Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/677

 

 

 

 

 

 

 

 

  2021        06         03                                   2021/ШЦТ/677

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                       

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2106 00616 1062 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: 1995 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль, татварын мэргэжилтэй, “Эл Эйс” ХХК-д ажилладаг, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Монелын 43-38 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ0000000, Б.Б.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Мандала хотхоны 320/7-305 тоотод Б.Э- тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүр гар луу нь цохих, ноцолдох зэргээр хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13/, хохирогч Б.Э- гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Б.Соёл-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-35/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1637 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/, Б.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-67/, шүүгдэгч Б.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Мандала хотхоны 320/7-305 тоотод Б.Э- тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүр гар луу нь цохих, ноцолдох зэргээр хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Э- гийн өгсөн: “ ... Бат-амгалан тухайн үед нүүр лүү хэд хэдэн удаа алгадсан би бүр согтчихоод түүнийг цохиж чадаагүй..., ...Бат-Амгалан нь 00-ын өрөө асууж байхад сүртэй юм гээд дахиад над руу дайраад эхэлсэн. Тэгээд хоёулаа муудалцаж ширээнээсээ босч ирээд барьцалдаж аваад ноцолдсон тухайн үед ширээн дээр байсан архины жижиг хундага болон шилэн аяга шалан дээр унаж хагарчихсан байсан. Тэр шалан дээр Бат-Амгалантай барьцалдаж ноцолдож байхад миний хамарнаас цус гараад байсан. Соёлоо дундуур орж болиоч гэсээр байгаад бид хоёрыг салгаж байсан..., ...шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь тухайн шөнө Бат-Амгалан надтай ноцолдож зодолдож байгаад учруулсан ...” гэх мэдүүлэг /хх-17-18/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Соёл-Эрдэнийн өгсөн: “...Тэгээд овоо гайгүй сууж байсан чинь нөгөө залуу нь Энхтүвшин рүү агсраад Энхтүвшин ч урдаас нь агсраад дахиад муудалцаж эхлээд хоёулаа ширээнээсээ босч ирээд зодолдох гээд барьцалдаж аваад дээр доороо гараад ноцолдоод байсан. Би боль гэсэн боловч 2 согтуу хүн миний үгийг сонсохгүй бие бие рүүгээ агсраад байсан. Тэгээд би арай гэж дундуур нь орж 2 тийш нь болгосон. Тухайн үед тэр хоёр ноцолдож байгаад ширээн дээр байсан 2,3 аяга хагалсан. Хагарсан шилэн дээгүүрээ өөрсдөө ноцолдоод Энхтүвшингийн хамарнаас цус гараад тэрүүгээр нэг цус болчихсон байсан... Миний хувьд адилхан л эрчүүд согтуудаа үйл ойлголцол болсны улмаас ийм асуудал гарсан. Иймд Б.Б-д ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг /хх-33-35/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны 1637 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Э- гийн биед баруун сарвууны долоовор хурууны алганы шивнүүрийн далд хугарал, зүүн сарвууны чигчий хурууны шөрмөсний гэмтэл, хамар, хүзүү, цээж, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна ...” гэх дүгнэлт / хх-42-43/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б:Бат-Амгалангийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 6-ны өдөр манай найз Бямбадорж над руу залгаад Цамбагаравын замын урд талд байрлах караокед 22 цагийн орчимд очиход Энхтүвшин, Бямбадорж, Түвшинтөр өөр нэг залуу байсан. Тэгээд удалгүй гарах болоод Энхтүвшингийн гэр болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Мандаалай хотхонд бид очоод маргалдсан талаар бол согтуу байсан болохоор сайн санахгүй байна ...” гэх мэдүүлэг/ хх-66-67/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-10-13/,

Шүүгдэгч Б.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-47/,  

Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-70/ зэрэг болно.

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь бусдын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Б-гийн 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Мандала хотхоны 320/7-305 тоотод Б.Э- тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүр гар луу нь цохих, ноцолдох зэргээр хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Хохирогч Б.Э-  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Дээрхи байдлаар шүүгдэгч Б.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хялбаршуулсан журмаар Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй  болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС