэрч байхгүй. Анхан шатны шүүхээс хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан. Хохирогчид төлөх төлбөргүй байгаа нь хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Г.М- нь согтуугаар 2018 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянхошууны хуучин эцсээс Жанцан явах замд иргэн Ш.Наранцэцэгийг утсаар яриад явж байх үед нь түүний гарнаас “Huawai” загварын гар утсыг булаан авч зугтаасан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Ш.Наранцэцэг нь бусдад эд зүйлээ дээрэмдүүлсэн цаг хугацаа, газар байршил, болсон үйл явдлын талаар /хх-ийн 12-15, 37/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь шүүгдэгч Г.М-ын “...гэр лүүгээ явах замд өөдөөс нэг хүн утсаар яриад ирэхэд нь гар утсыг нь булааж аваад зугтаасан...” /хх-ийн 98/ гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 57/ зэргээр нотлогдсон байна.

Харин шүүгдэгч Г.М- нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, давж заалдсан гомдолдоо: “...би хохирогчийн гарнаас нь утсыг булааж аваад зугтаасан, түүний биед халдаагүй...” гэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар маргадаг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тэрээр хохирогчийн гар утсыг авахаар хүч хэрэглэсэн, аливаа байдлаар биед нь халдсан, эд зүйлийг нь авах зорилгоор заналхийлж довтолсон гэх шинж тогтоогдохгүй байна.

Хохирогч Ш.Наранцэцэг нь мөрдөн байцаалтын явцад “...утсаар яриад явж байхад урдаас нэг залуу миний зүүн мөр лүү гараараа хүчтэй цохисон. Тэр үед би арай гэж хөл дээрээ тогтсон ба гар утсаа газарт унагаасан. Тэгэхэд миний гар утсыг аваад зугтаасан...” гэж мэдүүлснээс үзэхэд гэмт этгээдийн санаа зорилго анхнаасаа бусдын эд хөрөнгө рүү шууд чиглэсэн байсан нь түүний эд зүйл авсаныхаа дараа зугтааж байгаа үйлдлээс нь харагдаж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авахдаа эхлээд эд хөрөнгийн өмчлөл рүү чиглэн түүнд хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж довтлон аливаа хэлбэрээр /үг, үйлдлээр/ айлган сүрдүүлсний эцэст эд хөрөнгийг нь ямар ч саадгүйгээр буюу хохирогчийн сэтгэл санааны, эсхүл бие махбодын хувьд эд хөрөнгөө хамгаалан тэмцэх, эсэргүүцлийг бүрэн сулруулсаны дараа эд хөрөнгийг нь авдгаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээс ялгагдана.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхдээ, шүүгдэгч Г.М-ын үйлдлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлох гэмт хэрэг гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэл муутай болсон байна.

Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан зарчмыг баримтлан шүүгдэгч Г.М-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан тухайн зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, хэргийн зүйлчлэлийн талаар маргасан шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, Л.Нинжбат нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авч, тэдгээрийн давж заалдах гомдлоос “...хорих ялыг тэнсэж хянан харгалзах, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг...” хүссэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болголоо.

2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр явуулсан шүүх хуралдааныг “прокурор ирээгүй” гэсэн үндэслэлээр 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулсан атлаа тухайн товлосон өдөр шүүх хуралдаан явуулcан эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй байгааг анхааруулан тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 439 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Прокуророос Г.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Дэгрээ тамгат овгийн Гомбоогийн М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Дэгрээ тамгат овгийн Гомбоогийн М-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, Л.Нинжбат нарын гаргасан давж заалдах гомдлоос “...хорих ялыг тэнсэж хянан харгалзах, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг...” хүссэн хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                   Д.ОЧМАНДАХ

                                                                                                     Н.БАТСАЙХАН